Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/01116

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/01116

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.А /,

 

Нэхэмжлэгч: Т.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ү.Г-д холбогдох,

 

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Ү.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А, Т.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Минжирмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А, Т.А нар нь хариуцагч Ү.Гд холбогдуулж 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар анх шүүхэд хандсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Үүнд:

1/ 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах.

2/ Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах. 

Манай зүгээс маргаан бүхий бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоот орон сууц нь барьцаанаас чөлөөлөгдөж, өөрсдийнх нь нэр дээр буцаж шилжин ирнэ гэж үзэж байгаа. Учир нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоод нэхэмжлэгч нарын орон сууцаа өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа. Нэхэмжлэгч Д.Аболон Т.А нар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоотод бодитоор оршин суудаг бөгөөд энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан, мөн хариуцагч ч энэ талаар маргахгүй байгаа.

Хамгийн анх нэхэмжлэгч нарын хамаатан буюу хариуцагч Ү.Г нь нэхэмжлэгч нар дээр 2015 оны 4 дүгээр сард ирээд “...уул уурхайн ажил эхлэх гээд байна, танай байрны ордерийг ашиглаад зээл авчихаад удахгүй буцаагаад өгье” гэж хүсэлт тавьсан. Нэгэнт төрөл садангийн хүмүүс учир нэхэмжлэгч нар уг хүсэлтийг зөвшөөрөөд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Учир нь банкны зүгээс зээл авахад заавал ийм гэрээ байгуул гэсэн шаардлага тавьсан байдаг. Ингээд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч Ү.Г нь “...худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар төлөх татвар нь өндөр байх юм байна, бэлэглэлийн гэрээ хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь түүний хүсэлтийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр талууд орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсан. Ингээд Ү.Г нь 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Агийн данс руу байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг. Уг 20,000,000 төгрөгийг нь данснаас аваад Ү.Гд буцаагаад өгсөн. Ингээд Хаан банкнаас 80,000,000 төгрөгийн зээл орж ирсэн. Уг 80,000,000 төгрөгийг хариуцагч Ү.Г өөрийн ах болох Ү.Гансүхийнхээ данс руу шилжүүлүүлсэн.

Үндсэндээ нэхэмжлэгч нар нь өөрийн хамаатны хүн болох Ү.Гд тус дэм болох зорилгоор өөрсдийн орон сууцыг барьцаалан зээл авч өгсөн. Ү.Г нь уг зээлийг аваад буцаагаад богино хугацаанд буцаан төлөөд, байрыг суллаж өгөхөөр амласан боловч уг амлалтандаа хүрээгүй. Үндсэндээ нэхэмжлэгч нар хариуцагч Ү.Гд 80,000,000 төгрөгийн зээл авч өгөөд дээр нь өөрсдийн орон сууцны өмчлөлөө давхар шилжүүлсэн ба хариуцагч давхар давхар нэхэмжлэгч нарыг завшсан. Нэхэмжлэгч нар хариуцагчаас болоод мөнгө ч үгүй байр ч үгүй болох дээрээ тулсан учир цагдаагийн байгууллагад хандсан боловч уг асуудлыг шалгаад “...иргэд хоорондын маргаан тул эрүүгийн журмаар шалгахгүй” гэсэн хариуг өгөөд гомдлыг буцаасан. Нэхэмжлэгч нар хариуцагчид хандан байраа буцааж шилжүүлэн авах, эсвэл 100,000,000 төгрөг төлөхийг шаардсан боловч хариуцагч огт хүлээж авахгүй байх тул арга буюу шүүхэд хандсан. Нэхэмжлэгч нарын зүгээс орон сууцаа бусдад үнэ төлбөргүй бэлэглэх ямар нэгэн хүсэл зорилго анхнаасаа байгаагүй, одоо ч байхгүй. Бодит байдал дээрээ байр бэлэглэх хүсэл зориг байгаагүй гэдгийг хариуцагч Ү.Г ч өөрөө зөвшөөрч байгаа. Одоо нэхэмжлэгч нарын Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоот орон сууц нь банкны барьцаанд байгаа бөгөөд хариуцагч Ү.Г зээлээ төлөхгүй тохиолдолд байр барьцаанд хураагдах бодит эрсдэл нэхэмжлэгч нарт тулгараад байгаа юм.

Иймд 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр талуудын байгуулсан “орон сууц бэлэглэлийн гэрээ”-г талууд дүр үзүүлэн байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү. Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоот орон сууц нь барьцаанаас чөлөөлөгдөнө гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Манай зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56.1.3 гэж буруу бичсэн байсан. Бид гэрээг Иргэний хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Хариуцагчийн ББСБ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар банк бус санхүүгин байгууллагаас авсан зээлээ өөрсдөө хугацаандаа төлөөд дуусгасан. Зээлийн хугацаа хэтэрсэн зүйл зээлийн хувийн хэргээс харагдахгүй. Хаан банкны зээлээс авсан мөнгийг хуваан төлөх ямар ч тохироог талууд хийгээгүй. Зөвхөн хариуцагчид туслах зорилгоор л гэрээг байгуулсан гэжээ.

 

Хариуцагч Ү.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Миний бие нэхэмжлэгч Т.А болон Д.А-тай төрөл садангийн холбоотой. Хамгийн анх нэхэмжлэгч нар нь “Трансканитал” банк бус санхүүгийн байгууллагаас өөрсдөө өндөр хүүтэй зээл авсан, уг зээлээ төлж чадахгүй хураалгах дээрээ тулсан байсан юм. Ингээд нэхэмжлэгч нар надад “...бид байраа хураалгах дээрээ тулаад байна. Иймд банкнаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авахад туслаач” гэж санал тавьсан. Надад ч гэсэн зээл хэрэгтэй байсан учир зөвшөөрсөн. Өмнө нь миний төрсөн ах Ү.Гансүхэд энэ хүсэлтээ тавьж, тэд хамтдаа зээл хөөцөлдөж явсан байдаг. Гэвч ах Ү.Гансүхийн зээлийн түүх болон эргэн төлөх орлого нь сайнгүй байсан учир уг зээл нь бүтээгүй учир нэхэмжлэгч нар надад хандсан. Ингээд бид урт хугацаатай, хүү багатай зээл болох ипотекийн зээлийг банкнаас аваад хувааж хэрэглэхээр, мөн өөр өөрийнхөө авсан зээлээ өөрсдөө төлж барагдуулахаар харилцан тохирсон юм. 

Ингээд бид эхлээд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд байрны урьдчилгаанд 20,000,000 төгрөгийг миний бие Т.А-гийн дансанд байршуулсан. Учир нь ипотекийн зээл олгох журмын дагуу өмчлөл шилжүүлэх гэрээ байгуулах, урьдчилгааг орон сууц худалдагч талын дансанд байршуулах шаардлагыг банкны зүгээс тавьсан. Уг мөнгийг нь нэхэмжлэгч нар аваад “Транс капитал” ББСБ-аас авсан зээлээ хаасан. Ингээд Хаан банкнаас 80,000,000 төгрөгийн зээлээ бид авсан. Банкнаас Т.Агийн данс руу 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба уг мөнгийг нь манай ах Ү.Гансүхийн данс руу шилжүүлсэн. Үүнээс нэхэмжлэгч нар 20,000,000 орчим төгрөгийг авсан. Ингээд үндсэндээ миний бие 60,000,000 төгрөгийг л авсан гэсэн үг. Уг нь анх тохирсон ёсоор бид авсан авсан зээл болон хүүгээ тус тусдаа төлөх ёстой байсан ч нэхэмжлэгч нар нэг ч төгрөг төлөхгүй байгаа. Би зээл авснаас хойш бүх зээлийг хүүтэй нь өөрөө дангаараа төлөөд явж байгаа. Миний хувьд уг байрыг ашиглаж байгаа зүйл байхгүй, нэхэмжлэгч нарыг ямар нэг байдлаар хуурч мэхлээгүй. Нэхэмжлэгч нарын санал болгосноор харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл авсан. Хамаатан садан ах дүү хүмүүсийн хооронд ойлголцох байх гэж нэлээн удаан явсан боловч ойлголцсонгүй. Намайг болон миний ахыг нэхэмжлэгч нар залилсан гээд цагдаагийн байгууллагаар удаа дараа шалгуулсан. Гэхдээ ямар нэг залилан хийгээгүй болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байгаа гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А, Т.А болон хариуцагч Ү.Г нар 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээгээр Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6б байрны 29 тоот хаягт байрлах 50 м2 талбай бүхий орон сууцыг худалдагч тал болох Д.А, Т.А нар худалдан авагч тал Ү.Гд шилжүүлэх, үүний хариуд 100,000,000 төгрөгийг Ү.Г урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулж, үлдэгдэл төлбөрийг орон сууцны зээл авч төлөхөөр харилцан тохирсон байна.

 

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Д.А, Т.А нар хариуцагч Ү.Гтай “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулсан байна. Уг гэрээгээр Д.А болон Т.А нар Ү.Г-д Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6б байрны 29 тоот хаягт байрлах 50 м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариу төлбөргүй бэлэглэжээ.

 

Дээрх хоёр гэрээний талаар нэхэмжлэгч тал “...хариуцагч Ү.Гд урт хугацаатай, хүү багатай зээл авахад нь туслах зорилгоор өөрсдийн орон сууцаа банкны барьцаанд тавьж өгөхөөр болж анх худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Хариуцагч өндөр татвар төлөх гээд байна гэсэн учир дараа нь бэлэглэлийн гэрээг байгуулсан. Гэхдээ орон сууцны өмчлөлийг шилжүүлэх хүсэл зориг анхнаасаа байгаагүй” гэсэн,

хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгч нар бусдад зээлтэй, зээлийн барьцаанд байсан орон сууц нь хураагдах гээд байсан тул урт хугацаатай, хүү багатай зээл авахаар надтай харилцан тохирч өөрсдийн байрыг надад худалдаж буй мэтээр гэрээ байгуулсан. Дараа нь бэлэглэлийн гэрээ байгуулсан. Ингээд тохирсон ёсоор байрыг барьцаанд тавьж, банкнаас авсан зээлийг талууд хуваан авч хэрэглэсэн” гэсэн тайлбаруудыг өгсөн.

 

Харин 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г үндэслэж мөн өдрөө Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6б байрны 29 тоот хаягт байрлах 50 м2 талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Ү.Г бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 7/1069 тоот албан бичиг, түүний хавсралтаар нотлогдож байна.

 

Улмаар 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банк болон Ү.Г нар №ЗГ201542278579 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, №БГҮ201542278579 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулжээ. Энэхүү зээлийг Ү.Г-д Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6б байрны 29 тоот хаягт байрлах 50 м2 талбай бүхий орон сууцыг худалдан авах зориулалтаар “Хаан” банкнаас олгож, тухайн орон сууцыг барьцаанд авсан ба энэхүү үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч Д.А, Т.А нар хариуцагч Ү.Г-д холбогдуулж 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч нар хариуцагчид зөвхөн зээл авахад нь туслах зорилгоор бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан болохоос бодит байдал дээр өөрсдийн орон сууцыг худалдан борлуулах, бусдад бэлэглэх хүсэл зориг огт байгаагүй. Бэлэглэлийн гэрээ ийнхүү хүчин төгөлдөр бусад тооцогдсоноор орон сууц барьцаанаас шууд чөлөөлөгдөж, нэхэмжлэгч нарын өмчлөх эрх сэргэх учиртай” гэж тайлбарласан.

 

Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэсэн байна. Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг.

 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар анхнаасаа орон сууцны зээлд хамрагдах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г байгуулсан талаараа маргаагүй учир уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохгүй учир орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хангах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6Б байрны 29 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай Д.А, Т.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 728,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ