Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/02073

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/02073

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* байрлах, "МА" ХХК/РД:*******, гүйцэтгэх захирал Л.Э/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******, байрлах, "ИГЭ" ХХК/РД:, гүйцэтгэх захирал А.Д/-д холбогдох,

 

20,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч "МА" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021.12.23-ны өдөр манай компани нь "ИГЭ" ХХК-тай №24/21 дугаартай Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Мандах нуур уурхайд хийгдэх зоорьтой 2 давхар ажилчдын орон сууц болон 2 давхар оффисын барилгын иж бүрэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш 2022 оны 06-р сарын 15-ны өдрийн уулзалтаар анхны ярилцаж тохиролцоод 100 хувь дууссан байсан зураг төслийн хэмжээ, давхрын өндөр, өрөө тасалгааны төлөвлөлт зэргийг өөрчилснөөр зураг төслийг дахин шинээр эхлүүлсэн. 

2022 оны 09-р сарын 15-ны өдөр бүх зургуудыг А3-аар хэвлэсэн хувилбараар Дэд захирал Б.Б-т хүлээлгэн өгөхдөө гэрээний дагуу дунд шатны төлбөр Барилга архитектур, Барилга бүтээцийн зургийн төлбөр болох 20,000,000.00 /хорин сая төгрөг/-ийг нэхэмжилсэн нэхэмжлэхийг өгч явуулсан боловч одоо хүртэл шийдэгдээгүй явж байна.

Гэрээний 3.1 дэх хэсэгт нийт ажлын хөлс 50,000,000 /тавин сая/ төгрөг байхаар тохиролцож тусгасан. Бид төлбөрөө нэхэмжилж санхүүгийн нэхэмжлэх зураг төслөө хүлээлгэн өгөхдөө хамт өгсөн бөгөөд түүнээс хойш дахин нэхэмжлэх явуулан төлбөрөө нэхэх үед зураг төсөл дээр асуудал байна гэж хариу өгдөг байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч ирж уулзаагүй утсаар ч огт холбогдож чадахгүй байгаа бөгөөд шүүхэд өгөх талаар мэдэгдэл явуулахад дэд захирал Б.Б нь шүүхээр шийдүүлэхтэй санал нийлсэн юм. Захиалагч талаас хариу өгөхгүй байгаагаас шалтгаалан зураг төслийг экспертээр /магадлал/ оруулж батлуулан эцсийн шатны төлбөр болох 10,000,000 төгрөгийг хүртэл төлөх хугацаа хангалттай өнгөрсөн тул бид үлдэгдэл нийт төлбөрийг бүрэн барагдуулахыг шаардаж байна. 

Монгол Улсын Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт "... гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж заасны дагуу бид "ИГЭ" ХХК-иас гэрээний төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу зураг төслийн ажлаа хийж дуусгаад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр захирал н.Б-т хүлээлгэж өгсөн. Гэрээний нийт үнэ 50,000,000 төгрөг байсан. Үүнээс 30,000,000 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Гэрээ байгуулсан нь өөрсдийнх нь эрхийн асуудал байна. Ажил гүйцэтгэсэн учраас төлбөрөө авъя гэж байгаа. гэв.

 

Нэхэмжлэгч "МА" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд "МА" ХХК нэхэмжлэлтэй "ИГЭ" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Б би хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Зохигч талуудын байгуулсан 2021.12.23-ны өдрийн 24/21 тоот Ажил гүйцэтгэх гэрээ- ний дагуу "МА" ХХК нь Дорноговь аймаг, Мандах суманд баригдах Мандах нуур уурхайд хийгдэх зоорь бүхий 2 давхар ажилчдын орон сууц болон 2 давхар оффисын барилгын иж бүрэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэн, "ИГЭ" ХХК-д 2022.09.15-ны өдөр хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Зураг төслийн ажилд аливаа алдаа дутагдал, доголдол байхгүй болно. Тухайн үед зохигч талуудын удирдлагууд уулзаж 24/21 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийсэн зураг төслийг бага хэмжээгээр өөрчлөх боломжтой ч их хэмжээний өөрчлөлт, засвар хийх боломжгүй талаар зөвлөлдсөн.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг ажлын үр дүнгийн доголдлыг арилгаж өгөх талаар уулзаж, утсаар ярьж мэдэгдэж байгаагүй бөгөөд бүх зургуудыг буцааж өгөөгүй болно.

"МА" ХХК нь 24/21 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зураг төслийг аливаа доголдогүйгээр хүлээлгэж өгсөн. Ийнхүү гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 30,000,000 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2023.03.03-ны өдөр 10.000,000 төгрөгийг "ИГЭ" ХХК-иас шилжүүлсэн байна. Энэ нь "ИГЭ" ХХК 24/21 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл байна. Гэтэл 2023.06.06-ны өдөр 30,000,000 төгрөгийг "МА" ХХК-иас гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч "ИГЭ" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "МА" ХХК-иас "ИГЭ" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Манай компани тус компанитай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 24/21 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 50,000,000.00 төгрөгөөр Ажилчдын сууц болон оффисын барилгын иж бүрэн зураг төслийг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан болно.

Тус гэрээний дагуу манай компаниас 2021 оны 12 сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 сарын 03-ны өдрийн хооронд нийт 30,000,000.00 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн байна. 

Гүйцэтгэгч компанийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх зургууд нь алдаа дутагдалтай байсан тул тэдгээр алдааг засварлаж өгөх талаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2023 оны 03 сарын 23-ны өдөр тухайн төслийн талаар хуралдаан хийж, уг хурлын үеэр зургуудын алдаа дутагдлуудыг яаралтай засварлуулахаар "МА" ХХК-д буцаан бүх зургийг хүлээлгэн өгсөн боловч ямар нэг хариу өгөөгүй өнөөдрийг хүрээд байна.

Тухайн төслийг 2023 онд батгаан бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох бэлтгэл ажлуудыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байсан тул "МА" ХХК-иас зураг төсөл бэлэн болсон эсэх тухай тодруулахаар удаа дараа холбогдсон боловч хариу өгөхгүй байсан тул 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "ДЛ" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг шинээр байгуулан дээрх зураг төслийн ажлыг дахин шинээр гүйцэтгүүлж байгаа бөгөөд гэрээний дагуу холбогдох төлбөрүүдийг төлсөн болно.

Иймээс манай компанийн зүгээс нэхэмжлэгч "МА" ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өнгө үү.

Манай компани "МА" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч тал 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлыг хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Гүйцэтгэл доголдолтой байсан гэж үзэж байгаа. Гэрээний дагуу нийт ажлыг улсын байгууллага буюу экспедицээр батлуулах ёстой гэсэн шаардлагыг тавьсан байдаг. гэв.

 

Хариуцагч "ИГЭ" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "МА" ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 30,000,000.00 төгрөгийг гаргуулан "ИГЭ" ХХК-д олгуулах.

Манай компани "МА" ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 24/21 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 50,000,000.00 төгрөгөөр Ажилчдын сууц болон оффисын барилгын иж бүрэн зураг төслийг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан болно.

Тус гэрээний дагуу манай компаниас 2021 оны 12 сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 сарын 03-ны өдрийн хооронд нийт 30,000,000.00 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгч компаниас ирүүлсэн нэхэмжлэхэд дурдсан "ГБ" ХХК дахь 3105121487 тоот дансанд шилжүүлсэн байна.

Гэвч гүйцэтгэгч компанийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх боловч зургууд нь доголдолтой, алдаа дутагдалтай байсан тул тэдгээр бүрэн дууссан гэж үзэх боломжгүй бөгөөд доголдлыг арилгаж өгөх талаар удаа дараа уулзаж, утсаар ярьж мэдэгдэж байсан болно.

Ингээд 2023 оны 03 сарын 23-ны өдөр тухайн төслийн талаар "МА" ХХК болон бусад гүйцэтгэгчийн хамтаар хуралдаан хийж, уг хурлын үеэр зургуудын алдаа, доголдлуудыг яаралтай арилгуулахаар "МА" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд буцаан бүх зургуудыг хүлээлгэн өгсөн боловч алдаа, доголдлыг арилгасан ямар ч зураг төсөл эргүүлэн өгөөгүй бөгөөд зураг төслийн ажлыг бүрэн дуусгаж, түүнийгээ Барилгын зураг магадлал буюу экспертээр оруулж, дүгнэлт гаргах ажлыг мөн хийж гүйцэтгээгүй буюу гэрээнд заасан ажлыг хийсэн, ямар нэг ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу баригдах төслийг 2023 онд батгаан бүрэн дуусгахаар төлөвлөсөн тул "МА" ХХК-иас зураг төсөл бэлэн болсон эсэх тухай тодруулахаар удаа дараа холбогдсон боловч хариу өгөхгүй байсан тул бид 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "ДЛ" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг шинээр байгуулан дээрх зураг төслийн ажлыг дахин шинээр гүйцэтгүүлж байгаа бөгөөд гэрээний дагуу 26,000,000.00 төгрөгийн төлбөрийг төлсөн байгаа болно.

Иймээс манай компанийн зүгээс гэрээний төлбөрт нийт шилжүүлсэн 30,000,000.00 төгрөгийг "МА" ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан "МА" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/21 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэх 1, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэх 1, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэх 2, 2022 оны 09 сарын 15-ны өдрийн зураг төсөл хүлээлцсэн акт, ЗТ12-897/18 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан "ИГЭ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/23 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ДЛ" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хавсралт 6 Гүйцэтгэх ажлын үнийн дүнгийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ТХБ"-ны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ГБ" ХХК-ны орлогын мэдүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, "ТХБ"-ны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэх, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, "ИГЭ" ХХК-ийн кассын зарлагын баримт, "ТХБ"-ны мөнгөн шилжүүлгийн баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч "МА" ХХК хариуцагч "ИГЭ" ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 20,000,000/хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч "ИГЭ" ХХК нь "МА" ХХК-д холбогдуулан 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч "МА" ХХК хариуцагч "ИГЭ" ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000/арван сая/ төгрөгөөр багасгасан болно.

 

Хариуцагч "ИГЭ" ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-г шинээр байгуулан дээрх зураг төслийн ажлыг дахин шинээр гүйцэтгүүлж байгаа гэж маргасан.

 

Нэхэмжлэгч "МА" ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-р хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зураг төслийг аливаа доголдогүйгээр хүлээлгэж өгсөн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №24/21 Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №24/21 Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

№24/21 Ажил гүйцэтгэх гэрээ-ий 1-ийн 1.1, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь Дорноговь аймаг, Мандах суманд баригдах Мандах нуур уурхайд хийгдэх зоорь бүхий 2 давхар ажилчдын орон сууц болон 2 давхар оффисын барилгын иж бүрэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэж өгөх, хариуцагч нь ажлын хөлсөд нэхэмжлэгчид нийт 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №24/21 Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн №24/21 Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 2-ын 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь зураг төслийн ажлыг ажлын 30/гуч/ хоногт чанарын өндөр түвшинд, аливаа алдаа доголдолгүйгээр хариуцагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.1-т заасан ажлын 30/гуч/ хоногт зургийг экспертизээр баталгаажуулах хугацааг оруулаагүй болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн уулзалтаар анхны ярилцаж тохиролцоод 100/нэг зуу/ хувь дууссан байсан зураг төслийн хэмжээ, давхрын өндөр, өрөө тасалгааны төлөвлөлт зэргийг өөрчилснөөр зураг төслийг дахин шинээр эхлүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Зохигчид зураг төслийг хүлээлцэх хугацааг Гэрээний 2-ын 2.1-т заасан хугацаанаас өөрөөр хэрхэн тохиролцсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүх зургуудыг А3-аар хэвлэсэн хувилбараар хүлээлгэн өгсөн гэх тайлбар хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх зургууд нь алдаа дутагдалтай байсан гэх хариу тайлбараар нотлогдож байна.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 6-ийн 6.3-т зааснаар Гэрээнд заасан зураг төсөл нь Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар магадлал хийлгэх талаар зохигчид маргахгүй байна.

 

Гэрээний 1-ийн 1.4-т нэхэмжлэгч нь зураг төслийг Улсын байгууллагаар батлагдсан 2/хоёр/ эх хувь болон Сиди/CD/-д буулгасан хэлбэрээр хариуцагчид хүлээлгэн өгнө гэжээ.

 

Нэхэмжлэгч нь зураг төслийг Улсын байгууллагаар батлуулаагүй буюу магадлал хийлгээгүй талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2Гэрээнд заасан ... чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 1-ийн 1.4-т нэхэмжлэгч нь зураг төслийг Улсын байгууллагаар батлуулах талаар заасан байх тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар зохигчид ажлын үр дүнд чанарын шаардлага тавьсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 1-ийн 1.4-т заасан зураг төслийг Улсын байгууллагаар батлуулах үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүн чанарын доголдолтой гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-т Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах; гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсөнд 30,000,000/гучин сая/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, "ТХБ" ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн болон 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, "ГБ" ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Орлогын мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл 20,000,000/хорин сая/ төгрөгийг төлөхөөс татгалзаж, "ДЛ" ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зураг төсөл гүйцэтгэх тухай №03/23 Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь №03/23 Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1, 350.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь Улсын байгууллагаар батлуулаагүй чанарын доголдолтой зураг төслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх тул ажлын хөлсний үлдэгдэл 20,000,000/хорин сая/ төгрөгийг ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардал гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1, 350.1.7 дахь заалтад зааснаар хариуцагчаас 20,000,000/хорин сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөслөнд төлсөн 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан Гэрээг цуцалсан болохоо баримтаар нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээг хуульд заасан журмын дагуу цуцалсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "МА" ХХК-ийн хариуцагч "ИГЭ" ХХК-иас нийт 20,000,000/хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Их говь энержи ХХК-ийн нэхэмжлэгч "МА" ХХК-иас 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "МА" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг, хариуцагч "ИГЭ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "МА" ХХК-ийн хариуцагч "ИГЭ" ХХК-иас нийт 20,000,000/хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "ИГЭ" ХХК-ийн нэхэмжлэгч "МА" ХХК-иас 30,000,000/гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч "МА" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг, хариуцагч "ИГЭ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ