Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2023/01880

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2023/01880

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,******* оршин суух М овогт Г.Д /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,******* "АӨСҮТ"  УТҮГ /РД:/-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөх олговорт 21,223,949 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Г.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г овогтой Д миний бие нь 2004 онд ХҮДСургуулийн нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ 10 жил ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн хариуцагч болох "АӨСҮТ"-д ажиллаж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. 

Ийнхүү Ажил олгогч АӨСҮТ-ийн Захирлын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот Г.Д-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж томилсон болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 181/ШШ2021/01166 тоот шийдвэрийг гаргаж, Г.Д намайг "АӨСҮТ" УТҮГ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1239 тоот Магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 181/ШШ2021/01166 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд Шүүх 2021 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 001/ШХТ2021/00743 тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 181/ШШ2021/01166 тоот шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.

Хариуцагч байгууллагын зүгээс дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад нэг ч удаа дуудаагүй, уулзаагүй, ажилдаа эргэн орох талаар мэдэгдээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, шүүхээр тогтоогдсон ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, цалин хөлсийг аваагүй болно. Миний бие нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 181/ШШ2021/01166 тоот шийдвэрээр тогтоосон өдрийн дундаж цалингаас тооцон дараах нөхөн олговрыг тооцон авахаар байна. Үүнд: 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 181 /ШШ2021/01166 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ ХЭСЭГТ: 

Сарын дундаж цалин: 1,292,862 төгрөг 

Өдрийн дундаж цалин: 60,133 төгрөг 

НИЙТ: 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 1 жил 5 сар буюу ажлын 353 хоногт: 21,223,949 төгрөг байна. 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговрын хэмжээ Жич: Мөн миний бие нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаал гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд АӨСҮТөвийн Нягтлан бодогч гэх ажил албан үүргээ гүйцэтгээгүй болно. 

Иймд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, 

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 21,223,949 төгрөг /хорин нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун дөчин ес/-ийг гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Д-ээс Арьсны өвчин судлалын Үндэсний төв /цаашид АӨСҮТ/ холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч байгууллагын зүгээс дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад нэг ч удаа дуудаагүй, уулзаагүй, ажилдаа эргэн орох талаар мэдэгдээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд зөрчигдөж, шүүхээр тогтоогдсон ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, цалин хөлсийг аваагүй болно гэж тусгажээ. 

Иргэн Г.Д-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч АӨСҮТ-өөс хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол АӨСҮТ-д ирсний дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус төвийн захирлын Б/223 тоот тушаал гарч нэхэмжлэгч Г.Д-г тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон болно. Хэдийгээр шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогчоос ажилтны ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан хэдий ч Г.Д нь ажлын байран дээрээ ирж ажил үүргээ гүйцэтгээгүй болно. 

АӨСҮТ нь нэхэмжлэгчид ажил үүргийг нь хүлээлгэж өгөхөөс татгалзсан, ажил үүргийг нь хийлгүүлээгүй, байгууллагад нэвтрүүлээгүй зэрэг ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан үйлдэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх эс үйлдэхүй гаргасан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу тооцооны нягтлан бодогчийн ажил үүргээ гүйцэтгэхээр ажлын байранд ирсэн даруйд түүнд ажлыг нь хүлээлгэж өгч, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхэд бэлэн байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 22 -ний өдрөөс эхлэн АӨСҮТ нь нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд ажиллуулах, шүүхээр тогтоосон цалингийн нөхөн олговрыг олгох үүргийг тус тус хүлээснээс бус нэхэмжлэгчийг дуудаж уулзах, ажилдаа эргэн орохыг мэдэгдэх үүрэг хүлээгээгүй болно. 

Тодруулбал, Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх дээд шүүхийн зөвлөмжид ...Ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй. харин гэрээний нөхцөлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой болно гэж заасны дагуу АӨСҮТ болон Г.Д нарын хооронд өмнө нь үүссэн байсан хөдөлмөрийн харилцаа шүүхийн шийдвэр гарснаар бүхэлдээ сэргэсэн тул талууд хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Г.Д хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд АӨСҮТ-өөс огт саад учруулаагүй, эсрэгээрээ нэхэмжлэгч Г.Д нь өөрөө хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлэн ажиллаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Г.Д-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "АӨСҮТ"-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/446 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1239 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/00743 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 181/ГХ2022/00210 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2022/02523 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 2/1170 дугаар албан тоот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан "АӨСҮТ" УТҮГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "АӨСҮТ"-ийн захирлын 2021 оны 11 сарын 25-ны өдрийн Б/223 дугаар тушаал, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2022 оны 11 сарын 14-ний өдрийн Б/274 дугаар тушаал, Г.Д-ийн 2022 оны 11 сарын 30-ны өдөр "АӨСҮТ"-ийн захиргаанд гаргасан өргөдлийн хуулбар, "АӨСҮТ"-ийн захирлын 2022 оны 12 сарын 08-ны өдрийн Б/297 дугаар тушаал, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Г.Д-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Д хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 21,223,949/хорин нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "АӨСҮТ" УТҮГ нь Г.Д хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлэн ажиллаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1239 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.Д-г хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-ын Тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1239 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр хуулийг хэрэглэх тул 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:, 61.1.2-т хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1239 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/274 дугаар тушаалын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21/1944 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ажилд эгүүлэн томилох тухай Б/223 дугаар тушаал гаргасан, нэхэмжлэгч нь ажил үүргээ биелүүлэн ажиллаагүй гэж маргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд эгүүлэн томилох тухай Б/223 дугаар тушаалын талаар мэдэгдээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг ажлаар хангаагүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ГХ2022/00210 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсын болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 181/ШЗ2022/02523 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1239 дугаар магадлалыг сайн дураар биелүүлээгүй байх тул 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ГХ2022/00210 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсын болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 181/ШЗ2022/02523 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна, 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ... ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно., 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан олгох үндэслэлтэй.

 

40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс 60,133/жаран мянга нэг зуун гучин гурав/ төгрөг, сарын дундаж цалин хөлс 1,292,862/нэг сая хоёр зуун ерэн хоёр мянга найман зуун жаран хоёр/ төгрөг болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1239 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээр ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас нийт 21,223,949/353х60,133=21,223,949/ /хорин нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 21-ын 1-ийн 1-т даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;, 21-ын 1-ийн 7-д шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;, 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:, 2-ын 1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага ... иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ... дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн ... гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21-ын 1, 21-ын 1-ийн 1, 21-ын 1-ийн 7-д зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан нийгмийн даатгалын албан журмын даатгуулагчид хамаарч байх ба харин хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдэд хамаарч байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийн нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлтэй.

 

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 21,223,949/хорин нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож, хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-т олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийн нөхөн бичилт хийхийг даалгах нь гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,070 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож, хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 264,070 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 21,223,949/хорин нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож, хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-т олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийн нөхөн бичилт хийхийг даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Д-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,070 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож, хариуцагч "АӨСҮТ" УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 264,070 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ