Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01673

 

 

 2023 оны 08 сарын 28 өдөр Дугаар 210/МА2023/01673

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/01880 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Арьсны өвчин судлалын үндэсний төв УТҮГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 21,223,949 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г. ******* нь 2013 оноос эхлэн******* УТҮГ-т ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн.

1.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 181/ШШ2021/01166 тоот шийдвэрийг гаргаж, Г.*******г******* УТҮГ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр даалгасан.

Хариуцагчийн зүгээс давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1239 тоот магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 181/ШШ2021/01166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/00743 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ.

1.3. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/168 тоот тушаалаас өнөөдрийг хүртэл хугацаанд Арьс өвчин судлалын үндэсний төвийн нягтлан бодогчийн албан үүргээ гүйцэтгээгүй.

Иймд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 21,223,949 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч байгууллагын зүгээс дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад нэг ч удаа дуудаагүй, уулзаагүй, ажилдаа эргэн орох талаар мэдэгдээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд зөрчигдөж, шүүхээр тогтоогдсон ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, цалин хөлсийг аваагүй болно гэж тусгажээ.

Өмнөх Г.*******гийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол ирсний дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус төвийн захирлын Б/223 тоот тушаал гарч нэхэмжлэгч Г*******г тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон болно.

Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан хэдий ч Г.******* нь ажлын байран дээрээ ирж ажил үүргээ гүйцэтгээгүй.

2.2. Хариуцагч ажил үүргийг нь хүлээлгэж өгөхөөс татгалзсан, хийлгүүлээгүй, байгууллагад нэвтрүүлээгүй гэх мэт ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан зүйлгүй.

2.3. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх Улсын Дээд шүүхийн зөвлөмжид ...Ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй. Харин гэрээний нөхцөлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой болно. гэж заасны дагуу өмнө нь үүссэн байсан хөдөлмөрийн харилцаа бүхэлдээ сэргэсэн тул хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлэн ажиллаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч******* УТҮГ-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 21,223,949 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагч******* УТҮГ-т олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийн нөхөн бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,070 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагч******* УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 264,070 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх "хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд эгүүлэн томилох тухай Б/223 дугаар тушаалын талаар мэдэгдээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг ажлаар хангаагүй болох нь тогтоогдож байна." гэж дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д "ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх;" үүрэгтэй гэж хуульчилсан байдаг.

Ажлаар хангаагүй гэдэг ойлголт нь нэхэмжлэгчийг ажил үүргийг нь хийлгэхгүй байх, эсхүл түүнд ажлыг хүлээлгэж өгөхгүй байх, ажил хийлгэх, хүлээлгэж өгөхөөс татгалзах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хамруулан ойлгох ёстой.

4.2. Арьс өвчин судлалын үндэсний төв УТҮГ-аас хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол ирсний дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус төвийн захирлын Б/223 тоот тушаалаар Г.*******г тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон. Г.******* нь ажлын байран дээрээ ирж ажил үүргээ гүйцэтгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шийдвэрлэсэн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Арьс өвчин судлалын үндэсний төв УТҮГ нь нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд ажиллуулах, шүүхээр тогтоосон цалингийн нөхөн олговрыг олгох үүргийг тус тус хүлээснээс бус нэхэмжлэгчийг дуудаж уулзах, ажилдаа эргэн орохыг мэдэгдэх үүрэг хүлээгээгүй.

4.3. Шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийж нэхэмжлэгчийн хүсэл зориг чухам юу байгааг тодруулах замаар цалингийн олговор олгох эсэхийг шийдвэрлэх хэрэгтэй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д ажилтныг ажлаар хангана гэж заасан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тушаал гарсан боловч энэ талаар хариуцагч мэдэгдээгүй буюу шуудангаар хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй.

5.2. Нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2022 оны 09 дүгээр сард Б/223 тоот тушаалыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор томилогдож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Хэрэв 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/223 тоот тушаалаар ажилд томилсон бол тухайн албан тушаалд ажиллаж байсан өөр хүнийг чөлөөлсөн тушаалыг хэрэгт өгөөгүй.

5.3. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн хөдөлмөрлөх, амьд явах эрхтэй. Ажилд эгүүлэн томилоогүй учраас өөр газар ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл биш.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар тооцоход ажлын 353 өдөр, 21,223,949 төгрөг гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч******* УТҮГ-т холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх цалин хөлсний нөхөн олговорт 21,223,949 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 32-33 дугаар тал/

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэрээр Г.*******г*******ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 23,451,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1239 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/00743 дугаар тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх.10-19/

4.*******ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/274 тоот тушаалаар Г.*******г тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ. /1хх. 54 дүгээр тал/

5. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/01166 дугаар шийдвэрээр тогтоосон 60,133 төгрөгөөр нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож, нийт 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 21,223,949 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцжээ.

Түүнчлэн, Г.*******гийн нийт 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нарийвчилсан зохицуулалтын баримтлаагүй алдааг залруулна.

6.******* УТҮГазар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/223 тоот тушаалаар Г.*******г тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд нь эгүүлэн томилсон тушаал хавтаст хэрэгт авагдсан боловч уг тушаалыг Г.*******д утсаар мэдэгдсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд мэдэгдсэн болохыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Анхан шатны шүүх хариуцагч нь тушаалыг Г.*******д мэдэгдэх үүрэгтэй талаар зөв дүгнэжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийн баримталжээ.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна гэж заасан ба уг зохицуулалт нь хөдөлмөрийн харилцаанд нийгмийн даатгалтай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулах агуулгатай. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хууль дахь иш татсан зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь буруу.

Түүнчлэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан өдрөөс хойш ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон өдрийг хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай шаардлагыг шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасан нарийвчилсан зохицуулалтыг баримтлан шийдвэрлэх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасан хууль тогтоомжид заасан бусад маргааныг шүүх шийдвэрлэх ерөнхий зохицуулалтыг баримтлан шийдвэрлэхгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/01880 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР