Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2023/01040

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00724/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь ******* холбогдох,

Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-423/6340 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ашид билгүүн ХХК эдгээр хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлжээ. Үүнд: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн хорооллын хотхоны байрны амины орон сууцыг 318,306,396 төгрөгөөр, Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн хорооллын ******* урд байрлах үйлчилгээний зориулалттай барилгыг 703,980,929 төгрөг буюу зах зээлийн бодит үнэнээс хэт доогуур үнэлсэн, Дархан-Уул аймгийн сумын багт байрлах үнээний фермийн үнэлгээг огт ирүүлээгүй байна. Монгол Улсын Мэргэшсэн үнэлгээчин Н. нь 2022 оны 12-р сарын 31-ний байдлаар үйлчилгээний зориулалттай барилгыг 1,044,683,000 төгрөгөөр, амины орон сууцыг 330,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байсан. Иймд дээрх эд хөрөнгүүдийн үнэлгээг Ашид билгүүн ХХК нь хэт багаар үнэлсэнийг үгүйсгэн 2023 оны сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТХҮ-423-6340 тоот үнэлгээг хүчингүй болгуулах гомдол хүргүүлж байна...гэв.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан ... зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч Т.******* нь Дархан-Уул аймаг дахь ******* холбогдуулан гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин нь төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшийг тогтоож дүгнэлт гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй, бага үнэлсэн учир хүчингүй болгуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн... гэж тайлбарлан маргасан.

4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон тогтоол, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, битүүмжлэгдсэн болон хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00289 дугаартай тогтоолоор хариуцагч ******* ХХК, Б. нараас зээл 500,000,000 төгрөг зээлийн хүү 26,274,499 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 526,294,499 төгрөгийн хамт гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэжээ.

4.2.Хариуцагч ******* ХХК, Б. нар сайн дураар биелүүлээгүйн улмаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4049 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 454 дугаар гүйцэтгэх хуудас  бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

4.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 15ы өдрийн 22070787/04, 22070787/05, 22070787/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22070787/07, 22070787/08, 22070787/09 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******* урд байрлах дугаартай үйлчилгээний зориулалттай 436.66 м.кв талбайтай барилга, Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* баг, ******* хороолол, ******* урд байрлах дугаартай үйлчилгээний зориулалттай 665.0 м.кв эзэмших эрхтэй газар, дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, 174 м.кв талбайтай, амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, гудамж, тоотод байрлах нэгж талбарын дугаартай дугаартай амины орон сууцны зориулалттай 212 м.кв газар, Дархан-Уул аймаг, сум, баг, шар, ******* гудамж, байрлах үнээний фермийн зориулалттай, дугаартай 64.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, сум, баг, шар, ******* гудамж, байрлах үнээний фермийн зориулалттай, дугаартай 96.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, сум, баг, шар, ******* гудамж, байрлах үнээний фермийн зориулалттай, дугаартай 663.12 м.кв газар зэргийг битүүмжилж, хураажээ.

4.4.Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаж, хөндлөнгийн шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэн, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна.

4.5.Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 10ы өдрийн 03/03 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч Ашид билгүүн ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн ТХҮ-423-6340 дугаар дүгнэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан Т.******* өмчлөлийн амины орон сууцыг 318,306,396 төгрөг, үйлчилгээний барилга 703,980,929 төгрөг, ******* ХХК-ийн өмчлөлийн үнээний фермийг 81,869,965 төгрөг, нийт 1,104,157,289 /нэг тэрбэм, нэг зуун дөрвөн сая, нэг зуун тавин долоон мянга, хоёр зуун наян ес/ төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгджээ.

4.6.Нэхэмжлэгч Т.******* нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, 2023 оны 04 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилсон нь хуульд нийцсэн байна. 

6.Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдсон.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч Ашид билгүүн ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна.

8.Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, Монгол Улсын Мэргэшсэн үнэлгээчин Н. нь 2022 оны 12-р сарын 31-ний байдлаар үйлчилгээний зориулалттай барилгыг 1,044,683,000 төгрөгөөр, амины орон сууцыг 330,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байсан... гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

9.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Т.******* 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцаж, хүсэлт гаргасан ба 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь энэхүү хуулийн эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, Т.******* 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.

10.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс эх хувиар нь шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5, 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.******* хариуцагч Дархан-Уул аймгийн ******* холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн ТХҮ-423-6340 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС