Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2023/00079

 

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 05-ны өдрийн 135/ШШ2023/00735 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/13 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, дотоод хяналт мониторингийн хэлтсийн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:
            ...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болсон байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр ажилчдын албан тушаал өөрчлөлтөөр ажилчдын албан тушаал өөрчилсөн гүйцэтгэх захирлын Б/213 дугаартай тушаал гарч миний албан тушаалыг өөрчилсөн, ажил албан тушаалыг бууруулахдаа надтай харилцан тохиролцоогүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 гэсэн заалтыг үндэслэн тушаал гарган шилжүүлсэн ажил нь дулааны оруулгын слесариар тушаал гаргасан.

Манай байгууллагын дотоод хяналт, мониторингийн хэлтэс нь дотоод аудитын хэлтэс болсон байсан. Иймд “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн б/213 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Дотоод аудитын хэлтсийн техникийн инженерээр эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу дотоод хяналт, мониторингийн хэлтсийн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч ******* ТӨХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна...  гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарын агуулга:

...Эрчим хүчний яамнаас компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд 2022 оны 10 сарын 20-ны өдрийн а/4009 тоот нэгдсэн удирдамжийн 1-р асуудлын г хэсэгт Компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог оновчтой болгох, Эрчим хүчний сайдын 2022 оны 10 сарын 25-ны өдрийн удирдамж өгөх тухай а/4062 тоот удирдамжийн 2 дахь заалтын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор компанийг шинэ зохион байгуулалтын бүтцээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Ажил олгогч нь 2022 оны 12 дугаар сард ажлын байр өөрчлөгдөх 28 ажилтантай нэг бүрчлэн ганцаараа уулзаж, ажлын байр өөрчлөх тухай санал тавихад бүгд амаар хүлээн зөвшөөрсөн.

2022 оны ажлын тайлан хамгаалалт хамгаалуулах комиссоос ******* нь 71 оноо авч үнэлэгдсэн, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ээлжит шалгалтад ААД 85, ТАД 80 оноо авсан, Дотоод хяналтын аудитын хэлтсийн дарга Б.*******гээс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бичгээр гаргасан тодорхойлолт зэрэг холбогдох нотлох баримтаас үзэхэд эрхэлсэн ажилдаа, мэргэжил, ур чадварын хувь тэнцэхгүй болох нь тогтоогддог.

...нэхэмжлэгч ******* нь шүүхэд хандахаас өмнө хариуцагч “*******” ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисс, сум, дүүргийн гурван талт хороонд хандаагүй нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн.

Хяналтын хэлтсээс *******д үйл ажиллагааг илүү сайжруулах үүднээс үүрэг даалгавар өгч байсан. Үүрэг даалгавар өгч байсан боловч хангалттай ажлаа хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд шинээр томилогдсон дулаан түгээх, хангах албаны дулааны оруулгын слесариар ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлс авч байгаа нь тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэсэн заалт нь хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, өмнөх ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гарсны дараа хэрэглэгдэх заалт бөгөөд хэрэглэх нөхцөл нь гагцхүү шүүхийн шийдвэр гарсан байхыг шаарддаг.

Харин нэхэмжлэгч *******н нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, энэ талаар шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******г ТӨХК-ийн дотоод хяналт, аудитын хэлтсийн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны ажлын тайлан хамгаалалт, ээлжит шалгалтад эрхэлсэн ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа байдлыг нь өөрт нь хэлж, ярилцаж тохиролцсоны үндсэн дээр ажлыг нь өөрчилсөн.

Шүүх “” ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б\213 дугаартай тушаалыг гаргахдаа *******тай харилцан тохиролцсоноор ажилд шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж заасны дагуу албаны бүрэн эрхийн хүрээнд *******тай ганцаарчлан уулзаж түүний ажлын ур чадвар, үр дүнгийн талаар ярилцсаны дагуу хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байх бөгөөд үүнийг ******* ч тухайн үедээ хүлээн зөвшөөрч №102\2023 тоот хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолттой танилцаж гарын үсэг зурж баталгаажуулснаар нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ТӨХК-д холбогдуулан тус ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/13 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дотоод хяналт мониторингийн хэлтсийн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч “*******” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. 

 4. Анхан шатны шүүх “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын *******д холбогдох үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн  “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал”-ын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******г “*******” ТӨХК-ийн дотоод хяналт, аудитын хэлтсийн хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.        

            5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны ажлын тайлан хамгаалалт, ээлжит шалгалтад эрхэлсэн ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа байдлыг нь өөрт нь хэлж, ярилцаж тохиролцсоны үндсэн дээр ажлыг нь өөрчилсөн.

Шүүх “” ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн б\213 дугаартай тушаалыг гаргахдаа *******тай харилцан тохиролцсоноор ажилд шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж заасны дагуу албаны бүрэн эрхийн хүрээнд *******тай ганцаарчлан уулзаж түүний ажлын ур чадвар, үр дүнгийн талаар ярилцсаны дагуу хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байх бөгөөд үүнийг ******* ч тухайн үедээ хүлээн зөвшөөрч №102\2023 тоот хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолттой танилцаж гарын үсэг зурж баталгаажуулснаар нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хэргээс судлан үзвэл:

6. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан №102/2018 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу “*******” ТӨХК-ийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэст хяналтын инженерээр ажиллаж байсан бөгөөд тус ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/213 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43, 47, 50.1, 78 дугаар зүйлийн 78.1.1,  “*******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №21 дугаар тогтоол, Компанийн дүрмийн 8.11.9, хөдөлмөрийн дотоод журмын 2.4, 3.1 дэх заалт, 2002 оны ажлын тайлан хамгаалалтын дүнг үндэслэн Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн хяналтын инженерийн ажлаас чөлөөлөгдөж, дулаан түгээх хангах албаны дулааны оруулгын слесариар томилогджээ.  /хх-ийн 114-116, 31-32/

7. ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ “ажлаа зохих журмын дагуу гүйцэтгэж байхад надтай тохиролцохгүйгээр албан тушаал бууруулсан, ажлын байр өөрчилсөн тушаал гаргасан нь үндэслэлгүй” гэж,

 Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №21 дугаар тогтоолоор зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, компанийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/213 дугаар тушаал гарч, нэр бүхий 28 ажилтантай уулзаж, тэдний зөвшөөрлийн дагуу  ажлын байрыг өөрчилсөн, ******* нь 2022 оны ажлын тайлан хамгаалалтаар 71 оноо авсан, бусад байдлаараа эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул ажлын байрыг өөрчилсөн” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

8. “*******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №21 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, орон тооны дээд хязгаарыг 191 байхаар баталсан байх ба нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан  Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн нэр өөрчлөгдөж,  хяналтын инженерийн орон тоо хэвээр хадгалагдсан байна. /хх-ийн 126-127/

Тухайн компанийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон асуудал нь ажилтан *******г өөр ажилд шилжүүлэх, албан тушаал бууруулах үндэслэл болохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон”-оор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй гэж тус тус заасан. 

Хариуцагч тал ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал гаргахдаа *******тай ганцаарчлан уулзаж, харилцан тохирсны үндсэн дээр өөр ажилд томилсон гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Тодруулбал хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”,

38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэж заажээ.

Ажил олгогч ажилтанг ажилд томилж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу байгуулах бөгөөд харин ажилтанг өөр ажлын байранд шилжүүлэн томилсноор өмнөх ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй, харин энэ нь өмнөх хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж, дараагийн хөдөлмөрлөх харилцаа шинээр үүсч хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иймд “хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг ******* ч тухайн үедээ хүлээн зөвшөөрч №102\2023 тоот хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаа” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            11. ******* нь  “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн б/213 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг эс зөвшөөрч гомдлоо шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гаргасан байгаа нь урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг зөрчөөгүй, шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  06 дугаар сарын 05-ны өдрийн 135/ШШ2023/00735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.БАЙГАЛМАА                                                             

                                            ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ                                                                                

                                                                                                   Г.МЯГМАРСҮРЭН