Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2023/00745

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2023/00745

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2023/00553/и

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ** дугаар хороо, 4 дүгээр хороолол, ******* өргөн чөлөө гудамж, *** тоотод оршин суух, Дорж овогт Доржийн гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ** дүгээр баг, ** дугаар хороолол, 1**а байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга,

Хариуцагч Л.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие *******ын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай үл хөдлөх өмчлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 10а байрны ** тоот орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон тоот гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна.

Тухайлбал, миний бие дээрх орон сууцны барилгыг барьж, гүйцэтгэсэн барилгын компани болох Ласти интернэшнл ХХК-д хөрөнгө оруулж, тус компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж хамтран ажилласан боловч тус компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчсөөр байсан тул миний бие шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл Л.******* гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна.

Иймд иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар хариуцагч Л.*******ийг ******* ******* 11-р баг, 13-р хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 10а байрны тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү. Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Гэрээ байгуулахаар талууд амаар харилцан ярилцаж байсан. Одоо бол нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Д.тай эвлэрэх бодолтой байгаа. Би тухайн байрыг авахдаа Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д ажилдаг байсан. Дулааны төлбөр хаагдсаны улмаас дулаанаа авч чадахгүй байсан. Манайд санал тавьсны дагуу бид нарын өгсөн мөнгийг Дулааны өр төлбөрт шилжүүлж өгөхөөр манайхтай харилцан тохиролцсон. Тухайн үед уг байранд манай компаниас 4 хүн байр захиалсан. Бид нар Ласти интернэшнл ХХК-тай гэрээ байгуулсан. *******ын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах Ласти таун нэртэй 144 айлын орон сууцнаас манай компани 4 ажилтан хөнгөлөлтэй нөхцөлөөр буюу 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож 5 жилийн хугацаанд сар бүр хүүгүй төлж авахаар болсон.

Үүний дараа Ласти интернэшнл ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 146 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ мөн өдөр 17/07 дугаартай Тусгайлан хийсэн болзол гэрээ буюу Худалдах, худалдан авах гэрээг байгуулж 10 байрны 2 дугаар орц 4 давхрын тоот 62.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцын 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож нийт 62,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаанд 8,838,700 төгрөг болон 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 900,000 төгрөгийг буюу нийт 18,538,700 төгрөгийг Ласти-Интернэшнл ХХК-ийн өмнөөс Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д төлж, 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тус орон сууцанд гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч байгаа болно.

Өмнө нь шүүхэд орон сууцыг чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн шүүх Д.г өмчлөгчөөр тогтоож шийдсэн. Би Д.тай очиж уулзаад байрны төлбөрөө графикийн дагуу төлөөд явмаар байна гэж хэлсэн. Бид 62.7 м.кв талбайтай тоот орон сууцыг 1 м.кв 1,550,000 төгрөгөөр тооцон орон сууцны нийт үнийн дүнгээс Ласти-Интернэшнл ХХК-д төлсөн 18,538,700 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 78,685,000 төгрөгийг сарын 1,1 хувийн хүүтэй, жилийн 13,.2 хувийн хүүтэй төлж барагдуулснаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.гаас өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон. Иймд байрнаас гаргахыг зөвшөөрөхгүй, тохирсноороо мөнгөө төлөөд явмаар байна гэв.

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д. тогтоогдсон нь үнэн. Талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Нэхэмжлэгч Д. нь хариуцагчид орон сууц чөлөөлж өг гэж мэдэгдлийг албан ёсоор өгч байгаагүй. 2022 онд Хан-Уул дүүргийн шүүхээр Л.*******ийн зүгээс Д.д тоот байр шилжсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тохиролцсон тохиролцоо хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа Л.******* нь Д.тай удаа дараа харилцан тохиролцсон. Эвлэрлийн гэрээ сүүлд талууд байгуулсан боловч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Л.******* хууль бусаар орон сууцанд амьдарч байгаа зүйл байхгүй. Л.******* анх Ласти интернэшнл ХХК-тай гэрээ байгуулсан. Манай эвлэрэх санал хэвээрээ байгаа... гэв.

4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 3 хуудас/, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Барьцааны гэрээ /хх-ийн 4 хуудас/, № дугаартай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-ийн 5 хуудасны ар талд/, Ласти-Интернэшнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 6 хуудас/, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ /хх-инй 8-10 хуудас/, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №02 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ /хх-ийн 11-12 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №03 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ /хх-ийн 13-14/, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 16 хуудас/, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №01/14 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ /хх-ийн 17-18 хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №183 дугаартай Эвлэрлийн гэрээ /хх-ийн 19 хуудас/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн №183/ШЗ2017/08942 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж /хх-ийн 20-21 хуудас/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Л.*******т холбогдуулан *******ын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 А байрны тоотод байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...тус орон сууцыг 2019 оны 02 сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон бөгөөд Л.******* нь түний өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байгаагаас өөри йн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... тус орон сууцанд Ласти интернэшнл ХХК-тай ажил олгогч байгууллага болох Дарханы Дулааны сүлжээ ТӨХК тохиролцон 4 ажилтныг хөнгөлөлттэй нөхцлөөр 5 жилийн хугацаанд төлбөрөө төлж авахаар холбогдох гэрээнүүдийг байгуулан 2017 оноос одоог хүртэл тус байранд амьдарч байна. Байрны үнийн урьдчилгаанд нийт 18,538,700 төгрөг төлсөн. Гэтэл өмчлөгч нь Д. гэж хүн гарч ирсэн тул түүнтэй уулзаад тус байрны 1 мкв-ыг 1,550,000 төгрөгөөр тооцож, урьдчилгаанд төлсөн 18,538,700 төгрөгийг хасаад үлдэх 78,685,000 төгрөгийг хүүтэйгээр төлснөөр орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон. Иймд хууль бусаар оршин суугаагүй, анх тохиролцсоны дагуу байрны үнийг графикийн дагуу төлөөд явах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэж маргадаг болно.

4. Хэрэгт авагдсан 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *******ын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 а байрны 24 айлын орон сууцны зориулалттай, 1423,42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.г бүртгэсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тоот орон сууц нь үүнд багтсан байна.

Нэхэмжлэгч Д. нь ийнхүү өмчлөгчөөр бүртгэгдэх үндэслэл болсон үйл баримтаа нотлохоор хөрөнгө оруулалтын гэрээ, барьцааны гэрээ, Ласти интернэшнл ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 183 дугаартай эвлэрлийн гэрээ, түүнийг баталгаажуулсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 8942 дугаартай захирамж зэрэг баримтуудыг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн байна.

Мөн хариуцагч Л.******* нь 2017 оноос тус байранд өмнөх өмчлөгчтэй нь худалдан авахаар тохиролцсоны дагуу амьдарч байгаа, байрны төлбөрт 18,538,700 төлбөрийг төлсөн гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгээгүй, талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй болно.

Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Д.тай ярилцан, байрны 1 мкв-ын үнийг 1,550,000 төгрөгөөр тохиролцон, төлбөр төлөх тодорхой хуваарь гаргасан байсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга нийт 44 байр байгаа бөгөөд түүнээс 20 гаруй айлтай гэрээ байгуулан тухайн айлд нь байрыг худалдсан байгаа, Л.*******т ийм боломж байсан боловч шүүхээр явсаар өөрөө энэ боломжоо алдаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Л.*******тэй байрны төлбөрийг хуваан төлөхөөр тохирсон зүйл байсан боловч одоо нэхэмжлэгч эвлэрэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн гэсэн тайлбарууд гаргаж байна.

5. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т: Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-т: Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д. нь *******ын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 А байрны тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байх тул Иргэний хуульд зааснаар өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.3-т: Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заажээ.

Дээрх хуульд зааснаас үзэхэд өмчлөгч шаардах эрхээ эхлээд эрхийг нь зөрчиж буй этгээдэд хандаж хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний дараа эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.

6. Талуудын шүүх хуралдаанд гаргасан дээр дурдсан тайлбараас үзэхэд зохигчид тухайн орон сууцны талаар худалдах, худалдан авах хэлцэл хийхээр ярилцаж байсан, үнийг тохирсон, тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцсон байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр энэхүү тохирсон хэлцлийг хэрэгжүүлэхгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлнэ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч хариуцагчид дээрх хуульд заасан орон сууц чөлөөлөх талаарх мэдэгдэл өгч байгаагүй, шаардлага гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар орон сууцны өмчлөгчөөр Д. тогтоогдож байгаа боловч хариуцагч Л.*******ийг хууль бусаар хэн нэгний зөвшөөрөлгүй тухайн орон сууцанд 2017 оноос одоог хүртэл амьдарч байгаа гэж үзэх боломжгүй юм.

Мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа нийт 44 айлын орон сууцнаас одоогийн байдлаар 20 гаруй айлд худалдах, худалдан авах гэрээ байгуулан, үнэ төлөх график тогтоон үнээ төлөөд байрандаа амьдарч байгаа, Л.*******ийн хувьд бас ийм боломж байсан гэж, хариуцагч Л.******* Д.тай бид уулзаж ярилцаж тохироод яваад байсан, түүнээс байрнаас гар гэж шаардаагүй гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д. нь хариуцагч Л.*******т орон сууцаа худалдахгүй, цаашид өмчлөгчийн дээрх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх талаар шаардлага гаргаагүй байна гэж дүгнэв.

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр *******ын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 А байрны тоот, 2 өрөө орон сууцыг Л.*******ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч Д. нь дээрх хуульд заасны дагуу Л.*******ийн эзэмшлээс орон сууцаа шаардах эрхээ хэрэгжүүлсний дараа эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан *******ын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 А байрны тоот, 2 өрөө орон сууцыг хариуцагч Л.*******ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч Д.гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ