Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2023/01151

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/01377/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хотхон, ... байр, ... тоотод оршин суух С.Б /РД:..., утас: ..../,

Нэхэмжлэгч:  ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хотхон, ... байр, ... тоотод оршин суух Б.Т /РД:..., утас: .../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэгт оршин суух М.Б /РД:...., утас: 9907-1667/-д холбогдох

"С.Б болон М.Б нарын хооронд байгуулагдсан ... дугаартай үл хөдлөх хөрөнгө, ... дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б, Б.Т нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Т

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б, Б.Т нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“С.Б, Б.Т бид нар М.Б-тэй өөрсдийн өмчлөлийн ... аймгийн ... суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө (Улсын бүртгэлийн №..., гэрчилгээний №...), газар (Улсын бүртгэлийн №...)-ыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба өөрийн төрсөн ах С-гийн Ба-д бидний нэрийн өмнөөс тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгож итгэмжлэл олгосон. Гэтэл С.Ба нь М.Б-тэй дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 23,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Ямар учраас ийм гэрээ хийсэн талаар лавлахад үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулсны татварыг багаар төлөхийн тулд ийм гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Эндээс харахад тухайн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

М.Б нь манай ах С.Ба-тай зээлийн гэрээний баталгаа гэх зүйлийг үйлдсэн байх бөгөөд тухайн баталгаагаар 2020 оны 06 дугаар сард 23,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 77,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцсон байдаг. Гэтэл одоо М.Б нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс дахиж мөнгө өгөх боломжгүй гэсэн. Энэ бүхнээс харахад М.Б нь бидний хэдэн зуун сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тиймээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. С.Б болон М.Б нарын хооронд байгуулагдсан ... аймгийн ... суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө (Улсын бүртгэлийн №..., гэрчилгээний №...), газар (Улсын бүртгэлийн ...)-ыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ... аймгийн ... суманд байрлах 800 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө (Улсын бүртгэлийн №..., гэрчилгээний ...), газар (Улсын бүртгэлийн ...) үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч С.Б, Б.Т бидний өмчлөлд бүртгэхийг ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа:

“Хариуцагч М.Б-ийн шүүхэд өгсөн хариу тайлбартаа танилцаж дараах тайлбарыг хийж байна. Хариуцагч 23 сая төгрөг өгсөн гэдэгт итгэж нэхэмжлэлдээ 23 сая төгрөг авсан гэсэн боловч энэ нь худал байна. Шүүхэд мөнгө шилжүүлсэн баримтуудыг өгч нотолно гэсэн. Хариуцагч нарт объектыг худалдан авах боломжийг 1 жилээр хангаж өгсөн. Худалдан авагч, зуучлагч нар үнэн шударгаар ажиллаж ашиг олох боломжийг хангалттай өгсөн. Хариуцагч нарын хариуцлагагүй үйлдлээс болж банк, бусдад төлөх өр төлбөрийн асуудал хүндэрч, хүү торгуульд орж байна. Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч надад мөнгө шилжүүлсэн гэж гүтгэж байгааг тодруулж, ямар банкны дансаар хэдэн төгрөг өгснөө нотлох хэрэгтэй байна. Өмч хөрөнгөд ах дүү төрөл садны холбоо ямар ч хамааралгүй бөгөөд тус бүртээ амьдралтай болно. Төрөл садангийн холбоотой учир итгэж хөрөнгөө зарах эрхийг ахдаа олгосон нь алдаа болжээ. ХХААЯ-нд хариуцагчийн эхнэр Т гэгч ажилладаг, ХАА-н чиглэлээр зээл авсан, удахгүй төлбөрөө өгнө гэж хариуцагч нар хуурсаар графикт хугацаа өнгөрч ХХААЯ-наас их хэмжээний зээл авсан нь үнэн байна. Итгэлийг хөсөрдүүлж, хууль бусаар хөрөнгөжихийг санаархаж байгаад харамсаж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

“Хуурамч дүр үзүүлэн итгүүлэх замаар хууран мэхэлж ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хэлцэл болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлд өөрчлөлт оруулж байна. Урдах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гэрчилгээ шилжүүлэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүнд өвчтэй байсан тул эмчилгээний мөнгө шаардлагатай болж, хариуцагч ХААЯ-ны Дарханы арьс шир боловсруулах шинэ үйлдвэрийн цонх хаалгыг хийх 300 сая төгрөгийн зээл авсан байгаа, үйлдвэрийн байр хэрэгтэй мөнгө нь бэлэн байгаа гэж хууран төөрөгдөлд оруулан хуурсан байдаг. Хариуцагч Т нь ХААЯ-ны сайдын хэвлэлийн албаны дарга байсан гэх албан тушаалаа ашиглан жижиг дунд үйлдвэрийн сангийн зээлээс хамаарал бүхий этгээд болох /нөхрийн/ нэрээр зээл авсан гэдгээ улсын дээд шүүхийн хурал дээр хүлээсэн байдаг. Хариуцагч 21 сая төгрөг дансаар өгсөн гэж дахин хууран мэхэлсэн байдаг. Бодит байдал дээр хариуцагч 11-13 сая төгрөг өгсөн байдаг. Шүүхийг давхар мэхэлсэн байдаг. Өвчний байдлыг далимдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ноцтой төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан болохыг улсын дээд шүүх хянаад тогтоосон” гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2020 онд хариуцагч Хөдөө аж ахуйн яамнаас зээл авсан. Мөнгөтэй байгаа гээд намайг ятгаад үүний дагуу би дүү нараа ятгаад үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэхээр очсон. Гэтэл хариуцагч нь одоохондоо мөнгө байхгүй байна. Одоо 20,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдлийг жилийн хугацаанд график байгуулаад төлье гэхэд нь би өөрийн эрх мэдлээ хэтрүүлээд үлдэгдэл төлбөр дээр график байгуулсан. 1,000,000 төгрөгөөр 6 сар, 2,000,000 төгрөгөөр 6 сар, үлдэгдэл мөнгийг буюу 70,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сард өгнө гэсэн график байгуулсан. Энэ хүмүүст үйл ажиллагаагаа сайжруулах бүтэн нэг жил, хагасын хугацаа олгосон. Хүний 400-500 сая төгрөгийн хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр авчхаад хариуцагч нь намайг утсаар доромжилж нэгэнт миний нэр дээр шилжсэн юм чинь чи яах юм гэж доромжилсон. Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч нарын хөрөнгийг үнэгүйдүүлэх аргаар хууран мэхэлж авсан учраас тодруул гэсний дагуу анхан шатны шүүх буруугаа зөвтгөөд нэхэмжлэгчид олгох нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр 3 заалт биелэгдээгүй байна гэсэн. Нэгдүгээрт албажаагүй байна. Хоёрдугаарт үндсэн нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авахгүйгээр хууран мэхлэх аргаар хийсэн хэлцэл байна гэдгийг тодруулах, үндэслэлийг тодруул гэж байгаа. Үндэслэл гэдэг нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах л гэж байгаа. Иргэний хуулийн 3-4 заалт зөрчсөн байна гэхээр шүүхээс бусад нь хамаа байхгүй яг алийг зөрчсөн бэ? алийг нь шаардаад байгаа вэ? гэдэг. Би 3-4 заалтыг бүгдийг нь шаардаж байна. Иргэний хуулийн 56, 58, 59 зэрэг заалтуудыг зөрчсөн. Өнөөдрийн байдлаар шүүх хурал болох гэж бүтэн 2 сар болсон. Би 4-5 удаа наашаа ирж очиж их зардал гаргаж хохирч байна. Зээлийн гэрээний баталгаа гэж гаргасан зүйл нь байсаар байтал дүр эсгэсэн гэрээ гэж хийж өөрийн нэр дээрээ газар эд нарыг бүгдийг нь авсан. Энэ асуудлын дараа газрын маргаан бас үүсэх байх. Шүүхээс тодруул үндэслэлийг нь ойлгохгүй байна гэж байгаа. Хүний 400-500 сая төгрөгийн хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр авчхаад минийх болчихсон гэж байгаа. Энэ хүмүүсээр мөнгийг төлүүлэхийн тулд бүтэн 3 жил явж байгаа. Эргүүлээд шантаачилж айлгаад энэ балгасаа 400,000,000 төгрөг өгөөд ав гэж доромжилсон. 400,000,000 төгрөг хаанаасаа гарч ирсэн юм ойлгохгүй байгаа. Ах нь гэж хүн ... аймагт байдаг этгээд 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлсэн. Судалгаагаар тэр ах нь 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй гэдэг нь тогтоогдсон. Гэтэл шүүх хурал дээр 400,000,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж худлаа ярьдаг. Миний өвчтэй байсан боломжийг ашиглаад та нарт итгээд өгч байхад нь 100,000,000 төгрөгөө өгөөд авсан бол хэл ам алга. Би одоо тус болсон хүмүүсийн хөрөнгийг авч өгөөд салмаар байна. Анхнаасаа энэ хүмүүст мөнгө байхгүй байсан нь тодорхой байдаг. Ямар ч мөнгө байхгүй байж хүний объектыг авчхаад Э гэж хүний нэр дээр 15,000,000 төгрөгөөр барьцаалаад тэр нь хүүгээ нэхээд байгаа. Э гэх хүн нь над руу яриад чиний объект байна, чи хуйвалдаад байгаа юм биш үү гэсэн. Тэр объектыг чи шилжүүлсэн учраас чамаас нэхсэн ч болохоор юм байна гэдэг. 3-4 талын өрөнд орж байна. Биеэ эмчлүүлсэн ч юм байхгүй. Нэхэмжлэгч талын хүмүүс надаас 150,000,000 төгрөгийг нэхээд л байгаа. Энэ хүмүүсийн зээлэнд тавьсан хөрөнгөнөөс болж тэр хүн чамаас нэхэж магадгүй гэж хэлсэн. Хавтаст хэргийн 97 дугаар талд хариуцагч юу юу гэж ярьсан, хүнийг юу гэж доромжилсон талаарх бичлэгийг хавсаргасан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

2.Хариуцагч М.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Миний бие С.Ба-тай 2020 оны 04 дүгээр сард анх уулзахад “... аймгийн ... суманд нэг объект байгаа түүнийг ямар ч нөхцөлөөр авч болно. Ах нь юм болгож чадахгүй нь. Эрүүл мэндийн байдал тогтворгүй байна. Ашиглаж чадахгүй энэ объект бүүр балгас болоод дуусах нь. Та хоёр залуу хүмүүс өөд нь татаад аваад явж чадна. Ах нь мөнгө төгрөгийг нь яаруулахгүй. Гол нь эм тарианы мөнгө боломжоороо сар сардаа шилжүүлээд байна биз гэж хэлсэн. Манай гэр бүл ирээдүйд хөдөө аж ахуйн бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байсан болохоор дэд бүтцийн хувьд яваандаа үр өгөөжтэй байж мэднэ гэж үзээд С.Ба ахтай харилцан тохиролцсоны үндсэн дээр ... аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын урд байрлах нурсан объектыг худалдан авсан. С.Б нь тэртээ тэргүй балгас юм чинь татвар бага төлөх үүднээс 5 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэхээр нь за ахаа арай ч дээ объект шүү дээ гээд 20 саяар гэрээ байгуулсан. Татварын асуудал бидэнд хамаагүй бөгөөд худалдагч тал татвараа хариуцах ёстой байсан ч тухайн үед С.Ба ахын биеийн байдал тааруу, эмчилгээний төлбөр хэрэгтэй байгаа гэсэн учраас бид татвар болох 400,000 төгрөгийг тушаасан. Үүний дараа бид ... хотод байрлах С.Ба ахын “Д.О” сувилалд очиж төлбөр тооцооны талаар харилцан ярилцаж бичгэн хэлцэл үйлдсэн. Хэлцлийн дагуу бид сар сардаа төлж ирсэн бөгөөд нийт 23 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 77 сая төгрөгийг анх ярихдаа 5 жилийн хугацаанд, хэрэв зээл авах тохиолдолд богино хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож хамгийн бага хугацаагаа хэлцэлдээ бичсэн. Худалдан авснаас хойш зээл авахаар хэд хэдэн удаа хөөцөлдсөн боловч барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй гэдгээр зээл олдохгүй байсан. Би тухайн хөрөнгөд засвар хийж байж барьцаанд тавих боломжтойг ойлгож өөрийн ахаас хамтрахыг гуйсан бөгөөд ахын зүгээс тухайн объектод барилгын материалаар хөрөнгө оруулалт хийж, хамтран өмчлөх санал тавьж засвар хийж эхэлсэн. Одоогоор ахын зүгээс нийт 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, хөрөнгө оруулалтыг бүрэн хийж дууссаны дараа барилгын өмчлөх эрхэд түүний нэрийг оруулахаар тохирсон байгаа. Энэ хугацаанд бид нөхцөл байдлаа С.Ба ахад удаа дараа хэлж байсан бөгөөд ковидын нөхцөл байдал мөн барилгын материалын үнэ 3 дахин өссөн, анх төлөвлөж байсан тэжээлийн үйлдвэрийг оруулж ирэх боломжгүй болж хил хаагдсан зэрэг давагдашгүй хүчин зүйлүүд бидний ажилд нөлөөлсөн. Хуучин эзэн болох С.Б, Б.Т нар нь ийм гэрээ байгуулсныг мэдээгүй байсан гэдэг нь худлаа юм. Учир нь дүү Б нь барилгыг зарсныг мэдээгүй газрын төлбөр төлсөн гэж над руу яриад эргүүлэн төлөөд өгөөч гээд дансны дугаараа ирүүлсэн. Дарханы газрын албанаас тодруулж буцаагаад төлж болно гэхээр нь С.Ба-гийн дүү Б-тэй ярьж байгаад дансанд газрын төлбөрийг буцаан шилжүүлж байсан. Жил гаруйн хугацаанд бид өөрт байгаа бүхнээ зарцуулж, бүх зүйлээ дэнчин тавьж, зээлж болох бүх хүнээс хүүтэй мөнгө зээлж, зөвхөн энэ объектыг үнэ цэн оруулахын төлөө эрүүл мэнд, ажил төрөл, амьдрал ахуй, тогтсон бизнесээ золиослон байж зүтгэж байхад огт ийм зүйл яриагүй байсан мөртлөө өнөөдөр объект үнэ цэн ороод ирэхээр ах дүүс нийлж, ийм зүйл ярьж байгаа нь биднийг ихээхэн гайхшируулж байна. Би тохирсны дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх бөгөөд ямар нэг байдлаар төлбөр төлөхгүй ч юм уу, залилах ч юм уу, санаа зорилго байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

“...Бид шүүхийн бүх үе шатанд хэлцлийг хэрхэн, яагаад хийх болсон талаараа тухай бүрд тайлбар гарган өгч байсан. Бидний тайлбар гуйвшгүй үнэн бөгөөд ахин тайлбарлахад анх энэ объектыг авах саналыг С.Ба өөрөө бидэнд удаа дараа тавьсан. Төлбөрийн нөхцөлөө ч өөрөө хэлж, өөрөө биеэрээ ... аймгийн бүртгэлийн газарт очиж худалдах, худалдан авах гэрээгээ тус газарт хийсэн. Өнөөдрийн байдлаас харин эргээд харахад хуурамч дүр үзүүлсэн хүн нь С.Б өөрөө, ноцтой төөрөгдөлд орсон нь бид болж таарч байна. ХХААХҮЯ-аас зээл авсан зүйл байхгүй бөгөөд хэрвээ зээл авсан бол тодорхой хугацаа заасан, сард төлөх төлбөрийн хуваарь гаргасан хэлцлийг бид хийхгүй, С.Ба ч зөвшөөрөхгүй байсан. Хугацаа заасан график бүхий төлбөрийн нөхцөлийг гар бичмэлээр үйлдэж, аль аль тал нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр сар сард төлөөд явж байтал хэлцлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 08 дугаар сард шүүхэд хандсан байдаг. Бид эхний заасан хугацаандаа 23 сая төгрөгөө өгөөд энэ хугацаандаа хийх ажлын гэрээгээ яриад энэ тухайгаа байнга С.Ба-д тайлагнаж байсныг ийнхүү огт өөр санаа зорилго бүхий худал яриа болгож шүүгчийг хуурч байгаад харамсаж байна. Тухайн үед бид Дарханы арьс ширний цогцолбортой гэрээний түвшинд очсон ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалж бүх ажил зогссон. Мөн үл хөдлөх болох объектыг барьцаанд тавьж эргэлтийн хөрөнгө босгох боломжгүй, банк балгас байна гэж үзээд үнэлэхгүй байсан. Энэ нөхцөл байдлыг С.Ба-тай байнга утсаар ярьж хэлж байсан төдийгүй ковидын хүнд үед өөрсдийн хүч хөдөлмөрөөр объектыг засварлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ үед хашааны гаднаас хүмүүс ирж зураг авах, дрон нисгэх зэрэг үйлдлүүд гарч эхлэх болсон. Одоо бодоход хийж байгаа бүтээн байгуулалтыг тагнасан, давхар хүмүүстэй наймаалцсан байж болохыг үгүйсгэхээргүй хардлага төрж байна. …Улсын дээд шүүхээс С.Ба-гийн гүтгэлэгт надаас асуулт асуухад тийм зүйл огт байхгүй талаар хариулсныг ийнхүү мушгин гуйвуулж шүүхийг хуурч байна. Хавтаст хэргийн материалд Х банкны ... тоот С.Ба дансаар 14 сая төгрөг, бэлнээр 2020 оны 07 дугаар сарын 02-ндД.О” сувилалд 5 сая төгрөг, мөн сувилалд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 4 сая төгрөг, нийтдээ дансаар 14 сая төгрөг, бэлнээр 9 сая төгрөг өгсөн болохоо нотлох баримт дансны хуулгаар баталгаажуулан өгсөн байгаа. Бид бүх тайлбартаа энэ талаараа байнга бичиж тайлбарласан байхад С.Ба мөнгөн дүнг байнга өөр өөрөөр хэлж шүүхийг төөрөгдөлд оруулах гэж оролддог. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 23 сая төгрөг авснаа бичсэн байдаг ч дараа нь бэлнээр авсан мөнгөө хасч хэлэх, сүүлдээ дансаар авсныгаа хүртэл бууруулж хэлэх болсон. Улсын дээд шүүхийн шийдвэрт өвчний байдлыг нь далимдуулан С.Ба-г ноцтой төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан болохыг хянан тогтоосон тухай нэг ч өгүүлбэр байхгүй бөгөөд С.Ба нь ийнхүү бичсэн үйлдлээрээ шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулж, өөрсдийн дур зоргоор тайлбарлан, шүүхийн бүрэн эрхэд халдаж байна. Яг үнэндээ хамгийн их хохирол амсаж байгаа нь бид бөгөөд оруулсан хөрөнгө оруулалт, алдагдсан боломж, цаг хугацаа, эрүүл мэнд, бизнесийн өсөж дэвжих бүх боломжоо их хэмжээний объектыг албан тушаал, танил талаа ашиглан үнэгүйдүүлэн авч цуглуулсан, түүнийгээ зарчихаад үнэ цэнэ ороод эхлэхээр шүүхээр далайлган дээрэмдэн авдаг зуршил бүхий хүний золиос болж байна гэж хардаж байна. Энэ хугацаанд бид объектод барилгын материалаар хөрөнгө оруулсан хүний итгэлийг алдаж оруулсан хөрөнгө оруулалтдаа хүү тооцож эхэлсэн, байнга цагдаад хандаж худал зүйлээр шалгуулдаг зэрэг олон дарамтыг туулж байна. Түүгээр зогсохгүй цонх, хаалганы үйлдвэртээ гэрээлсэн бартерын гэрээнүүд, гэрээлсэн байсан ажлуудаа хийж, өрөө дараад оруулж ирэхээр төлөвлөж байсан тэжээлийн үйлдвэрийн контракт гээд бизнесийн бүх төлөвлөгөө маань шүүхэд хандсанаар царцаагдсанаас үүссэн маш их хохирол амсаж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Удаа дараа шүүхэд хариу тайлбараа гаргаж өгсөн. Хэргийн материалд бидний тайлбар хангалттай байгаа. С.Ба нь хохирогчийн дүрд тоглож балгас байсан объектыг бидэнд гуйж зарчихаад дэд бүтэц засвар зэргийг хийсний дараа булааж авах гэж байгаа энэ дээрмээ зогсоогооч гэж хүсмээр байна. Мөн хохирч байгаа хүмүүс нь бид. Бүтэн 3 жилийн хугацаанд энэ объектыг авснаас хойш ямар ч хөдөлгөөнгүй байсан. Үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн хувьд ковидын нөхцөл байдал ч таарсан. Дээрээс нь төлбөр төлөх хугацаа нь болоогүй байхад өнгө зүс ороод Дарханы зам тавигдаад ирэнгүүт буцааж авахаар санаархаж биднийг хохироож байгаа нь өөрөө хуулийн хариуцлага хүлээхээр үйлдэл гэж харж байгаа. Үүн дээр манай талаас маш их хохирч байгаа. Алдагдсан боломжууд, тогтсон бизнесээ орхиод орон нутагт ирсэн. Өнөөдрийг хүртэл бидний үйл ажиллагаа маань жигдэрч чадахгүй хамгийн их хохирч байгаа хүмүүс нь бид нар байна. Анхны хийсэн гэрээ хэлэлцээр учраас бас энэ хүний эрүүл мэндийг ч бодоод, олон жил шүүхээр явах нь бизнес эрхэлдэг бидэн шиг хүмүүст ч бас хохиролтой байгаа учраас үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаагаар хэсэгчилж төлж, одоо үлдэгдэл төлбөр 27,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрээд салъя гэсэн хүсэлт байна. Энэ хүн ийм байдалтайгаар цааш явбал бид нар шүүхэд нэхэмжлэл гаргаж оруулсан хөрөнгө оруулалт, алдагдсан боломжуудаа бүх зүйлээ нэхэмжлэхэд бэлэн байгаа. Гэхдээ бизнесийн хувьд маш их цаг хугацаа алдаж хохирол учруулж байгаа учраас тохиролцох санал тавьж байгаа. Энэ нөхцөл байдал дээр С.Ба-г эрүүл эсэх дээр эргэлзэж байна. Учир нь шүүх болгон дээр худлаа ярина, шүүхийн шийдвэрүүдийг өөрийнхөө дураар тайлбарлана. Хүн болгон луу дайрч доромжилно, гүтгэнэ. Энэ бүх үйлдлүүд нь хэрээс хэтэрч байна. Энэ удаад манай талаас эвлэрэн хэлэлцэх санал тавьсан. Хүлээж авахгүй гэж үзэж байгаа бол шүүхэд хохирлоо, алдагдсан боломжоо, дээр нь гүтгүүлсэн бүх зүйлээрээ цагдаагийн байгууллагад хандана” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:  

“...аймаг, ... сум ... багт байрлах 800 м.кв засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө дээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү гэрээний хүсэл зоригийн хувьд хэн аль нь хүлээн зөвшөөрөөд хуульд нийцүүлэн худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаад нотариатаар батлуулъя, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд тавигдах шаардлагын дагуу улсын бүртгэлд бүртгүүлье, өмчлөгчөөр хариуцагч Б-д бүртгэгдээд хөрөнгө шилжсэн. Төлбөр төлөх нөхцөлийн хувьд талууд зээлийн гэрээний баталгаа гэх зүйлийг бичгээр үйлдээд үүн дээрээ график байгуулаад төлбөр төлөхөө тохиролцсон. Үүний дагуу худалдан авагч тал буюу хариуцагч талаас төлбөрөө хийгээд явж байсан. Уг зээлийн баталгааны гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч талаас шүүхэд энэ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг үүсгэсэн учраас төлбөрөө цааш төлөх эсэх асуудал шүүхээр шийдэгдсэний дараа төлөхөөр хүлээлтийн байдалтай байсан. Энэ хугацаанд хэрэг 2 удаа анхан шатны шүүхээр шийдэгдсэн. Нэг удаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гээд шийдсэн байдаг. Энэ нөхцөл байдлаас үүдээд хариуцагч тал гэрээний төлбөрийг төлөхөд эргэлзээ үүссэн. Бид үл хөдлөх хөрөнгө ч үгүй, мөнгө ч үгүй, оруулсан хөрөнгө оруулалтаа ч авч чадахгүй нөхцөл байдал үүсэж магадгүй учраас шүүх шийдвэрээ гаргасны дараа төлбөрөө төлье гэсэн асуудлаар төлбөр төлөх асуудал хүлээгдэж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй үүнийхээ дагуу нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамгийн сүүлийн байдлаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Уг өөрчилсөн шаардлага дээр хуурамч дүр үзүүлэн итгүүлэх замаар хууран мэхэлж нотариатын үйлдэл оруулсан эсэхийг тогтоолгох гэдэг шаардлагыг гаргасан байгаа. Энэ шаардлагатай холбоотой нотлох баримтыг бүрдүүлж цуглуулж өгөх үүрэгтэй. Мөн дээрээс нь нэхэмжлэлийн шаардлагад шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авъя гэсэн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлдог байгаа. Гэтэл талуудын байгуулсан зээлийн баталгааны гэрээ 20,000,000 төгрөгийн үнэ бүхий үнийн дүнгээр байгуулагдсан худалдан авах гэрээ бол иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний шаардлагад нийцсэн. Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бусад тооцох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах нөхцөлд байхгүй. Хэн аль хүсэл зоригоо илэрхийлээд тэрийг нь зөвшөөрөөд хийгдсэн хэлцэл байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эх хувиар, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний баталгаа гар бичмэл, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №0078 дугаартай, С.Б, Б.Т нарын З.Б-т олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №0263 бүртгэлийн дугаартай С.Б, Б.Т нараас С.Ба-д олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.  (1 дүгээр хх 3,7, 104, 107, 236 хуудас)

4.Хариуцагчаас маргаан бүхий объектын фото зургууд, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №0088 бүртгэлийн дугаартай М.Б-ээс Т.Т-д өгсөн итгэмжлэл, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаартай ... аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас-хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргийн талаарх мэдээллийн шалгах хугацааг сунгах тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолын хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай мөрдөгчийн даалгавар, түүний хавсралтын хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрчээр М.Б-ээс авсан мэдүүлэг-хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлүүд хуулбар, ... аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 33/4/3048 дугаартай гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн санал-хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №254 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №53 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр С.Б-гийн ... аймгийн Прокурорын газарт гаргасан өргөдөл-хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн С.Ба-гийн хохирогчоор өгсөн мэдүүлгийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн М.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар, гэрч А.Э-ын мэдүүлэг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 248 дугаартай ... аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 248 дугаартай Прокурорын шийдвэрийг мэдэгдсэн тэмдэглэлийн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 57 дугаартай ... аймгийн Прокурорын газрын гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 182 дугаартай ... аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас-хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Х банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. (1 дүгээр хх 53-75, 237-250 хуудас, 2 дугаар хх 1-9, 245 хуудас)

5.Шүүхээс ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2336 бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах авах гэрээний хуулбар, М.Б, С.Ба нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчилгээний ... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбар, М.Б-ийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн С.Б, Б.Т нараас С.Ба-д олгосон итгэмжлэлийн хуулбар ... гэрчилгээний дугаартай, ... дугаарт бүртгэгдсэн 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, ... гэрчилгээний дугаартай, ... дугаарт бүртгэгдсэн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, М.Б-ийн Х банкны ... тоот дансны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх гүйлгээний хуулга, ... үйлдвэрийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 119 дугаартай тодорхойлолтыг нотлох баримтаар бүрдүүлсэн. (1 дүгээр хх 41-50-р хуудас, 2 дугаар хх 46-107, 151 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б, Б.Т нарын М.Б-эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч С.Б, Б.Т нар нь М.Б, С.Ба нарт холбогдуулан С.Ба болон М.Б нарын хооронд байгуулагдсан ... дугаартай үл хөдлөх хөрөнгө, ... дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б, Б.Т нарын өмчлөлд бүртгэхийг ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. (1 дүгээр хх 1-2 хуудас)

2.Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Ба-г хариуцагчаар татан оролцуулахаасаа татгалзаж, уг иргэний хэрэгт нэхэмжлэгч нарыг төлөөлөх итгэмжлэл олгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. (1 дүгээр хх 236 хуудас)

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хуурамч, дүр үзүүлэн, итгүүлэх замаар хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хэлцэл болохыг тогтоолгох гэж өөрчилсөн. (2 дугаар хх 15 хуудас)

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ …гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг буцаан нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэж тодруулсан. (2 дугаар хх 233 хуудас)

5.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах эсвэл гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан авах аль үндэслэлийг гаргаж байгааг тодруулахад “...Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь гэрээг хүчин төгөлдөр бусд л тооцуулах гэж байгаа. Иргэний хуулийн 3-4 заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 56, 58, 59 зэрэг заалтуудыг зөрчсөн. Би бүгдийг нь шаардаж байна. Улсын бүртгэлийн газар болон Монгол Улсын нотариатчдыг хууран мэхлэх аргаар татвараас зайлсхийх арга хэрэглэж хийгдсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж эцсийн байдлаар тодорхойлж байна.

6.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй. Худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан. Одоо үлдэгдэл мөнгө 27,000,000 төгрөг үлдсэн. Үүнийг 1 сарын хугацаанд барагдуулж дуусгах болно” гэж тайлбарлаж байна.

7.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Б, Б.Т нар нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С.Ба-д ... аймаг, ... сум, ... баг хаягт байрлах 800 м.кв засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг …бусдад худалдах, бэлэглэх, арилжих, түрээслүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог авах, зээлийн барьцаанд тавих.. зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон байна. (1 дүгээр хх 49 хуудас)

Дээрх итгэмжлэлийн дагуу С.Ба нь хариуцагч М.Б-тэй 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хоёр өөр үнийн дүн бүхий гэрээг байгуулсан байна. (1 дүгээр хх 7,42 хуудас)

Үүнд:

  • “...Иргэн С.Ба-гаас М.Б, Т.Т нар нь ... аймгийн ... суманд байрлах ... дугаар тоот гэрчилгээ бүхий ... улсын бүртгэл бүхий газар, 800 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдан авсан болно. Урьдчилгаа 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд ямар ч нөхцөлд хэлцлийг буцаахгүй, урьдчилгааг эргүүлэн төлөхгүй болно. Нийт 100,000,000 төгрөгийг 1.5 жилийн дотор хуваарийн дагуу төлж барагдуулна” гэх утга бүхий зээлийн гэрээний баталгаа нэртэй гар бичмэл гэрээг,
  • “...аймаг, ... сум, ... баг, 800 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон утга бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ болно.

 

Тодруулбал, С.Ба болон М.Б нар нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч 20,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг давхар байгуулж нотариатчаар гэрчлүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж хариуцагч М.Б-ийн нэр дээр үл хөдлөх болон газрын гэрчилгээ гарсан байна. (1 дүгээр хх 44,50 хуудас)

 

8.Нэхэмжлэгч болон хариуцагч нар хэн аль нь 2 өөр үнийн дүн бүхий гэрээ байгуулсан талаар болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг анх 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон талаар маргаагүй.

 

9.Харин талууд доорх асуудлаар маргаж байна. Тухайлбал:

9.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба шүүх хуралдаанд “...Мөнгөтэй байгаа гээд намайг ятгаад үүний дагуу би дүү нараа ятгаад үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэхээр очсон. Гэтэл хариуцагч нь одоохондоо мөнгө байхгүй байна. Одоо 20,000,000 төгрөгийг төлөөд үлдэгдлийг жилийн хугацаанд график байгуулаад төлье гэхэд нь би өөрийн эрх мэдлээ хэтрүүлээд үлдэгдэл төлбөр дээр график байгуулсан” гэж тайлбарласан. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Татвараа бага төлөхийн тулд 20,000,000 төгрөгөөр гэрээлсэн. Тухайн үед татварыг 5,000,000 төгрөгөөр бодоод та хоёр төлчих гэж хэлсэн. Тэгэхэд нь за арай ч дээ, объект шүү дээ, 20,000,000 төгрөгөөр хийе гэж хэлээд 20,000,000 төгрөгөөр хийж байсан” гэж талууд маргаж байна.

Маргаан бүхий 20,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг талууд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварыг бага төлөхийн тулд байгуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Б, Б.Т нарын анх шүүхэд гаргасан нэхэмжлэл (1 дүгээр хх 1 хуудас), хариуцагч С.Ба-гийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар (1 дүгээр хх 81 хуудас), ... аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаартай хариу мэдэгдэх хуудас (1 дүгээр хх 92 дугаар хуудас), 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаартай ... аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “...Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь гэрээг хүчин төгөлдөр бусд л тооцуулах гэж байгаа. Иргэний хуулийн 3-4 заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 56, 58, 59 зэрэг заалтуудыг зөрчсөн. Би бүгдийг нь шаардаж байна. Улсын бүртгэлийн газар болон Монгол Улсын нотариатчидыг хууран мэхлэх аргаар татвараас зайлсхийх арга хэрэглэж хийгдсэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж маргаж байгаа.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болох талаар, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй талаар тус тус хуульчилсан байна.

Талууд анхнаасаа худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан ба уг хүсэл зоригийн дагуу хийгдсэн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх шилжсэн, гэрээний үнийн дүн зөрүүтэй байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх бүх хэлцлийн шинжийг агуулаагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хөдлөх эд хөрөнгийн татвараас зайлсхийж, улсын бүртгэлийн газар болон нотариатчидыг хууран мэхлэх арга хэрэглэж гэрээ хийсэн гэж тайлбарласан ба энэ Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан ноцтой төөрөгдөж, хууран мэхлэгдэж хийсэн хэлцэл биш байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна” гэж заасан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогод ногдох 2 хувийн татварыг хөрөнгө борлуулсан тал буюу нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

 Өөрөөр хэлбэл талууд татвараас зайлсхийж гэрээний үнийн дүнг бууруулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ноцтой төөрөгдөлд орж, хууран мэхлэгдэж уг хэлцлийг хийсэн гэж үзэхгүй.

Иймд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 2336 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

9.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба нь “...хүний 400-500 сая төгрөгийн хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр үнэгүйдүүлж хууран мэхэлж авсан, надад тус дэм болсон хүмүүсийн хөрөнгийг авч өгөөд салмаар байна. Хариуцагч тал 23,000,000 төгрөг өгсөн гээд байхаар нь за за өгсөн гэж байгаа юм бол гээд өнгөрсөн. Надад хувиараа 5,000,000 төгрөг өгсөнөө тооцоонд оруулаад будилаад нэхэмжлэгчид өгсөн гээд байгаа. Хариуцагчаас авсан мөнгийг нэхэмжлэгчид өгөөгүй. Тэр мөнгө яг одоо миний дансанд байна” гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Нэхэмжлэгч С.Б, Б.Т нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог авах эрхийг С.Ба-д итгэмжлэлээр олгосон. (1 дүгээр хх 49 хуудас)

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж, мөн хуулийн 62.3-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж,  мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 63.4-т “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.

 С.Ба нь С.Б, Б.Т нараас олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгчийн бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй байх ба уг үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар, гэм хорыг төлөөлүүлэгчийн өмнө хариуцна.

Тодруулбал, С.Ба нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг үнэн зөв мэдүүлээгүй, төлөөлөгчийн бүрэн эрхээ шударгаар биелүүлэх үүргээ зөрчсөний улмаас талууд хоёр өөр үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.3-т “Хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн” гэж заасан. 

Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг шаардан авах эрхгүй байна.

10.Талуудын хооронд байгуулсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь төлбөрөө төлөөгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний баталгаа гэх гэрээнд “...2021 оны 06 дугаар сард нийт 23,000,000 төгрөг төлсөн байна” гэж тохиролцжээ.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 23,000,000 төгрөгийг төлсөн байх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагчийн зүгээс ...шүүхэд хандах үеийн байдлаар 23,000,000 төгрөгийг С.Ба-д өгсөн... гэж, нэхэмжлэгчийн зүгээс ...23,000,000 төгрөгийг авсан, эсхүл аваагүй... гэж зөрүүтэй тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч М.Б-ийн Х банкны дансны хуулга болон талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар хариуцагч М.Б нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба-д зээлийн гэрээний баталгаанд заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын байдлаар 23,000,000 төгрөг өгсөн байх ёстойгоос 19,000,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдож байна. Үүнээс урьдчилгаа 5,000,000 төгрөгийг эмчилгээнд зориулж авсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба шүүх хуралдаанд мэдүүлсэн, харин 14,000,000 төгрөгийг дансаар шилжүүлжээ. (2 дугаар хх 46-107 хуудас)

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч М.Б нь гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч талаас шүүх хуралдаанд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба-гийн данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх тухайн өдрийн Х банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэ нь хариуцагчийг үүргээ зохих ёсоор, тогтоосон хугацаанд биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй (2 дугаар хх 245 хуудас)

Хэдий хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгохоор шаардаж байгаа ба хариуцагчаас гэрээний үүргээ шаардаагүй байх тул талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Мөн нэхэмжлэгч нар болон түүний төлөөлөгч С.Ба, мөн хариуцагч М.Б нар тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг анхнаасаа 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байх тул үл хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэгүйдүүлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

11.Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 343,150 төгрөгөөс 328,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15,000 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйл, 63 дугаар зүйлийн 63.3, 63.4-т тус тус заасныг баримтлан С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй, М.Б-эд холбогдох "С.Ба болон М.Б нарын хооронд байгуулагдсан ... дугаартай үл хөдлөх хөрөнгө, ... дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б, Б.Т нарын өмчлөлд бүртгэхийг ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 343,150 төгрөгөөс 328,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15,000 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН