Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2023/00832

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2023/00832

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” хувьцаат компанийн 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой М ХК-ийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Б.Быг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгуулахаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгах тухай, 155/2022/00876/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Б (цахим),

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Ц, Ц.Б (цахим),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой “М” ХК нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий 9 гишүүний бүрэлдэхүүнтэй Төлөөн удирдах зөвлөлийг жил бүр Хувьцаа эзэмшигчдийн хурлаас байгуулан ажилладаг аж ахуйн нэгж юм.

Энэхүү Төлөөлөн удирдах зөвлөл нь дотроо Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороо, Аудитын хороог гишүүдийн дундаасаа байгуулан Компанийн тухай хууль болон уг компанийн дүрэмд заасан холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг болно.

Нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

“М” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны Нэр дэвшүүлэх хороо нь хараат бус гишүүнд нэр дэвшүүлэхдээ холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой “М” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны дарга Д нь тус нэр дэвшүүлэх хорооны хурлаа хувьцаа эзэмшигчдийн хурал болох өдөр, цаг хугацаатай давхцуулан уурхай дээр очин хуралдуулахдаа зөвхөн тус хорооны нэр бүхий 2 гишүүдийн хамт хийх ёстой байтал тус хорооны гишүүн бус, хувьцаа эзэмшигч Ж.Б, хувьцаа эзэмшигч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нарыг хурал болж буй өрөөндөө оруулж хараат бус гишүүнээр нэр дэвшихээр материалаа ирүүлсэн 8 иргэдээс хуйвалдан сонголт хийж, зөвхөн 3 хүний материалыг л хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан байна.

Энэ нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-ын 1 ба 2 дахь заалтыг зөрчиж Нэр дэвшүүлэх хорооны эрхээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

2. Хараат бус гишүүнд нэр дэвшсэн 8 хүн нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, компанийн дүрэмд заасан шаардлагыг бүрэн хангаж байхад нэр дэвшигчдээс зөвхөн Д.Б, Б.Н нарыг компанийн засаглалын ахисан түвшний “Хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн засаглалын боловсрол” сургалтанд сууж гэрчилгээ авсан гэсэн үндэслэлээр Хувьцаа эзэмшигчдийн хуралд нэрийг нь дэвшүүлсэн. Энэхүү сургалт нь 2022 оны хоёрдугаар сард “М” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хаалттай групп дээр тавьсан зарын дагуу Хөвсгөл аймгаас ТУЗ-ийн дарга Д, гишүүдээс Б.Билэгт-Отгон, Д.Б, Н.Н, Ж.Б, Н.Б, Л.Б нар л хамрагдсан. Энэ нь зөвхөн мэдээлэлд ойр байсан иргэд хамрагдсан гэсэн үг юм.

3. Нэр дэвшүүлэх хорооны зохиосон шалгуур үзүүлэлтийн хүснэгтийн 6-р заалтаар зөвхөн нэр дэвшигч Б.Тийг оноонд тооцож бусад шаардлага хангасан нэр дэвшигчдэд оноо өгөөгүй нь хууль бус үйлдэл юм.

Уг компанийн хараат бус гишүүнээр хуулийн шаардлага ханган томилогдон ажиллаж байсан миний бие Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтад заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа мөртлөө зөвхөн ахисан шатны сургалтанд хамрагдаагүй гэх үндэслэлээр болон эдийн засгийн магистрийн зэрэгтэй тул шалгуур үзүүлэлтийн хүснэгтийн 6-р заалтын үзүүлэлтийг хангасан атал нэр хасагдаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл компанийн хараат бус гишүүнийг шалгаруулах журмыг 2022 оны 04 дүгээр сард баталсан байх бөгөөд ингэж журам батлахдаа хараат бус гишүүдэд тавигдах шаардлагад Компанийн засаглалын ахисан түвшний сургалтанд суусан байх шаардлага нэмж тусгасан байна.

Харин энэ сургалт нь 2022 оны 2 дугаар сард явагдсан байх бөгөөд дээрхи журам баталснаас даруй хоёр сарын өмнө сургалт болсон тул бүх нэр дэвшигчид хамрагдах боломжгүй байдлыг үүсгэсэн байна.

Түүнчлэн бүх нэр дэвшигчид Компанийн засаглалын гэрчилгээтэй байсаар байтал Компанийн засаглалын ахисан түвшний сургалтанд суусан байх шаардлага нэмж тусгасан нь мөн л хууль бус юм.

Компанийн хараат бус гишүүдийг шалгаруулах эрх бүхий этгээдүүд нь компанийн засаглалын нээлттэй илт тод шудрага тэгш эрхийн үндсэн дээр гишүүдийг шалгаруулах үүрэгтэй бөгөөд сонгон шалгаруулалтанд нэрээ дэвшүүлсэн иргэдийг Компанийн тухай хуульд байхгүй хууль бус шаардлага тавьж 8 нэр дэвшигчээс 5 нэр дэвшигчийг хассан нь ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.

Үүний учир “М” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны Хараат бус гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.2 дахь заалтуудыг зөрчсөн тул уг Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож нэр дэвшигч Б.Б намайг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр нэр дэвшүүлэхээр Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн Хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж нэр дэвшигч Б.Быг төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилуулахаар төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчийн хуралд оруулахыг даалгах тухай шаардлага байгаа.

Нэхэмжлэлийн үндэс маань Компанийн тухай хуулийн 79.1-т заасан Хараат бус гишүүнээр сонгох тухай шаардлагыг хангасан иргэдийг хараат бус гишүүнээр сонгуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахаар байгаа. Хараат бус гишүүний шаардлагыг хангаж байгаа гэх үүргээ умартан ахисан түвшний сургалт гэж томьёоллыг тулгаж зар тавиад нэр бүхий иргэдийн эрхийг зөрчсөн. Компанийн тухай хуулийн 81.5.2-т бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон удирдлагад нэр дэвшигчийн мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, харин хараат бус гишүүний хувьд энэ хуулийн 79.1-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх гэж заасан байна. Гэтэл хуулиас давсан сонгон шалгаруулалт явуулж Б.Б миний эрхийг зөрчсөн мөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Орон нутгийн өмчит хувьцаат  компанийн үйл ажиллагааны нийтлэг журам баталсан байгаа. Уг журмын 9.2-т нэр дэвшүүлэх хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Мөн 9.2.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, ердийн гишүүний ур чадвар мэдлэг боловсрол ажлын туршлага хараат бус гишүүдийг хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх. М ХК-ний 7.26-д төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо энэ дүрмийн 7.25-т заасан шалгуурыг хангасан этгээдийг хараат бус гишүүнд нэр дэвшүүлнэ гэсэн байгаа. 7.25 мөн адил долоон шалгуур тавьсан байдаг ба энэ шаардлагыг Б.Б миний бие хангаад нэр дэвшихэд хууль бус тогтоол гаргаж миний эрхийг зөрчсөн. Компанийн тухай хууль, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол, М ХК-ний дүрмийг тус тус зөрчсөн. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар гарсан 01 тогтоолыг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж, хараат бус гишүүн томилуулахаар хувьцаа эзэмшигчийн хуралд санал болгуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч М ХК-ийн 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо шүүхэд гаргасан тайлбартаа: 2022 оны 09 сарын өдөр нэхэмжлэгч Б.Б нь М ХК-ийн Нэр дэвшүүлэх хороо хараат бус гишүүний хуулийн шаардлагад хангаж байхад ахисан түвшний сургалтанд суугаагүй гэсэн шалтгаанаар хассан нь хууль зөрчсөн гэж дурджээ. Мөн нэр дэвшигч Б.Б нь тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо нь эрх үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж буруутгажээ. Иймд уг нэхэмжлэлийн хариуд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. “М ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо нь “Компанийн тухай хууль”, “Компанийн дүрэм”, “Нэр дэвшүүлэх хорооны ажиллах журам”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль болон Санхүүгийн Зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс” зэрэг хууль, журамд заасан эрх зүйн зарчмыг баримтлан, тэдгээрийг хэрэгжүүлэн, үйл ажиллалаандаа мөрдөж ажилладаг.

2. Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо нь “Компанийн тухай” хуулийн 79.1, 81.2, 81.3 болон 81.5-д заасны дагуу өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, ТУЗ-ын хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоон тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгох шалгаруулах тухай зарыг олон нийтэд нээлттэй хүргэж, нэр дэвшигчдийн материалыг зохих журмын дагуу хүлээн авч үнэлсэн болно.

3. Тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж сонгон шалгаруулахдаа Монгол улсад мөрдөгдөж байгаа “Компанийн засаглалын кодекс”-д заасан ТУЗ-ийн хараат бус гишүүнээр нэр дэвшиж буй этгээд нь бусад компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг эсэх, мөн томилогдсон тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай цаг хугацааг зориулах боломжтой эсэх зэрэг шалгуурыг эн тэргүүнд харгалзан үзсэн болно.

Компанийн нэр дэвшүүлэх хорооны ажил үүргийн тухай “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 21-р зүйлийн 5.1-д “тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай” байхаар заасан байдаг.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар тогтоол, “Орон нутгийн өмчит компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам“-ын 4.7-д “ТУЗ-ын гишүүнээр томилогдохыг хүссэн нэр дэвшигч нь компанийн талаар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг нэр дэвшүүлэх хороонд ирүүлж, Нэр дэвшүүлэх хороо дүгнэлт гаргаж ...Хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилно” гэж заасан нэр дэвшүүлэх хорооны хуульд заасан чиг үүргийн дагуу хараат бус гишүүдийн материалыг хүлээн авах зарыг өдрийн сонины 2022.04.15 дугаарт олон нийтэд тавьж материалын хүлээн авахад 8 хүний материал ирснээс нэр дэвшигч Б.Б нь компанийн ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй байсан бөгөөд энэ сургалтанд хамрагдахыг Мын ТУЗ-ийн компанийн дотоод групп дээр нээлттэй тавьж ТУЗ-ийн гишүүд хамрагдахад Б.Б харсан боловч хамрагдаагүй.

Компанийн ахисан түвшний сургалтыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос олон нийтэд мэдээлж сургалтыг улирал тутам явуулдаг бөгөөд сургалтанд хамрагдах нь тухайн иргэний хувьд нээлттэй юм.

М ХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх “Нэр дэвшүүлэх хорооны ажиллах журам”-ын гуравдугаар зүйлийн 3.1-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр дэвшүүлэх, нэр дэвшүүлэхээс татгалзах” эрхтэй гэж тодорхой зааж өгчээ.

Энэ хууль журмын дагуу Нэр дэвшүүлэх хорооны гишүүн Б.Д, Н.Н, Д.Б нар хуралдан шалгуур үзүүлэлтийг хуулийн дагуу боловсруулан оноогоор үнэлж, хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан бөгөөд нэр дэвшигч Б.Б нь дээрх шаардлагыг хангаагүй учраас ХЭХ-д оруулахгүй гэж хорооны гишүүдийн олонхийн саналаар хууль журмын дагуу шийдсэн юм...

Нэр дэвшүүлэх хороо нь “Компанийн тухай хууль”-ийн 85.5.1-д заасан:

“Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчийн ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлага, харин хараат бус гишүүний хувьд энэ хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх: 81.5.3. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нэр дэвшигчийг бүртгэн сонгон шалгаруулалт хийж, хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд нэр дэвшүүлэх” гэж заасны дагуу Б.Б нь ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй, шаардлагад нийцэхгүй байсан учраас хувьцаа эзэмшигчдийн хуралд нэрийг дэвшүүлээгүй нь хууль, нэр дэвшүүлэх хорооны ажиллах журмын бүрэн эрхийн хүрээнд шийдсэн гэж үзэж байгаа учраас иргэн Б.Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Нэргүй шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...“М” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх нь “Компанийн тухай" Монгол улсын хууль, “Компанийн дүрэм”, “Нэр дэвшүүлэх оны ажиллах журам”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” монгол улсын хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс” зэрэг хууль, дүрэм, журамд заасан эрх зүйн зарчмыг баримтлан, тэдгээрийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрддөг. ...Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар тогтоол, “ Орон нутгийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.7 дахь хэсэг “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдохыг хүссэн нэр дэвшигч нь компанийн талаар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг нэр дэвшүүлэх хороонд ирүүлж, нэр дэвшүүлэх хороо дүгнэлт гаргаж ...Хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилно” гэж заасан Нэр дэвшүүлэх хорооны хуульд заасан чиг үүргийн дагуу хараат бус гишүүдийн материалыг хүлээн авах зарыг Өдрийн сонины 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн дугаарт олон нийтэд тавьж материалыг хүлээн авахад 8 хүний материал ирснээс нэр дэвшигч Б.Б нь компаний ахисан түвшиний сургалтад хамрагдаагүй байсан.

... Нэр дэвшүүлэх хороо нь “Компанийн тухай хууль”-ийн 85.5.1 дэх хэсэгт заасан: “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчийн ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршпага, харин хараат бус гишүүний хувьд энэ хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;

Мөн хуулийн 81.5.3 дахь хэсэгт заасан “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэн сонгон шалгаруулалт хийж, хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд нэр дэвшүүлэх гэж хуульчилсан байхад нэр дэвшигч Б.Б нь ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй, тухайн кампаний удирдах дээд байгууллага болох төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах нөхцөлийг хангаагүй, тавигдсан шаардлагад нийцэхгүй байсан учраас “М” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд нэрийг дэвшүүлээгүй нь дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, нэр дэвшүүлэх хорооны ажиллах журмын бүрэн эрхийн хүрээнд шийдсэн гэж үзэж байгаа учраас иргэн Б.Бы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Уг нэхэмжлэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие байгууллагын журмын дагуу бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгогдсон тул намайг гуравдагч этгээдэд татах нь буруу гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүнийг нотлох баримтыг хуулиар хүлээнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч гэдэг нь түүний хуульд заасан эрх ашгийг зөрчсөн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл Б.Б гэдэг хүний эрх ашгийг хэн гэдэг субъект, эрх зүйн ямар үр дагавраар зөрчсөн байхыг шаардана хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч Б.Бы эрх ашиг хэрхэн яаж зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхүй болгож өгнө үү . Тодруулга Нэр дэвшүүлэх хорооны тогтоол, төлөөлөн удирдах хорооны тогтоол агуулгын хувьд хоёр өөр гэж тайлбарлаж байх шиг байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гэдэг бол компанийн засаглалыг хэрэгжүүлж байгаа субъектүүдийн гаргадаг тогтоол. Компанийн тухай хууль болон дүрмээр тодорхойлогддог. Түүнээс доош салбарлаад нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааг тодорхойлдог төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол бол өнөөдрийн гаргаж байгаа нэхэмжлэлтэй 100 хувь хамааралтай. Харамсалтай нь шүүхээс хүсэлтийг хангаж шийдсэнгүй.  Шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө эдгээр нотлох баримтыг харгалзан үзээч ээ гэж хүсье. Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн,

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаан Хариуцагчийн хувьд тодорхой тайлбар дурдсан байгаа үүн дээр бол давхардаж санал хэлэхгүй. Хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад иргэн Б.Б миний ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдох эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа үүнтэй холбоотой ямар учраас вэ гэсэн ахисан түвшний сургалтад суугаагүй гэдэг нь үндэслэлгүй гэж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага  2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр гардуулж өгсөн шаардлага байгаа. Шаардлага дээр 3,4 үндэслэл байна. Нэгд  хуйвалдаж нэр дэвшүүлэх хорооны эрхээ хэтрүүлсэн,  найман хүнээс 3,4 хүний материал танилцуулсан гэж байна. Ийм зүйл болоогүй нотолсон нотлох баримт байхгүй. Хоёрт Ахисан түвшний сургалтад суух гэтэл хаалттай группт тавиад мэдээлэл аваагүй гэж байна. Гуравт Зөвхөн нэр дэвшигч  Түмэндэмбэрэлийн оноог тавиад бусад нэр дэвшигчийн оноог тавиагүй гэсэн байна. Компанийн тухай хуулийн 79.1-т заасан шалгуурыг хангаж байгаа тул илт зөрчсөн үйлдэл байна гэсэн асуудал тавьжээ.  Хараат бус гишүүнд нэр дэвшүүлэх нэмэлт шаардлагыг 2022 оны 4 дүгээр сард дүрмэндээ  ахисан түвшний сургалтад суусан байхаар тусгасан байна.  

Нэхэмжлэлийн шаардлага дээр Компанийн тухай хууль, М ХК-ийн дүрэм бусад хуульд заасан хариуцагч болон гуравдагч этгээд нарын хариу тайлбарт тусгагдаж байгаа хууль зүйн шаардлагыг хангаж явагдсан байгаа. Гэтэл үүний аль процесс зөрчсөн юм бэ гэдэг нэг үг өгүүлбэр байхгүй. Үүнтэй холбоотой тайлбар байхгүй. 79.1 бол ТУЗ-ийн хараат бус гишүүнд заасан тавих шаардлагын хамгийн наад захын асуудал. Үүнтэй холбоотой иргэн Б.Бтай адилхан маш олон хүн байгаа тэр олон хүнээс шалгаруулж авахын тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шалгуураа тавьж байгаа. Тэгэхээр журамд зааснаар нэр дэвшигч шалгаруулах хороо юуг үнэлэх вэ гэхээр ямар нэр дэвшигчийн материалыг хүлээн авах уу, ямар дүрэм журмаар хүлээж авах уу гэдгээ эхлээд томьёолоод түүгээрээ материалаа хүлээж авсан. Нэр дэвшүүлэх хорооны хууль бус ажиллагаа байхгүй. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэр дэвшүүлэх хороо хариуцагч мөн үү гэдэг дээр шүүх бас үнэлэлт дүгнэлт өгөөд явах байх. Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх харгалзаж үзээч гэж хүсэж байна гэсэн байр суурийг тус тус илэрхийлжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн “М” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар албан бичиг, “М” ХК-ийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, түүний хавсралт 1, 2-ын хуулбар, “М” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь “М” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 5/2069 дугаартай албан бичгийн архивын хуулбар, Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс олгосон гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “М” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай тогтоолын архивын хуулбар, М хувьцаат компанийн компанийн дүрэм, ажиллах журмын эмхэтгэлийн зарим хэсгийн архивын хуулбар,  

Хариуцагчаас Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолын архивын хуулбар, Орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын архивын хуулбар, М хувьцаат компанийн дүрэм, ажиллах журмын эмхтгэлийн зарим хэсгийн архивын хуулбар, “М” ХК-ийн нэр дэвшүүлэх хорооны хурлын 2022 оны 4-р сарын 29-ний өдрийн тэмдэглэл, хавсралт 1, 2-ын хуулбар, “М” ХК-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн материал хүлээн авсан тэмдэглэл (2022.04.21)-ийн хуулбар, “М” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороонд санал хүргүүлэх нь (2022.02.25) гэх баримтын хуулбар, “М” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороонд хүсэлт гаргах нь (2022.02.25) гэх баримтын архивын хуулбар, “М” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар, “М” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай тогтоолын хуулбар, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/65 дугаартай захирамж, нэгдүгээр, хоёрдугаар хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/278 дугаар албан бичгийн хуулбар зэргийг тус тус ирүүлсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нотлох баримт бүрдүүлсэн.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М хувьцаат компанийн 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд холбогдуулан Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой М ХК-ийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Б.Быг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгуулахаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:  Нэр дэвшүүлэх хороо нь “Компанийн тухай хууль”-ийн 85.5.1 дэх хэсэгт заасан: “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчийн ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршпага, харин хараат бус гишүүний хувьд энэ хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөхөөс биш хууль бус тогтоол гаргаж гуравхан хүнийг хувьцаа эзэмших хуралд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, энэ хуулиас давсан сонгон шалгаруулалт явуулж Б.Б миний эрхийг зөрчсөн мөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Орон нутгийн компани үйл ажиллагааны нийтлэг журам баталсан байгаа. Уг журмын 9.2-т нэр дэвшүүлэх хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Мөн 9.2.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, ердийн гишүүний ур чадвар мэдлэг боловсрол ажлын туршлага хараат бус гишүүдийг хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх гэж заасан байгаа. М ХК-ний 7.26-д төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо энэ дүрмийн 7.25-т заасан шалгуурыг хангасан этгээдийг хараат бус гишүүнд нэр дэвшүүлнэ гэсэн байгаа. 7.25 мөн адил долоон шалгуур тавьсан байдаг ба энэ шаардлагыг Б.Б миний бие хангаад нэр дэвшихэд хууль бус тогтоол гаргаж миний эрхийг зөрчсөн.

3. Хариуцагч М хувьцаат компанийн 2022 оны нэр дэвшүүлэх хорооны дарга Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “М ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо нь “Компанийн тухай хууль”, “Компанийн дүрэм”, “Нэр дэвшүүлэх хорооны ажиллах журам”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль болон Санхүүгийн Зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс” зэрэг хууль, журамд заасан эрх зүйн зарчмыг баримтлан, тэдгээрийг хэрэгжүүлэн, үйл ажиллалаандаа мөрдөж ажилладаг. Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо нь “Компанийн тухай” хуулийн 79.1, 81.2, 81.3 болон 81.5-д заасны дагуу өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, ТУЗ-ын хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоон тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтэд нээлттэй хүргэж, нэр дэвшигчдийн материалыг зохих журмын дагуу хүлээн авч үнэлсэн болно. Тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж сонгон шалгаруулахдаа Монгол улсад мөрдөгдөж байгаа “Компанийн засаглалын кодекс”-д заасан ТУЗ-ийн хараат бус гишүүнээр нэр дэвшиж буй этгээд нь бусад компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг эсэх, мөн томилогдсон тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай цаг хугацааг зориулах боломжтой эсэх зэрэг шалгуурыг эн тэргүүнд харгалзан үзсэн болно.

Компанийн нэр дэвшүүлэх хорооны ажил үүргийн тухай “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 21-р зүйлийн 5.1-д “тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай” байхаар заасан байдаг.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар тогтоол, “Орон нутгийн өмчит компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам“-ын 4.7-д “ТУЗ-ын гишүүнээр томилогдохыг хүссэн нэр дэвшигч нь компанийн талаар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг нэр дэвшүүлэх хороонд ирүүлж, Нэр дэвшүүлэх хороо дүгнэлт гаргаж ...Хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилно” гэж заасан нэр дэвшүүлэх хорооны хуульд заасан чиг үүргийн дагуу хараат бус гишүүдийн материалыг хүлээн авах зарыг өдрийн сонины 2022.04.15 дугаарт олон нийтэд тавьж материалыг хүлээн авахад 8 хүний материал ирснээс нэр дэвшигч Б.Б нь компанийн ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй байсан бөгөөд энэ сургалтанд хамрагдахыг Мын ТУЗ-ийн компанийн дотоод групп дээр нээлттэй тавьж ТУЗ-ийн гишүүд хамрагдахад Б.Б харсан боловч хамрагдаагүй.

Компанийн ахисан түвшний сургалтыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос олон нийтэд мэдээлж сургалтыг улирал тутам явуулдаг бөгөөд сургалтанд хамрагдах нь тухайн иргэний хувьд нээлттэй юм.

М ХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх “Нэр дэвшүүлэх хорооны ажиллах журам”-ын гуравдугаар зүйлийн 3.1-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр дэвшүүлэх, нэр дэвшүүлэхээс татгалзах” эрхтэй гэж тодорхой зааж өгчээ.

Энэ хууль журмын дагуу Нэр дэвшүүлэх хорооны гишүүн Б.Д, Н.Н, Д.Б нар хуралдан шалгуур үзүүлэлтийг хуулийн дагуу боловсруулан оноогоор үнэлж, хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан бөгөөд нэр дэвшигч Б.Б нь дээрх шаардлагыг хангаагүй учраас ХЭХ-д оруулахгүй гэж хорооны гишүүдийн олонхийн саналаар хууль журмын дагуу шийдсэн юм.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Н шүүхэд ... нэр дэвшигч Б.Б нь ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй, тухайн компаний удирдах дээд байгууллага болох төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах нөхцөлийг хангаагүй, тавигдсан шаардлагад нийцэхгүй байсан учраас “М” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд нэрийг дэвшүүлээгүй нь дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, нэр дэвшүүлэх хорооны ажиллах журмын бүрэн эрхийн хүрээнд шийдсэн гэж үзэж байгаа учраас иргэн Б.Бы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б шүүхэд  ...Уг нэхэмжлэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй. Намайг уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь буруу юм гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Т нь хэрэг маргаантай холбоотой хариу тайлбарыг ирүүлээгүй зөвхөн өмгөөлөгчийг оролцуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар дурдсан хүсэлтийг ирүүлжээ.

5. Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Т нарын өмгөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Ц.Б нар шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.6-д зааснаар үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх гэсэн эрхээ хэрэгжүүлж өөрсдийн байр суурийг дараах байдлаар илэрхийлсэн байна.

Үүнд: Өмгөөлөгч Б.Ц ...иргэн Б.Бтай адилхан маш олон хүн байгаа тэр олон хүнээс шалгаруулж авахын тулд өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шалгуураа тавьж байгаа. Тэгэхээр журамд зааснаар нэр дэвшигч шалгаруулахдаа хороо юуг үнэлэх вэ гэхээр ямар нэр дэвшигчийг хүлээн авах уу, ямар дүрэм журмаар хүлээж авах уу гэдгээ эхлээд томьёолоод түүгээрээ материалаа хүлээж авсан. Нэр дэвшүүлэх хорооны хууль бус ажиллагаа байхгүй. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэр дэвшүүлэх хороо хариуцагч мөн үү гэдэг дээр шүүх бас үнэлэлт дүгнэлт өгөөд явах байх. Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх харгалзаж үзээч гэж хүсэж байна.

Өмгөөлөгч Ц.Б ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүнийг нотлох баримтыг хуулиар хүлээнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч гэдэг нь түүний хуульд заасан эрх ашгийг зөрчсөн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл Б.Б гэдэг хүний эрх ашгийг хэн гэдэг субъект, эрх зүйн ямар үр дагавраар зөрчсөн байхыг шаардаад байгаа нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч Б.Бы эрх ашиг хэрхэн яаж зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн М ХК-ийн нэр дэвшүүлэх хорооны хурлын тэмдэглэл,  Нэр дэвшүүлэх хорооны хурлын тэмдэглэлийн хавсралт 1, 2, М ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай” тогтоол зэрэг нотлох баримт, зохигчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

Үүнд: М хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах комиссоос тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах тухай нээлттэй зарыг өдөр тутмын хэвлэл, Өдрийн сонины 2022 оны 4-р сарын 15-ны өдрийн №071 дугаарт нийтлүүлсэн. Зарын дагуу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд нийт 8 хүний хүсэлт, холбогдох материалыг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Урангэрэл хүлээн авч тэмдэглэл хөтлөн нэр дэвшүүлэх хорооны даргад 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр М хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны хурлаар 8-н нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх, тэдний хуульд заасан нийтлэг шаардлага болон нэмэлт шалгуур үзүүлэлтүүдэд тэнцэж байгаа эсэхийг үнэлгээний схемээр үнэлэн, нийт 8-н шалгуурыг гаргаж 8-н нэр дэвшигчдэд үнэлгээг өгчээ.

Үнэлгээгээр нэр дэвшигч С.Ц 6, нэр дэвшигч Б.Т 7, нэр дэвшигч Д.Б 7, нэр дэвшигч Б.Б 6, нэр дэвшигч Ц.Н 5, нэр дэвшигч Г.С 5, нэр дэвшигч Н.Н 7, нэр дэвшигч  Н.М 6 гэсэн үнэлгээг тус тус авсан байна.

М хувьцаат компанийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар М ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчээс Д.Б, Н.Н, Б.Т нарын 3-н нэр дэвшигч нь хараат бус гишүүнд тавигдсан хуулийн болон нэмэлт шалгуурыг хангасан үндэслэлээр хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахаар шийдвэрлэжээ.

Ингээд М хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар “ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай” тогтоолыг гаргасан байна.

8. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь би хууль болон дүрмэнд заасан шалгуурыг хангасан байтал намайг Хувьцаа эзэмшигчдийн хуралд нэрийг дэвшүүлээгүй нь Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хууль, дүрмийг давсан шалгуур тавьж миний эрхийг зөрчсөн гэсэн нь түүний М хувьцаа эзэмшигчдийн хуралд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдохоор нэр дэвших эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

9. Компанийн засаглалын хэрэгжилтийг хариуцагч гол субьект нь төлөөлөн удирдах зөвлөл бөгөөд Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг компанийн тухай хуулиар зохицуулна гэжээ.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь аудитын, цалин, урамшууллын, нэр дэвшүүлэх хороодтой байх бөгөөд эдгээр хороодын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс бүрдэнэ” гэж,

Мөн хуулийн 81.3-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн хороо нь тодорхой чиг үүрэгтэй байх бөгөөд тухайн асуудлаар дүгнэлт гаргаж, төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах, энэ хуульд заасан зарим асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэж тус тус хуульчилсан ба хариуцагч ... шаардлагад нийцэхгүй байсан тул Хувьцаа эзэмшигчдийн хуралд нэрийг дэвшүүлээгүй нь хууль, нэр дэвшүүлэх хорооны ажиллах журмын бүрэн эрхийн хүрээнд шийдсэн гэж үзэж байгаа учраас иргэн Б.Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо нь гадагшаа чиглэсэн шийдвэрийг гаргадаггүй боловч компанийн засаглалыг хэрэгжүүлэхэд өөрийн эрх хэмжээний хүрээнд компанийн дотоод дахь засаглалын эх үндэс болсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдэд тавих шалгуурыг боловсруулж, тэдэнд үнэлэлт дүгнэлт өгөх, хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр дэвшүүлэхийг хамтын журмаар шийдвэрлэх эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн М хувьцаат компанийн 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар тогтоолын хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг М хувьцаат компанийн 2022 оны нэр дэвшүүлэх хороонд холбогдуулан гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

10. Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Энэ хуулийн 81.2-т заасан нэр дэвшүүлэх хороо нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд дараах шалгуурыг хангасан хүний нэрийг дэвшүүлнэ:

79.1.1.өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

79.1.2.өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй

79.1.3.төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

79.1.4.компанитай бизнесийн аливаа холбоогүй.

79.1.5.хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлага гэж хуульчилсан байна.

   Нэхэмжлэгч нь намайг компанийн засаглалын ахисан шатны сургалтад хамрагдаагүй гэж нэг оноо хассан байсан бөгөөд энэ сургалтаа компани дээрээ надад мэдэгдэлгүй зохион байгуулаад энэ шалгуураа төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдэд тавьж үнэлгээ өгсөн байсан гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан ба хариуцагч нэр дэвшигч Б.Б нь компанийн засаглалын ахисан шатны сургалтанд хамрагдаагүй учир шалгуур үзүүлэлтэд үүн дээрээ оноо аваагүй гэжээ.

М хувьцаат компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.25 дугаар зүйлд ТУЗ-ийн хараат бус гишүүн нь дараах шалгуурыг хангасан этгээд байна.

Дүрмийн 7.25.1 дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй,

7.25.2 өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид  эрх бүхий албан тушаал хашдаггүй,

7.25.3 төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй

7.25.4 өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 1 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанитай хийж байгаагүй

7.25.5  компанийн 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшдэг этгээд, эсхүл компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй тэдгээрийн төрөл садан гэр бүлийн гишүүн биш,

7.25.6 компани болон түүний хараат, охин компани, компанид нэгдэлд хамаарах компанийн нэгдэлд сүүлийн 5 жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалтан болон бусад албан тушаалд ажиллаж байгаагүй

7.25.7 компанийн өрсөлдөгч аж ахуйн нэгж болон түүнд харьяалагддаг компанийн нэгдлийн аливаа оролцогч компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтан тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд биш гэж  дүрмэндээ заажээ.

            Эдгээрээс үзвэл М хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчид компанийн засаглалын болоод компанийн засаглалын ахисан түвшний сургалтанд сурсан байх шаардлага тавигдаагүй байна.

            11. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооноос гаргаж буй шийдвэр нь хууль болон компанийнхаа дүрмэнд, компанийн засаглалын кодекст дурдсан зарчимд тус тус нийцсэн байх учиртай.

            Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-д Энэ хуулийн 81.2-т заасан нэр дэвшүүлэх хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

81.5.1-т компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн   гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоох;

81.5.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн    гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчийн ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага, харин хараат бус гишүүний хувьд энэ хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;

81.5.3-т төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэн сонгон шалгаруулалт хийж, хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд нэр дэвшүүлэх гэж хуульчилсан.

            Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор Компанийн засаглалын кодексийг шинэчлэн баталсан ба дагаж мөрдөхийг нээлттэй хувьцаат компаниудад үүрэг болгожээ.

 Компанийн засаглалын кодексийн 2.4-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна” гэжээ.

Хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь М хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар “Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох тухай” тогтоолд Нэг. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр 1. П.А, 2. Д... нарыг 2021 оны 5-р сарын 21-ний өдрөөс томилсугай гэжээ. (хх-ийн 15 дугаар тал)

Үүнээс М хувьцаат компанийн 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны дарга Д нь төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүн байсан нь Компанийн засаглалын кодексийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хороод, тэдгээрийн чиг үүрэг гэх зарчимд нийцээгүй байна гэж дүгнэв.

Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо нэр дэвшигчдэд үнэлэлт, дүгнэлт өгөх, хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр дэвшүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нэр дэвшүүлэх хорооны тогтоол гэсэн хэлбэртэй, түүнд дарга Должинсорогдог гэх  гарын үсэг зурагдаж, төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэг дарагджээ. Хамтын шийдвэр байтал нэг хүний гарын үсэг зурагдан баталгаажсан нь хэлбэрийн хувьд тохирохгүй, мөн Нэр дэвшүүлэх хорооны шийдвэр нь тогтоолоор баталгаажих талаар компанийн дүрмэнд зохицуулалтгүй байна.

Мөн компанийн тухай хууль болон компанийн дүрмэнд тусгаагүй шалгуур үзүүлэлтийг хараат бус гишүүний шалгуурт тавьж үнэлэлт дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь компанийн тухай хуульд хууль болон дүрмэнд заасан шалгуур үзүүлэлтээр нэр дэвшигчдийг шалгаруулах, тэдэнд үнэлэлт дүгнэлт өгөхөөр байтал энэ талаар дүрмэндээ тусгаагүй, хариуцагч тайлбартаа Нэр дэвшүүлэх хорооны ажиллах журмын гуравдугаар зүйлийн 3.1-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр дэвшүүлэх, нэр дэвшүүлэхээс татгалзах” эрхтэй гэж тодорхой зааж өгсөн гэж маргах боловч журмыг шүүхэд ирүүлээгүй, шалгуур үзүүлэлтэд компанийн засаглалын ахисан түвшний сургалтанд хамрагдсан байх гэсэн шалгуур үзүүлэлтийг хэзээ дүрмэндээ тусгасан талаар тодорхой тайлбарыг гаргаагүй, хэрэгт авагдсан компанийн дүрмийн хэсгүүдээс үзвэл дээрх шаардлага тусгагдаагүй байгаа болно.

Нэхэмжлэгч нь  нэр дэвшигч Б.Быг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгуулахаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр дэвшүүлэх нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх бөгөөд үүнд шүүх хөндлөнгөөс оролцох эрх зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл компанийн эрх бүхий байгууллагаас бусад этгээд компанийн хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй, түүний бизнесийн үйл ажиллагаанд саад болохгүй гэсэн зарчимтай.

Иймд нэхэмжлэгчийн  Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой М ХК-ийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган М ХК-ийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгуулахаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Н Б.Т, Д.Б нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа баримтыг ирүүлээгүй ба шүүх хуралдаанд оролцогчдын саналыг харгалзан ирцийг шийдвэрлэж, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Н Б.Т, Д.Б нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой М хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн нэр дэвшигч Б.Быг төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгах тухай гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХТУЯА