Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/44

 

Б.Э, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Б.Энхмэнд /цахимаар/,

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Л.Батжаргал /цахимаар/,

Шүүгдэгч Б.Н /цахимаар/,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Э, Б.Н нарт холбогдох 2029001030103 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Н,

Монгол Улсын иргэн, Б.Э,

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 4-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн сумын тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Э-н цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд нь шүүгдэгч Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б. Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 1300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 300 000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-т 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-н цагдан хоригдсон 115 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 1300000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э-н цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн иштэй үнс, шороо мэт саарал өнгийн зүйлээр бохирлогдсон хутганы урт 23 см, ажлын хэсэг нь 12 см, хутганы иш хэсэг нь 11 см урттай хутга, ажлын хэсэгтээ гурван ширхэг зууван хэлбэрийн нүхтэй, модон ишний хоёр талд 2 ширхэг тав тогтоосон, ишний арын дээд хэсэгт оосор хийх нүхтэй, STEEL JAPAN гэсэн бичигтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөрт нийт 1 700 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно" гэх заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй... гэж хуульчилсан.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар маргаантай байсан бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суух хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг биелүүлэх ...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй, мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаартай дүгнэлтийн тухай” 02 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

Дээрх хуулийн зохицуулалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хяналтын шатны хуралдааны дүгнэлт, тогтоол зэргээс үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь илэрхий боллоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж заасан.

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон бөгөөд үйлдсэн гэмт хэрэгт дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад заасны дагуу хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд Б.Э, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг өмгөөлөгч Л.Батжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэв.

Өмнөговь аймгийн сумын тоотод хашаанд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Б.Э Б.Н-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож зүүн нүдний орчим, 2 мөр, зүүн гуя болон зүүн ташааны гадна хэсгүүдэд хөхөрч зөөлөн эд няцарсан гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Н нь мөн цаг хугацаа, газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Э-н цээжний зүүн талд хутгалж зүүн талын арын дээд хэсэгт цээжний хөндийн ханыг нэвтэрсэн шарх, зүүн талын 4-р хавирганы хугарал, уушигны эдийн гэмтэл, зүүн талын эгэмийн дээд хэсгийн зулгаралт гэмтэл, гэмтлийн улмаас цээжний хөндийн зүүн хэсэгт хий болон цусны хуралдалт үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн тэдний хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 264, 265 дугаартай дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.   

Б.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Н-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх нь прокурор болон оролцогч нарын дүгнэлт, тайлбар, санал, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулж хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэнтэй нийцсэн тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 2029001030103 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-т 4 жил хорих ял тус тус оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, мөн хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон. Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын  2029001030103  дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахад яллагдагчаар татаж болохгүй хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан учир өмгөөлөгч Л.Б-н хэргийг хэрэгсэхгүй болгох давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсний дараа 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, мөн тэдний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, ялаас хасах үндэслэлд хамаарч байх тул өмгөөлөгч Л.Б-н шүүгдэгч Б.Э-г Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамааруулах тухай санал үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 төгрөгний торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу өршөөн хэлтрүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-тоногдуулсан 4 жил хорих ялаас хоёр жилийг  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу хасч, биечлэн эдлэх ялыг хэмжээг  2 /хоёр/ жилээр тогтоох  нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоолын 8 дахь заалтын “Эрүүгийн хэрэг...” гэсний өмнө “Хохирогч” гэж ойлгомжгүй, утгын алдаатай үг бичсэнийг магадлалд дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Л.Батжаргалын “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/ 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан 2 жилийг өршөөн хасаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Э-т оногдуулсан 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1300000 төгрөгний торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/ 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан өршөөн хэлтрүүлсүгэй.   

3. Шүүгдэгч Б.Н-н биечлэн эдлэх хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-н 2021 оны 5 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ