| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2022/02185/И |
| Дугаар | 135/ШШ2023/01203 |
| Огноо | 2023-09-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2023/01203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/02185/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6дугаар баг, Ханжаргалан 3дугаар гудамж, 7тоотод оршин суух Сартуул овогт Баттулгын Пүрэвдорж /Утас: 99767430/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14дүгээр баг, ******* хотхон, 50дугаар байр, 81тоотод оршин суух Боржигон овогт Мандахын Ариунгэрэл /Утас: 99094369/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14дүгээр баг, ******* хотхон, 50дугаар байр, 81тоотод оршин суух Боржигон овогт Чилхаагийн Ганзориг /Утас: 99094443/ нарт холбогдох,
Ажлын хөлс 2,515,650 төгрөг, олох байсан орлого 3,000,000 төгрөг, түрээсийн гэрээний хугацаанд шилжүүлсэн 1,500,000 төгрөг, нийт 7,015,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.Б.Пүрэвдорж миний бие Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, *******, *******, Tesa service-ийн хажууд байрлах 30х40 харьцаатай талбайг гагнуурын ажлын талбай болгох зорилгоор тус авто засварын газрын эзэмшигч гэх иргэн М.Ариунгэрэлээс түрээсийн гэрээний дагуу дулааны улирал буюу 4 сарын 1-нээс 11 сарын 1-ний өдрийг хүртэл сарын 150,000 төгрөгийн түрээс, өвлийн улирал буюу 11 сарын 1-нээс 4 сарын 1-ний өдрийг хүртэл 100,000 төгрөг төлж ажиллаж ирсэн. Инэгээд 2021.07.01-ний өдрөөс 2022.06.01-ний өдрийг хүртэл нийт 11 сарын түрээсийн төлбөрөө тасралтгүй түрээслүүлэгч М.Ариунгэрэлийн эзэмшлийн хаан банкны 5400931041 тоот данс руу шилжүүлж тухай бүр тооцоо нийлж ирсэн. Нийт 1,500,000 төгрөг төлсөн. Мөн 2022.05.19-ний өдрөөс 2022.05.26-ны өдрийг хүртэл нийт 7 хоногийн хугацаанд түрээслүүлэгч М.Ариунгэрэл, түүний нөхөр Ганзориг нар нь надаар эксковаторын шанаганы засварын ажил хийлгэсэн боловч ажлын хөлс 2,296,250 төгрөг болон зарцуулагдсан материалын үнэ 219,400 төгрөг, нийт 2,515,650 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би ажлын хөлсөө удаа дараа шаардсан, мөн авто засварт нь ажилладаг засварчин Орхонтуулаар 2 удаа хэл дамжуулсан, эксковаторчин Эрдэнэбилэгтэй 2022.09.03-ны өдөр уулзаж учир байдлаа хэлэхэд би дамжуулж хэлье гэсэн ч өнөөдрийг хүртэл Ариунгэрэл Ганзориг нар нь шийдтэй хариу өгөхгүй байгаа юм.
2.Түрээсийн хугацаанд түрээслүүлэгч нь миний түрээсэлж авсан ажлын байрны талбайд машин болон өөр бусад зүйл байрлуулах зэргээр намайг ажиллах талбайгүй болгож ажиллах нөхцөлийг маань хааж боож ирсэн. Энэ тухай хэлэхэд ёс бус харьцаж улмаар миний бие 2022.06 сараас 9 сар хүртэл ажлын байраа ажиллуулж чадаагүй. Миний бие гагнуурын ажлаар сард 1,000,000 төгрөг-ийн орлогыг олдог байсан ба түрээслүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас 3 сарын хугацаанд олох байсан 3,000,000 төгрөгийн орлогыг Ариунгэрэлээс шаардаж байна.
3.Миний бие сүүлд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас уг түрээсэлж буй газраа хэний өмчлөл, эзэмшлийн талбай болохыг тодруулахаар хандахад түрээсийн гэрээний дагуу түрээсэлж авсан талбай маань хэн нэгэн этгээдийн газар биш, нийтийн эзэмшлийн талбай байсныг олж мэдсэн. Иймд М.Ариунгэрэл нь өөрт үл хамаарах газрыг надад түрээсэлж надаас түрээсийн төлбөр авч байсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул миний бие М.Ариунгэрэлд түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн нийт 1,500,000 төгрөгийг буцаан шаардаж байна.
Иймд ажлын хөлс 2,515,650 төгрөг, олох байсан орлого 3,000,000 төгрөг, түрээсийн гэрээний хугацаанд шилжүүлсэн 1,500,000 төгрөг, нийт 7,015,650 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү.
Миний бие иргэн Ч.Ганзориг захиалгаар экскаваторын шанаганы ажлыг хийсэн. Энэ нь 2-6 удаагийн давтамжтай хийгддэг. Өөрсдийнх нь авч өгсөн материалыг нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байгаа. Зах зээлийн үнэ 2000 төгрөгөөр хийдэг бол би 250 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хямдаар хийж өгсөн. Түрээсийн төлбөрийг М.Ариунгэрэлийн байнга тооцоо хийж байсан. Үүнтэй холбоотой баримт гэвэл дансны хуулга байгаа. М.Ариунгэрэлийн түрээсийн гэрээ хийсэн. Эдгээр хүмүүс нь түрээсийн гэрээгээ зөрчсөн, дур мэдэж ажлын байрнаасаа хөөснөөс болж, ажилгүй 5-6 сар болсон. Үүнийг 3 сараар тооцож нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч М.Ариунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Пүрэвдорж нь анх надтай яриад түрээсийн гэрээ байгуулаад манайд ирж ажилласан гэж худлаа бичсэн байна. Би Tesa service-ийн үйл ажиллагааг 2020 оны 11 сард эхлүүлсэн. Манайхыг нээгдсэн үеэс эхлэн Б.Пүрэвдорж нь манай 380-ын тог, зам руу оруулсан гарц, талбай зэргийг ашиглаж ажиллаж эхэлсэн. Б.Пүрэвдорж ах нь Ариунбаяр гэдэг хүүхдээрээ манай нөхрөөс гуйлгаад ирсэн юм байна билээ. Нэхэмжлэлдээ бичсэн 1,500,000 төгрөгийг авсан эсэхийг би дансны хуулга, тооцоогоо харж байж нарийн хэлье. Өөрийнх нь бичсэн нэхэмжлэлээс харахад манайд ирж ажилласан эхний 8 сард буюу 2020.11-2021.06 сар хүртэл манайд нэг ч төгрөг төлөхгүйгээр өөрөө ашиг олж ажилласан юм байна. Манай засварын газар зөндөө зай талбай байгаа өөрөө ажлынхаа пүүтгийг байрлуулах газраа сонгоод тавьсан байсан.
Тэгээд намайг ажил дээрээ нэг очиход Пүрэвдорж ах ажиллахаа больсон байсан. Би ажилчдаасаа яагаад нүүснийг нь асуухад маргаан болсон гэсэн юм ярьсан. Ямар маргаан хэзээ болсныг сайн мэдэхгүй байна. 2022.06 дугаар сард өөрөө нүүгээд явсан байсан. Би Пүрэвдорж гэж хүний эрхийг нь зөрчөөгүй, энэ хүнд ямар нэг байдлаар хохирол учруулаагүй, энэ хүнээр эксковатор засварлуулаагүй учраас нэхэмжлэлийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч энэ хүн манай засаж тохижуулсан, засварласан талбайд ажиллаж ашиг олсон, хохироогүй.
Ажлын хөлс буюу гагнуурын асуудал яригдаж байгаа, баримт тодорхойгүй гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг хууль сануулж авсан албан ёсны баримт байгаа. Гэрчийн мэдүүлгээр 600,000 төгрөг гэж мэдүүлэг өгсөн. Нөгөө талаар Ч.Ганзориг нь ажлын хөлс 600,000 төгрөгийг зөвшөөрч байгаа гэсэн тайлбар хэлсэн. Сая нэхэмжлэлийн үндэслэл шаардлага өөрчлөгдсөн тохиолдолд нөгөө талдаа танилцуулж, ямар нэгэн тайлбар авах ёстой байдаг. Гэтэл сая дотор нь ямар ямар тооцоо явчхав, энэ нь зөв юм уу, буруу юм уу. Ажлын хөлс 2,515,000 гэж байсан гэтэл сая 2,735,000 төгрөг болчихлоо, түрээсийн мөнгө 1,500,000 төгрөг байсан, 1,700,000 төгрөг болчихлоо. Олох ёстой байсан орлогоо 2,567,000 төгрөг болгочихлоо. Олох ёстой байсан орлогын тухайд Пүрэвдорж гэдэг хүн урьд нь ямар орлого олдог байсан юм. Сая ярьж байгаа болон гаргаж өгсөн баримтаас харахад энэ Ч.Ганзориг эзэмшлийн газар буюу М.Ариунгэрэл Ч.Ганзориг нарын хөрөнгө дээр ирээд үйл ажиллагаа явуулаад сард 1,000,000-2,000,000 төгрөгийн орлого олж ажилласан байна. Иргэний эрх зүйн харилцаа юуг зохицуулдаг вэ гэхээр нэг талын эрх ашиг зөрчигдсөн, хохирсон, нөгөө тал нь үүнийг зөрчсөн тохиолдолд энэ асуудлыг зохицуулдаг. Гэтэл энэ хүн хүний газар дээр ирээд орлого олсноороо яагаад эрх нь зөрчигдсөн юм бэ. Хэрвээ олох ёстой байсан орлого ярьж байгаа бол энд ирэхээс өмнө би ийм орлого олж байсан. Энд ирснээс хойш олж байсан боловч үүнээс болоод ингэсэн гэсэн зүйл яригдах байсан. Нөгөө талаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн агуулга ярьж байна. Энэ гэрээтэй холбоотой асуудал, бичгээр байгуулсан гэрээ нь байгаа. Дараагийн нэг асуудал түрээсийн төлбөртэй холбоотой асуудал байгаа. Түрээсийн төлбөрийг М.Ариунгэрэлийн данс руу хийсэн учраас М.Ариунгэрэлд өг гэдэг байдлаар нотлох баримтдаа өөрсдөө дүгнэлт хийгээд ийм шаардлага гаргаад байгаа юм биш үү. Газар нь Ч.Ганзориг, мөнгийг нь М.Ариунгэрэл авчихсан учраас үүнийг ямар ч байсан авъя гэдэг байдлаар гаргаад байгаа юм уу. Гэтэл Пүрэвдорж гуай хэлж байна, үйл ажиллагааг М.Ариунгэрэл хариуцаад явдаг байсан, энэ хоёр эхнэр, нөхөр гэдэгтэй хэн ч маргадаггүй. Мөн хамгийн сүүлд нь бид гурав ярилцаад та төлбөр тооцоогоо М.Ариунгэрэлийн хий гээд М.Ариунгэрэлийн дансанд хийсэн гэж ярьж байна. Тэгэхээр энэ гэрээний эрх зүйн харилцаа байна. Нөгөө талаар энэ хүн тэнд путикээ байрлуулаад үйл ажиллагаа явуулж байсан, түрээсийн гэрээ хийчихсэн, ямар нэгэн маргаантай асуудал гарвал Арбитраар шийдвэрлүүлнэ гээд тодорхой заачихсан байгаа. Гэрээтэй холбоотой гээд байгаа асуудал нь хэрвээ үнэхээр өглөг авлагын асуудал байгаа бол шүүх шийдвэрлэхгүй. Талууд хоорондоо тохиролцсон гэрээ байгаа учраас арбитрын журмаар шийдвэрлэгдэнэ. Ийм учраас нотлогдсон хэмжээ буюу 600,000 төгрөг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Түрүүн Ч.Ганзоригтой ярихад зөндөө ажил чирэгдэл болсон 1,000,000 төгрөг аваад салж болно гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр эвлэрнэ гэвэл 1,000,000 төгрөг дээр эвлэрч болно гэжээ.
Хариуцагч Ч.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Пүүжээ ах архи дарс уудаг байж байгаад архинаас гарсны дараах хамгийн анхны ажлаа манай Teso авто засварын газраас эхэлсэн. Хүү нь надтай ирж уулзаад Пүүжээ ахын гагнуурын пүүтгийг манай засварын газрын ард байрлуулж, ажлаа эхэлсэн. Манайд ажиллаж байхдаа дажгүй сайхан ажиллаж, ашиг орлоготой байгаагаа хэлж яриад л явдаг байсан. 600,000 төгрөгийн өглөг авлага бид 2-ын дунд байгаа. Тэрийгээ учир зүйгээ олоод надтай уулзаж тохироод авчихгүй, миний эхнэрийг хүртэл буруутай мэтээр шүүхэд дуудсан байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө бүх эрх, үүргээ өгсөн байгаа тул хуулийнх нь дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Пүрэвдоржийн иргэний үнэмлэхийн хуулбар, гагнуурчны шалгалтын материал, хх-6-13-р хуудас Б.Пүрэвдоржийн Хаан банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга, гагнуурчин Пүүжээ ахын түрээс болон цахилгаан ашиглалтын тооцоо гэсэн баримт, фото зургууд, 2,515,250 төгрөг гэсэн тооцоолол, зарлагын баримт, ажлын байрны талбай, засварын төв гэсэн фото зураг, Пүрэвдоржийн Хаан банкны дипозет дансны хуулга, фото зураг, Б.Пүрэвдоржийн Б.Содболд өмгөөлөгчтэй хийсэн өмгөөллийн гэрээ, шүүхийн баримтууд, хариуцагч М.Ариунгэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхийн баримтууд, хариу тайлбар, Э.Одончимэгийн шүүхэд гаргасан тайлбар, М.Ариунгэрэл, Ч.Ганзориг нарын Э.Одончимэгтэй хийсэн итгэмжлэл, шүүхийн баримтууд, хүсэлт, Авто тээврийн төвийн тодорхойлолт, шүүхийн баримтууд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, шүүхийн баримтууд, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, шүүгчийн туслахын тэмдэглэл, гэрч асуулгах тэмдэглэл, гэрч Энхтуяагийн мэдүүлэг, Газрын харилцаа барилга хот төлөвлөлтийн газрын албан бичиг, шинжээчийн дүгнэлт, фото зураг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэгийн хүсэлт, засварын төвийн граш байрлуулж байсан газрын фото зураг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хамтран хариуцагч Ч.Ганзоригт нэхэмжлэл гардуулсан баримт, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дүгнэлт, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч М.Ариунгэрэлээс 2,567,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пүрэвдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,713,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Ганзоригоос 769,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвдоржид олгож, 1,746,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж хариуцагч М.Ариунгэрэлээс 7,015,650 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хамтран хариуцагчаар Ч.Ганзоригийг оролцуулж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж багасган хариуцагч М.Ариунгэрэлээс 4,280,600 төгрөг гаргуулах, хариуцагч Ч.Ганзоригоос 2,515,650 төгрөг, нийт 6,796,250 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа 219,400 төгрөгөөр багасгасан байна.
Түрээсийн төлбөрт төлж байсан 1,713,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. М.Ариунгэрэл гэж хүн газар түрээслээд түрээсийн төлбөр авах эрхгүй этгээд байсан гэдгийг хангалттай нотолсон. Хариуцагч энэ гэрээг компаниар хийгдсэн, компанийн газар гэдгээ нотлох ёстой. Компанийнх нь түрээсийн төлбөрийг М.Ариунгэрэл авах ёстой гэдгээ мөн нотлох ёстой, нотлогдохгүй байгаа. Иймд түрээсийн төлбөрт дансаар шилжүүлсэн 1,013,500 төгрөг, бэлэн төлсөн 700,000 төгрөг, нийт 1,713,500 төгрөгийг гаргуулах гэжээ.
3.Хариуцагч М.Ариунгэрэл ...Б.Пүрэвдорж нь анх надтай яриад түрээсийн гэрээ байгуулаад манайд ирж ажилласан гэж худлаа бичсэн байна. Би Tesa service-ийн үйл ажиллагааг 2020 оны 11 сард эхлүүлсэн. Манайхыг нээгдсэн үеэс эхлэн Б.Пүрэвдорж нь манай 380-ын тог, зам руу оруулсан гарц, талбай зэргийг ашиглаж ажиллаж эхэлсэн. Б.Пүрэвдорж ах нь Ариунбаяр гэдэг хүүхдээрээ манай нөхрөөс гуйлгаад ирсэн юм байна билээ. Нэхэмжлэлдээ бичсэн 1,500,000 төгрөгийг авсан эсэхийг би дансны хуулга, тооцоогоо харж байж нарийн хэлье. Өөрийнх нь бичсэн нэхэмжлэлээс харахад манайд ирж ажилласан эхний 8 сард буюу 2020.11-2021.06 сар хүртэл манайд нэг ч төгрөг төлөхгүйгээр өөрөө ашиг олж ажилласан юм байна. манай засварын газар зөндөө зай талбай байгаа өөрөө ажлынхаа пүүтгийг байрлуулах газраа сонгоод тавьсан байсан.
Тэгээд намайг ажил дээрээ нэг очиход Пүрэвдорж ах ажиллахаа больсон байсан. Би ажилчдаасаа яагаад нүүснийг нь асуухад маргаан болсон гэсэн юм ярьсан. Ямар маргаан хэзээ болсныг сайн мэдэхгүй байна. 2022.06 дугаар сард өөрөө нүүгээд явсан байсан. Би Пүрэвдорж гэж хүний эрхийг нь зөрчөөгүй, энэ хүнд ямар нэг байдлаар хохирол учруулаагүй, энэ хүнээр эксковатор засварлуулаагүй учраас нэхэмжлэлийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч энэ хүн манай засаж тохижуулсан, засварласан талбайд ажиллаж ашиг олсон, хохироогүй гэж маргажээ.
4.Ажлын байр түрээлэх гэрээний дагуу ****** ХХК, Баттулга овогтой Пүрэвдорж нар Тэса авто засварын өмнөх талбайг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оныг дуустал хугацаагаар түрээслэгч талд эзэмшүүлэхээр, түрээслүүлсэн талбайг сарын 200,000 төгрөг, тогны мөнгийг хэрэглээгээр тооцон түрээслэгч бүтэн төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.
Дээрх газар нь Чилхаа овогтой Ганзориг ТГ87011875 дугаарын регистрийн дугаартай 4506503030 нэгж талбарын дугаар бүхий 1500 м.кв газрыг Автомашины засвар, үйлчилгээний газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эрхийн улсын бүртгэлийн Э-2003001253 дугаарт бүртгэж 0000153453 дугаарын гэрчилгээ олгосон байна.
Хавтаст хэрэгт авагдсан Баттулга Пүрэвдорж 5108033176 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 5400931041 тоот данс руу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 10-н удаагийн гүйлгээгээр 1,013,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн баримт, хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан Гагнуурчин Пүүжээ ахын цахилгааны ашиглалт болон түрээсийн тооцоо гэсэн баримтад 700,000 төгрөг бэлэн өгч авсан тооцооны хуудас зэрэг баримт авагджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж, Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн мэдээлэлд нэхэмжлэгч Б.Пүрэвдоржийн гагнуурын үйл ажиллагаа явуулж байсан гэх талбай нь хариуцагч М.Ариунгэрэлийн нөхөр болох Ч.Ганзоригийн 4506503030 нэгж талбар бүхий 1500 м.кв эзэмшлийн газарт хамааралгүй байна. Тус гагнуурын үйл ажиллагаа явуулж байсан гэх газар нь нийтийн эзэмшлийн бусад газарт хамаарч байна гэсэн дүгнэлтийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байршлын хувьд буруу газарт шинжээч дүгнэлтээ гаргасан байна гэх үндэслэлээр дахин хүсэлт гаргаж 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн мэдээлэлд нэхэмжлэгч Б.Пүрэвдоржийн гагнуурын пүүтэг байрлаж байсан гэх талбай нь хариуцагч Ч.Ганзоригийн 4506503030 нэгж талбар бүхий 1500 м.кв эзэмшлийн газарт хамаарч байна. 2. Тус гагнуурын үйл ажиллагаа явуулж байсан гэх газар нь анх байршуулж байсан ул мөр арилсан байгаа тул маргалдагч талуудын зааснаар хэмжилт хийхэд хариуцагч Ч.Ганзоригийн газар болон нийтийн эзэмшлийн бусад газрыг дамнан хамаарч байна. гэжээ.
Хариуцагч М.Ариунгэрэл нь өөрийн эзэмшлийн бус нөхрийн эзэмшлийн газрыг бусдад түрээслүүлсэн баримт байгаа боловч нөхөр нь гэх Ч.Ганзориг энэ талаар эсэргүүцэж тайлбар гаргаагүй байх тул ашиг сонирхол нэг этгээдүүд өөрийн эзэмшлийн газрыг ашиглах, түрээслэх нь хуулиар хориглоогүй зүйл бөгөөд түүнээс ашиг олсныг буруутгах боломжгүй юм.
Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хариуцагч Ч.Ганзоригийн газар болон нийтийн эзэмшлийн бусад газрыг дамнан хамаарч байгаа гэж байгаа хэдий ч нэхэмжлэгч яг аль байршилд хэзээнээс хэзээг хүртэл ямар хугацаанд Ч.Ганзоригийн газарт байсан, нийтийн эзэмшийн бусад газарт байсан талаараа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад тодорхой тусгаагүй, түүнийгээ нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Путикийг 3 удаа өөр байрлалд тавихдаа эхнийх нь 14 хоног, сүүлд нь 14 хоног, голд нь бүх хуагцаанд тавьсан... гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотолж чадаагүй байна.
5.Түрээсийн гэрээний 6-д ...Хэрэв талууд хамтран шийдвэрлэж чадахгүй тохиолдолд гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ гэж заасан байна.
Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно. гэж заасан.
Нотлох баримт шинжлэн судлах явцад Түрээсийн гэрээний маргаан хянан шийдвэрлүүлэх хэсгийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч судлуулсан боловч энэ талаар хүсэлт гаргаагүй, маргаагүй байх тул шүүх дээрх хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож эцэслэн шийдвэрлэсэн болно.
6.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,713,500 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нь нотлогдон тогтоогджээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Ажлын байр түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу хэлбэрийн шаардлага хангаагүй боловч агуулгын хувьд энэхүү гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж тус тус заажээ.
Хэдийгээр түрээсийн гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй ч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр байх тул түүнийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай ойлголт нь огт ямарваа нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй байхыг хэлнэ. Дээрх тохиолдолд талуудын хооронд ажлын байр түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Олох ёстой байсан орлого 2,567,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, хариуцагч М.Ариунгэрэл нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Талууд энэүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаад хариуцагч М.Ариунгэрэлийн буруутай үйл ажиллагааны улмаас 3 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн нь гэрч Н.Энхтуяагийн ...Б.Пүрэвдоржийг Ганзориг /М.Ариунгэрэлийн нөхөр/ олон удаа сэтгэл санааны дарамтад оруулсан, М.Ариунгэрэлтэй Б.Пүрэвдорж гэрээтэй байхад гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, олон удаа дарамтад оруулсан. Түрээслүүлэгчийн тавьсан шаардлагыг Б.Пүрэвдорж нь цаг тухай бүр биелүүлж байсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
8.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
9.Гэрч Н.Энхтуяагийн ...Б.Пүрэвдорж нь сарын 1,000,000 төгрөгийн орлого олдог байсан, дунджаар 1,000,000 төгрөгөөс буудаггүй... гэх мэдүүлэг, хэргийн 24-27 дугаар талд авагдсан Баттулга Пүрэвдоржийн 5108033176 Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх орлого 2,936,000 төгрөг байна гэх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь тодорхой хэмжээний орлого олдог байсан нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хувиараа гагнуурын үйл ажиллагаа явуулдаг, түүнийг дээрхээс өөрөөр нотлох боломжгүй, тэтгэвэр авдаггүй буюу гагнуурын үйл ажиллагаанаас өөр орлогогүй гэдэг нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ.
Иймд хариуцагч М.Ариунгэрэлээс 2,567,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пүрэвдоржид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ч.Ганзоригоос эксковаторын шанага гагнуулсны ажлын хөлс 2,515,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
10.Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж, хариуцагч Ч.Ганзориг нар эксковатор авто машины шанагыг гагнахаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гагнахад хэрэглэгдэх материалын зардал 219,400 төгрөг, засварын ажлын хөлс 2,296,250 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон, хариуцагч Ч.Ганзориг ...600,000 төгрөгийн өглөг авлаг бид хоёрын дунд байгаа... гэж нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Дээрх харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахаар байна.
Ажил гүйцэтгэх гэрээ нь ирээдүйд бий болох эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож буй хэлцэл бөгөөд Б.Пүрэвдорж, Ч.Ганзориг нарын хооронд шанагыг гагнаж хэвийн үйл ажиллагаанд ашиглагдахаар болгож засаж сайжруулахаар тохиролцсон нь энэхүү гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэв.
11.Гэрч Х.Орхонтуул ...Ганзориг Пүүжээ ахаар гагнуулсан, тухайн үед 600,000 төгрөгөөр гагнуулахаар боллоо гэж ярьж байсан... гэх мэдүүлэг, хэргийн 16-17 дугаар талд авагдсан гэрэл зураг, 19-20 дугаар талд авагдсан зарлагын баримт зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Глобал ацетилен ХХК-ийн 50,000 төгрөгийн баримт нь хэн худалдан авсан нь тодорхойгүй, юунд ашигласан нь тодорхойгүй байх тул шүүх энэхүү баримтыг хариуцагч Ч.Ганзоригийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн материал гэж үзэхээргүй байна.
Харин 169,400 төгрөгийн баримт нь худалдан авагчийн нэр Ганзориг, тээвэрлэгчийн хаяг, албан тушаал, нэр гэсэн хэсэгт Пүрэвдорж 99767430 гэсэн тэмдэглэгээ хийдсэнээс үзэхэд электрод /566/ 87,000 төгрөг, электрод /422/ 78,000 төгрөг, тасдагч /108/ 4,400 төгрөг, нийт 169,400 төгрөг гэсэн баримт нь хариуцагч Ч.Ганзоригийн эксковаторын шанагыг гагнахад авч хэрэглэсэн баримт гэж үзэх үндэслэлтэй юм.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, нотлох үүргийг тус тус хүлээхээр хуульчилсан.
Гэтэл нэхэмжлэгч дээрх үүргээ биелүүээгүй байх тул хариуцагчийн 600,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон 169.400 төгрөг, нийт 769,400 төгрөгийг хариуцагч М.Ганзоригоос гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвдоржид олгож, 1,746,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ариунгэрэл, Ч.Ганзориг нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч М.Ариунгэрэлээс 2,567,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвдоржид олгож, 1,713,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Ганзоригоос хүлээн зөвшөөрсөн 769,400 /хүлээн зөвшөөрсөн 600,000 төгрөг, нэхэмжлэгч шаардлагаа нотолсон 169,400 төгрөг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвдоржид олгож, 1,746,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвдоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ариунгэрэлээс 56,024 төгрөг, хариуцагч Ч.Ганзоригоос 23,016 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвдоржид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС