Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/04382

 

 

 

 

 

 

 

2023 10 10

101/ШШ2023/04382

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Т.Ганчимэг, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.М -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ГХОХХК,

Хариуцагч: А.Б нарт холбогдох,

 

680,087,356 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А /Ү-0079/,

Хариуцагч С ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Д,

Хариуцагч С ГХОХХК-ийн өмгөөлөгч Ч.О /Ү-0788/,

Хариуцагч А.Б-ийн төлөөлөгч Т.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Миний хүү М-ын Г нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ийн цанын баазад гулгаж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Одоо хэвтэрт, явж чадахгүй, хэл яриа байхгүй, өөрөө бие дааж хоол ундаа идэж чадахгүй, бие засч чадахгүй байнгын асаргаанд амьдарч байна. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс-ын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 489565 тоот шийдвэрээр М.Г-ад хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар акт тогтоосон, cap бүр хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авдаг. Би өөрөө хүүгээ асарч, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс cap бүр 84800 төгрөгийн асаргааны мөнгө авч байна. М.Г-ын гэмтсэн асуудлыг шалгасан эрүүгийн хэрэгт Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан 4 удаагийн шинжээчийн дүгнэлтэд С ХХК-ийн Үйлчлүүлэгчдийн мөрдөх дүрэм нь холбогдох хууль болон стандартад нийцээгүй, үйлчлүүлэгчдийг цанын зам дээр заавал хамгаалах хэрэгсэлтэй гаргах нөхцлийг бүрдүүлээгүйгээс осол гарсан гэж дүгнэсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1161 тоот шийтгэх тогтоолоор С ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн дээрх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой гарсан зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар С ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч А.Б болон иргэний хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Г.Н нараас хохирогчийг гадаадад эмчлүүлэх зардлыг төлөхөө илэрхийлснийг зориуд цохон тэмдэглэвэл зохино гэж заасан. Миний хүү энэ байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж, тархиндаа хүнд гэмтэл авсан, 21-хэн настай, ШУТИС-ийн төгсөх ангид суралцаж байсан оюутан хүү минь өөрийн найз нөхдийн хамт, чөлөөт цагаараа Монгол улсад хамгийн найдвартай үйлчилгээтэй гэх С ХХК-ийн цанын баазад гулгаж байгаад хүнд гэмтсэнээр ийм байдалд орж одоо 4 дэх жилдээ хүний асаргаанд хэвтэрт байна. Ар гэр бидний зүгээс хүүгээ байнга асарч сувилахаас гадна сэргээн засах эмчилгээг удаа дараа хийлгэсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй, арга буюу Монгол улсаас гадаад улсад эмнэлгийн тусламж эмчилгээг зуучлан зохицуулдаг Гэгээн Ар Үр эмнэлэгт хандсанаар БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвөөс хагалгаа хийж, тархинд хуримтлагдаад байгаа нугасны усыг авах, цаашид хэвийн үйл ажиллагаатай байлгах VP шунт аппарат суулгах, гавлын ясыг нөхөх мэс засал хийх, тархины дарагдсан эд эсийг сэргээн засах эмчилгээ хийснээр эмчлэгдэнэ гэсэн хариу ирүүлсэн боловч бидний зүгээс уг эмнэлгээс ирүүлсэн эмчилгээний зардлыг төлөх ямар ч бололцоо байхгүйгээс хүүгийн минь биеийн байдал өдөр ирэх тутам дордож, сүүлийн үед таталт өгөх, унах ухаан алдах зэргээр хүндэрч байна.

БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвийн мэдрэлийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, Ли Вон Жэ, Гэгээн ар үр эмнэлгийн их эмч Наранцэцэг нар онлайн хурал хийж, миний хүүгийн байдлыг үзээд яаралтай хагалгаа хийх шаардлагатайг зөвлөсөн бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эмчилгээний төлбөрийг гаргуулах талаар С ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Бт хандсан, гэвч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байна.

Иймд С ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал А.Б нараас М.Г-ын гэмтлийн улмаас хохирсон гэм хорын хохирол болох эмчилгээний төлбөр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Гын группийн мөнгөний зөрүү, эцэг Ч.М-ын сарын үндсэн цалин болон асаргааны тэтгэмжийн зөрүү, М.Гын гадаадад эмчлүүлэх зардлыг тус тус нэхэмжилж байна.

1.М.Г-ын эмчилгээний зардал болон эм эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөр 18,881,971 төгрөг,

2.Засгийн газрын тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г-ад Хөдөлмөрийн чадвар алдалт-аар тогтоогдсон 288,000 төгрөгний тэтгэмжийн зөрүү 132,000 төгрөг, / 2021 оны 12 дугаар сарын 01-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нийт 13 cap/ 13* 132,000 бүгд 1,716,000 төгрөг, /2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 4 сар/ 262,000*4 бүгд 1,048,000, нийт 2,764,000 төгрөг,

3. Ч.М-ын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж 84,500 төгрөг болон ажилгүй хугацааны цалингийн зөрүү болох 438,905 төгрөг. М.Г Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 523,405 төгрөгний цалин авч байсан. /2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ныг дуустал нийт 17 сар/ 17* 438,905 бүгд 7,461,385 төгрөг,

4. БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн М.Г-ад хагалгаа хийх, тархинд Шунт аппарат суулгах, тархины яс нөхөх мэс заслын болон нөхөн сэргээх эмчилгээний зардал 242,000,000 вон буюу 650,980,000 төгрөг.

Нийт 680,087,356 төгрөг болно. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 

Миний хүү Мын Г нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ийн цанын баазад гулгаж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс-ын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 489565 тоот шийдвэрээр М.Г-ад хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар акт тогтоосон, cap бүр хөдөлмөрийн чадвар алдалтын 288 600 төгрөгийн тэтгэмж авдаг. Би өөрөө хүүгээ асарч, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс cap бүр 84800 төгрөгийн асаргааны мөнгө авч байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1161 тоот шийтгэх тогтоолоор С ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул С ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал А.Б нараас М.Г-ын гэмтлийн улмаас хохирсон гэм хорын хохирол болох эмчилгээний төлбөр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г-ын группийн мөнгөний зөрүү, эцэг Ч.М-ын сарын үндсэн цалин болон асаргааны тэтгэмжийн зөрүү, М.Г-ын гадаадад эмчлүүлэх зардлыг гаргуулахаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Уг нэхэмжлэлд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны зардлыг хамруулсан. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

1. М.Г-ын эмчилгээний зардал болон эм эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөр 18,457,350 төгрөг,

2. Засгийн газрын тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г-ад Хөдөлмөрийн чадвар алдалт-аар тогтоогдсон 288,000 төгрөгний тэтгэмж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийт 2 cap, 262,000*2 бүгд 524,000 төгрөг,

3. Ч.М-ын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж 84,500 төгрөг болон ажилгүй хугацааны цалингийн зөрүү болох 438,905 төгрөг. 2 сарын 877,810 төгрөг,

Нийт 19,859,160 төгрөг болно.гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Мын Г нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ийн талбайд гулгаж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авсан. Нэхэмжлэл гаргах үед өөрөө хоол ундаа идэж чадахгүй, бие засаж чадахгүй байнгын асаргаанд байсан. Байсан гэдгийг дараа тайлбарлая. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр Г-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон. Сар бүр хөдөлмөрийн чадвар алдалтын 178,000 төгрөгийн тэтгэмж авч байсан. М нь өөрөө хүүхдээ асарч Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс сар бүр 84,500 төгрөгийн асаргааны мөнгө авч байгаа. Эрүүгийн хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Эдгээр шинжээчийн дүгнэлтэд С ХХК нь үйлчлүүлэгчдийг заавал хамгаалах хэрэгсэлгүй гаргаснаас болж ийм асуудал үүссэн гэж дүгнэдэг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1161 тоот шийтгэх тогтоолоор С ХХК-ийн захирал А.Б-ийг хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн. Үүнээс гарсан хохирлыг С ХХК-иас иргэний шүүхээр нэхэмжлэхийг дурдсан. 21 настай хүүхэд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөх курст сурч байгаад хүнд гэмтэж, хүний асаргаанд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Ар гэрийн зүгээс хүүхдээ үргэлж эмчлүүлдэг боловч үр дүнд хүрээгүй. Одоогоор ямар ч эмчилгээ байхгүй гэсэн нь эмчилгээний картаас харагддаг. Ийм учраас БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвөөс хүлээж аваад онлайн хурал хийж, нугасны усыг авах ёстой, гавлын ясыг тархины хэсэгт яс байхгүй тул нөхөх мэс засал хийх, сэргээн засах эмчилгээ хийснээр эмчлэгдэнэ гэсэн хариу өгсөн боловч эмчилгээний зардлыг төлөх боломжгүй болоод байгаа. Самсунг эрүүл мэндийн төвийн эмч болон Н эмч нар онлайн хурал хийсэн байдаг. Төлбөрийн санал мөн ирсэн байдаг. Тухайн үед С ХХК-ийн захирал нь эмчилгээний төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа тул эмчилгээний зардал болон эм эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөрт 18,881,971 төгрөг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г-ад Хөдөлмөрийн чадвар алдалтаар тогтоогдсон 288,000 төгрөгийн тэтгэмжийн зөрүү 132,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нийт 13 сарыг 132,000 төгрөгөөр үржүүлэхээр бүгд 1,716,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 4 capыг 262.000 төгрөгөөр үржүүлэхээр бүгд 1,048,000, нийт 2,764,000 төгрөг, Ч.М-ын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж 84,500 төгрөг болон ажилгүй хугацааны цалингийн зөрүү болох 438,905 төгрөг. М.Г Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 523,405 төгрөгийн цалин авч байсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 17 сарыг 438,905 төгрөгөөр үржүүлээд бүгд 7,461,385 төгрөг, БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн М.Г-ад хагалгаа хийх, тархинд шунт аппарат суулгах, тархины яс нөхөх мэс заслын болон нөхөн сэргээх эмчилгээний зардал 242,000,000 вон буюу 650,980,000 төгрөг, нийт 680,087,356 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 19,859,160 төгрөг нэмсэн. Нийт 699,946,516 төгрөг болж байгаа. Үүнээс 700,000 төгрөгийн эмчилгээний баримтыг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж байгаа. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд С ХХК-иас эмчилгээний төлбөрт 5,000,000 төгрөг мөн төлсөн тул нийт 5,700,000 төгрөгийг хасаад 694,246,516 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулсан этгээд хамтран хариуцах бөгөөд хамтран хариуцлага хүлээхээр заасан. Яагаад 2 хариуцагч татаад байгаа гэхээр нэхэмжлэгчийн эрхийн дагуу хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэж байна. М.Г-ын гэмтсэн асуудал нь С ХХК-ийн үйл ажиллагаанаас болж гэмтсэн. Яагаад А.Б-ийг татсан гэхээр тухайн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Байгууллагын үйл ажиллагааг удирдаж байсан хүн юм. Байгууллагын дотоод үйл ажиллагааны журмыг мөрдүүлээгүй гээд эс үйлдэхүйгээр А.Б-ийг гэм буруутайд тооцсон. Иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй гэж байгаа ч гэм хор учруулсан хүн байхгүй юм шиг тайлбарлаж байна. Өөрөө эрсдэлээ хүлээнэ гэсэн гээд тайлбарлаад байна. Энэ асуудал чинь шинжээчийн дүгнэлтээр байгууллага хариуцахаар тогтоогдсон. Хамгаалалтын хувцас өмсүүлж, каск зүүлгэх ёстой гэдгийг шүүх тогтоогоод гэм буруутайд тооцсон тул нэхэмжилж байна. Гадаадад эмчлүүлэх зардлыг хариуцахгүй гэж байна. Нэхэмжлэгчийн хувьд бүх шатны эмнэлгээр яваад эмчилгээ хийлгэх боломжгүй юм. Мэс заслыг Гуравдугаар эмнэлэг хийж байна гэж яриад байна. Мэс заслын талаар Солонгос улсын талаас ирсэн баримтаар ясыг нөхнө гэсэн. Тархинд байгаа өвчлөлийн заалтад маш олон заалт байгаа. Зөвхөн тэр шунт аппарат биш өөр олон заалт байгаа. Мэс заслаас гадна нөхөн сэргээх эмчилгээний зардал гэж байгаа. Хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж хэлээд байна. Гын биеийн байдал хүндрээд байсан тул нөхөн сэргээх талаар эмнэлгүүд судлахад Далд засал гэдэг ганц эмнэлэг л хүлээж авсан. Гэмтлээс хойш удсан гээд бусад газрууд хүлээж авдаггүй юм билээ. Нөхөн сэргээх эмчилгээ ямар үр дүнтэй байгаа нь одоо харагдаж байгаа. Одоо бол юм түшээд явдаг болсон. Өөрөө бие даагаад 2-3 удаа алхаж байгаа. Самсунг эмнэлэг онлайн хурал хийгээд Г-ыг үзээд тархинд бол хагалгаа хийнэ, шунт аппарат хийнэ, тархины ясыг нөхнө, нөхөн сэргээх эмчилгээ хийнэ гэсэн. Зөвхөн шунт аппарат хийнэ гэж хэлээгүй. Гадаадад эмчлэх зардлыг бид цээжээр гаргаагүй. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэмтсэн хүний шүүх хурал 2 жилийн дараа буюу 2021 оны 11 сарын 19-ний өдөр шийдвэрлэгдсэн. 2 жил биеийн байдал маш муудаж, эмчлэгдэх цаг хугацаагаа алдсан. Шүүх хурлын үед А.Б нь гадаадад эмчлүүлэх зардлыг өгнө гэж хэлсэн учир зориуд цохон тэмдэглэв гэсэн заалт бол байгаа. Иймд учраас гадаадад эмчлүүлэх зардлаа нэхэмжлээд байгаа. Монгол улсад эмчилж болох байсан бол өмнө эмчлэх байсан. Монгол улсад мэдрэлийн мэс засалд нэгдүгээрт ордог эмч нь одоогоор ямар нэгэн эмчилгээний заалт байхгүй гээд бичээд өгсөн тул нөхөн сэргээх эмчилгээнд тууштай яв гэж хэлсэн. Бид нар тархины хагалгаанд яагаад эмзэг хандаад байсан гэхээр шунт гэдэг аппаратыг суулгах юм бол хэвийн ажиллаж байгаа эд рүү нь гадны биет оруулна гэж хэлсэн. Эрүүл ажиллаж байгаа хэсэгт шунт аппаратыг хийхээр дахиад асуудал үүснэ гэсэн. Нөхөн сэргээх эмчилгээний үр дүнд боссон байгаа. Тийм учраас Солонгос улсад иж бүрэн эмчилгээ хийлгэх боломж байгаа болохоос 3,000,000 төгрөгийн аппаратыг хийлгэхгүй гэж байгаа асуудал биш. Иймд хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй байна.

22,687,218 төгрөг төлсөн гээд байна. Энэ дүн нь бид нарын гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. М.Г бол төгсөх курсийн оюутан, эхнэртэй, эхнэр нь жирэмсэн хүн байсан. Нэг удаа гэрт нь очно гэхэд нь М.Г таталт өгөөд Баянзүрх дүүргийн эмнэлэгт аваачихад С ХХК-иас манайд эмчлэх боломжгүй гээд гаргасан байсан. М.Г-ад мэс заслын болон нөхөн сэргээх эмчилгээний талаар БНСУ-ын эмнэлгээс хариу ирсний дараа л нөхөн сэргээх эмчилгээг хийлгэж эхэлсэн. Тархины цахилгаан бичлэг, нүдний шинжилгээ гээд 3 шинжилгээ хийсэн. Далд засал гэдэг эмнэлэгт яагаад хандсан гэхээр тархи нь ясгүй тул бариа засал хийж болдоггүй юм билээ. Байгууллага бол М.Г-ын эмчилгээний талаар огт асууж байгаагүй. М.Г-ыг асарч сувилахад хоёроос дээш хүн байх хэрэгтэй байгаа. Хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь гэж тогтоогдсон. Амьд байгаа нь баярлах асуудал хэдий ч хэлний булчин татсан тул ярьж чадахгүй байсан ч одоо сэргээн засах эмчилгээ хийлгээд, ааваа, ээжээ, баярлалаа гэж хэлдэг болсон. Гуравдугаар эмнэлэгт байгаа шунт аппарат нь М.Г-ад тавих аппарат мөн юм уу гэдэг асуудал байна. Өнөөдөр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гээд байна. Нотлох баримтын шаардлага хангаагүй гээд байгаа бол нэхэмжлэгч талд олдож байгаа боломж нь энэ шүү. Группийн мөнгөний зөрүүг бол нэхэмжилнэ. Энэ байгууллагын буруутай үйлдлээс болоод нэг гэр бүлийн амьдрал сүйрсэн. Тийм учраас асаргааны хувьд Иргэний хуульд заасан гэм хорд хамаарна гэж үзэж байна. Олон улсын шуудангаар ирсэн эмчилгээний төлбөрийн дүнг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ер нь бол М.Г нь залуу хүн. Хүүхдээ ч үнсэж чадахгүй тийм л байгаа. Хүний эрүүл мэнд, амь насанд муухайгаар халдаж байгааг хэлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.гэв.

 

4. Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ч.М нь С ХХК, иргэн А.Б нарт холбогдуулан М.Г-ын эмчилгээний зардал болон эм эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөр 18,881,971 төгрөг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г-ад Хөдөлмөрийн чадвар алдалт-аар тогтоогдсон 288,000 төгрөгийн тэтгэмжийн зөрүү 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 2,764,000 төгрөг, Ч.М-ын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж 84,500 төгрөг болон ажилгүй хугацааны цалингийн зөрүү болох 438,905 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01 - ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны 7,461,385 төгрөг, БНСУ-н Самсунг эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн М.Г-ад хагалгаа хийх, тархинд Шунт аппарат суулгах, тархины яс нөхөх мэс заслын болон нөхөн сэргээх эмчилгээний зардал 242,000,000 вон буюу 650,980,000 төгрөг, нийт 680,087,356 төгрөг гаргуулах-г хүссэн нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэг. Үйл баримтын тухай

Иргэн М-ын Г нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай компанийн цанын баазад гулгаж байхдаа унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан байдаг. Тухайн өдөр М.Г найзуудын хамт цанын баазад гулгахаар ирсэн бөгөөд дундаас дээш түвшиний гулгах чадвартай үйлчлүүлэгчдийн замаар хамгаалах хэрэгсэлгүй гулгаснаас уг осол гарсан. Манай баазын ажилтнууд М.Г болон түүний найзуудад аюулгүй байдлаа ханган мөн өөрийн гулгах чадварт тохирсон замаар гулгахыг анхааруулан зөвлөсөн байдаг. М.Г зөвлөмжийг сонссон боловч өөрөө гулгах чадвартай болохоо илэрхийлж ганцаар уг замаар гулгаж байхдаа унаж, хүнд гэмтэл авсанд манай компанийн хамт олон өнөөдрийг хүртэл харамсдаг.

Бид М.Г-ын эрүүл мэндэд анхаарал хандуулж, туслахыг хичээдэг. 2020 оны 1 дүгээр сарын 28-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний хооронд нийт 22,916,930 төгрөгийг М.Г-ын эмчилгээний төлбөрт төлсөн. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Интермэд эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэхэд эмчилгээний зардлыг манай компани төлсөн байдаг.

Хоёр. Үндэслэлгүй, бодит бус хохирол нэхэмжилсэн тухай:

Тархинд Шунт аппарат суулгах, тархины яс нөхөх мэс ажилбарын эмчилгээний зардал 242,000,000 вон буюу 650,980,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох тайлбар:

Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Самсунг эрүүл мэндийн төвөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн тархинд Шунт аппарат суулгах, тархины яс нөхөх мэс ажилбарын Эмчилгээний план-ы тооцоолсон зардал хэсэгт нийт 90,000,000-242,000,000 вон гарах боломжтой болохыг тооцоолсон баримтад үндэслэжээ. Улмаар тус баримтаас 242,000,000 воны зардал гарах боломжтой гэх хувилбарыг сонгож нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тархинд шунт тавих мэс ажилбарыг Монгол Улсад Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Интермед эмнэлэгт тус тус хийгдэх боломжтой.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаартай Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын 6.1.3-т Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө. гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч 242,000,000 вон буюу 650,980,000 төгрөгийн эмчилгээний зардлыг бодитоор гаргаагүй бөгөөд эмчилгээний зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй тул хариуцагчаас шаардах үндэслэлгүй байна.

Ч.М-ын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж 84,500 төгрөг болон ажилгүй хугацааны цалингийн зөрүү болох 438,905 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны 7,461,385 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох тайлбар:

Нэхэмжлэгч Ч.М Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт гадна талбайн үйлчлэгчээр 523,405 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаартай Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолд зааснаар асаргааны тэтгэмжид cap бүр 84,500 төгрөг авах болсон байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заасан буюу асарч байгаа иргэний ажлаас чөлөөлөгдсөний улмаас ажиллаж байх хугацааны цалин болон асаргааны тэтгэмжийн зөрүүг төлүүлэх талаар хуульчлаагүй.

Үүний учир нэхэмжлэгч Ч.М-ын Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байх хугацааны цалин 523,405 төгрөг болон асаргааны тэтгэмж 84,500 төгрөгийн зөрүү 438,905 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тооцож, нийт 7,461,385 төгрөг гаргуулах шаардлага нь гэмт хэргийн улмаас хохирогчид телөх хохиролд хамаарахгүй байна.

Гурав. Учирсан хохирлыг С ХХК хариуцах тухай

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1161 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний хариуцагч С ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэсэн.

Иргэн А.Б нь С ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Үүний улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээр оролцсон байдаг бөгөөд М.Г-ад учирсан хохирлыг хариуцах этгээд биш юм.

Манай компани Засгийн газрын тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г-ад Хөдөлмөрийн чадвар алдалт-аар тогтоогдсон 288,000 төгрөгийн тэтгэмжийн зөрүү 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 2,764,000 төгрөгийг бүрэн төлнө. Мөн М.Г-ын эмчилгээний зардал болон эм эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөр болох 18,881,971 төгрөгөөс нотлох баримтаар тогтоогдож буй төлбөрийг бүрэн төлнө. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.гэжээ.

 

5. Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 03 сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ нэхэмжлэгч Ч.М 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нийт 19,856,160 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буй С ХХК нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ нэмэгдүүлсэн өргөдлийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ нийт 19,856,160 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь дараах хэсгүүдээс бүрдэж байна. Үүнд:

1. М.Г-ын эмчилгээний зардал болон эм эмийн хэрэгсэл худалдан авсан 18,457,350 төгрөг;

2. ...М.Г-ад Хөдөлмөрийн чадвар алдалт-аар тогтоогдсон 288,000 төгрөгний тэтгэмж болон 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийт 2 cap, 262,000*2 бүгд 524,000 төгрөг;

3. Ч.М-ын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж 84,500 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 438,905 төгрөг, 2 сарын 877,810 төгрөг.

Бид нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн өргөдөлтэй танилцан энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь өнөөдрийг хүртэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй байна.

Хоёрдугаарт, нэхэмжлэлдээ С ХХК болон иргэн А.Б гэсэн хоёр хариуцагчийг тодорхойлсон хэдий боловч нэхэмжлэлийн шаардлагыг эдгээр хариуцагч нарт ямар байдлаар хэрхэн, ямар хэмжээгээр хамааруулж хариуцуулах эсэх нь тодорхой бус байна.

Гуравдугаарт, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй.

Дөрөвдүгээрт, уг маргааны нэхэмжлэгч нь Ч.М эсхүл М.Г нарын аль болох нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, итгэмжлэл эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон Мөрдөгчийн тогтоолын үндсэн дээр М.Гыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юу эсхүл ерөөсөө Ч.М гэдэг хувь хүнээрээ нэхэмжлэл гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Иймд, нэхэмжпэгч Ч.Мын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нийт 19,856,160 төгрөгөөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.гэжээ.

 

6. Хариуцагч С ХХК-ийн өмгөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

... М.Г нь С ХХК-ийн цанын баазад очиж гулгаж байхдаа өөрийн гулгаж байсан замаа солиод өөрөө эрсдэлээ хүлээнэ гээд гулгасан байдаг. Манай ажилтан аюулгүй байдлаа хангах талаар хэлэхэд найзууд нь татгалзаад М.Г ганцаараа гулгахаар болсон байдаг. С ХХК-ийн төлөөлөгчид хариуцлага хүлээлгэсэн юм байна гэж ойлгосон. Гулгахдаа өөрөө эрсдэлээ даана гээд гулгасан байдаг. Тархинд шунт аппарат суулгах төлбөр шаардаад байгаа. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгэнт Монгол Улсад хийх боломжтой хагалгааг БНСУ-д хийлгэх гээд байгаа. Солонгосын ийм эмнэлэгт хийх гэж байгаа гэх нотлох баримт хэргийн материалд байхгүй. Нэхэмжлэгчийн эрх зүйн асуудал байгаа. Өнөөдөр Ч.М нэхэмжлэл гаргаад байгаа. Гэхдээ Ч.Гын эмчилгээний зардал, Ч.М-ын асаргааны зардал шаардаад хэн нь нэхэмжлэгч гэдэг нь тодорхойгүй байгаа. Хэргийн материалд баримтууд өгсөн байгаа. Шалтгаант холбоо гэж байх ёстой. Энэ осол, хэнээс үүссэн гэх шалтгаант холбоо ойлгомжгүй байна.

Эмчилгээний төлөвлөгөө гээд байгаа. Ер нь бол хавтаст хэрэгт байгаа баримтын хүрээнд ярих хэрэгтэй. М.Г-ын эрүүл мэндийн байдал сайжирсан гэж байгаад баяртай байна. БНСУ-д эмчлүүлэх зардал хэрэгтэй юм уу гэдэг тодорхойгүй байна. Шунт хийлгэхээс өөр нөхцөл үүсвэл яах вэ гэдэг асуудал байна. Ямар нөхцөлд гэм хорын асуудал үүсэх вэ гэдэг асуудал байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл бол ерөнхий зохицуулалт юм. Эмчилгээний зардал нь тодорхойгүй тул бид гаргаж өгөх боломжгүй. Баримтаар нотлогдсон зардлыг л гаргаж өгье гэж байгаа. Нэхэмжлэгчээр оролцох этгээдийн талаар тодруулах хэрэгтэй гэж хэлмээр байна. М.Г-ад хамгаалалтын малгай өмсөх талаар сануулсан. А.Б нь компанийг төлөөлөх этгээд байсан тул Эрүүгийн хэрэгт хариуцлага хүлээсэн болохоос А.Б тэнд урьж аваачаад гулгуулаагүй. Хэргийн материалд БНСУ-д эмчлүүлэх талаар баримт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль зүйн үндэслэлийн талаар огт ярьсангүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаад 37,339,321 төгрөг нэхэмжилсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэхээр М.Г гэдэг хүнд хамаарах шаардлага нь 26,687,218 төгрөг байгаа. М.Г-ад эмчилгээ үйлчилгээ авсан гэх баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Бусад баримтыг хүлээн авах боломжгүй. Засгийн газрын тогтоолоор тогтоогдсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг шаардаад байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон баримтыг нийтэд илэрхий гэж үзэж болохгүй. Засгийн газраас тогтоодоггүй юм. Ч.М-ын ажлаас гарсны улмаас нэхэмжлээд байгаа цалин хөлсний орлогын хууль зүйн үндэслэлийг олохгүй байна. Асран хамгаалагчийн цалин хөлсний орлогыг төлөх талаар зохицуулалт байхгүй. БНСУ-ын Самсунг эмнэлгийн хариу ирсэн байна. Энэ баримтыг шүүхийн нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Үнийн дүнг 90,000,000 воноос 242,000,000 вон гэсэн байхад 242,000,000 вон нэхэмжлээд байгаа нь М.Г-ын эрүүл мэндэд санаа зовж байна уу гэдэг эргэлзээтэй. Иргэний хуулийн 498.3 дугаар зүйлд заасныг хараасай гэж хүсэж байна. 2019 онд Эрүүгийн журмаар шалгахад өөртөө хохирол учруулах магадлалтай эрсдэлтэй зам гэдгийг хэлсэн байхад хохирогч өөрөө гарсан байсан. С ХХК-ийн зүгээс 21,687,218 төгрөгийг төлөхөд бэлэн байна. Бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

7. Хариуцагч А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ч.М нь С ХХК, иргэн А.Б нарт холбогдуулан М.Г-ын эмчилгээний зардал болон эм эмийн хэрэгсэл худалдан авсан төлбөр 18,881,971 төгрөг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон М.Г-ад Хөдөлмөрийн чадвар алдалт-аар тогтоогдсон 288,000 төгрөгийн тэтгэмжийн зөрүү 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт 2,764,000 төгрөг, Ч.М-ын хүүхдээ асрах асаргааны тэтгэмж 84,500 төгрөг болон ажилгүй хугацааны цалингийн зөрүү болох 438,905 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны 7,461,385 төгрөг, БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн М.Г-ад хагалгаа хийх, тархинд Шунт аппарат суулгах, тархины яс нөхөх мэс заслын болон нөхөн сэргээх эмчилгээний зардал 242,000,000 вон буюу 650,980,000 төгрөг, нийт 680,087,356 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрхтэй. Гэхдээ нэхэмжлэлийн үндэслэлд тухайн этгээдийг яагаад хариуцагчаар татсан болохоо тодорхой бичиж тухайн хариуцагчаас юу шаардаж байгаагаа нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон байх учиртай. Гэтэл Ч.М-ын нэхэмжлэлд иргэн А.Б-ийг яагаад энэхүү нэхэмжлэлийн хариуцагч болсон тухай дурдаагүй бөгөөд А.Б-иас юу шаардаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад тодорхойгүй байна.

2. 2019 оны 12 сарын 30-ны өдөр М.Г нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ийн цанын баазад гулгаж байгаад гэмтэл авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2021 оны 11 сарын 19-ний өдөр эрүүгийн хэргийн шүүх хурал болсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Б нь С ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хувьд шүүгдэгчээр оролцсон. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуульд заасны дагуу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтны хувьд шүүгдэгчээр оролцсон.

Түүнээс А.Б гэдэг хувь хүний ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй, иргэн М.Г-ад гэм хор учруулаагүй. Хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг үзвэл М.Г-ын гэмтэл болон А.Б гэдэг хувь хүн хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй. Иймд А.Б-ийг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй.

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1161 дугаартай шийтгэх тогтоолын топгоох хэсгийн 4-т Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний хариуцагч С ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэсэн байдаг. Нэхэмжлэгч Ч.М нь шүүхийн тогтоолд заасны дагуу М.Г-ад учирсан хохирлыг иргэн А.Б-иас биш С ХХК-иас шаардах юм.гэжээ.

 

8. Хариуцагч А.Б нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ч.Мын нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг бүхэлд эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

А.Б миний бие иргэн Ч.М-ын нэхэмжлэлийн агуулгад дурдсан М.Г-ын осолд орсон үйл явдалтай огт холбоогүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1161 дугаартай шийтгэх тоггоолтой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалтны хувьд шүүгдэгчээр оролцсон. Өөрөөр хэлбэл хувь хүн А.Б биш С ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Б-ийн хувьд оролцсон. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрхтэй цор ганц албан тушаалтан. Компанийн Гүйцэтгэх захирал А.Б байсан эсэхээс үл хамаараад хариуцлага хүлээдэг. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ А.Б намайг ямар үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсон тухайгаа огт бичээгүй. А.Б миний бие хувь хүнийхээ хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Ч.М болон М.Г нарт гэм хорын хохирол учруулаагүй. Иймд А.Б надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

9. Хариуцагч А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Юуны өмнө ийм зүйл болсонд харамсаж байгаа тул уучлал гуйж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй. Гэхдээ С ХХК-иас хэдийг нэхээд байгаа, А.Б-иас хэдийг шаардаад байгаа нь тодорхойгүй байна. С ХХК-иас нэхэмжлэх талаар эрүүгийн шүүхийн шийдвэрт тусгасан байна. Байгууллага албан тушаалтан үүргээ гүйцэтгэх явцдаа учруулсан асуудлыг түүнийг хариуцаж байгаа ажил олгогч хариуцна гэсэн байдаг тул хэн нь ажил олгогч гэдгийг тогтоох ёстой. Тийм учраас А.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

А.Б гэдэг хүнийг ямар үндэслэлээр хариуцагчаар татаад байгаа талаар тайлбар хэлсэнгүй.

Энэ удаагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд А.Б-ийг гүйцэтгэх захирал гэсэн байна. Ямар хуулийн үндэслэлээр хэдэн төгрөг нэхээд байгаагаа тайлбарлаж хэлсэнгүй. Ер нь бол А.Б гэдэг хувь хүний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.гэв.

 

10. Нэхэмжлэгч нь 1-р хавтаст хэргийн 4-139 дүгээр талд авагдсан баримтуудыг нэхэмжлэлд хавсарган өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1-р хавтаст хэргийн 146-161, 218-223, 229-250, 2-р хавтаст хэргийн 1-12, 14-19 дүгээр талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн,

Хариуцагчаас 1-р хавтаст хэргийн 143-144, 167, 169, 173-178, 192-194, 200-203, 2-р хавтаст хэргийн 13, 35, 39-40, 57-58 дугаар талд авагдсан баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх, хэргийн оролцогчийн хүсэлтээр 2-р хавтаст хавтаст хэргийн 43-52 дугаар талд авагдсан баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.М нь өөрийн хүү М.Г нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ийн цанын баазад гулгаж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас,

-Эмчилгээний зардал-18,881,971 төгрөг,

-М.Г-ад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тогтоосон тэтгэмжийн зөрүү-2,764,000 төгрөг,

-Ч.М-ын цалин хөлс, хүүхдээ асарсан асаргааны тэтгэмжийн зөрүү-7,461,385 төгрөг,

-БНСУ-д мэс засал хийлгэх зардалд-650,980,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч С ХХК, А.Б нарт холбогдуулан гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг

-Эмчилгээний зардал-18,457,350 төгрөг,

-М.Г-ад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тогтоосон тэтгэмжийн зөрүү-438,905 төгрөг,

-Ч.М-ын цалин хөлс, хүүхдээ асарсан асаргааны тэтгэмжийн зөрүү-877,810 төгрөг буюу 19,859,160 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 699,946,516 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 5,700,000 төгрөгөөр бууруулж, 694,246,516 төгрөгийг нэхэмжилжээ.

2. Хариуцагч С ХХК нь Ч.М, М.Г-ын нарын хэн нь нэхэмжлэгч болох нь тодорхойгүй Ч.М нь М.Г-ын өмнөөс шаардах эрхгүй, М.Г-ыг гадаадад эмчлүүлэх шаардлагагүй, М.Г-ын эмчилгээний зардал нотлох баримтаар тогтоогдсон 26,687,210 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үүнээс 5,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн тул одоо 21,687,210 төлнө гэсэн тайлбар гаргаж, бусад хохирлыг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж маргажээ.

3. Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр хариуцагчаар татаж байгаа нь тодорхойгүй, А.Б нь С ХХК-ийн гүйцэтгэх захирал болон хувь хүнийхээ хувиар алинаар нь ч М.Г-ад хохирол учруулаагүй, байгууллага, албан тушаалтан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа байгууллага хариуцах тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

4. Шүүх хэргийн үйл баримтын талаар болон эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

5.Нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд;

Нэхэмжлэгч Ч.М өөрийн нэрээр нэхэмжлэл гаргаж, өөрт болон өөрийн төрсөн хүү М.Г-ад учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардаж байна гэж тайлбарлаж байна.

М.Г нь 1998 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С ХХК-ийн цанын баазын гулгах зам дээр гулгаж байхдаа унаж тархиндаа хүнд гэмтэл авч, улмаар Т 90 толгойн гэмтлийн үлдэц оноштой, ахуйн ослоор хөдөлмөрийн чадвар 80 хувиар алдаж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Эмнэлэг хяналтын комиссын дүгнэлтээр Байнгын асаргаа шаардлагатай иргэн болсон тул нэхэмжлэгч Ч.М нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн нийгмийн ажилтан, асруулагч, асрагч нарын гурвалсан гэрээний дагуу хүү М.Г-ын асрагч болсон байна. /1-р хавт, хх-219-223/

М.Г нь тархиндаа гэмтэл авснаас хойш эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах, эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нь хэргийн баримт, зохигчийн тайлбарт тусгагдсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсаргасан М.Г-аас Ч.М-ад олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч Ч.М нь өөрийн нэрээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа ба тархины гэмтлийн улмаас М.Г-ын эрүүл мэндийн байдал бүрэн сэргээгүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзлээ.

Иймээс нэхэмжлэгч Ч.М нь өөрийн хүү М.Г-ын эрүүл мэндэд учирсан хохирол, үүнээс үүдэлтэй өөрт учирсан хохирлоо хамтад нь гэм буруутай гэж үзсэн этгээдээс шаардах эрхтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Ч.М-ын хүү М.Г-ын эрүүл мэндэд учирсан хохирол, хариуцагч нарын гэм буруу, тэдгээрийн шалтгаант холбооны талаар;

Хариуцагч А.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор,

А.Б С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалтын дагуу ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлээгүй, Цанын бааз, мөсөн гулгуурын үйлчилгээнд тавигдах Монгол улсын стандартад нийцээгүй, зөрчсөн дүрэм баталж, үйлчлүүлэгчийг хамгаалалтын малгай, каск, хэрэгслээр хангаагүйн улмаас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тус компанийн цанын баазын гулгах зам дээр үйлчлүүлж байсан М.Г унаж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан А.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч С ХХК-иас 10,995,482 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мад олгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний хариуцагч С ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурдсан байна. /1-р хавтас, хх-146-160/

Нэхэмжлэгч нь хариуцагчаар С ХХК, А.Б нарыг хамтад нь татсан ба хэн нь хариуцахыг шүүх шийдвэрлэх үүрэгтэй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ч.М-ын хүү М.Г нь С ХХК-ийн цанын баазад гулгаж байгаад унаж тархиндаа хүнд гэмтэл авсан, С ХХК-ийн Үйлчлүүлэгчдийн мөрдөх дүрэм нь холбогдох хууль болон стандартад нийцээгүй зөрчсөн байдал тогтоогдсон, үйлчлүүлэгчийг цанын зам дээр заавал хамгаалах хэрэгсэлтэй гаргах нөхцөлийг бүрдүүлээгүйгээс осол гарсан гэж дүгнэсэн үйл баримт, М.Г-ын эрүүл мэндэд учирсан хор уршиг, хариуцагчийн гэм буруу, тэдгээрийн шалтгаант холбоо зэрэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар түүнийг дахин нотлохгүй юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан тул С ХХК нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ.

Хариуцагч А.Б-ийн тухайд түүнд холбогдох дээрх хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн, хохирогчид учирсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа С ХХК нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч А.Б гэм хорын хохирлыг хариуцахгүй, харин С ХХК нь А.Б-иас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар шаардах эсэх нь энэ маргаанд хамааралгүй юм.

Иймд хариуцагч А.Б-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

7.Эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдалтын болон асаргааны тэтгэмжийн зөрүү, гадаадад эмчлүүлэх зардлын тухайд;

7.1. Нэхэмжлэгч Ч.М-ын хүү М.Г нь дээрх ослын улмаас гавал тархины гэмтлийн улмаас байнгын хэвтрийн байдалд, бусдын асаргаанд ярьж, хөдлөх чадваргүй болж, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар, хугацааг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 24 сараар тогтоосон байна. /1-р хавт, хх-92/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

М.Г нь Т-90 тархины гэмтлийн үлдэц оноштойгоор байнгын асаргаанд байж нөхөн сэргээх эмчилгээг хийсны үр дүнд биеийн байдал анх гэмтэл авсан үеэс өөрчлөгдөж, юм түшиж явж эхэлсэн гэж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч тайлбарлаж байна.

Иймээс шүүх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, тархины гэмтлийн улмаас эмнэлгийн үзлэг, эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээний хүрээнд бодитоор хийгдсэн эмчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, нөхөн сэргээх эмчилгээний зардалд

-2020.11.07-ны өдрөөс 2023.02.03-ны өдрийг хүртэл хугацаанд зарцуулсан зардал 18,881,971 төгрөг, /1-р хавт, хх-31-91, 132-139/

-2023.02.20-ны өдрөөс 2023.06.20-ны өдрийг хүртэл зарцуулсан зардал 18,457,350 төгрөг /2-р хавт, хх-1-12/,

нийт 37,339,321 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С ХХК-ийн төлсөн 5,000,000 төгрөгийг хасч үлдэх 32,339,321 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

7.2. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан.

Уг ослын улмаас М.Г нь 2020.03.06-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдсан тул халамжийн тэтгэвэр авч эхэлсэн ба нэхэмжлэлээр 2021.12.01-2023.06.31 хүртэл хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, халамжийн тэтгэврийн зөрүүг тооцон 3,288,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын тушаалууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.М Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт гадна талбайн үйлчлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдсон.

Хүү М.Г нь 2019.12.30-ны өдөр ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, тэрээр хүүгээ асрах, эмчлүүлэх шаардлагатай болсон тул ажлаасаа цалингүй чөлөө авч, улмаар ажил олгогчоос түүнд мөнгөн тусламж үзүүлж байжээ.

Нэхэмжлэгч Ч.М нь хүнд өвчтэй хүүхдээ асрахаар авсан чөлөөний хугацаа дууссан үндэслэлээр 2020.08.12-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болох нь Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын 2020.08.13-ны өдрийн Б/191 тушаалаар тогтоогдсон.

Ч.М нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрагчаар тогтоогдож, Нийгмийн халамжийн байгууллагаас халамжийн тэтгэвэр авсан үйл баримт тогтоогдсон тул 2021.12.01-2023.06.31 хүртэл хугацааны цалин, асаргааны тэтгэмжийн зөрүү 8,339,195 төгрөгийг хариуцагчаар гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. /1-р хавт, хх-26-30/

8. Иймд нийт эмчилгээний зардалд-32,339,321 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, халамжийн тэтгэврийн зөрүү-3,288,000 төгрөг, цалин, асаргааны тэтгэмжийн зөрүү-8,339,195 төгрөг, нийт 43,966,516 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй боловч С ХХК-ийн ажилтны зүгээс үйлчлүүлэгчид аюулгүй ажиллагааны зааварчилгааг амаар өгч, гарын үсэг зурж баталгаажуулсан нөхцөл байдал, ажилтны тавьсан зүй ёсны шаардлагыг үл тоосон хохирогчийн харилцаа хандлага, буруутай байдал зэрэг хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг шийтгэх тогтоолд дүгнэсэн байгааг шүүх харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэсний дагуу хариуцагч С ХХК-ийн хариуцах гэм хорын хэмжээг 20 хувиар багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин М.Г нь тархины хүнд гэмтлийн улмаас Бүгд Найрамдах Солонгос улсын Самсунг эрүүл мэндийн төвд хагалгаа хийх, тархинд шунт аппарат суулгах, тархины яс нөхөх болон нөхөн сэргээх эмчилгээний зардалд 242,000,000 вон буюу 650,980,000 төгрөг гаргуулахаар шаардаж, Самсунг эрүүл мэндийн төвийн эмчилгээний төлөвлөгөө, Интермед эмнэлгийн тархины MRI+MRA (CE), тархины тодосгогчтой MRI хийсэн шинжилгээний хариу, Самсунг эрүүл мэндийн төвийн видео зөвлөгөө өгөх үйлчилгээний төлбөр, төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч М.Г нь зайлшгүй гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай талаарх үйл баримт хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 тушаалын нэгдүгээр хавсралтад заасан Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт-ад М.Г-ын өвчний онош хамрагдаагүй, уг журмын дөрөвдүгээр хавсралтад заасан Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гараагүй байх тул Бүгд Найрамдах Солонгос улсад эмчлүүлэх эмчилгээний зардал 650,980,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хохирогчийн гэм бурууг харгалзан хариуцагч С ХХК-иас эмчилгээний зардал, халамж, асаргааны тэтгэмжийн зөрүүгээр гаргуулахаар тооцсон 43,966,516 төгрөгийг 20 хувиар бууруулж, 35,173,213 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ч.М-ад олгож, хариуцагч А.Б-т холбогдох шаардлагыг болон нэхэмжлэлээс үлдэх 659,073,303 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүйг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 333,816 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т тус тус зааснаар хариуцагч С ХХК-иас гэм хорын хохиролд 35,173,213 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.М-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 659,073,303 төгрөг болон хариуцагч А.Б-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 333,816 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

 

Т.ЭНХЖАРГАЛ