Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2023/00076

 

  

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
    

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2023/00745 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн 10а байрны 49 тоот орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон №00691004 тоот гэрчилгээний үндсэн дээр өмчилсөн.

Миний бие дээрх орон сууцны барилгыг барьж, гүйцэтгэсэн барилгын компани болох “*******” ХХК-д хөрөнгө оруулж, тус компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж хамтран ажилласан боловч тус компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчсөөр байсан тул миний бие шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл ******* гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар хариуцагч *******ийг Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг, 13-р хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 10а байрны 49 тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгч *******тай эвлэрэх бодолтой байгаа. Би тухайн байрыг авахдаа “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д ажилладаг байсан. Манай компани 4 ажилтанд хөнгөлөлтэй нөхцөлөөр буюу 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож 5 жилийн хугацаанд сар бүр хүүгүй төлж авахаар болсон.

Үүний дараа “*******” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 146 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөн өдөр 17/07 дугаартай Тусгайлан хийсэн болзолт гэрээ буюу Худалдах, худалдан авах гэрээг байгуулж 10 дугаар байрны 2 дугаар орц 4 давхрын 49 тоот 62.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцын 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож нийт 62,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаанд 8,838,700 төгрөг болон 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 900,000 төгрөгийг буюу нийт 18,538,700 төгрөгийг “*******” ХХК-ийн өмнөөс “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д төлж, 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тус орон сууцанд гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч байна.

*******тай уулзаад 62.7 м.кв талбайтай 49 тоот орон сууцыг 1 м.кв 1,550,000 төгрөгөөр тооцон орон сууцны нийт үнийн дүнгээс “*******” ХХК-д төлсөн 18,538,700 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 78,685,000 төгрөгийг сарын 1,1 хувийн хүүтэй, жилийн 13,2 хувийн хүүтэй төлж барагдуулснаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******гаас өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон. Иймд байрнаас гаргахыг зөвшөөрөхгүй, тохирсноороо мөнгөө төлөөд явмаар байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10 А байрны 49 тоот, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Уг хэрэг шүүхийн шатанд байхад хариуцагч нь тус орон сууцнаас гарахгүй үргэлжлүүлэн амьдрах, зээлээр худалдах, худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд бид тус шүүхэд эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, бид эвлэрлийн гэрээ байгуулж тус орон сууцандаа цаашдаа амьдрах хүсэлтэй илэрхийлж гэрээ байгуулсан. Гэтэл шүүхэд уг хүсэлтээ илэрхийлсэн боловч хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигч нь эвлэрч байх тул зохигчийн эвлэрлийг баталж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг, 13-р хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 10а байрны 49 тоот 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан гомдол гаргажээ.

3. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь эвлэрлийн гэрээ, мөн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээнүүдийг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн Дархан-УУл аймаг, Дархан сум, 11 дүгээр баг 13 дугаар хороолол, 10а байрны 49 тоот 62.7 м2 2 өрөө орон сууцыг 1 м2-г нь 1,550,000 төгрөгөөр тооцон худалдаж авах, байрны нийт үнэ болох 97,223,700 төгрөгөөс хариуцагч *******ийн “*******” ХХК-д төлсөн 18,538,700 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 78,685,000 төгрөгийг сарын 1,1 хувийн хүүтэй, жилийн 13,2 хувийн, нийт 60 сарын хугацаанд нэхэмжлэгч *******д төлөх, хариуцагч нь зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд төлбөрт төлсөн дүнгээс сар бүр 450,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон хасаж, орон сууцнаас албадан гарах, орон сууцны үнийг бүрэн төлж дууссаны дараа гэрчилгээг хүлээлгэн өгөхөөр эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, зохигчийн эвлэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигчид эвлэрэх эрхтэй учир хариуцагч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 47 сарын хугацаанд сар бүр 2,072,000 төгрөг, 2028 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,107,440.61 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлж, хариуцагч нь зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд төлбөрт төлсөн дүнгээс сар бүр 450,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон хасаж, орон сууцнаас албадан гарах, орон сууцны үнийг бүрэн төлж дууссаны дараа гэрчилгээг хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

4. Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус хуульчлан зохицуулсныг талуудад тайлбарлаж, энэ талаар шийдвэрт тусгах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2022/0745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

хариуцагч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг,

 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 47 сарын хугацаанд сар бүр 2,072,000 төгрөг,

2028 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,107,440.61 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлж, хариуцагч нь зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд төлбөрт төлсөн дүнгээс сар бүр 450,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон хасаж, орон сууцнаас албадан гарахаар,

орон сууцны үнийг бүрэн төлж дууссаны дараа гэрчилгээг хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.АМАРСАНАА

                                                       

                                            ШҮҮГЧИД                            Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                   

                                                                                               Я.ТУУЛ