Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01460

 

 

 

 

 

 

 

 

 

УЗЗрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/01120 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “УЗЗ” ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 150 127 640 төгрөг, алдангид 75 063 820 төгрөг нийт 225 191 460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран оролцов.

 

Нэхэмжлэгч УЗЗ ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь тус байгууллагаас өнгө асфальт бетон хольц 690 тн, суурь асфальт бетон 860 тн тус бүрийг асфальт бетон хольц зээлээр худалдан авахаар тохиролцож, 2016.11.02-ны өдөр асфальт бетон бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулан нийт төлөх барааны үнэ 286 860 100 төгрөг болсон. Гэрээнд заасны дагуу 136 732 459 төгрөгийг урьдчилан худалдагч талд төлсөн. 2017.10.31-ний өдөр хүртэл төлөгдөөгүй төлбөр нь 150 127 640 төгрөг. Гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувиар тооцож алданги 75 063 820 төгрөг нэхэмжилж байна. Иймд Б ХХК-иас нийт 225 191 460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Б ХХК болон Л ХХК нь 2016.11.01-ний өдрөөс 2016.11.15-ны хооронд огт төлбөр хийгээгүй. Б ХХК, Л ХХК нь захиалагч Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр В хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба тухайн ажилд Б ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцож, уг ажлыг хийж дуусгасан байдаг. 2016.11.03-ны өдөр асфальт бетон бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний талууд нь Л ХХК, Б ХХК нар байгуулсан. Энэ гэрээний дагуу нийлүүлсэн асфальт бетоны төлбөр төлөгдөөгүй. Гэрээний дагуу суурь асфальт бетон болон асфальт бетон хольц, шингэн битум зэргийг 2016.11.03, 04-ний өдрүүдэд нийлүүлж, Б ХХК-д хүлээлгэн өгсөн. Б ХХК нь дээрх нийлүүлсэн бүтээгдэхүүнээр захиалагч Авто замын хөгжлийн газрын захиалгат ажил буюу Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн авто замын ажлыг хийж дуусгасан юм. Б ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа бол Л ХХК-иас нэхэмжилж авах нь зүйтэй гэжээ.

 

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр В хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлыг Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Л ХХК-ийн туслан гүйцэтэгчээр уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлын төлбөр болох Нийслэлийн Авто газартай байгуулсан НАЗГ-16/02 гэрээний дагуу Л ХХК-ийн Хны 5020597404 тоот дансаар орон, гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх байсан боловч одоо хүртэл төлбөр төлөгдөөгүй, санхүүжилт хийгдээгүй байна. Нэхэмжлэгч талын гаргасан асфальтын тайлангаар 433 тн суурь асфальт, өнгөт асфальт 835 тонныг тус тус явуулсан байдаг. Суурь асфальт 1 тонн нь 180 635 төгрөг гэж тооцохоор 78 214 955 төгрөг, өнгөт асфальт 1 тонн нь 190 600 төгрөг буюу 159 151 000 төгрөг нийт 237 860 100 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч урьдчилгаа төлбөрт 136 000 000 төгрөг аваагүй мэт ярьж байна. Энэ талаарх баримтгүй, тооцоо нийлсэн акт байхгүй. Б ХХК нь тооцоо нийлээгүй, тухайн нийлүүлсэн гэх бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй, тул хариуцагч биш гэж үзэж байна. Гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний шинжийг агуулаагүй ба гэрээнд хэсэглэн төлөх төлбөрийн хэмжээг заагаагүй, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, зөвхөн эд хөрөнгийн үнэ төлнө. Асфальт бетон нийлүүлэх гэрээ нь 3 талт гэрээ, талуудын эрх үүргийг , гэрээнд тодорхой тусгаж өгсөн байгаа. Л ХХК, Б ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан. Гэрээний захиалагч тал нь Л ХХК, гэрээний 2.4-т Захиалагч тал нь нийлүүлэгч талтай харилцан тохиролцож төлбөрийг асфальт бетон нийлүүлсэн баримтыг үндэслэн хийнэ. гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт байхгүй гээд баримт нотолгоо гаргаж өгөхгүй байна. Мөн гэрээний 2.5-т талууд нь нийлүүлсэн асфальт бетон хольцын баримтыг үндэслэн тооцоо нийлэх, эцсийн тооцоо нийлснээс хойш 3 сарын хугацаанд төлбөрийг бүрэн төлнө гэж тусгасан. Эцсийн тооцоо нийлсэн зүйл харагдахгүй байна. Б ХХК нь тухайн гэрээнд гүйцэтгэгчээр оролцсон. Талбайн авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч нь Л ХХК байсан ба Б ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцож, уг ажлыг хийж дуусгасан. Ажлын төлбөр болох Нийслэлийн Авто газраас Х дахь Л ХХК-ийн 5020597404 тоот дансанд ажлын хөлс 882 390 337 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Б ХХК нь гэрээгээр нийлүүлсэн асфальтан бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй, хүлээн авсан гэх баримтгүй, захиалагч тал биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч Б ХХК-иас 213 496 501 /хоёр зуун арван гурван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга таван зуун нэг/ төгрөгийг гаргуулж, Ут олгож, нэхэмжлэлээс 11 694 958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У /ОНӨААТҮГ/-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 283 907 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 1 225 432 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У /ОНӨААТҮ/-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзэх боломжгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 143 331 181 төгрөгийн өнгө болон суурь асфальт нийлүүлсэн нь нотлох баримтаар нотлогдсон гэсэн боловч хариуцагч талаас урьдчилан төлсөн 136 732 459 төгрөгийг хасч тооцоогүй учир 142 331 001 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд тооцоо нилйж байгаагүй нь нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хурлын явцад дурдаж байса ба гэрээний хугацааг тооцож алданги тооцох боломжгүй. Гүйцэтгээгүй үнийн дүнг гаргах боломжгүй байтал 71 165 500 төгрөгний алданги тооцсон нь үндэслэлгүй. Шүүх гэрээний үргэлжлэх хугацааг 2016.11.03-ны өдрөөс 2016.11.05-ны өдөр гэж үзсэн боловч энэ нь төлбөр төлөх хугацаа биш бөгөөд шүүх гэрээг хангалттай шинжлэн судалж үнэлээгүй. Мөн шүүх хариуцагч талын эрх бүхий ажилтаны бүтээгдэхүүн хүлээн авч байсан эсэх нь тодорхойгүй, тамга тэмдэг байхгүй баримтыг нотариатын тамгатай тул хүчин төгөлдөр гэж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргасан 142 331 001 төгрөг, түүний алдангид 71 165 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч талын урьдчилгаанд авсан 136 732 459 хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үнийн дүнд болон хууль хэрэглээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч УЗЗар ОНӨААТҮГ нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 150 127 640 төгрөг, алдангид 75 063 820 төгрөг нийт 225 191 460 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “төлбөрийг Л ХХК төлнө” гэж маргажээ. /хх-1-2, 34/

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК болон “Л” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр асфальт бетон бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, захиалагч талд 131 514 000 төгрөгийн үнэ бүхий 690 тн өнгө асфальт бетон хийц, 860 тн 155 346 100 төгрөгийн суурь асфальтан хольц нийт 286 860 100 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх, захиалагч нь нийлүүлсэн асфальт бетоны үнийг нийлүүлснээс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон. /хх-14-16 /

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн эсэх, хэдий хэмжээний төлбөрийг хэн төлөх ёстой, анз тооцох үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээгээр тохиролцсон эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээдэг. Хэрэгт авагдсан асфальт бетоны хольцын талон, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч нь захиалагчид нийт 142 331 001 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх ба хариуцагч дээрх тайлбар, баримтыг няцааж өөрийн татгалзал тайлбараа нотолсон баримт ирүүлээгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. /хх18, 21-25, 79-80/

 

Иймд хариуцагч нь худалдан авсан суурь бетон, өнгө асфальтны үнэ 142 331 001 төгрөг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний урьдчилгаа төлбөр 136 732 459 төгрөг төлсөн гэж тайлбарласан ч тайлбар татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д “Асфальт бетон хольцын баримтыг үндэслэн тооцоо нийлж төлбөрийг төлөх ба эцсийн тооцоог нийлснээс хойш 3 сарын хугацаанд төлбөрийг бүрэн төлнө. Мөн гэрээний 5.1-т зааснаар “нийлүүлсэн асфальт бетон зуурмагийн үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж тус тус тохиролцсон байна. Талуудын гэрээгээр тохиролцсон дээрх байдлаас үзвэл хариуцагчийг эцсийн тооцоо нийлснээс хойш 3 сар өнгөрснөөс хойш төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн гэж үзэх юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон талуудын байгуулсан гэрээний 5.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрхтэй байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар талуудын тооцоо нийлсэн гэх баримт авагдаагүй тул эцсийн тооцоо нийлснээс хойш төлбөрөө төлөөгүй гэсэн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй. /хх-14-16/

 

Иймд анхан шатны шүүхээс хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтад нийцэхгүй байх тул хариуцагчаас үндсэн төлбөр 142 331 001 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримталж, бусад хуулийн заалтыг хассан өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/01120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримталж хариуцагч “Б” ХХК-иас 142 331 001 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ут олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82 860 459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “1 225 432” гэснийг “869 605 ” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 225 432 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД