Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0487

 

С.Доржпүрэвийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, гуравдагч этгээд “Шинэ сансар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0255 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Доржпүрэвийн  нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0255 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Доржпүрэвийн “Ашигт малтмалын газрын харьяа Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 сарын 18-ны өдрийн 720 тоот тушаалыг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Угдайн дунд ус гэх газарт алтны олборлолт эрхэлж буй “Шинэ сансар” ХХК-д олгосон 15170А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдолдоо: “...Бид нэхэмжлэлийн үндэслэлээ “Шинэ сансар” ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Угдайн дунд ус гэх газарт алтны олборлолт эрхэлж буй "олгосон 15170А дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэдийн болоод С.Доржпүрэвийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн.

Энэ газар нутагт тусгай зөвшөөрөл олгосон эсэх, тухай асуудлаар мөн тухайн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлснээс байгаль орчин болоод тус бүс нутагт оршин суудаг иргэн С.Доржпүрэвийн болоод бусад иргэдийн эрхийг хангах, хамгаалах хангаагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тодорхойлогддог.

Анх Ашигт малтмалын газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулсан боловч тухайн үнэлгээнд дурдсан “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргах шаардлагатай” гэсэн шаардлагыг харгалзалгүйгээр тусгай зөвшөөрлийг олгожээ.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь тухайн төслийг хэрэгжүүлснээр байгаль орчин болоод тухайн бүс нутгийн иргэдийн ямар эрхийг зөрчих, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлөх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн нөхөн сэргээх тухай урьдчилсан нөхцөлийг тогтоох шаардлага.

Гэтэл үүнийг хийлгүйгээр Кадастрын хэлтсээс шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор иргэн С.Доржпүрэвийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн. Тодруулбал, тэрээр тус бүс нутагт хаваржаагаа ухуулснаар гэр бүлийн хамт аюулгүй, эрүүл орчинд амьдрах боломжгүй болсон. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгөөгүй.

С.Доржпүрэвийн үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг зөрчсөн. Шүүх Үндэслэх хэсэгтээ “С.Доржпүрэвт хаваржаа эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр нь тусгай зөвшөөрөл олгосон хугацаанаас хойно олгосон” гэжээ.

С.Доржпүрэв нь Угдайн дунд ус гэх газарт газар эзэмших хүсэлтийг хэдэн жилийн өмнө гаргасан, харин тухайн орон нутгийн засаг захиргаа нь асуудлыг шийдвэрлэхгүй байсан нь түүний эрхийг гуравдагч этгээд зөрчих үндэслэл болохгүй. Тусгай зөвшөөрөл олгох, газар эзэмших эрх олгох байгууллагууд нь төрийн байгууллагууд ба тэдгээрийн иргэний эрхийг зөрчсөн зөрчил нь С.Доржпүрэвийг буруутгах үндэслэл болохгүй байтал шүүх энэ байдалд бодитой дүгнэлт өгөөгүй.

С.Доржпүрэвийн амьжиргаагаа залгуулдаг эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд түүнийг эрхлэн маллах гол хэрэгсэл нь өвөлжөө, хаваржааны газар, тэдгээрийн бэлчээрлүүлэх талбай байдаг. Хаваржааны газаргүй болсноор С.Доржлүрэв нь тухайн газартаа оршин сууж, мал маллан амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Нэхэмжлэлийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад миний өгсөн хүсэлтэд дурдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон бусад баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. С.Доржпүрэвийн хаваржааны газар, “Шинэ сансар” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нэг дор давхцалтай байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй. Нотлох баримтыг дутуу бүрдүүлж, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Маргаан бүхий акт болох Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ихэр худаг нэртэй 1686.24 га уурхайн эдэлбэр талбайд 23365А ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Шинэ сансар” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх “хариуцагч нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 720 дугаар тушаалаар “Шинэ сансар” ХХК-д 15170А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу ажиллагаа явуулж, дээрх шийдвэрийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж зөв дүгнэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ашигт малтмалын газраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулсан боловч тухайн үнэлгээнд дурдагдсан “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргах шаардлагатай” гэсэн шаардлагыг харалгүй шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн байтал шүүх энэ нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгөөгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа хавсаргах баримт бичгийн жагсаалтыг зааж өгсөн бөгөөд уг жагсаалтад байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж хавсаргасан байхыг шаардаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Доржпүрэвийн эзэмшлийн газар болон гуравдагч этгээд “Шинэ сансар” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрууд давхцаж байгаа болох нь Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх боловч гуравдагч этгээд “Шинэ сансар” ХХК нь 2005 оноос эхлэн маргаан бүхий газрыг ХВ-10865 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж эхэлсэн бөгөөд 2009 онд уг газарт ашигт малтмалын ашиглалтын МҮ-015170 тоот тусгай зөвшөөрөл авсан болох нь хариуцагчийн хариу тайлбар болон “Шинэ сансар” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар, харин нэхэмжлэгч С.Доржпүрэв нь маргаан бүхий газарт 2013 оноос эхлэн хаваржиж амьдарсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар албан бичгээр[1] тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар давхцаж байх боловч нэгэнт нэхэмжлэгч С.Доржпүрэвийг маргаан бүхий газарт амьдарч эхлэхээс өмнө гуравдагч этгээд “Шинэ сансар” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байх тул “маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтийг хэдэн жилийн өмнө гаргасан, тухайн орон нутгийн засаг захиргаа нь асуудлыг шийдвэрлэхгүй байсан ... нэхэмжлэгчийн амьжиргаагаа залгуулдаг эх үүсвэр нь мал аж ахуй бөгөөд түүнийг эрхлэн маллах гол хэрэгсэл нь өвөлжөө, хаваржааны газаргүй, мал маллагаа амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06/1690 тоот албан бичгээр “Шинэ сансар” ХХК нь “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ ... батлуулаагүй...” гэсэн, өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсөн үнэлгээ болон бусад баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулах”  хүсэлтийг хангаж, уг нотлох баримтыг хэрэгт авсан байтал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “....миний өгсөн хүсэлтэд дурдсан баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймээс маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

                  ШҮҮГЧ                                          Н.ХОНИНХҮҮ

                  ШҮҮГЧ                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН