Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2023/00735

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2023/00735

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/001133

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, .. дугар баг, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, 3 дугаар баг, өөрийн байранд байрлах Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох,

Дотоод хяналт мониторингийн хэлтсийн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран, Л.Оюунсувд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2012 онд Дархан дулааны сүлжээ ТӨХК-д анх слесариар ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд мэргэжил дээшлүүлж Шинжлэх Ухаан Технологийн их сургуульд Дулааны инженерээр элсэн суралцаж, 2017 онд онц төгсөөд 2017 оны 09 дүгээр сард компанидаа засварын инженерээр томилогдсон. Засварын инженер байхдаа судалгааны ажил хийж төслөө амжилттай хэрэгжүүлж байсан. Хяналтын инженерээр 2018 оны 9 дүгээр сард Дотоод хяналт мониторингийн хэлтэст хяналтын инженер болж албан тушаал өөрчлөгдөж байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврыг сайн хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд олон судалгаа гаргаж ажлаа чин сэтгэлээсээ хийж байсан.

Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болсон байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр ажилчдын албан тушаал өөрчлөлтөөр ажилчдын албан тушаал өөрчилсөн гүйцэтгэх захирлын Б/213 дугаартай тушаал гарч миний албан тушаалыг өөрчилсөн байсан.

Миний ажил албан тушаалыг бууруулахдаа надтай харилцан тохиролцоогүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 гэсэн заалтыг үндэслэн тушаал гарган шилжүүлсэн ажил нь дулааны оруулгын слесариар тушаал гаргасан.

Манай байгууллагын дотоод хяналт, мониторингийн хэлтэс нь дотоод аудитын хэлтэс болсон байсан. Иймд Дархан дулаан сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/213 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Дотоод аудитын хэлтсийн техникийн инженерээр эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч Ж.******* 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие Ж.******* нь Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/213 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар үндэслэлгүйгээр дотоод хяналт, мониторингийн хэлтсийн хяналтын инженерийн ажлаас чөлөөлсөнд гомдол гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу дотоод хяналт, мониторингийн хэлтсийн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч Дарханы дулааны сүлжээ ТӨХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ

3. Хариуцагчийн төлөөлөгч Д.Батжаргалын шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хүрээнд 2022 онд мөрдөн ажиллах 6 зорилт өгсөн бөгөөд зорилтын 5-д Компанийн удирдлага, менежментийн үйл ажиллагааг сайжруулах, байгууллагын дотоод зохион байгуулалт, бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлж хариуцлагын тогтолцоог дээшлүүлэн ажиллах гэсэн заалтыг хэрэгжүүлж, Эрчим хүчний яамнаас компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд 2022 оны 10 сарын 20-ны өдрийн а/4009 тоот нэгдсэн удирдамжийн 1-р асуудлын г хэсэгт Компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог оновчтой болгох, Эрчим хүчний сайдын 2022 оны 10 сарын 25-ны өдрийн удирдамж өгөх тухай а/4062 тоот удирдамжийн 2 дахь заалтын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор компанийг шинэ зохион байгуулалтын бүтцээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан.

Уг тогтоолын дагуу компанийн шинэ зохион байгуулалтын бүтэцтэй холбоотой гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б/213 дугаартай тушаал батлагдан гарч, нэр бүхий 28 ажилтныг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, компанийн дүрэм, 2022 оны ажлын тайлан хамгаалалтын дүн, холбогдох материал, ажилтантай хийсэн харилцан тохиролцоо зэргийг тус тус үндэслэн гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас чөлөөлж, өөр ажилд томилсон. Ажил олгогч нь 2022 оны 12 дугаар сард ажлын байр өөрчлөгдөх 28 ажилтантай нэг бүрчлэн ганцаараа уулзаж, ажлын байр өөрчлөх тухай санал тавихад бүгд амаар хүлээн зөвшөөрсөн.

2022 оны ажлын тайлан хамгаалалт хамгаалуулах комиссоос Ж.******* нь 71 оноо авч үнэлэгдсэн, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ээлжит шалгалтад ААД 85, ТАД 80 оноо авсан, Дотоод хяналтын аудитын хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнгээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бичгээр гаргасан тодорхойлолт зэрэг холбогдох нотлох баримтаас үзэхэд эрхэлсэн ажилдаа, мэргэжил, ур чадварын хувь тэнцэхгүй болох нь тогтоогддог.

...Нэхэмжлэгч Ж.******* нь 2023 он 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд шинээр томилогдсон Дулаан түгээх, хангах албаны дулааны оруулгын слесариар ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч байгаа нь гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б/213 дугаар тушаалыг сайн дураар бүрэн хүлээн зөвшөөрч, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажил олгогч /Гүйцэтгэх захирал Д.Батжаргалтай №102/2023 тоот хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолттой танилцаж гарын үсэг зурж баталгаажуулснаар нотлогдож байна.

Мөн ажил олгогч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ж.*******тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №108/2022 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлын байрыг өөрчилж, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй ба хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байна.

...нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд хандахаас өмнө хариуцагч Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисс, сум, дүүргийн гурван талт хороонд хандаагүй нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн.

Гэтэл Ж.******* урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж, компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, сум, дүүргийн гурван талт хороонд хандахгүйгээр шүүхэд шууд хандаж нэхэмжлэл гаргасан нь хууль бус бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзах үндэслэл болно.

Хяналтын хэлтсээс Ж.*******д үйл ажиллагааг илүү сайжруулах үүднээс үүрэг даалгавар өгч байсан. Үүрэг даалгавар өгч байсан боловч хангалттай ажлаа хийж гүйцэтгээгүй тул Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б/213 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн.

Нэхэмжлэгч Ж.******* 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд шинээр томилогдсон Дулаан түгээх, хангах албаны дулааны оруулгын слесариар ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч байгаа нь тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Батжаргал шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

...нэхэмжлэгч Ж.*******н нэхэмжилсэн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус гэж үзэж байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэсэн заалт нь хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, өмнөх ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гарсны дараа хэрэглэгдэх заалт бөгөөд хэрэглэх нөхцөл нь гагцхүү шүүхийн шийдвэр гарсан байхыг шаарддаг.

Харин нэхэмжлэгч Ж.*******н нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, энэ талаар шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Н.Дэлгэрнаран нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б/213 дугаартай ажлаас чөлөөлөх, өөр ажилд томилох тухай тушаал гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талууд харилцан тохиролцож шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж өөр ажилд шилжиж ажилласан гэж байна.

Хөдөлмөрийн гэрээг байгуулахад хэн нэгэн этгээдийн хөндлөнгийн шахалт дарамт байх ёсгүй. Гэтэл Ж.*******д тодорхой хэмжээний дарамт үзүүлсэн талаар Ж.******* өөрөө хэлдэг. Ж.*******г цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч хамааралгүй болох нь тогтоогдсон.

Ж.*******г шинээр хөдөлмөрийн гэрээг өөрийн сайн дураар гарын үсэг зураагүй албан шаардлагаар гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахгүй бол ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халах үндэслэлтэй байсан.

Уг тушаалаар 2022 оны ажлын тайлангийн дүнг үндэслэсэн гэж байна. Дунд үнэлгээ авсан нь албан тушаалыг өөрчлөх үндэслэлд орохгүй. Албаны дарга н.Лхагвасүрэн гэдэг хүн тодорхойлолт бичсэн байдаг. Уг тодорхойлолт тушаал гарсны дараа бичигдсэн. Хариуцагч тал 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн н.Лхагвасүрэн гэдэг хүний тодорхойлолтыг үндэслэж тушаал гаргасан гэж хариу тайлбараар гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Ж.*******г ажил мэргэжил албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзсэн тохиолдолд салбарын болон байгууллагын түвшин тогтоох комисс байгуулж шалгуулсны дараа ажил, мэргэжилдээ тэнцэхгүй гэдэг асуудал яригдана. Ж.*******г ажлаас чөлөөлөхөд 2022 оны ажлын тайлангаар нэг л шалгалтаар дунд үнэлгээ авсан боловч бусад шалгалт дээр хангалттай оноо авсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн н.Лхагвасүрэн гэдэг хүний тодорхойлолтоос харахад Ж.******* зөрчил гаргадаг байсан гэж яриад байгаа боловч зөрчил гаргаж байсан талаар баримт хэрэгт байхгүй. Хариуцагч талын тайлбар, тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Тайлан хамгаалалтын дүнг өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөөгүй ба нэхэмжлэгчид тайлан хамгаалалтын дүнг танилцуулаагүй. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн харилцааг цуцлах, дуусгавар болгож байгаа тохиолдолд үндэслэлээ тайлбарлаж танилцуулах дотоод журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү  гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б/213 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал тушаалыг үндэслэл муутай гарсан. Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж байна. Тушаалыг гаргахаас өмнө Ж.*******тай холбоотой ажиллагаанууд хийгдсэн.

Гүйцэтгэх захирал нь Ж.*******г дарамталж ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй. Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд зааснаар албан тушаалыг нь өөрчилж тушаал гаргасан. Тайлан хамгаалалтыг зохион байгуулсан комиссын дүгнэлт, холбогдох ажиллагаанууд явагдсан. Гүйцэтгэх захирлын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 43, 47, 50.1, 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасан заалтыг баримталж тушаал гаргасан. 28 ажилтны ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогчийн эрхийг хуульчилсан байдаг. Гүйцэтгэх захирал Ж.*******тай ганцаарчилан уулзаж хөдөлмөрий гэрээ байгуулж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргасан. Уг тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ******* Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/213 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 4-6 хуудас/, №102/2018 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 6-7 хуудас/, 2018 оны 08 сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт /хх-ийн 8-9 хуудас/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчаас ******* Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/213 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 31-32 хуудас/, Дарханы дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №21 дугаартай Компаний зохион байгуулалтын бүтэц өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 33 хуудас/, Дарханы дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм /хх-ийн 34-41 хуудас/, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 42-53 хуудас/, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 62 хуудас/, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/213 дугаартай тушаалын хавсралт ДДС ТӨХК-ийн 2022.12.30-ны Б/213 тоот тушаалаар ажлын байр өөрчлөгдсөн ажилтнуудын цалингийн сан, удаан жил, бусад нэмэгдэл олгох жагсаалт /хх-ийн 76-77 хуудас/, *******, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн а/12 дугаартай Ажиллагсдын үндсэн болон тарифи цалингийн сүлжээ, нэмэгдлийн жагсаалт батлах тухай тушаал, хавсралт №2, №3ё, /хх-ийн 78-81 хуудас/, цалин бодож олгох хүснэгт 1, 2 /хх-ийн 82-83 хуудас/,*******, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/318 дугаартай албан бичиг /хх-ийн 87 хуудас/, №102/2018 дугаартай, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 114-115 хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт /хх-ийн 116 хуудас/, Дарханы дулааны сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай Компанийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөлт оруулах тухай тогтоол, хавсралт /хх-ийн 126-127 хуудас/, *******, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн а/77 дугаартай Тайлан хамгаалах комисс томилох, тайлан хамгаалах зохион байгуулах тухай тушаал /хх-ийн 128, 129 хуудас/, тайлан хамгаалах үзүүлэлтүүд /хх-ийн 130 хуудас/, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022 оны ажлын тайлан хамгаалалтын комиссын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 131-132/, 2022 онд хийсэн ажлын тайлан хамгаалалтын дүн /хх-ийн 133-134 хуудас/, ААД-ээр мэдлэг шалгах тест №6 /хх-ийн 135-138 хуудас/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.*******н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажлаа зохих журмын дагуу хариуцлагатай сайн гүйцэтгэж байтал албан тушаал бууруулсан байх бөгөөд тус тушаал дээрээ надтай тохиролцсон гэсэн үндэслэлгүй тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, компанийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/213 дугаартай тушаал гарч, 28 ажилтантай уулзаж ажлын байрыг өөрчлөх санал тавихад бүгд амаар зөвшөөрсөн. Мөн 2022 оны ажлын тайлан хамгаалалтын дүнгээр Ж.******* нь 71 оноо авч үнэлэгдсэн бөгөөд бусад байдлаараа эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Эдгээр байдлыг үндэслэн түүнийг 2023 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн Дулаан түгээх, хангах албаны дулааны оруулгын слесариар томилсон, одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд цалин хөлсөө аваад үүрэгт ажлаа хийж байгаа. Үүнийг Ж.******* сайн дураар бүрэн зөвшөөрч 2023 оны 01 сарын 19-ний өдөр шинэ ажлын байран дээрээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байгаа тул тушаал үндэслэлтэй гэж маргадаг болно.

4. Ж.******* нь Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар өөр ажилд шилжүүлэн томилсон тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо 2023 оны 01 сарын 04-ний өдөр гаргасан байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар шүүх харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байх тул урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлд хамаарахгүй гэж үзэж шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр заасны дагуу шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна гэж үзсэн болно.

5. Нэхэмжлэгч Ж.******* нь Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан №102/2018 дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хяналтын инженерээр 2018 оны 09 сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд тус компанийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар дотоод хяналт мониторингийн хэлтсийн хяналтын инженерийн ажлаас чөлөөлөгдөж, дулаан түгээх хангах албаны дулааны оруулгын слесариар томилогджээ. /хх-ийн 114-116, 31-32 дугаар хуудас/

6. Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай тушаалаар Ж.*******гаас гадна нийт 27 ажилтныг өөр ажилд шилжүүлэн томилсон байх бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоол, 2022 оны ажлын тайлан хамгаалалтын дүн зэргийг үндэслэсэн байх бөгөөд шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 2022 оны тайлан хамгаалалтын дүн зэрэг нь Ж.*******д хамааралтай үндэслэл гэж тайлбарладаг болно.

Мөн тушаалын 1 дүгээр хэсэгт компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан нэр дурдсан ажилтнуудыг 2023 оны 01 сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр, 2 дугаар хэсэгт нэр дурдсан ажилтнуудыг 2023 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн албан тушаалд томилж ажиллуулахаар заасан бөгөөд энэхүү жагсаалтын 1-т гомдол гаргагч Ж.*******гийн нэр бичигдсэн байна.

Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т талууд харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Ж.******* болон бусад 27 хүнтэй компанийн захирал нэг бүрчлэн ганцаарчлан уулзаж, харилцан тохирч, өөр ажилд шилжүүлсэн байхад Ж.******* ганцаараа шүүхэд гомдол гаргасан, мөн шилжин томилогдсон дулааны оруулгын слесарийн ажлыг одоог хүртэл хийгээд явж байгаа бөгөөд сайн дураараа 2023 оны 01 сарын 19-ний өдөр шинээр томилогдсон ажил дээрээ хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нь харилцан тохиролцсон гэх үндэслэлийг нотолж байна гэсэн тайлбар гаргадаг.

Харин Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... захирал тушаал бууруулах талаар надтай уулзаж, тохирсон зүйл байхгүй, би тушаалаа аваад хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд гомдлоо гаргасан. Тэгээд шинээр томилсон ажлыг хийхгүй бол ажлаас бүр мөсөн халах байх гээд ажлаа хийгээд явж байгаа, нэгдсэн журмаар хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зур гэхээр нь өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж байгаад очиж гарын үсэг зурсан. Түүнээс хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй гэж тайлбарлаж байна.

7. Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай тушаалаар Ж.*******г 2023 оны 01 сарын 02-ны өдрөөс хяналтын инженерийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн дулааны оруулгын слесариар томилсон байх бөгөөд Ж.******* нь шүүхэд 2023 оны 01 сарын 04-ний өдөр гомдлоо гаргасан байна.

Мөн Ж.******* нь 2023 оны 01 сарын 02-ны өдөр Дархан Дулааны сүлжээ ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлд үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан талаар дурдаж шийдвэрлүүлэхээр гаргасан гомдол хэрэгт авагдсан байх бөгөөд үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй байна. /хх-ийн 61 дүгээр хуудас/

Дээрх үйл баримтаас үзэхэд Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай тушаалыг гаргахдаа Ж.*******тай харилцан тохиролцон өөр ажилд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч тал нэхэмжлэгч Ж.*******тай тушаал гаргахдаа ганцаарчлан уулзаж, харилцан тохирсон гэж байгаа боловч үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа, энэ талаарх уулзалтын тэмдэглэл, тайлбар хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч талын энэхүү тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзнэ.

8. Мөн тушаалд Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг үндэслэл болгосон бөгөөд тус тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Тогтоолын хавсралтаар Ж.*******гийн ажиллаж байсан Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн нэрийг дотоод хяналт аудитын хэлтэс гэж нэрлэсэн байх боловч хяналтын инженерийн орон тоо хасагдаагүй өөрчлөлт ороогүй байна. /хх-ийн 126-127 дугаар хуудас/

Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай тушаалын 2 дахь хэсгийн 14-т Б.Чанцалнямыг Дотоод хяналт аудитын хэлтсийн хяналтын инженерээр томилсон байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон асуудал нь Ж.*******г өөр ажилд шилжүүлэх, албан тушаал бууруулах үндэслэл болохгүй байна. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ үндэслэл Ж.*******д хамааралгүй гэж тайлбарладаг болохыг дурдаж байна.

9. Ж.*******г өөр ажилд шилжүүлсэн тушаалын үндэслэлд 2022 оны ажлын тайлан хамгаалалтын дүнг үндэслэсэн байх бөгөөд энэхүү үндэслэл Ж.*******д хамааралтай гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан 2022 онд хийсэн ажлын тайлан хамгаалалтын дүнгээр хяналтын инженер Ж.******* 71 оноо буюу дунд гэсэн үнэлгээ авсан, мэдлэг шалгах 2 төрлийн тестээр 85, 80 хувьтайгаар үнэлэгдсэн байна.

2022 оны 12 сарын 19-ний өдрийн 2022 оны ажлын тайлан хамгаалалтын комиссын дүгнэлтээр ... 2022 онд шинээр дулааны шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчийг зөвшөөрөлгүй дур мэдэн холбуулж, хяналтын ажилтны ёс зүй, хууль дээдлэх зарчмыг зөрчиж, авлига ашиг сонирхлын зөрчил үүсгэх, компанийн ёс зүйн дүрмийг зөрчих алдаа гаргасан нь хяналт тавих процесс болон хүн дээр онцгой анхаарах шаардлагатайгаа харуулж байна гэж үзээд 2022 оны ажлын тайлан хамгаалалтын дүн болон хувь ажилтны бэлтгэсэн ажлын тайланд тулгуурлан доорхи нэр бүхий хүмүүсийн талаар дараахь санал гаргаж байна. Үүнд: гээд 1-т хяналтын инженер Ж.*******г албан тушаал бууруулах саналыг гүйцэтгэх захиралд танилцуулахаар шийдвэрлэв гэжээ. /хх-ийн 131-132 дугаар хуудас/

Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалд Ж.*******г хяналтын инженерээс чөлөөлж, дулааны оруулгын слесариар томилсон байгаа нь зохигчдын тайлбараар албан тушаал бууруулсан болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох бөгөөд ийнхүү сахилгын зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Сахилгын шийтгэлийн нэг төрөл нь албан тушаал бууруулах байна.

Гэтэл Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай тушаалаар Ж.*******д сахилгын шийтгэл ногдуулсан талаар заагаагүй, холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, зөвхөн харилцан тохиролцсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох заалтыг баримталсан байгаа нь тус тушаалын үндэслэл, хариуцагч талын тайлбар зөрүүтэй байна гэж үзэхээр байна.

10. Иймд дуур дурдсан үндэслэлүүдээр Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд тлмилох тухай тушаалын Ж.*******д холбогдох үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тушаалын холбогдох Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.*******г Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

11. Нэхэмжлэгч Ж.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, цалингийн зөрүү гаргуулахаар шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч Ж.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх учиртай тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.*******г Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-ийн дотоод хяналт, аудитын хэлтсийн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Дарханы дулааны сүлжээ ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ