Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1139

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б-ын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.Э -т холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.680.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, хариуцагч Ж.Э , хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б  нь Ж.Э тэй зээлийн гэрээ байгуулж, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч 4.000.000 төгрөгийн зээл авчхаад өнөөдрийг хүртэл төлөхгүй явсаар 2014 онд 1.000.000 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү 180.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 4.680.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Өмнө нь тухайн хэрэг шийдвэрлэгдэхдээ хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзээд хэрэгсэхгүй болгосон байдаг. Дээд шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна гэж үзсэн. Хугацаа хэтрээгүй гэж үзэж буй шалтгаан нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Ж.Э  6 хувийн хүүтэй зээл авчихаад төлөөгүй байна гэж гомдол гаргаж байсан. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 онд 2 сарын зайтай 2.000.000 төгрөг зээлж, тус төлбөрийг 2013 онд багтаан төлсөн. Нэхэмжлэгч өөрөө ял эдэлж байсан. 2013 оны 05 дугаар сарын шийтгэх тогтоолоор чанга дэглэмтэй ангид хорих ял эдэлж байсан. Гэтэл зээлээ төлж байгаагүй мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн баримттай холбоотойгоор хариуцагчид холбогдуулж гомдол гаргаж байгаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Намайг хамт амьдардаг байсан гэж худлаа ярьсан гэж байна. Тухайн үед байсан хүмүүс бүгдээрээ мэднэ шүү дээ. Нэг зээл авчихаад хоёр удаа төлөх юм уу. Би авсан мөнгөө төлчихсөн. Одоо салсан хэрнээ дахиад мөнгө нэхэмжлээд байна. Эхнэрээсээ салж, мөнгөө идүүлчихээд дахиад мөнгө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай авсан. 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээний дагуу төлбөр төлөх ёстой байсан. 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.Б тай 1 сарын зээлийн гэрээ байгуулсан боловч Д.Б аас мөнгө хүлээж аваагүй. Тус мөнгийг тухайн зээл авсан өдөр хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282.4-т заасан хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө хүлээлгэж өгөөгүй. Тэр утгаараа 2013 оны 01 дүгээр сард гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 1 жил 6 сарын хугацаанд буюу ял эдэлж байх хугацаандаа нэг ч удаа төлбөр мөнгө нэхэмжилж байгаагүй.

Иргэний хуулийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байгаа. Мөн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох журмын талаар Иргэний хуулийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж байгаа. Иргэний хуулийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж байгаа.

Нэхэмжлэлийн шаардах эрх эхний зээлийн гэрээний дагуу 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, хоёр дахь зээлийн гэрээний дагуу 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үүсч, 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан байдаг.

Гэтэл Д.Б  нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байдаг. Тухайн өргөдөл гомдол гаргасан гэдэг нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурор н.Бат-Очирын нэхэмжлэгчид олгосон мэдэгдэх хуудас байгаа. Тус мэдэгдэх хуудаст тухайн өргөдөл, гомдлыг н.Болорчулуун, н.Дархисүрэн нарт холбогдуулж гаргасан гэх хариу өгсөн байгаа. Харин Ж.Э т холбогдуулж өргөдөл, гомдол гаргаагүй. Ж.Э ийг гэрчээр дуудаж н.Болорчулуун, н.Дархисүрэн нар Д.Б аас мөнгө зээлж авч байсан эсэхийг л тодруулсан байдаг. Мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдгийг нотолсон баримт байхгүй байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн н.Ууганбаатар гэх хүн мэдүүлэхдээ чанга дэглэмтэй хорих ангид эргэлт авдаг байсан талаар мэдүүлсэн байдаг. Мөн сая шинжлэн судлуулсан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0352 тоот тодорхойлолтоор тухайн үед ял эдэлж байсан Д.Б  ямар нэгэн өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байгаагүйн харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар бусад этгээдэд итгэмжлэл олгоод шаардах эрхтэй байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                                

            Нэхэмжлэгч нь Д.Б  нь хариуцагч Ж.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.680.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ж.Э  нь Д.Б тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг төлж барагдуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр, 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр тус тус зээлэхээр тохиролцож байгуулсан гэрээ байгуулжээ.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг төлсөн, бид 2017 оны 1 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээний дагуу 2.000.000 төгрөг, хүү 120.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээний дагуу 1.000.000 төгрөг, хүү 60.000 төгрөг, алданги 500.000 төгрөг, нийт 4.680.000 төгрөг гаргуулахаар шаардсан” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Батнямаас зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг Дархисүрэнд төлж барагдуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ,  2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хариуцагч нь Дархисүрэнд Батнямтай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг бэлнээр болон дансаар төлсөн гэж тайлбарлах боловч Д.Б  нь Дархисүрэнд зээлийн гэрээний үүргийн шаардах эрхийг шилжүүлээгүй, мөн Дархисүрэнд Батнямтай байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр төлбөр төлсөн гэх байдал баримтаар нотлогдохгүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2.000.000 төгрөг,  2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээний төлбөрт 1.000.000 төгрөг тус тус шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, талуудын хооронд байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээний 1 дэх заалт,  2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээний 1 дэх заалтад нэг сарын 6 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул уг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээний хүү 120.000 төгрөг,  2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээний хүү 60.000 төгрөг шаардах эрхтэй байна.

           

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заажээ.

 

            Талуудын хооронд байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Зээлийн гэрээний 3-д “...гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасан бөгөөд уг зээлийн гэрээний дагуу 1.000.000 төгрөгийн алданги шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

            Харин 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээний 3 дахь заалтад алданги тооцоогүй атлаа 0,5 гэж гараар засварлаж бичсэн болох нь үзлэгээр тогтоогдсон бөгөөд энэхүү гэрээнээс алданги шаардах эрхтэй тул 500.000 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заажээ.

 

            Хариуцагч Ж.Э  нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөгийг төлсөн, Д.Б  нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Э  нарт холбогдуулан өргөдөл гаргасан зэрэг үйл баримтаас дүгнэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

            Иймд хариуцагч Ж.Э ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.180.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Хариуцагч Ж.Э  нь Дархисүрэнд шилжүүлсэн мөнгийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Э ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.180.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ж.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид 81.830 төгрөгийг гаргуулж Д.Б д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.