Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01710

 

 

 

 

 

 

 

 

    2023         09          04                                        210/МА2023/01710

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02073 дугаар шийдвэртэй

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “И” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батлхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани нь И ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд заасны дагуу Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Мандах нуур уурхайд хийгдэх зоорьтой 2 давхар ажилчдын орон сууц болон 2 давхар оффисын барилгын иж бүрэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн уулзалтаар анхны ярилцаж тохиролцоод 100 хувь дууссан байсан зураг төслийн хэмжээ, давхрын өндөр, өрөө тасалгааны төлөвлөлт зэргийг өөрчилснөөр зураг төслийг дахин шинээр эхлүүлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүх зургуудыг А-З хэмжээгээр хэвлэсэн хувилбараар дэд захирал Б.Бт хүлээлгэн өгөхдөө гэрээний дагуу дунд шатны төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэхийг өгч явуулсан боловч одоо хүртэл шийдэгдээгүй байна.

1.2. Гэрээний 3.1 дэх хэсэгт нийт ажлын хөлс 50,000,000 төгрөг байхаар тохиролцож тусгасан. Бид төлбөрөө нэхэмжилж санхүүгийн нэхэмжлэх зураг төслөө хүлээлгэн өгөхдөө хамт өгсөн бөгөөд түүнээс хойш дахин нэхэмжлэх явуулан төлбөрөө нэхэх үед зураг төсөл дээр асуудал байна гэж хариу өгдөг байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч ирж уулзаагүй, утсаар ч холбогдож чадахгүй байгаа бөгөөд шүүхэд өгөх талаар мэдэгдэл явуулахад дэд захирал Б.Б нь шүүхээр шийдүүлэхтэй санал нийлсэн юм. Захиалагч талаас хариу өгөхгүй байгаагаас шалтгаалан зураг төслийг экспертээр оруулж батлуулан эцсийн шатны төлбөр болох 10,000,000 төгрөгийг хүртэл төлөх хугацаа хангалттай өнгөрсөн тул бид үлдэгдэл нийт төлбөрийг бүрэн барагдуулахыг шаардаж байна.

1.3. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт “...гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагч зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй. Дээрх гэрээний нийт үнэ 50,000,000 төгрөг бөгөөд үүнээс 30,000,000 төгрөгийн хариуцагч төлсөн. Иймд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани тус компанитай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 50,000,000 төгрөгөөр ажилчдын сууц болон оффисын барилгын иж бүрэн зураг төслийг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тус гэрээний дагуу манай компаниас 30,000,000 төгрөгийн төлбөрийг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн. Гүйцэтгэгч компанийн зүгээс хүлээлгэн өгсөн гэх зургууд нь алдаа дутагдалтай байсан тул тэдгээр алдааг засварлаж өгөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Дараагаар нь тухайн төслийн талаар хуралдаан хийж, уг хурлын үеэр алдаа дутагдлуудыг яаралтай засварлуулахаар “М” ХХК-д буцаан бүх зургийг хүлээлгэн өгсөн ч хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

2.2. Тухайн төслийг 2023 онд багтаан бүрэн дуусгахаар төлөвлөсөн тул холбогдох бэлтгэл ажлуудыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байсан тул “М” ХХК-аас зураг төсөл бэлэн болсон эсэх талаар тодруулахаар удаа дараа холбогдсон боловч хариу өгөөгүй. Тиймээс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Д” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг шинээр байгуулан дээрх зураг төслийн ажлыг дахин шинээр гүйцэтгүүлж, холбогдох төлбөрүүдийг төлсөн. Иймд нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Манай компани нэхэмжлэгчтэй 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 50,000,000 төгрөгөөр ажилчдын сууц болон оффисын барилгын иж бүрэн зураг төслийг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу манай компаниас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх боловч зургууд нь доголдолтой, алдаа дутагдалтай байсан тул ажлыг бүрэн дууссан гэж үзэх боломжгүй бөгөөд доголдлыг арилгаж өгөх талаар удаа дараа уулзаж, утсаар ярьж мэдэгдэж байсан.

3.2. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тухайн төслийн талаар “М” ХХК болон бусад гүйцэтгэгчийн хамтаар хуралдаан хийж, уг хурлын үеэр зургуудын алдаа, доголдлуудыг яаралтай арилгуулахаар нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтанд буцаан бүх зургуудыг хүлээлгэн өгсөн боловч алдаа, доголдлыг арилгасан ямар ч зураг төсөл эргүүлэн өгөөгүй бөгөөд зураг төслийн ажлыг бүрэн дуусгаж, түүнийгээ барилгын зураг магадлал буюу экспертээр оруулж, дүгнэлт гаргах ажлыг мөн хийж гүйцэтгээгүй буюу гэрээнд заасан ажлыг хийсэн, ямар нэг ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Улмаар  манай компани 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Д” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг шинээр байгуулж, дээрх зураг төслийн ажлыг дахин шинээр гүйцэтгүүлж байгаа бөгөөд гэрээний дагуу 26,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Иймд нэхэмжлэгч “М” ХХК-аас гэрээний төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу “М” ХХК нь Дорноговь аймаг, Мандах суманд баригдах Мандах нуур уурхайд хийгдэх зоорь бүхий 2 давхар ажилчдын орон сууц болон 2 давхар оффисын барилгын иж бүрэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэн, “И” ХХК-д 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Зураг төслийн ажилд аливаа алдаа дутагдал, доголдол байхгүй болно. Тухайн үед зохигч талуудын удирдлагууд уулзаж ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн зураг төслийг бага хэмжээгээр өөрчлөх боломжтой ч их хэмжээний өөрчлөлт, засвар хийх боломжгүй талаар зөвлөлдсөн. Сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг ажлын үр дүнгийн доголдлыг арилгаж өгөх талаар уулзаж, утсаар ярьж мэдэгдэж байгаагүй бөгөөд бүх зургуудыг буцааж өгөөгүй. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зураг төслийг аливаа доголдолгүйгээр хүлээлгэж өгсөн. Ийнхүү гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 30,000,000 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг “И” ХХК-аас шилжүүлсэн. Энэ нь гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болно. Гэтэл шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “И” ХХК-аас нийт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-ийн нэхэмжлэгч “М” ХХК-аас 30,000,000 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгэр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,650 төгрөгийг, хариуцагч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх нэхэмжлэгч “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс хариуцагч тал татгалзсан тухай үйл баримт, нотлох баримтуудыг үнэн бодитоор үнэлээгүй. Уг хэргийг шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн талаар шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуусан “...10,000,000 төгрөгийг ямар шалтгаанаар төлсөн бэ, төлөөд байгаа шалтгаан нь юу юм...” гэх асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...засварлах зүйлээ засварлаад яваач гэдэг байдлаар өгсөн...” гэж хариулснаар талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш доголдлын талаар ярилцаж, нэхэмжлэгчид төлбөр төлсөн тодорхой үйлдэл хийгдсэн үйл баримт тогтоогдож байгааг тодорхойлоогүй. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр уулзалт зохион байгуулж, уг уулзалтаар доголдол арилгах талаар нэхэмжлэгч талд мэдэгдэн, ирүүлсэн зургуудыг буцаан өгсөн тухай хариуцагчаас гаргасан тайлбарыг анхаараагүй, Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Д” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгснийг үнэлээгүй зэргээр үйл баримтыг үнэн бодитоор бүрэн тогтоолгүй, хариуцагчийн гаргасан нотлох баримтыг үнэлэлгүйгээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчтэй баигуулсан гэрээг цуцалсан болохоо баримтаар нотлохгүй байна гэж дүгнэсэн.

6.2. Нэхэмжлэгчээс хариуцагчид доголдолтой ажлын үр дүн шилжүүлснээс “И” ХХК-д хохирол учирсныг үнэн зөв тодорхойлоогүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “...хамгийн гол нь экспертээр батлагдах ёстой, батлагдаагүй зургийг ашиглах боломжгүй, гол хүссэн ажил хиигдээгүй...” гэж дурдсан буюу Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан зураг төслийг заавал магадлалыг хийх шаардлагатай бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно гэж заасны дагуу хариуцагч нь магадлал хийгдээгүй зургийн дагуу барилгын ажил эхлүүлэх боломжгүй нь тодорхойлогдож байгаа ба нэхэмжлэгчээс шилжүүлсэн доголдолтой үр дүнг хариуцагч ашиглах боломжгүй нөхцөл байдлыг тодорхой тайлбарласныг анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч нь зураг төслийн ажлыг шинээр дахин эхлүүлж, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг үнэлэлгүй хариуцагчид учраад байгаа хохирлыг тогтоохгүйгээр хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс зураг төсөл хүлээн авсан байх ба хариуцагчид 30,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн.

6.3. Шүүх ажлын үр дүнгийн талаар “...Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1, 350.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч тал нь улсын байгууллагаар батлуулаагүй чанарын доголдолтой зураг төслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн ...” гэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн хугацааг “... зохигчид зураг төслийг хүлээлцэх хугацааг гэрээний 2.1-т заасан хугацаанаас өөрөөр хэрхэн тохиролцсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүх зургуудыг АЗ хэмжээтэй хэвлэсэн хувилбараар хүлээлгэн өгсөн гэх тайлбар хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн гэх зургууд алдаа дутагдалтай байсан гэх хариу тайлбараар нотлогдож байна...” гэж тус тус тодорхойлсон атлаа хариуцагч нь Иргэпий хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан болохоо баримтаар нотлохгүй байна. “... хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс зураг төсөл хүлээн авсан байх ба хариуцагчид 30,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна гэж тус тус дүгнэн, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт, тогтоогдож буй нөхцөл байдал зэргийн бүрэн дүүрэн тодорхойлолтгүйгээр хариуцагч “И” ХХК-ийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ойлгомжгүй шийдвэр гаргасан. Эдгээр дурдсан тайлбар, тогтоогдож байгаа нөхцөл байдлуудыг үнэн зөв, бодитоор тогтоолгүй, нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасны дагуу хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтын хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд дээрх үнэлэгдээгүй нотлох баримтуудаар хэргийн бодит нөхцөл байдал нотлогдох учиртай. Дээрх үндэслэлийн дагуу анхан шатын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т ”... шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан узсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангахгүй байна. Иймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “И” ХХК-аас нийт 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 355 дугаар үйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-ийн нэхэмжлэгч “М” ХХК-аас 30,000,000/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний төлбөрт 10,000,000 төгрөгийг төлсөн боловч доголдол засах төлбөр гэж тайлбарлаад байдаг боловч нэхэмжлэгчийн хувьд гэрээний төлбөр төлөгдсөн буюу доголдолтой холбоотой зургийг өөрчилснөөр үүссэн нэмэлт төлбөр биш юм. Мөн нэхэмжлэгч тал шүүхэд хандаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр компанитай гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгүүлж байгааг мэдсэн. Үүнээс өмнө хариуцагч нь нэхэмжлэгч талтай гэрээгээ цуцалсан, зургийн ажлаа хийлгэхээ больсон гэх ямар ч тайлбар хэлээгүй. Харин хариуцагч тал магадлан хийгээгүй зургийг ашиглах боломжгүй гэх гомдол бөгөөд барилгын зураг зурагдаад барилгатай холбоотой бичиг баримтыг зурагтайгаа хамтад нь өгч магадлангаа хийлгэх ёстой. Гэвч барилга баригдах газрын гэрчилгээг гаргаж өгөх нь хариуцагчийн үүрэг. Гэрээний 3.2-т магадлан хийгдсэний дараа 20,000,000 төгрөг өгнө гэж зааснаар газрын гэрчилгээгээ гаргаж өгөөгүй улмаас экспертээр батлуулаагүй нь нэхэмжлэгч талын буруу биш юм. Хариуцагч нь магадлан хийгдсэний дараа 10,000,000 төгрөг төлнө гээд төлсөн.  Харин үлдэгдэл 20,000,000 төгрөгийг мөн адил олгох ёстой гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн  шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасган, 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талуудын  хооронд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч “М” ХХК нь Дорноговь аймаг, Мандах суманд баригдах Мандах нуур уурхайд хийгдэх зоорь бүхий 2 давхар ажилчдын орон сууц болон 2 давхар оффисын барилгын иж бүрэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “И” ХХК нь зураг төслийн баримт бичгийг хүлээн авч, ажлын хөлсөнд 50,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх7-12/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь  үндэслэлтэй  байна.

 

3.а.Талуудын байгуулсан гэрээний 2.1-д “...ажлын 30 хоногт захиалагчид ажлыг чанарын өндөр түвшинд, алдаа доголдолгүйгээр актаар хүлээлгэн өгнө. Энэ хугацаа нь ажлын зургийг иж бүрэн дуусгаж өгөх хугацаа бөгөөд экспертизээр баталгаажуулах хугацааг оруулаагүй болно. Мөн захиалагч нь гэрээний 3.2.1-д гэрээнд гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулснаар урьдчилгаа төлбөр болох 10 хувь буюу 5,000,000 төгрөг, гэрээний 3.2.2-т барилга архитектур, барилга бүтцийн зураг зарагдаж дуусаж акт үйлдэн хүлээн авснаар 40 хувь болох 20,000,000 төгрөг, гэрээний 3.2.3-т хорших зургууд буюу /ХАС, цахилгаан, ЦБУ, холбоо дохиолол/ зэрэг зурагдаж дууссанаар акт үйлдэж 30 хувь болох 15,000,000 төгрөг, гэрээний 3.2.4-т “...магадлал /эксперт/-ээр орж дүгнэлт хүлээн авснаар гэрээний үлдэгдэл 20 хувь болох 10,000,000 төгрөгийг тус тус гүйцэтгэгчид төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ.

 

3.б. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зураг төсөл хүлээлцсэн акт үйлдэн хариуцагч “И” ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасны дагуу 2021 оны 12 дугаар 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 7,500,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7,500,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “М” ХХК-д төлсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 15, 63/

 

3.в. Хариуцагч нь “нэхэмжлэгчээс хүлээн авсан ажил доголдолтой байсан тул энэ талаар удаа дараа мэдэгдсэн, мөн талууд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн уулзалтаар анхны ярилцаж тохиролцоод 100 хувь дууссан байсан зураг төслийн хэмжээ, давхрын өндөр, өрөө тасалгааны төлөвлөлт зэргийг өөрчилснөөр зураг төслийг дахин шинээр эхлүүлсэн” гэж тайлбарласан байна.

 

3.г. Хариуцагч нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу  баримтаар нотлоогүй  тул түүний тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн хийсэн ажил доголдолтой байсан гэж үзэх боломжгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

3.д. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “И” ХХК-д зураг төслийн баримт бичгийг актаар хүлээлгэн өгсөн хэдий ч гэрээний 1.4-т зураг төслийн ажлыг хийж дуусган цаасан хэлбэрээр А3 форматаар улсын байгууллагаар батлагдсан 2 эх хувь болон Сиди-нд буулгасан хэлбэрээр захиалагч талд хүлээлгэн өгөх, мөн гэрээний 5.5-д зураг төслийг шалгах, экспертиз хийх...” үүрэгтэй гэж талууд тохиролцсон боловч нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул хариуцагч “И” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй.

 

3.е. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Харин шүүх нэхэмжлэгчийн гэрээний 1.4-т заасан зураг төслийг улсын байгууллагаар батлуулах үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүн чанарын доголдолтой гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар болгож өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4.Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.а. Хариуцагч “И” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...М ХХК-аас зураг төсөл бэлэн болсон эсэх талаар тодруулахаар удаа дараа холбогдоход хариу өгөөгүй тул манай компани 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Д” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг шинээр байгуулж, дээрх зураг төслийн ажлыг дахин гүйцэтгүүлэхээр гэрээний дагуу 26,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэгчид шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулна” гэжээ.

 

4.б. Хариуцагч “И” ХХК нь “Д” ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Дорноговь аймаг, Мандах суманд баригдах Мандах нуур уурхайд баригдах оффис, ресторан, зочид буудлын барилга, ажилчдын кемпийн барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлсөнд 65,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 49-58/

 

4.в. Дээрх гэрээнээс үзэхэд хариуцагч “И” ХХК-аас “Д” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь нэхэмжлэгч “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хийж гүйцэтгэх ажлууд нь өөр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг хариуцагч нь “Д” ХХК-иар арилгуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.г. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцалсан гэх сөрөг нэхэмжлэлийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчид хохирол учруулсан талаар нотлох баримт авагдаагүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02073 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...350 дугаар зүйлийн 350.1.7 дахь...” гэснийг “...343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                        ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ