Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулга Номин |
Хэргийн индекс | 135/2023/00096/и |
Дугаар | 135/ШШ2023/01081 |
Огноо | 2023-08-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2023/01081
2023 08 30 135/ШШ2023/01081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
135/2023/00096/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймаг, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод байрлах “Х.т” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байр, ... тоотод орших суух Ж.Б /РД:.../-д холбогдох,
“зээлийн гэрээний үүрэгт 177,072,444.27 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Хариуцагч Ж.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х.т” ХХК нь хариуцагч Ж.Б-ад холбогдуулан 129,528,184 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Ж.Б-ад ... тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй ашиг олохоор зээлдүүлж хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 0.5%-ийн хүүтэй ашиг олохоор зээлдүүлж, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч одоо болтол зээл болон зээлийн хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Хариуцагчид зээл болон зээлийн хүүгээ төлөх талаар удаа дараа уулзаж, утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч цаг хугацаа авсаар өнөөдрийг хүрсэн тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Ж.Б-ад зээлдүүлсэн үндсэн зээлийн мөнгө болох 42,849,000 төгрөг, түүний хүү болох 43,503,123 төгрөг, зээлийн гэрээний дагуух алданги 43,176,061 төгрөг, нийт 129,528,184 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд:
“2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Ж.Б-ад ... тоот зээлийн гэрээний дагуу 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй ашиг олохоор зээлдүүлж, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч зээл болон зээлийн хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Хариуцагч Ж.Б-аас зээлийн гэрээний хүүнд 31,696,520.55 төгрөг, алданги 15,848,260 төгрөг, нийт 47,544,260.27 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээг үндэслэж “Х.т” ХХК гаргасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281, 282 дугаар зүйлийг үндэслэж гэрээг байгуулсан. Энэ хүн мөнгөтэй бол түлшний бөөний төвөөс өөрөө түлш авч болох байсан. Мөнгөгүй авч чадахгүй учраас зээлийн гэрээний дагуу зээл олгоод тэр зээл олгосон хэмжээгээр нь түлш шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээг бичгээр байгуулна, мөнгө буюу төрлийн шинжээр эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Манай тал бичгээр гэрээг байгуулсан. Хүүгээ тооцсон, алданги тооцсон. Хуулийн дагуу зээлийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хоорондоо гэрээний агуулгаа тодорхойлж тухайн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг сунгаж зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. “Х.т” ХХК бол П.Б-ы өөрийн эзэмшлийн компани. “Х.т” ХХК ч байна уу? иргэн П.Б ч байна уу? ялгаагүй. Агуулга зөрчигдөөгүй. Хариуцагчийн өмгөөлөгч үг үсгийн алдаан дээр хугацаа сунгаагүй байна, иргэн П.Б дээр гэрээ сунгалт хийж байгаа нь хүчингүй гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Түлш авах мөнгө дээр зээлийн гэрээ байгуулаад зээлийн гэрээний үндсэн дээр түлш шилжүүлсэн. Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаж байна. Хариуцагч тал зээлийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байгаа бол гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломж хариуцагч талд байсан. Хариуцагч талын яриад байгаа дүр үзүүлсэн хэлцэл, дараа нь хийсэн, дарамталж хийсэн гэж өөрсдөө тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлогдохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
2.Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ж.Б миний бие өөрийн найз болох Б.Б, Д нартай хамтран уул уурхайн ажил хийхээр тохиролцсон. н.Б түлш олох шаардлагатай байна гэхээр нь би нэхэмжлэгч болох П.Б-тай уулзаж 18 тонн 360 литр түлшийг н.Б-ийн эзэмшлийн “hуundai 3000” эксковаторыг барьцаалан авахаар болсон. Ингээд тухайн түлшийг н.Б-ийн явуулсан машин очиж аван, барьцааны эксковаторыг н.Б-ийн хүү нь Б-ны нэр дээр шилжүүлж өгөөд барьцаанд тавьсан гэж үзсэн. Б нь бидэнд барьцаалан зээлдсэн түлшээ өгөхдөө 2400 төгрөгөөр бодож өгсөн атлаа өөрөө 1 литрийг нь 1900 төгрөгөөр бодож “Н” ХХК-аас авсан байсан. Түүнд экскаватороо барьцаалж түлшээ авсны дараа П.Б анх очиж уулзаж байсан тул надтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Бид 4 ажлаа хийж эхлээд 18 тонн түлшний 9 тонныг нь миний ажилд, 9 тонныг нь Н.Б өөрийнхөө ажилд хэрэглэсэн. Энэ үйл явдлыг Д, Б.Б нар цуг байсан учир мэдэж байгаа. 2019 онд өвөл болоод цаг агаар хүйтрээд, газар хөлдөөд ажил удааширч явахаа больсон. Удалгүй короновирус дэгдсэний улмаас Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажиллаж байсан бүх уурхайг буулгаж хөл хорио тогтоосон учир цаашдаа ажиллах боломжгүй болсон. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрсний дараа П.Б эхнэртэйгээ нийлэн түлшнийхээ мөнгийг өг гэж намайг элдэв үгээр доромжилж, дарамталж эхэлсэн. Үүний дагуу би П.Б-ыг дагуулаад н.Б дээр очиж учир байдлаа хэлэн гурвуулаа уулзсан. Бид 3 уулзаад тодорхой хугацаанд харж ажил эхэлж мөнгө олохыг хүлээе гэж тохирцгоосон. Удалгүй П.Б нь надад зээлийн гэрээ байгуулах талаар санал тавьж олон янзаар буюу зураг хөргийг минь олон нийтийн сүлжээнд тавина гэж, өдөр шөнөгүй залгаж, бичиж, хэл амаар доромжлох зэрэг шахалт үзүүлж эхэлсэн. Ингээд би бараг хүчээр шахуу тус зээлийн гэрээг байгуулсан. Тэр зээлийн гэрээнд өөрийнхөө нэмсэн үнэд тааруулж хүү, алданги бодож эхэлсэн. Мөн тэрхүү зээлийн гэрээг байгуулсан атлаа н.Б-өөс барьцаанд авсан эксковаторыг огт буцааж өгөөгүй, мөн дурдаагүй. Бидэнд зарсан түлшнийхээ барьцаанд бодож хөрөнгө авсан атлаа одоо миний эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг шүүхэд гаргаад байна. Ийнхүү хариуцагч миний бие дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нэхэмжлэгч П.Б-аас бэлэн мөнгө бус түлш авсан. Зээлээр худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү тооцох эрхгүй. Ж.Б миний бие П.Б-тай байгуулсан тус зээлийн гэрээг нэхэмжлэгчийн зүгээс надад үзүүлсэн дарамт шахалтаар байгуулсан. Бодит байдал дээр огт болоогүй үйл явдлын талаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Ингэж зээлийн гэрээ байгуулж, хүү алданги тооцох байсан бол яагаад н.Б-ийн эксковаторыг өөртөө барьцаалсан бэ? Барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломж байсаар байтал тэр асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс огт ярихгүй байгаа нь нэхэмжлэгч барьцааны эд зүйлийг өөрийн болгож нэмээд түлшний төлбөр дээрээ хүү, алданги тооцож авах хууль бус санаа зорилго агуулагдаж байна. н.Б-ийн эксковаторыг барьцаалж, П.Б-аас түлш авсан тухайн үйл явдалд анхнаасаа хүү алданги, огт яригдаагүй байсан тул хүү, алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Түлшний бодит үнэ дээр бус өөрийнхөө нэмсэн үнэ дээр хүү алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Анх ажил гүйцэтгэх гэрээнд давагдашгүй хүчин зүйл нөлөөлвөл гэсэн заалтад халдварт өвчний талаар оруулсан байсан. Гэтэл улс орон бүү хэл дэлхий нийт даяар халдварт өвчин тарж орлого олох боломжгүй байсан нь гэрээний дагуу давагдашгүй хүчин зүйлд тооцогдох юм. Тиймээс тус гэрээний энэхүү нөхцөлийн дагуу нэхэмжлэлийн зарим хэсэг буюу хүү алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. П.Б-аас зээлээр түлш авсны дараахан үндсэн төлбөрт бодож 7,000,000 төгрөгийг төлсөн байтал нэхэмжлэл дээрээ нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй гэж бичсэн байна. Уг 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан өдрөөс өмнө шилжүүлсэн тул тухайн зээлийн үндсэн үнээс хасагдах ёстой. Миний бие П.Б-аас төлсөн түлшний 50 хувийг л өөрийн ажлын хэрэгцээнд зарцуулсан. Үлдсэн 50 хувийг Н.Б өөрийн ажилд зарцуулсан бөгөөд энэ үйл баримтын талаар хамт ажиллаж байсан Д, Б.Б нар гэрчлэх учир миний бие П.Б-аас авсан түлшний анхны бодит үнийн 50 хувийг л төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс төлсөн 7,000,000 төгрөгийг хасаж тооцон 10,788,617 төгрөгийг төлнө. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:
“Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг нотолдог. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр юун дээр маргалдах нь тодорхойгүй байна. Энэ нь нэхэмжлэгчээс шалтгаалж байна. Нэхэмжлэл гээд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээг оруулж ирсэн. Шүүх хуралдаан дээр тайлбарлаад хүү, алданги нэхэхээрээ зээлийн гэрээг оруулаад ирж байна. Хүү, алданги тооцох хугацаагаа ярихаар зээлийн нэмэлт гэрээг оруулаад ирж байна. Ингээд гурван гэрээ яриад гэхдээ гол гэрээ нь зээлийн гэрээ юм гэдэг агуулгатай тайлбар хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхой байвал тодорхой маргааныг үүсгээд тайлбар өгөөд явах боломжтой боловч гаргаж өгч байгаа баримт, шүүхэд хэлж байгаа тайлбар хоёр нь зөрүүтэй олон утгатай байгаа учраас тодорхой үндэслэлтэй тайлбар хэлэхэд хүндрэлтэй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсмээр байна. Ажил гүйцэтгэх гэрээ, зээлийн гэрээ болон зээлийн нэмэлт гэрээний яг аль гэрээ нь энэ хүмүүсийн хооронд үүссэн харилцаа буюу үйл баримтыг тодорхойлж байгаа гэрээ вэ? гэдэг дээр анхаарах ёстой. Энэ гэрээг хууль зүйн утгаар нь тодорхойлбол уг нь ажил гүйцэтгэх гэрээ биш, зээлийн гэрээ биш, зээлийн нэмэлт гэрээ нь “Х.т” ХХК-тай ямар ч хамааралгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээ гээд байгаа энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хэд хэдэн шинжийг агуулаад байна. Уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл, 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэмжээг зөрчиж хийсэн хэлцэл, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл энэ гурван шинжийг бүрэн агуулсан гэрээ байна. 18,63 тонн дизель түлш нийлүүлсэн дээр талууд маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод гаргаж өгч байгаа зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа учраас нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн П.Б-аас Д.Г-д олгосон итгэмжлэл эхээр, “Х.т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай ажил гүйцэтгэх гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Х.т” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21/73 дугаартай Д.Г-д олгосон итгэмжлэл эхээр, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төрсөн баримт эхээр, зээлийн тооцооллууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх2-8,22,24-27,58 хуудас)
5.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр ...УН улсын дугаартай, “Daewoo solar 300LC-V” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. (хх 98 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Х.т” ХХК нь хариуцагч Ж.Б-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 177,072,444.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
3.Нэхэмжлэгч нь “...хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан ба түүний дагуу алданги, хүү тооцож нийт 177,072,444.27 төгрөг нэхэмжилж байна. Үндсэн зээл 42,849,000 төгрөг, 2019.09.06-ны өдрөөс 2021.08.23-ны өдрийг хүртэлх хүү 43,503,123 төгрөг, алданги 43,176,061 төгрөг, 2021.08.23-ны өдрөөс 2022.08.14-ний өдрийг хүртэлх хүү 31,696,520.55 төгрөг, алданги 15,848,260 төгрөг, нийт 177,072,444.27 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч 7,000,000 төгрөг төлсөн ба үүн дээр маргаангүй. 7,000,000 төгрөгийг хасч тооцоод 177,072,444.27 төгрөг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний дагуу мөнгө зээлдэгчид шилжүүлээгүй, харин түлш шилжүүлсэн тул зээлийн гэрээнд нийцнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний дагуу шаардаж байна” гэж шаардах эрхээ тодорхойлсон.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг“...бид ажил гүйцэтгэх гэрээ байгуулж дизель түлш авсан. Гэрээний дагуу 18,63 тонн түлшийг хүлээн авсан. Түлш аваад ажлаа хийж эхэлсэн боловч коронавирус гарч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажиллах боломжгүй болж ажил зогссон. Зээлийн гэрээ байгуулж бэлэн мөнгө зээлээгүй. Иймд зээлийн гэрээг болон түүний дагуу нэхэмжилж байгаа алданги болон хүүг төлөхгүй. Нэхэмжлэгч түлш нийлүүлэхдээ барьцаанд эксковатор авч, бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Нийлүүлсэн түлшний 50 хувийг би ажилдаа хэрэглэсэн ба үлдэх 50 хувийн түлшийг н.Б гэж хүн хэрэглэсэн. Анх би нэхэмжлэгчтэй уулзсан учраас миний нэр дээр гэрээг хийсэн. Нэхэмжлэгчид 7,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 10,788,617 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэж үгүйсгэсэн.
5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Уг ажил гүйцэтгэх гэрээнд “...24 хоногт 18,63 тонн дизель түлшийг 1 тонныг 2,300,000 төгрөгөөр тооцон Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Өлөнт уурхайд захиалагч талд нийлүүлэн, нийлүүлсэн хэмжээгээр нийт төлбөрийг тооцон, захиалагч тал төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр, 2 сарын хугацаатай байгуулж, захиалагч тал төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээгээр зохицуулж төлнө, маргааныг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд гүйцэтгэгчийн харьяалах шатны шүүхээр шийдвэрлүүлнэ, гэрээ байгуулсан захиалагч: Ж.Б, гүйцэтгэгч: “Х.т” ХХК-ийг төлөөлж захирал П.Б” гэж агуулгыг тодорхойлжээ.
Мөн зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 19/05 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна.
Зээлийн гэрээнд “...2019.09.06-ны өдрийн ... тоот ажил гүйцэтгэх гэрээний салшгүй хэсэг бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон түлш шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгө болон түлшний төлбөрийг тохирсон хугацаанд буцаан өгөх, зээлийн хэмжээ 43,000,000 төгрөг, зээлийн хугацаа 2019.09.30-2019.10.30-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, зээлийн хүү сарын 5%, хугацаа хэтрүүлсэн хоног тутам …0.5%-иар алданги тооцно, гэрээ байгуулсан зээлдүүлэгч: “Х.т” ХХК, П.Б, зээлдэгч: Ж.Б” гэж агуулгыг тодорхойлсон байна.
Дээрх зээлийн үндсэн гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ гэх гэрээг байгуулсан байна.
Уг зээлийн нэмэлт гэрээнд “...2019.09.06-ны өдрийн зээлийн гэрээний 1 сарын хугацаатай гэснийг 2020.05.15-ны өдрийг хүртэл 7 сар 15 хоногийн хугацаатай гэж сунгаж өөрчлөлт оруулав, Зээлдүүлэгч: П.Б, Зээлдэгч: Ж.Б” гэж агуулгыг тусгаж байгуулсан байна.
6.Зохигчид 2019 оны 09 сарын 06-ны өдөр ... дугаартай түлш нийлүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 18.63 тонн дизель түлшийг нийлүүлсэн, хариуцагч 7,000,000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн талаар маргаагүй. Харин 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ болон 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээний талаар маргаж байна.
7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгө биш түлш шилжүүлж өгсөн гэж тайлбарласан.
Зээлийн гэрээгээр төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд юмс шилжүүлсэн тохиолдолд тохирсон хугацааны дараа ижил хэмжээний, тухайн төрлийн эд юмсыг буцааж өгөх үүргийг хүлээдэг.
Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж боломжгүй ба нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан.
Талуудын байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” нь хариуцагчид түлш бэлтгэн нийлүүлэх, хариуцагч уг түлшийг хүлээн авсан даруй төлбөрийг шилжүүлэх бодит агуулгатай байх тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа биш байна.
Харин хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан талуудын хооронд зээлээр худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
Зээлээр худалдах-худалдах авах гэрээгээр худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлөхдөө худалдан авсан эд хөрөнгийн үнэ дээр тодорхой хэмжээний хүү нэмж төлдөг онцлог шинжтэй.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь түлшийг хүлээн аваад, уг түлшний мөнгийг хэсэг хугацааны дараа хэсэгчлэн төлөх, хүү тооцох талаар тохиролцоогүй ба харин түлш авсан даруй 3 цагийн дотор шилжүүлнэ гэж тохирсон байна.
8.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүн нийлүүлж, захиалагч тал үнийг төлөхөөр үүрэг хүлээсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь хариуцагчид түлш бэлтгэн нийлүүлсэн байх ба худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас бэлтгэн нийлүүлсэн түлшний төлбөрийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч 18.63 тонн дизель түлш хүлээн авсан эсэх талаар ямар нэг маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа ба түлшний төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Нийлүүлэгдсэн түлшний биет байдлын болон эрхийн зөрчил, чанарын талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгчийг хариуцагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, чанарын шаардлага хангасан түлш нийлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Хариуцагч Ж.Б нь ...н.Б гэх хүний эксковаторыг барьцаалж П.Б-аас түлш авсан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, түлшний 50%-ийн төлбөрийг н.Б гэж хүн төлөх ёстой талаар хариу тайлбартаа дурдаж, шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээ зэрэгт хариуцагч Ж.Б гарын үсэг зурж үүрэг хүлээсэн байх тул түүний тайлбар үндэслэлгүй.
Мөн эксковаторыг барьцаалж түлш авсан асуудалд нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаагүй боловч энэ талаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.
Иймд хариуцагч худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан түлшний төлбөр болох 42,849,000 (18,63 тн*2,300,000) төгрөгийг төлөх үүрэгтэй. Энэ дүнгээс хариуцагчийн төлсөн гэх 7,000,000 төгрөгийг хасаж тооцон нийт 35,849,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,201,275 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,195 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас 35,849,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х.т” ХХК-нд олгож, үлдэх 141,223,444.27 төгрөг гаргуулах шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,201,275 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,195 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН