Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01464

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01139 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Эт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Ж.Этэй зээлийн гэрээ байгуулж, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн.

Хариуцагч 4 000 000 төгрөгийн зээл аваад 2014 онд 1 000 000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 180 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 4 680 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд 2 сарын зайтай 2 000 000 төгрөг зээлж, тус төлбөрийг 2013 онд төлсөн. 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.Бтай 1 сарын зээлийн гэрээ байгуулсан боловч Д.Баас мөнгө хүлээж аваагүй.

Нэхэмжлэлийн шаардах эрх эхний зээлийн гэрээний дагуу 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, хоёр дахь зээлийн гэрээний дагуу 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үүсч, 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон. Д.Б нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байдаг. Тухайн өргөдөл гомдол гаргасан гэдэг нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор н.Бат-Очирын нэхэмжлэгчид олгосон мэдэгдэх хуудас байгаа. Тус мэдэгдэх хуудаст тухайн өргөдөл, гомдлыг н.Болорчулуун, н.Дархисүрэн нарт холбогдуулж гаргасан гэх хариу өгсөн байгаа.

 Харин Ж.Эт холбогдуулж өргөдөл, гомдол гаргаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 180 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 81 830 төгрөгийг гаргуулж Д.Бд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Д.Баас 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой мөнгийг авч байгаагүй.

Ж.Э анхнаасаа н.Дархисүрэнгээс мөнгө зээлэх хүсэл зоригоо илэрхийлж 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлсэн. Тухайн өдөр н.Дархисүрэн гэгчид иргэний үнэмлэх байгаагүй тул хамтран амьдрагч байсан Д.Быг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан.

н.Дархисүрэнд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсны дараа дахин 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцсон боловч н.Дархисүрэн нь 2 000 000 төгрөгийг бөөнд өгөлгүй, цувуулж шилжүүлсэн байдаг тул н.Дархисүрэн нарын хооронд үл ойлголцол үүсч үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулж дуусгасан.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг ялгаж салгалгүй нэгтгэн дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч нь Д.Б нь хариуцагч Ж.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 680 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Б нь Ж.Этэй 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, мөн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тус тус тохиролцсон байна.                       

/хх 5, 6/

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч Ж.Э нь Д.Бтай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг н.Дархисүрэнд бэлнээр болон дансаар төлсөн гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч Д.Б нь н.Дархисүрэнд зээлийн гэрээний үүргийн шаардах эрхээ шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Б хариуцагч Ж.Эээс 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 120 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү 60 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн.

 

Хариуцагч Ж.Э нь Д.Бд 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 000 000 төгрөг төлсөн, Д.Б нь хорих ангид ял эдэлсэн, ял эдлэх хугацаандаа нэхэмжлэл бичсэн боловч хорих ангийн захиргаа хүлээн авч дамжуулж өгөөгүй үйл баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдсоноос гадна Ж.Э нарт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж зөрчигдсөн эрхийг хамгаалж болох тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/01139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 830 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                       Ш.ОЮУНХАНД