Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0650

 

 

 

 

                                                                                        

 

 

 

 

 

“О-ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0632 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2022/1094/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт болохыг тогтоолгох” -оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0632 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О-ББСБ” ХХК-иас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. “О-ББСБ” ХХК-иас нэхэмжлэлийн үндэслэлээ автомашины татвар, төлбөрийг оны эхний хагас жилд 1 удаа бөөнд нь татан төвлөрүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагуудад татвар, төлбөрийн дарамт үүсгэж эрх ашгийг зөрчиж байна гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь журмын зөвхөн 3.4 дэх хэсэгт хамаарах бөгөөд бусад заалт нь хамааралгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй.

3.2. Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуульд буцааж хэрэглэх талаар зохицуулалт байхгүй байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг уг хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 632 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянан, “О-ББСБ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дагаж мөрдөх үүрэггүй бөгөөд уг хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө батлагдсан тул Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй, иймд журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй ...” гэсэн тайлбарыг гаргажээ.

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан.

2.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталснаас үзвэл уг тогтоол нь нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог бий болгох тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо чиг үүргийг хуваарилж заасан, мөн авто тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналт үзлэг оношилгоонд хамрагдах, албан татвар, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг журамлан тогтоосноороо нийтээр заавал дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий байнга давтагдах шинжтэй хэм хэм хэмжээний акт байна.

2.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцооны талаар журам гаргаж мөрдүүлэх бүрэн эрх бүхий этгээд байна.

2.4. Хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам” нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй”-г тодорхойлсон 3-2/65 дугаар албан бичиг авагдсан байна.

2.5. Маргаан бүхий уг журмыг батлах үед Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” мөрдөгдөж байсан, уг журам нь Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон газар, зөвлөл, хороо, төв, хүрээлэн зэрэг байгууллагад хамааралтай байсан тул “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага” болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоолыг уг журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Гэвч хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээ тогтоосон “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан 2015 оны 28 дугаар тогтоолоо хуульд заасан шаардлагад нийцүүлж эрх бүхий этгээдэд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйг шүүх зөвтгөх хууль зүйн боломжгүй юм.  

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан.

Ийнхүү Захиргааны ерөнхий хуулийг даган мөрдөж эхэлсэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжих бүхий л захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүргийг баталсан этгээдэд хуулийн тус зохицуулалтаар хүлээлгэсэн байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь хууль бус байна.

2.7. Түүнчлэн нэхэмжлэгчээс дээрх журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор “... уг журмын 3.4-т “авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор доорх дарааллаар тухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулна” гэж заасан нь Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалттай зөрчилдсөн, уг хуулиар татвараа бүтэн жилийн хугацаанд хувааж төлж болохоор хуульчилсан байхад бүх автомашины татвар, төлбөрийг оны эхний хагас жилд 1 удаа бөөнд нь төлөхөөр заасан нь манай байгууллагад татвар, төлбөрийн дарамт үүсгэснээрээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр маргасан нь үндэслэлтэйг дурдах нь зүйтэй байна. Тодруулбал,

Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ” гэж заасан байна.

2.8. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Журам батлах тухай 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын 3.4-т “Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хурааж ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор доорх дарааллаар тухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулна. Үүнд: 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдана” гэж заасан нь дээрх хуульд зааснаас давсан зохицуулалт гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн энэ уг зохицуулалттай холбогдуулан хуульд нийцээгүй, төлбөрийн дарамт үүсгэж, эрх зөрчсөн гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                         З.ГАНЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

 

                                   

                        ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ