Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 01120

 

2019 оны 06 сарын 14 өдөр

     

Дугаар 182/ШШ2019/01120

 

         

      Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Жуковын өргөн чөлөөнд байрлах, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГазар /РД:6109209/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, “Жи И Би” ХХК-ийн байр, Гэрэл төв 4 дүгээр давхар 404 тоотод байрлах, “Бумбат даваа” ХХК /РД:5037654/-д холбогдох

Гэрээний үүрэг болох 225.191.460 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Бумбат даваа” ХХК нь тус байгууллагаас өнгө асфальт бетон хольц 690 тн, суурь асфальт бетон 860 тн тус бүрийг асфальт бетон хольц зээлээр худалдан авахаар тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр асфальт бетон бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан. 1 тн асфальт бетон хольцын үнэ 190.600 төгрөг, суурь асфальт бетон хольцын үнэ 180.635 төгрөг байхаар тохиролцож, нийт төлөх барааны үнэ 286 860 100 төгрөг болсон. Гэрээнд заасны дагуу 136.732.459 төгрөгийг урьдчилан худалдан талд төлсөн байна.

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд манай байгууллагад төлөгдөөгүй  төлбөр нь 150.127.640 төгрө байгаа болно. Гэрээний   5.1 дэх заалтыг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувиар тооцож алданги 75.063.820 төгрөг нэхэмжилж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хаягтаа  нь үйл ажиллагаа явуулахаа больсон, хаана байрлаж байгаа газар нь мэдэхгүйгээс шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгсөн байна. Иймд гэрээ болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул “Бумбат даваа” ХХК-иас 225.191.460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжэлгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.   Нэхэмжлэлд “Лорд Скай” ХХК-ийг урьдчилгаа төлбөрт 136.732.459 төгрөг төлсөн гэж андуурч бичигдсэн байгааг залруулж байна. “Бумбат даваа” ХХК болон “Лорд Скай” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд огт төлбөр хийгээгүй, энэ талаарх дансны хуулгыг гаргаж өгсөн болно. 

“Бумбат даваа” ХХК, “Лорд Скай” ХХК нь захиалагч Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр В хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба тухайн ажилд “Бумбат даваа” ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцож, уг ажлыг хийж дуусгасан байдаг. 2016 оны 11 дүгээр сарны 03-ны өдөр асфальт бетон бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний талууд нь “Лорд Скай” ХХК, “Бумбат даваа” ХХК нар байгуулсан. Энэ гэрээний дагуу нийлүүлсэн асфальт бетоны үнэ 2016 оноос огт төлөгдөөгүй.

Гэрээний дагуу суурь асфальт бетон болон асфальт бетон хольц, шингэн битум зэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд нийлүүлж, “Бумбат даваа” ХХК-д хүлээлгэн өгсөн. Нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр болох 150.127.640 төгрөг, алданги 75.063.820 төгрөг нийт 225.191.460 төгрөгийг хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь нэхэмжилж байна. “Бумбат даваа” ХХК нь дээрх нийлүүлсэн бүтээгдэхүүнээр захиалагч Авто замын хөгжлийн газрын захиалгат ажил буюу Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн авто замын ажлыг хийж дуусгасан юм. “Бумбат даваа” ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа бол “Лорд скай” ХХК-иас нэхэмжилж авах  нь зүйтэй ... гэв.

Хариуцагч “Бумбат даваа” ХХК-ийн ерөнхий захирал Б.Болд-Эрдэнэ  шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  

 Тус компани нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр В хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлыг Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Лорд Скай” ХХК-ийн туслан гүйцэтэгчээр уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлын төлбөр болох Нийслэлийн Авто газартай байгуулсан НАЗГ-16/02 гэрээний дагуу “Лорд Скай” ХХК-ийн ХААН банкны 5020597404 тоот дансар орон, манай гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх байсан боловч одоо хүртэл төлбөр төлөгдөөгүй, санхүүжилт хийгдээгүй байна.  Манай компанийн зүгээс нэхэмжлэгч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “Бумбат даваа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн асфальт бетон нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнэ 286.860.100 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 136.732.459 төгрөгийг худалдагч тал төлсөн байна. Төлөгдөөгүй төлбөр болох 150.127.640 төгрөг, алданги 75.063.820 төгрөг нийт 225.191.460 төгрөгийг  хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талын гаргасан асфальтын тайлангаар 433 тн суурь асфальт, өнгөт асфальт 835 тонныг тус тус явуулсан  байдаг. Суурь асфальт 1 тонн нь 180.635 төгрөг гэж тооцохоор 78.214.955 төгрөг, өнгөт асфальт 1 тонн нь 190.600 төгрөг гэхлээр 159.151.000 төгрөг нийт 237.860.100 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн  төлөөлөгч  урьдчилгаа төлбөрт 136.000.000 төгрөг аваагүй мэт ярьж байна. Энэ талаарх баримтгүй, тооцоо нийлсэн акт байхгүй. “Бумбат даваа” ХХК нь тооцоо нийлээгүй, тухайн нийлүүлсэн гэх бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй, тул хариуцагч биш гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дурдсан байдаг. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д  заасан гэрээний шинжийг агуулаагүй ба гэрээнд хэсэглэн төлөх төлбөрийн хэмжээг заагаагүй, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, зөвхөн эд хөрөнгийн үнэ төлнө. Асфальт бетон нийлүүлэх гэрээ нь 3 талт гэрээ,  талуудын  эрх үүргийг , гэрээнд тодорхой тусгаж өгсөн байгаа.  .

“Лорд Скай” ХХК, “Бумбат Даваа” ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгчид  бөгөөд  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан. Гэрээний захиалагч тал нь “Лорд Скай” ХХК, гэрээний 2.4-т “Захиалагч тал нь нийлүүлэгч талтай харилцан тохиролцож төлбөрийг асфальт бетон нийлүүлсэн баримтыг үндэслэн хийнэ.” гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн акт байхгүй гээд баримт нотолгоо гаргаж өгөхгүй байна. Мөн гэрээний 2.5-т “талууд нь нийлүүлсэн асфальт бетон хольцын баримтыг үндэслэн тооцоо нийлэх ... эцсийн тооцоо нийлснээс хойш 3 сарын хугацаанд төлбөрийг бүрэн төлнө” гэж тусгасан. Эцсийн тооцоо нийлсэн зүйл харагдахгүй байна. “Бумбат даваа” ХХК нь тухайн гэрээнд гүйцэтгэгчээр оролцсон.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр В хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч нь “Лорд Скай” ХХК байсан ба “Бумбат даваа” ХХК нь туслан гүйцэтгэгчээр оролцож, уг ажлыг хийж дуусгасан. ажлын төлбөр болох Нийслэлийн Авто газраас ХААН банк дахь “Лорд Скай” ХХК-ийн 5020597404 тоот дансанд ажлын хөлс 882.390.337 төгрөг шилжүүлсэн  баримт хэрэгт байгаа. “Бумбат даваа” ХХК нь гэрээгээр нийлүүлсэн асфальтан бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй, хүлээн авсан гэх баримтгүй, захиалагч тал биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГазар нь хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас 225.191.460 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа   худалдсан /бэлтгэн нийлүүлсэн/ асфальт бетоны төлбөр 150.127.640 төгрөг, алданги 75.063.820 төгрөг гэж тодорхойлж, хариуцагч “Бумбат даваа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гарган тайлбарлан мэтгэлцэж байгаа болно. /х.х-ийн 1-2, 34 тал/

Нэхэмжлэгч нь хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн үндэслэлд “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”  болон “Бумбат даваа” ХХК, “Лорд Скай” ХХК-иудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “Асфальт бетон бэлтгэн нийлүүлэх” гэрээ, асфальт бетон хольц болон шингэн битумын талон, асфальтын тайлан зэргийг үндэслэж байгаа болно. /х.х-ийн 14-25 тал/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэргээс үзэхэд

Нэхэмжлэгч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГазар нь хариуцагч “Бумбат даваа” ХХК болон “Лорд Скай” ХХК-иудтай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Асфальт бетон бэлтгэн нийлүүлэх” гэрээ бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу нийлүүлэгч тал нь захиалагч талд 131.514.000 төгрөгийн үнэ бүхий 690 тн өнгө асфальт бетон хийц, 155.346.100 төгрөгийн 860 тн  суурь асфальтан хольц нийт 286.860.100 төгрөгийн асфальт бетон бүтээгдэхүүн  нийлүүлэх,  захиалагч  нь  нийлүүлсэн асфальт бетоны үнийг нийлүүлснээс хойш 3 сарын хугацаанд төлөх/ бэлнээр, дансаар/-өөр харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 4-25 тал/

Гэрээний үргэлжлэх хугацааг талууд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байхаар тогтоожээ. /х.х-ийн 14 тал/

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна.

Дээрх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл болох бэлтгэн нийлүүлэх гэрээний шинжийг илүү тодорхойлж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан-худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн сонгон авсан хариуцагч нь “Бумбат даваа” ХХК байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. /х.х-ийн 58-64, 71-78 тал/

Хариуцагч “Бумбат даваа” ХХК, “Лорд Скай” ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх ба хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүсдэг байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГазар нь “Бумбат даваа ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд 78.247.469 төгрөгийн үнэ бүхий 433.180 тн  суурь бетон, 64.083.532 төгрөгийн 336.220 тн өнгө асфальт тус тус бэлтгэн нийлүүлж, нийт 142.331.001 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, асфальт бетоны хольцын талон зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 78-89 тал/

Хариуцагч “Бумбат даваа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... “Бумбат даваа” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний захиалагч тал биш,  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын угсралтыг ажлыг  гүйцэтгэхдээ “Лорд Скай” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр оролцсон ... “Лорд Скай” ХХК нь манай гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй. Тухайн нийлүүлсэн гэх асфальт бетон бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй. Талууд нийлж байгаагүй” гэх тайлбар гаргаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзал, түүний үндэслэл, тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно.

Ийнхүү өөрийн татгалзлыг нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.2-т “Хэрэв нэг талын хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар урьдчилан хангагдсан бол нөгөө тал үүргээсээ татгалзаж болохгүй” гэж заасан ба 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний 5.1-д “нийлүүлсэн асфальт бетон зуурмагийн үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг нийлүүлэгч талд төлөхөөр тохиролцжээ.

Иймд хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас нийлүүлсэн асфальт бетон бүтээгдэхүүний төлбөр 142.331.001 төгрөг, алданги 71.165.500 төгрөг нийт 213.496.501 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Улаанбаатар зам засвар арчлалтын  газарт олгож, нэхэмжлэлээс нотлох баримтаар нотлогдоогүй шингэн битумын төлбөр гэх 11.694.958 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /х.х-ийн 17-18 тал/

 Иймд “Бумбат даваа” ХХК нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс нь жич нэхэмжилж болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас 213.496.501 /хоёр зуун арван гурван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга таван зуун нэг/ төгрөгийг гаргуулж, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”-т олгож, нэхэмжлэлээс 11.694.958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар /ОНӨААТҮГ/-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.283.907 төгрөг улсын  орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бумбат даваа” ХХК-иас 1.225.432 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Улаанбаатар зам засвар арчлалтын газар /ОНӨААТҮ/-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

           

 

 

                         ДАРГАЛАГЧ                               Ж.ЦЭНГЭЛ