Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0321

 

2023 04 03 128/ШШ2023/0321

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О******* ХХК, /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ү*******, Б.Б*******

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б*******, С.А*******

Иргэдийн төлөөлөгч: Н.Н*******, Х.Б*******

Маргааны төрөл: Захиргааны хэм хэмжээний акт

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, С.А*******, иргэдийн төлөөлөгч Н.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч О******* ХХК-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалттай илт зөрчилдөж буй, хуулиас давсан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдлыг дордуулсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-ыг зөрчсөн Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг хүчин төгөлдөр бусад тооцуулах-аар маргаж байна.

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 28 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01/167 дугаартай албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг хавсралтаар баталжээ.

3.О******* ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ... Танай хурлаас баталсан журам нь хуулиас давсан, аж ахуйн нэгж байгууллагын хуульд заасан нөхцөл байдлыг дордуулсан байна гэж үзэж байна. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд дээрх албан татвар, төлбөрийг улирал бүрд тэнцүү хуваан төлөх боломжтойгоор хуульчилсан байхад журам нь жилд 1 удаа төлөх ёстой мэтээр журамласан нь хуульд нийцэхгүй байна. Иймд уг журмаа Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нийцүүлэн өөрчлөх талаар арга хэмжээ авч өгнө үү гэх агуулгатай санал гаргах албан бичиг хүргүүлсэн байх ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/635 дугаартай албан бичгээр ... Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-ыг 2015 оны 28 дугаар тогтоолоор баталсан. Тус журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлсэн болно. гэх хариу өгсөн.

Нэхэмжлэгч О******* ХХК шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тоолох журам хамаарахгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

4.Нэхэмжлэгч О******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам нь тус ББСБ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь уг журмын 3.4-д Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор доорхи дарааллаар тухайн оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан зохион байгуулна. гэж заасан бөгөөд уг заалт нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.2 буюу Аж ахуйн нэгж, байгууллага авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор багтааж төсөвт төлж ... тайланг татварын албанд ирүүлнэ гэж заасантай илт зөрчилдөж тус ББСБ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд аливаа татвар, төлбөрийг хожуу, дараа төлөх нь эдийн засгийн хувьд ашигтай байдаг. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулиар ч энэ боломжийг олгож аж ахуйн нэгжүүдийг татвараа бүтэн жилийн хугацаанд хуваан төлж болохоор хуульчилсан. Гэтэл Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-аар бүх автомашины татвар, төлбөрийг оны эхний хагас жилд 1 удаа бөөнд нь татан төвлөрүүлэхээр заасан нь аж ахуйн нэгж, байгууллагуудад татвар, төлбөрийн дарамт үүсгэж байдаг. Татварыг улирал бүрд тэнцүү хуваан төлөх боломжтойгоор хуульчилсан байхад жилд 1 удаа бөөнд нь нэг дор, тухайн оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр журамласан нь тус ББСБ-ын эрх зүй болон эдийн засгийн байдлыг дордуулсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл мөн.

Жишээ нь тус ББСБ нь доорх хүснэгтийн 3 дахь баганад зааснаар татвар төлсөн бөгөөд хэрэв хуулийн дагуу татвар төлсөн бол хүснэгтийн 4 дэх баганад зааснаар төлж татварын дарамтад орохгүй байх боломжтой байсан.

Улсын дугаар

Журамд зааснаар татвар төлсөн хугацаа, татварын хэмжээ

Хуульд зааснаар татвар төлөх хугацаа, татварын хэмжээ

1

1 сар 147 213 төг

3 сарын 25-ны өдөр 36 803 төг

6 сарын 25-ны өдөр 36 803 төг

9 сарын 25-ны өдөр 36 803 төг

12 сарын 25-ны өдөр 36 803 төг

2

1 сар 35 904 төг

3 сарын 25-ны өдөр 8 976 төг

6 сарын 25-ны өдөр 8 976 төг

9 сарын 25-ны өдөр 8 976 төг

12 сарын 25-ны өдөр 8 976 төг

3

1 сар 1920 төг

3 сарын 25-ны өдөр 480 төг

6 сарын 25-ны өдөр 480 төг

9 сарын 25-ны өдөр 480 төг

12 сарын 25-ны өдөр 480 төг

4

4 сар 43 128 төг

3 сарын 25-ны өдөр 10 782 төг

6 сарын 25-ны өдөр 10 782 төг

9 сарын 25-ны өдөр 10 782 төг

12 сарын 25-ны өдөр 10 782 төг

5

5 сар 43 128 төг

3 сарын 25-ны өдөр 10 782 төг

6 сарын 25-ны өдөр 10 782 төг

9 сарын 25-ны өдөр 10 782 төг

12 сарын 25-ны өдөр 10 782 төг

6

5 сар 35 904 төг

3 сарын 25-ны өдөр 8 976 төг

6 сарын 25-ны өдөр 8 976 төг

9 сарын 25-ны өдөр 8 976 төг

12 сарын 25-ны өдөр 8 976 төг

 

Эдгээр автомашины татвар, төлбөрийг Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-ын 3.4 дэх заалтыг баримтлан Татварын албанаас үүсгэсэн нэхэмжлэлийн дагуу төлдөг тул Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.2-д зааснаар тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн сарын 25-ны өдрийн дотор төлөх боломжгүй өөрөөр хэлбэл хуулийн заалтыг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх боломжгүй байдаг.

Иймд тус ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд авто тээврийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмын 3.4-д авто тээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгоор буюу тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор татан төвлөрүүлэхээр заасан байгаа. Гэтэл Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлд тухайн татвар хураамжийг улирал бүр төлж болохоор хуульчилсан. Ингэж хуульчилсан байхад эхний хагас жил зөвхөн нэг удаагийн үйлдлээр татвар хураамжийг төлүүлэхээр заасан нь манай хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Аливаа байгууллага татварыг хожуу төлсөн нь ашигтай байдаг. Эхний 06 сард нэг удаагийн албан татварыг татан төвлөрүүлж байгаа нь хууль бус журам байна гэж үзэж байгаа. Уг журам нь Хууль зүй дотоод хэргийн яамнаас ирүүлсэн лавлагаагаар бол хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн байсан. Иймд Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.1 болон 7.2 дахь заалттай зөрчилдөж байгаа журмыг хүчингүй болгож өгнө үү. Мөн захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэлгүй байгаа учраас хүчингүй болгож өгнө үү./Даргалагч шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан асуухад хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв./ гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам-ын 3.4 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасан бүрэн эрх болон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01/167 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэж батлагдсан. Мөн уг хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө батлагдсан тул Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно. гэжээ.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татвар хураан авах ажлыг Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8.2-д заасны дагуу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг дарга журам гаргаж зохион байгуулдаг байсан. Энэ журам гарах болсны нэг үндэслэл нь Нийслэлийн Засаг дарга жил болгон захирамж гаргаж байгаа нь ачааллыг нэмэгдүүлж байгаа тул журмаар зохицуулъя гэдэг байдлаар санал хурааж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж ирсэн. Уг журам батлагдах болсон үндэслэлийн нэгдүгээрт татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулахад гарч буй зардлыг багасгах, энэ нь жил бүр Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулахаар цагдаа, татвар, Автотээврийн үндэсний төв гэх мэт бүх мэргэжлийн байгууллагуудаас энэ ажлыг зохион байгуулж байгаа нь хүндрэлтэй, зардал ихтэй учраас үүнийг багасгах зорилготой. Хоёрдугаарт иргэд, аж ахуй нэгж байгууллага татвараа цаг хугацаанд нь төлөөгүйгээс буюу хуулийн хугацаа дуусах дөхөх үеэр ачаалал нэмэгдэх асуудлууд гарч байсан. Жилийн эцэс болоход татвар төлөх асуудал ихсэж төрийн байгууллагуудын ачаалал нэмэгддэг байсан. Үүнээс үүдэлтэй иргэдийн шүүмжлэл их ирдэг. Гуравдугаарт татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх төсвийн хөрөнгөөр хийх ажлыг цаг хугацаанд нь хийх гэсэн 3 үндэслэлээр энэ журмыг тухайн үед гаргасан. Төрийн өмчийн тухай хуулиар батлагдсан төсөл арга хэмжээний зарлах хугацаа нь 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор зарласан байх ёстой гэх мэт үүрэг даалгаврыг дээд шатны байгууллагаас өгчихдөг. Гэтэл төсөл арга хэмжээ зохион байгуулах гэхээр санхүүжилт орж ирдэггүй гэх мэт үндэслэлийн улмаас тухайн журмыг Нийслэлийн Засаг дарга боловсруулаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 20.1.3-д заасан нутаг дэвсгэрийнхээ сахилга дэг журмыг бэхжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах , Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.2-д нийслэлийн хэв журам сахиулах, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх дүрмийг хууль тогтоомжид нийцүүлж гаргах гэж заасны дагуу энэ журмыг гаргасан. Энэ журам гарснаар татвар хураах, төвлөрүүлэх ажил жигдэрч байгаа. 2022 оны байдлаар зөвхөн Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар гэхэд 35.8 тэрбум төгрөгийн орлого орж байгаа. Энэ татвар нь 95.8 хувийн гүйцэтгэлтэй байдаг учраас сар сардаа зохион байгуулахгүй бол иргэдэд мөн хүндрэл учирч байгаа тул энэ асуудлыг цэгцлэх үүднээс энэ журам гарсан. Хэм хэмжээний актад бүртгүүлээгүй гэдэг нь Захиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр батлагдаж, 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хууль байгаа. Манай журам бол 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан юм. Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнө батлагдсан учраас тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

6.Шүүхийн иргэдийн төлөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч талыг дэмжиж байна. Эхний 6 сарын байдлаар татвар хураамж төлж дуусах журам нь нэг цэгийн үйлчилгээний ачаалал, иргэдийн бөөгнөрлийг багасгах зөв журам гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О******* ХХК-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалттай илт зөрчилдөж буй, хуулиас давсан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдлыг дордуулсан, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.1.Нэхэмжлэгч О******* ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Энэ хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд энэхүү хүсэлтээ дэмжээгүй, шийдвэрлүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлээгүйг дурдах нь зүйтэй.

3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 28 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01/167 дугаартай албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг хавсралтаар баталжээ.

4.Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалттай илт зөрчилдөж буй хуулиас давсан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдлыг дордуулсан гэх үндэслэлийн тухайд:

4.1.Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-ээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө., мөн зүйлийн 2.Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ гэж тус тус заасан.

4.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалттай зөрчилдөж байгаа эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй, учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6.захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн; гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, дээрх хуулийн зохицуулалт нь хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөх-тэй холбоотой харилцааг зохицуулсан байна.

4.3.Харин Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтад маргаан бүхий журмын 3.4.Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор доорхи дарааллаар тухайн оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан зохион байгуулна: гэх заалт нийцээгүй гэх үндэслэлийг хянах нь зөв байна.

4.4.Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:5.1.4.үр ашигтай байх гэж заасан.

4.5.Үүнээс үзвэл Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлнө. гэж заасан, харин нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор маргаж буй журмын заалтад автотээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор тухайн оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна хэмээн журамласан нь татварын хууль тогтоомжийн зорилго, татварын үр ашигтай байх зарчимд тус тус нийцжээ.

4.6.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... журам батлагдах болсон үндэслэлийн нэгдүгээрт татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулахад гарч буй зардлыг багасгах, энэ нь жил бүр Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулахаар цагдаа, татвар, Автотээврийн үндэсний төв гэх мэт бүх мэргэжлийн байгууллагуудаас энэ ажлыг зохион байгуулж байгаа нь хүндрэлтэй, зардал ихтэй учраас үүнийг багасгах зорилготой. Хоёрдугаарт иргэд, аж ахуй нэгж байгууллага татвараа цаг хугацаанд нь төлөөгүйгээс буюу хуулийн хугацаа дуусах дөхөх үеэр ачаалал нэмэгдэх асуудлууд гарч байсан. Жилийн эцэс болоход татвар төлөх асуудал ихсэж төрийн байгууллагуудын ачаалал нэмэгддэг байсан. Үүнээс үүдэлтэй иргэдийн шүүмжлэл их ирдэг. Гуравдугаарт татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх төсвийн хөрөнгөөр хийх ажлыг цаг хугацаанд нь хийх ... гэсэн тайлбарыг тус тус үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй гэх үндэслэлийн тухайд:

5.1.Шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт буюу Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаж байна.

5.2.Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмын 1.1 дэх хэсэгт зааснаар ... нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамрагдах, албан татвар, төлбөр төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулах ... нь журмын зорилго байх атал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүний тайлбараас үзвэл маргааны зүйл нь хуулийн этгээд албан татварыг ямар хугацаанд төлөх талаарх журмын зохицуулалт хуульд нийцсэн эсэхтэй холбоотой байна.

5.3.Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно. гэж заасныг зөрчсөн гэж маргаж, хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 28 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй талаар лавлагаа ирүүлсэн бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй.

5.4.Нэгэнт дээрх журмын холбогдох заалт нь Татварын ерөнхий хуультай нийцэж байх тул шүүх маргаан бүхий журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам нь татварын хууль тогтоомжийн зарчим, зорилгод нийцсэн буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, маргаан бүхий хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.

5.5.Түүнчлэн маргаан бүхий журмын 3.4 дэх заалтад Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор доорхи дарааллаар тухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулна. Үүнд:

- 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

- 2, 7 тоогоор тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

- 3, 8 тоогоор тоогоор төгссөн бол гуравдугаар сард

- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

- 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдана. гэж заасан ба нэхэмжлэгч О******* ХХК-ийн эзэмшлийн 6 автомашины тухайд 0001УББ, 0001УБЭ, 0016УАВ дугаартай автомашинуудын татварыг 1 дүгээр сард, 5370УАХ, 7130УНД дугаартай автомашинуудын татварыг 5 дугаар сард, 8989УБУ дугаартай автомашины татварыг 4 дүгээр сард тус тус төлөхөөр байх тул татвар төлөгчид автотээврийн хэрэгслийн татварын ачааллыг нэг дор үүрүүлсэн, хүндрэл чирэгдэл учруулсан гэж үзэхээргүй байна.

6.Шүүхийн иргэдийн төлөөлөгч Н.Н*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу эрх, үүргийг тайлбарлан, хэргийг материал танилцуулж, хуульд заасан журмын дагуу тангараг өргүүлсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ Хариуцагч талыг дэмжиж байна. Эхний 6 сарын байдлаар татвар хураамж төлж дуусах журам нь нэг цэгийн үйлчилгээний ачаалал, иргэдийн бөөгнөрлийг багасгах зөв журам гэж үзэж байна. гэснийг дурдах нь зүйтэй.

7.Эдгээр үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.1.Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан О******* ХХК-ийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалттай илт зөрчилдөж буй, хуулиас давсан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдлыг дордуулсан, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

 

Г.УРАНГУА

ШҮҮГЧ

 

 

А.МӨНХ-ӨЛЗИЙ

ШҮҮГЧ

 

Л.ӨЛЗИЙЖАРГАЛ