Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2023/00027

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2023/00027

 

 

 

 

Б.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00832 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Могойн гол ХК-ийн 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд холбогдох

Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Б.*******ыг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгуулахаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч*******,******* нарын

гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.******* /онлайн/, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч*******,******* /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой Могойн гол ХК нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий 9 гишүүний бүрэлдэхүүнтэй Төлөөн удирдах зөвлөлийг жил бүр Хувьцаа эзэмшигчдийн хурлаас байгуулан ажилладаг аж ахуйн нэгж юм.

Энэхүү Төлөөлөн удирдах зөвлөл нь дотроо Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороо, Аудитын хороог гишүүд дундаасаа байгуулан Компанийн тухай хууль болон уг компанийн дүрэмд заасан холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг болно.

Нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 заалтад заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны Нэр дэвшүүлэх хороо нь хараат бус гишүүнд нэр дэвшүүлэхдээ холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой Могойн гол ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хорооны дарга Б.Должинсорогдог нь тус нэр дэвшүүлэх хорооны хурлаа хувьцаа эзэмшигчдийн хурал болох өдөр, цаг хугацаатай давхцуулан уурхай дээр очин хуралдуулахдаа зөвхөн тус хорооны нэр бүхий 2 гишүүдийн хамт хийх ёстой байтал тус хорооны гишүүн бус, хувьцаа эзэмшигч*******, хувьцаа эзэмшигч Транснефть ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нарыг хурал болж буй өрөөндөө оруулж хараат бус гишүүнээр нэр дэвшихээр материалаа ирүүлсэн 8 иргэдээс хуйвалдан сонголт хийж, зөвхөн 3 хүний материалыг л хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсан байна.

Энэ нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-ын 1 ба 2 дахь заалтыг зөрчиж Нэр дэвшүүлэх хорооны эрхээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

2. Хараат бус гишүүнд нэр дэвшсэн 8 хүн нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, компанийн дүрэмд заасан шаардлагыг бүрэн хангаж байхад нэр дэвшигчдээс зөвхөн*******, Б.Нэргүй нарыг компанийн засаглалын ахисан түвшний Хувьцаа эзэмшигчид төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн засаглалын боловсрол сургалтанд сууж гэрчилгээ авсан гэсэн үндэслэлээр Хувьцаа эзэмшигчдийн хуралд нэрийг нь дэвшүүлсэн. Энэхүү сургалт нь 2022 оны хоёрдугаар сард Могойн гол ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хаалттай групп дээр тавьсан зарын дагуу Хөвсгөл аймгаас ТУЗ-ийн дарга Б.Должинсорогдог, гишүүдээс*******,*******,*******,*******,*******, нар л хамрагдсан. Энэ нь зөвхөн мэдээлэлд ойр байсан иргэд хамрагдсан гэсэн үг юм.

3. Нэр дэвшүүлэх хорооны зохиосон шалгуур үзүүлэлтийн хүснэгтийн 6-р заалтаар зөвхөн нэр дэвшигч Б.Түмэндэлгэрийг оноонд тооцож бусад шаардлага хангасан нэр дэвшигчдэд оноо өгөөгүй нь хууль бус үйлдэл юм.

Уг компанийн хараат бус гишүүнээр хуулийн шаардлага ханган томилогдон ажиллаж байсан миний бие Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтад заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа мөртлөө зөвхөн ахисан шатны сургалтанд хамрагдаагүй гэх үндэслэлээр болон эдийн засгийн магистрийн зэрэгтэй тул шалгуур үзүүлэлтийн хүснэгтийн 6-р заалтын үзүүлэлтийг хангасан атал нэр хасагдаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

...Харин энэ сургалт нь 2022 оны 2 дугаар сард явагдсан байх бөгөөд дээрхи журам баталснаас даруй хоёр сарын өмнө сургалт болсон тул бүх нэр дэвшигчид хамрагдах боломжгүй байдлыг үүсгэсэн байна.

... Компанийн тухай хууль, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол, Могойн гол ХК-ний дүрмийг тус тус зөрчсөн тул уг Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож нэр дэвшигч Б.******* намайг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр нэр дэвшүүлэхээр Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Могойн гол ХК-ийн 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо шүүхэд гаргасан тайлбартаа:  ...Уг нэхэмжлэлийн хариуд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Могойн гол ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хууль, Компанийн дүрэм, Нэр дэвшүүлэх хорооны ажиллах журам, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Санхүүгийн Зохицуулах хорооноос баталсан Компанийн засаглалын кодекс зэрэг хууль, журамд заасан эрх зүйн зарчмыг баримтлан, тэдгээрийг хэрэгжүүлэн, үйл ажиллалаандаа мөрдөж ажилладаг.

2. Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хуулийн 79.1, 81.2, 81.3 болон 81.5-д заасны дагуу өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, ТУЗ-ын хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоон тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгох шалгаруулах тухай зарыг олон нийтэд нээлттэй хүргэж, нэр дэвшигчдийн материалыг зохих журмын дагуу хүлээн авч үнэлсэн болно.

3. Тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж сонгон шалгаруулахдаа Монгол улсад мөрдөгдөж байгаа Компанийн засаглалын кодекс-д заасан ТУЗ-ийн хараат бус гишүүнээр нэр дэвшиж буй этгээд нь бусад компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг эсэх, мөн томилогдсон тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай цаг хугацааг зориулах боломжтой эсэх зэрэг шалгуурыг эн тэргүүнд харгалзан үзсэн болно.

...Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар тогтоол, Орон нутгийн өмчит компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам-ын 4.7-д ТУЗ-ын гишүүнээр томилогдохыг хүссэн нэр дэвшигч нь компанийн талаар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг нэр дэвшүүлэх хороонд ирүүлж, Нэр дэвшүүлэх хороо дүгнэлт гаргаж ...Хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилно гэж заасан нэр дэвшүүлэх хорооны хуульд заасан чиг үүргийн дагуу хараат бус гишүүдийн материалыг хүлээн авах зарыг өдрийн сонины 2022.04.15 дугаарт олон нийтэд тавьж материалын хүлээн авахад 8 хүний материал ирснээс нэр дэвшигч ******* нь компанийн ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй байсан бөгөөд энэ сургалтанд хамрагдахыг Могойн голын ТУЗ-ийн компанийн дотоод групп дээр нээлттэй тавьж ТУЗ-ийн гишүүд хамрагдахад Б.******* харсан боловч хамрагдаагүй.

...Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны ажиллах журам-ын гуравдугаар зүйлийн 3.1-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд нэр дэвшүүлэх, нэр дэвшүүлэхээс татгалзах эрхтэй гэж тодорхой зааж өгчээ.

Энэ хууль журмын дагуу Нэр дэвшүүлэх хорооны гишүүн Б.Должинсоргодог,*******,******* нар хуралдан шалгуур үзүүлэлтийг хуулийн дагуу боловсруулан оноогоор үнэлж, хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулсан бөгөөд нэр дэвшигч Б.******* нь дээрх шаардлагыг хангаагүй учраас ХЭХ-д оруулахгүй гэж хорооны гишүүдийн олонхийн саналаар хуул журмын дагуу шийдсэн юм.

Нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хууль-ийн 85.5.1-д заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчийн ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлага, харин хараат бус гишүүний хувьд энэ хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, 81.5.3. төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нэр дэвшигчийг бүртгэн сонгон шалгаруулалт хийж, хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд нэр дэвшүүлэх гэж заасны дагуу Б.******* нь ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй, шаардлагад нийцэхгүй байсан учраас хувьцаа эзэмшигчдийн хуралд нэрийг дэвшүүлээгүй нь хууль, нэр дэвшүүлэх хорооны ажиллах журмын бүрэн эрхийн хүрээнд шийдсэн гэж үзэж байгаа учраас иргэн Б.*******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Нэргүй шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хуулийн 85.5.1 дэх хэсэгт заасан: Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчийн ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршпага, харин хараат бус гишүүний хувьд энэ хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;

Мөн хуулийн 81.5.3 дахь хэсэгт заасан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэн сонгон шалгаруулалт хийж, хувьцаа эзэмшигчдийн хуралд шууд нэр дэвшүүлэх гэж хуульчилсан байхад нэр дэвшигч Б.******* нь ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй, тухайн кампаний удирдах дээд байгууллага болох төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах нөхцөлийг хангаагүй, тавигдсан шаардлагад нийцэхгүй байсан учраас Могойн гол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд нэрийг дэвшүүлээгүй нь дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, нэр дэвшүүлэх хорооны ажиллах журмын бүрэн эрхийн хүрээнд шийдсэн гэж үзэж байгаа учраас иргэн Б.*******ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Уг нэхэмжлэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие байгууллагын журмын дагуу бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаар сонгогдсон тул намайг гуравдагч этгээдэд татах нь буруу гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүнийг нотлох баримтыг хуулиар хүлээнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч гэдэг нь түүний хуульд заасан эрх ашгийг зөрчсөн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл ******* гэдэг хүний эрх ашгийг хэн гэдэг субъект, эрх зүйн ямар үр дагавраар зөрчсөн байхыг шаардана хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч *******ы эрх ашиг хэрхэн яаж зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байгаа тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00832 дугаар шийдвэрээр Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой Могойн гол ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэр дэвшигч Б.*******ыг төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгуулахаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,191 (нэг зуун дөчин гурван мянга нэг зуун ерэн нэгтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч*******,******* нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 01 тоот тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ... нэр дэвшүүлэх хорооны шийдвэр хамтын байтал нэг хүний гарын үсэг зурагдсан нь хэлбэрийн хувьд тохирохгүй ...шийдвэр нь тогтоолоор баталгаажих талаар компанийн дүрэмд зохицуулаагүй ...мөн компанийн тухай хууль болон компанийн дүрэмд тусгаагүй шалгуур үзүүлэлтийг хараат бус гишүүний шалгуурт тавьж үнэлэлт дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Тодруулбал:

Нэг: Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор батлагдсан Компанийн засаглалын кодекс-ийг зөрчсөн гэх тухайд:

Могойн гол ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг /цаашит ТУЗ гэх/ байгуулсан. Хууль ёсоор байгуулагдсан төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний 15 дугаар тогтоолоор нэр дэвшүүлэх хорооны даргаар Б.Должинсоргодог, гишүүдээр ТУЗ-ийн хараат бус гишүүн*******,******* нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан болно.

Уг нэр дэвшүүлэх хороог байгуулсан ТУЗ-ийн тогтоол хууль ёсны бөгөөд холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг зөрчсөн зүйл огт байхгүй болно.

Тухайлбал: Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороог байгуулсан 2021 оны 7 дугаар сард 2014 онд батлаглагдсан Компанийн засаглалын кодекс хэрэгжиж байсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дээрх засаглалын кодекст нэр дэвшүүлэх хорооны даргаар хараат бус гишүүн байна гэж зааж, үүрэг болгосон зүйл бөгөөд Компанийн тухай хуулийн 81,2-т зааснаар нэр дэвшүүлэх хорооны гишүүний гуравны хосроос доошгүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс бүрдэхээр заасан.

Иймд Б.Должинсоргодог нь 2021-2022 онд нэр дэвшүүлэх хорооны даргаар ажиллаж байсан нь хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Шүүхээс баримталсан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор батлагдсан Компанийн засаглалын кодекс нь захиргааны хэм хэмжээний актын хувьд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр хэрэгжих ба Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр хэвлэгдсэн 11 дугаартай эмхтгэлд нийтлэгдсэн болно.

...Гэтэл шүүхээс нэр дэвшүүлэх хорооны эрх зүйн байдалд дээрх байдлаар дүгнэлт хийж байгаа нь ТУЗ-ийн болон Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд халдсан, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй үйл баримт буюу ТУЗ-ийн шийдвэрт дүгнэлт хийж компанийн үйл ажиллагааны засаглалд халдсан болно. Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүй, нэхэмжлэгчийн эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа, уг хүчингүй болгохоор хандаж байгаа 01 тоот тогтоолийг хүчингүй болгосноор эрх нь хэрхэн сэргэх талаар болон 01 тоот тогтоолоор ямар асуудлыг шийдвэрлэсэн байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй болно.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулсан хэсэгт буюу зөвхөн өөрийгөө шалгаруулаагүй гэх үйл баримтад маргасан байхад шүүх уг асуудалд дүгнэлт хийлгүйгээр Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын бүх шийдвэр ажиллагаанд бүхэлд нь дүгнэлт хийж, шийдвэрийг ХЭХ-д хүргүүлж байгаа 01 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хоёр. Нэр дэвшүүлэх хорооны шийдвэр хамтын байтал нэг хүний гарын үсэг зурагдсан нь хэлбэрийн хувьд тохирохгүй шийдвэр нь тогтоолоор баталгаажих талаар компанийн дүрэмд зохицуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

Компанийн тухай хуулийн 81,5-т нэр дэвшүүлэх хорооны бүрэн эрхийг заасан. Үүнд ... төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс бусад компанийн эрх бүхий албан тушаалтны ажлын гүйцэтгэлд гүйцэтгэх удирдлагаас өгсөн үнэлгээнд дүгнэлт гаргах зэрэг болно.

Аливаа хуулийн этгээдийн нэр дэвшүүлэх хорооны хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргаж байгаа аливаа шийдвэр, үнэлэлт дүгнэлт, түүнийг баталгаажуулах хэлбэрийг хуульчилсан, хэм хэмжээний актаар баталгаажуулсан зүйл байхгүй ба энэхүү шийдвэрийн хэлбэр агуулгыг нэр дэвшүүлэх хороо өөрөө тодорхойлох эрхтэй болно.

Гэтэл шүүхээс хууль, журам, дүрэмд байхгүй, хуульчлагдан заагдаагүй хэлбэрийн шаардлагыг гарган ирж, түүнийгээ үндэслэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болсон ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, хамтын шийдвэрийн хүрээнд буюу 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ТУЗ-д нэр дэвшигч нарт үнэлэлт дүгнэлт өгсөн ба хамтын шийдвэрээр ТУЗ-д нэр дэвшигч нарыг сонгон шалгаруулсан. Ингэж хамтын шийдвэр гаргасан болох нь Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл болон шалгаруулалтын үнэлгээг баталгаажуулж, бүх гингүүд гарын үсэг зурсан байдлаар нотлогдож байгаа болно.

Гурав. Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд тусгаагүй шалгуур үзүүлэлтийг хараат бус гишүүний шалгуурт тавьж үнэлэлт дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэх тухайд:

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хараат бус гишүүнээр ажиллах хүнд байх хамгийн наад захын шаардлагыг хуульчилсан бөгөөд тус хуулийн 79.1.5-д зааснаар тус шаардлага дээр нэмэгдэх хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад шаардлагыг нээлттэй үлдээсэн. Хуульд заасан шаардлагыг хангасан хараат бус ТУЗ-ийн гишүүдээс сонгон шалгаруулалт явуулахдаа нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоох эрхийг нэр дэвшүүлэх хорооны эрх хэмжээнд хуулиар олгосон.

...Нэр дэвшигч Б.*******ыг ТУЗ хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэж, нэр дэвшүүлэхээс татгалзсан, хассан зүйл огт гаргаагүй бөгөөд тус иргэний мэдлэг боловсролын үнэлгээ бусад нэр дэвшигчийн үнэлгээнд хүрээгүй тул сонгогдож чадаагүй болно.

Нэр дэвшүүлэх хорооны сонгон шалгаруулалтын үзүүлэлтийн ахисан шатны сургалтанд суусан байх гэдэг шаардлага нь ТУЗ-ийн хараат бус гишүүний шаардлага хангасан хангасан иргэдээс ТУЗ-ийн гишүүнээр сонгоход шаардлагатай мэдлэг боловсрлыг үнэлж байгаа нөхцлүүдийн нэг буюу давуу талыг тодорхойлсон шалгуур үзүүлэлт болно.

Компанийн тухай хуульд заасны дагуу уг шалгуур үзүүлэлтийг хэрхэн тогтоож үнэлэх нь нэр дэвшүүлэх хорооны бүрэн эрхийн хэмжээнд хамаарах тул хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Мөн шүүхээс нэр дэвшүүлэх хорооны журмыг шүүхэд ирүүлээгүй гэх боловч хэрэгт компанийн үйл ажиллагааны дүрэм, журам авагдаж, шүүх уг авагдсан баримтад дүгнэлтийг хийж байгаа тул уг дүгнэлт үндэслэлгүй ба ахисан шатны сургалтад суусан байх гэсэн шалгуур үзүүлэлт нь нэр дэвшүүлэх хорооны журамд 2022 оны 04 дүгээр орсон гэх асуудалд нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаагүй байхад шүүх энэ талаар баримт байхгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00832 шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.******* би өмгөөлөгч*******,******* нарын гаргасан гомдолтой танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Могойн гол" ХК-ийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны дарга Б.Должинсорогдог нь 2022-4-22-ны өдрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд сонгон шалгаруулах тухай 01 тоот тогтоол гаргаж байхдаа тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан нь 2021 онд батлагдсан Компанийн засаглалын кодекс-ийг зөрчсөн үйлдэл болсон. Энэхүү 01 тогтоол нь зөвхөн ТУЗ-ийн хараат бус гишүүнд сонгон шалгаруулах тухай баримт бичиг тул ТУЗ-ийн Ердийн гишүүдийг сонгосон тухай асуудалд хамаарахгүй болно.

Хоёр. Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5-ын 1 ба 2 дахь заалтыг зөрчиж Нэр дэвшүүлэх хорооны эрхээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байна. Мөн компанийн ТУЗ-ийн албан тэмдэгийг хууль, дүрэм зөрчин 01 тоот тоггоол гэдэг баримтан дээр дарж албан бусаар хэрэглэсэн.

Гурав. Компанийн тухай хуулийн 79.1-д болон Могойн гол ХК-ийн дүрэмд тусгайлан зөвхөн хараат бус гишүүнд зориулан нэг бүрчлэн заасан шаардлагад байхгүй нэмэлт шалгуурууд гарган хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн эрхийг хаасан.

Түүнчлэн аливаа ХК-иудын үйл ажиллагаанд Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хараат бус гишүүнд нэр дэвших Иргэдэд мэдэгдэлгүйгээр өөрсдийн 7- 8 хүнтэй хаалттай группэд "Ахисан түвшин-ий сургалтын тухай зар тавьж улмаар тэр сургалтаа шалгуур үзүүлэлт болгосон үйлдэл нь Орон нутгийн өмчийн оролцоотой нээлттэй ХК-д байж болохгүй бөгөөд нээлттэй ардчилалын ёс зүйд илтэд харшилсан үйлдэл юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч*******,******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Б.******* нь Могойн гол ХК-ийн 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд холбогдуулан Хөвсгөл аймгийн өмчийн оролцоотой Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Б.*******ыг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгуулахаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: Нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.2-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөхөөс биш хууль бус тогтоол гаргаж гуравхан хүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, түүнчлэн миний бие 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан Орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 9.2.2, мөн Могойн гол ХК-ний дүрмийн 7.25, 7.26-д заасан шалгуурыг хангаад байхад хууль бус тогтоол гаргаж миний эрхийг зөрчсөн... гэжээ.

Хариуцагч Могойн гол хувьцаат компанийн 2022 оны нэр дэвшүүлэх хорооны дарга Б.Должинсорогдог нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Нэр дэвшүүлэх хороо нь Компанийн тухай хуулийн 79.1, 81.2, 81.3 болон 81.5-д заасны дагуу өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, ТУЗ-ын хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлж, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тогтоон тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтэд нээлттэй хүргэж, нэр дэвшигчдийн материалыг зохих журмын дагуу хүлээн авч үнэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21-р зүйлийн 5.1-д заасны дагуу нэр дэвшигч ******* нь компанийн ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* ...нэр дэвшигч Б.******* нь ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй, тухайн кампанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах нөхцөлийг хангаагүй... гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* ...Уг нэхэмжлэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Түмэндэлгэр нарын өмгөөлөгч*******, өмгөөлөгч******* нар шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.6-д заасны дагуу үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурийг дэмжиж оролцсон байна.

Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь аудитын, цалин, урамшууллын, нэр дэвшүүлэх хороодтой байх бөгөөд эдгээр хороодын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс бүрдэнэ. гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Могойн гол ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор компанийн ТУЗ-ийн ердийн гишүүнээр П.Ариунбат, Б.Должинсорогдог,*******,*******,,******* нарыг, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр*******,*******, Б.******* нарыг тус тус томилжээ /хх-н 15/.

Мөн Могойн гол ХК-ийн Нэр дэвшүүлэх хорооны 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчээс*******,*******, Б.Түмэндэлгэр нарын гурван нэр дэвшигч нь хараат бус гишүүнд тавигдсан хуулийн болон нэмэлт шалгуурыг хангасан үндэслэлээр хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахаар шийдвэрлэж, хурлын шийдвэрийг тус өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан байна /хх-н 14/.

Нэр дэвшүүлэх хорооны хуралдааныг тус хорооны дарга Б.Должинсорогдог даргалж, гишүүнээр*******,******* нар оролцож, хурлаар

1. ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулж хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах тухай,

2. ТУЗ-ийн ердийн гишүүнд нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг хүлээн авсан тухай. Тэдгээрийн өргөдөл, материалыг холбогдох хууль, зохих журмын дагуу хянан үзэж, хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах асуудлыг хэлэлцжээ /хх-н 8-11/.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийг тодорхойлж хуульчилсан байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор Компанийн засаглалын кодекс-ийг шинэчлэн баталж уг кодексийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөхийг нээлттэй хувьцаат компанид зөвлөсөн байна.

Компанийн засаглалын кодексийн зорилго нь компанид засаглалын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, урт хугацаанд тогтвортой үнэ цэн бүтээхэд дэмжлэг үзүүлэх явдал байх бөгөөд уг кодексийн 2.4-т Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь үйл ажиллагааны журам, залгамж халааны бодлогын баримт бичигтэй байна. Нэр дэвшүүлэх хорооны дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бус, мөн хараат бус гишүүн байна гэж заажээ.

Гэтэл Могойн гол ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор компанийн ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогдсон Б.Должинсорогдог Нэр дэвшүүлэх хорооны хуралдааныг даргалж ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай тогтоол гаргаж, дээрх кодексийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэх хорооны дарга Б.Должинсоргодог нь Могойн гол ХК-ны ТУЗ-ийн хараат бус гишүүн мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Компанийн засаглалын кодекс нь хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжээрээ захиргааны хэм хэмжээний акт болох тул уг актад орсон зохицуулалтыг төрийн болон хувийн өмчийн компаниуд дагаж биелүүлэх үүрэгтэй.

Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн нь бусад гишүүний адил эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохоос гадна Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 79.3, 79.4 дүгээр зүйлд заасан нэмэлт эрх, үүргийг хэрэгжүүлж оролцдогоороо Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүнээс эрх зүйн байдлын хувьд ялгаатай.

Түүнчлэн хариуцагч тал ...нэр дэвшигч ******* нь компанийн ахисан түвшний сургалтанд хамрагдаагүй... гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байх боловч Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 79 дүгээр зүйлд заасан төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд тавигдах шаардлага, Могойн гол ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан компанийн дүрмийн холбогдох заалтуудаас үзвэл Могойн гол ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчид компанийн засаглалын ахисан түвшний сургалтанд хамрагдсан байх шаардлага тавигдаагүй байна.

Мөн Нэр дэвшүүлэх хорооноос гаргасан тогтоол нь хамтын шийдвэр байхад түүнд зөвхөн дарга гарын үсэг зурсан нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байх төдийгүй холбогдох захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх тул энэ тогтоол нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Түүнчлэн анхан шатны шүүх компанийн ТУЗ-ийн бүрэн эрхийг шүүх хэрэгжүүлэх, хөндлөнгөөс оролцох эрх зүйн үндэслэл байхгүй тул ...нэр дэвшигч Б.*******ыг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгуулахаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулахыг даалгах... шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж үзсэн нь мөн адил үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

Иймд хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан ...Уг нэр дэвшүүлэх хороог байгуулсан ТУЗ-ийн тогтоол хууль ёсны бөгөөд холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг зөрчсөн зүйл огт байхгүй болно... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч*******,******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч*******ий давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ