Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2023/02055

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2023/02055

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, 6-р хороо, 10Б байр,*******, Хөвдүүд овогт Даржаагийн Энхтуяа/РД: ЖЯ57031006/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,,,*******,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХБ-ны нэхэмжлэлтэй "АХ" ХХК, О.Г-д холбогдох Иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 851 дүгээр захирамж гарсан байдаг.

Тус шүүгчийн захирамжаар "АХ" ХХК, О.Г нараас 225.451.327,33 төгрөгийг ХХБ-д олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Д.Э миний өмчлөлийн Ү-2...9 дугаартай *******, 6 дугаар хороо, 106 байрны 98 тоот 73.1 м.кв талбай орон сууцыг 248.500.000 төгрөгөөр, мөн Ү-2....4 дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар байр, 1 дүгээр орцны зоорийн давхарт байрлах 200 м.кв талбай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 361.900.000 төгрөгөөр тус тус үнэлүүлсэн талаар 2022 оны 4-151/22054 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэгч н.Б мэдэгдсэн.

Миний орон сууцыг зах зээлийн үнээс хэт бага үнэлж борлуулах гэж байгаа байдалд нь гомдолтой байна. Тухайн орон сууц болон конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийхдээ зах зээлийн бодит байдлыг харгалзан үзээгүй үнэлгээ хийсэн болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Ф Э" ХХК-аар хийлгүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тус үнэлгээ нь бодит бус зах зээлийн үнэд нийцээгүй хэт бага үнээр үнэлсэн, миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-151/22054 дугаартай мэдэгдлээр танилцуулсан бодит бусаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 851 дүгээр шийдвэрээр "АХ" ХХК, О.Г нараас 224.805.338 төгрөгийг гаргуулж ХХБ-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Э, О. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2...9 дугаарт бүртгэлтэй *******, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10 дугаар байр, 98 тоот, 73.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, иргэн Д.Э-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2...4 дугаарт бүртгэлтэй *******, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 1 дүгээр орц, зоорийн давхар, конторын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус газар 2022 оны 08 сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нараас 73 дугаар байрны үнийг 1 м.кв-ын үнийг 6.000.000 төгрөг, 98 тоот үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ын үнийг 8.000.000 төгрөгөөр тооцон үнийн санал өгөхөд төлбөр авагчаас үнийн саналтай танилцан үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан.

Дээрх хүсэлтийн дагуу тус газраас хөрөнгийн үнэлгээний "Ф Э" ХХК-ийг үнэлгээчнээр томилоход 73 дугаар байрны зах зээлийн үнэлгээг 361.900.000 төгрөг, 98 тоот үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 248.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдаж, төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "ХХБ" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбатаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 851 дугаар шүүгчийн захирамжаар "А Х" ХХК, О.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 226,805,338.33 төгрөгөөр 06 сарын хугацаатай эвлэрч төлөөгүй тохиолдолд барьцаа эд хөрөнгө болох Д.Э, О.Г нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2...9 дугаарт бүртгэгдсэн *******,*******, бага тойруу гудамж, 10-р байрны 98 тоот хаягт байрлах 73,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, иргэн Д.Э-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2...4 дугаарт бүртгэгдсэн *******,******* их тойруу гудамж, 6-р байр 1-р орц, зоорийн давхар, конторын зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцон, улсын тэмдэгтийн хураамжид 645,989 төгрөгийн хамтаар гаргуулж "ХХБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь эвлэрлийн гэрээнд заагдсан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Тус газраас барьцаа эд хөрөнгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр талуудаас үнийн санал авч дуудлага худалдаанд оруулахаар болж үнийн саналд харилцан тохиролцоогүйн улмаас хөндлөнгийн шинжээч томилон "ФЭ" ХХК-иар үнэлгээг хийлгэсэн. Д.Э, О.Г нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2...9 дугаарт бүртгэгдсэн *******,*******, бага тойруу гудамж, 10-р байрны 98 тоот хаягт байрлах 73.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 248.500.000 төгрөг, иргэн Д.Э-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2...4 дугаарт бүртгэгдсэн *******,******* их тойруу гудамж, 6-р байр 1-р орц, зоорийн давхар, конторын зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 361,900,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэд нийцсэн үнэлгээг гаргасан гэж дүгнэж байна. Уг үнэлгээнд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байгаа нь төлбөр авагч "ХХБ" ХХК-ийн зөрчигдсөн эрх хамгаалагдахгүй, мөн тус банкинд тодорхой хэмжээний хохирол учирсаар байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 181/ГХ2022/00793 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2022/10274 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/00851 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-151/22054 дугаар мэдэгдэл, "ФЭ" ХХК-ийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-225/22076 дугаар мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/22 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, хариуцагчийн баримтаар гаргасан 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 181/ГХ2022/00793 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2022/10274 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/00851 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХХБ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5/7516 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2...5 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 9 сарын 07-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "АХ" ХХК-ийн 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 11/08 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1348 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0...7 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ХХБ" ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/11253 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах боон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 11 сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх тухай актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "ХХБ" ХХК-ийн баримтаар гаргасан "ХХБ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ХХБ" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 дугаар Албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч НШШГГ-т холбогдуулан Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "ХХБ" ХХК нь зах зээлийн үнэд нийцсэн үнэлгээг гаргасан гэж дүгнэж байна гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00851 дугаар захирамжаар "АХ" ХХК, О.Г нараас 226,805,338/хоёр зуун хорин зургаан сая найман зуун таван мянга гурван зуун гучин гучин найм/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 645,989/зургаан зуун дөчин таван мянга есөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулан ХХБ ХХК-д олгохоор, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Э, О.Г нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2...9 дугаарт бүртгэлтэй *******, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10 дугаар байр, 98 тоот, 73.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, иргэн Д.Э-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2...4 дугаарт бүртгэлтэй *******, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 1 дүгээр орц, зоорийн давхар, конторын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 181/ШЗ2020/10274 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, 181/ГХ2022/00793 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдон, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00851 дугаар захирамжийн болон 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 181/ШЗ2020/10274 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 181/ГХ2022/00793 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2....5 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь *******, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10 дугаар байр, 98 тоот, 73.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хураасан болох нь 22280675/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 22280675/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 55.2.2үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь *******, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10 дугаар байр, 98 тоот, 73.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг тохиролцоогүй болох нь нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үнийн саналын хуулбар, "АХ" ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/08 дугаар Үнийн саналын хуулбар, О.Г-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үнийн саналын хуулбар, ХХБ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шинжээчээр "ФЭ" ХХК-ийг томилж, шинжээч "ФЭ" ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/374 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн "ФЭ" ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 4-151/22054 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад уг хуулийг буцаан хэрэглэх тухай тусгаагүй байх тул 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тус үнэлгээ бодит бус зах зээлийн үнэд нийцээгүй хэт бага үнээр үнэлсэн гэж маргаж байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн/2010 он/ 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3 дахь заалтад зааснаар "ФЭ" ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд *******, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10 дугаар байр, 98 тоот, 73.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо ашигласан аргачлал, үнийн мэдээлэллийн эх сурвалжийг тодорхой заасан байх тул нэхэмжлэгчийн үнэлгээ бодит бус зах зээлийн үнэд нийцээгүй хэт бага үнээр үнэлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад зааснаар Ү-2....3 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж баруун бүс/16102/ гудамж, 68/1, 68/2 тоот хаягт байрлах, 24,806 м.кв талбайтай үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 168023/0095, 1....5 дугаартай, 23,400 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-н үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-н үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ