Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2023/02924

 

 

 

 

 

 

 

 

2023        10         19                                              182/ШШ2023/02924

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭТТ ХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2022 оны үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 2,671,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Ц.М,

Хариуцагчийн төлөөлөгч О.Б, Х.Э,

Гэрч: Н.А, Л.Б, М.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ч миний бие ЭТТ ХК-д 2020.09.16-ны өдөр хууль зүйн зохицуулалтын хэлтэст анх ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд ажил олгогчоос тавьсан саналын дагуу 2022.01.17-ны өдрөөс компанийн хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчаар томилогдон ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Монгол Улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ЭТТ ХК-д Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Гыг томилсон. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.07-ны өдрийн Б/1428 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2022.12.07-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулсан. Уг тушаалын үндэслэх хэсэгт “...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ЭТТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.3, 8.4.19, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.19, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Сүхбаатарын талбайд болсон жагсаал, цуглаанаас гарч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчдын тухайн өдрийн ажпын цагийг богиносгон ажиллуулахыг газар, хэлтсийн дарга нарт чиглэл болгосныг илт гуйвуулан, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, илт худал мэдээллийг нэр бүхий ажилтнуудын цахим шуудангаар илгээн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж 2022.12.07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Миний хувьд эрхэлсэн ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, эрх мэдлээ урвуулан ашиглаагүй, сахилгын зөрчил гаргаагүй, нөгөө талаар Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болно. ЭТТ ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилогдож ирснээс хойш захиргаа удирдлагын газрын даргаар Н.А томилогдсон. Тухайн өдөр би Н.А даргатай уулзах гээд өрөө рүү нь очиход шуурхай хуралдаанаас шийдвэр гарлаа, талбай дээр болж байгаа жагсаалтай холбоотой хүсэлт гаргасан ажилтнуудыг 15 цаг 30 минутаас өмнө тарааж болно, хэлтсийн дарга Л.Б болон менежментийн групптэй ярилцаад мэйл явуулаарай гэсэн. Тэр үед хэлтсийн дарга Л.Б М.О та хоёр боловсруулаад мэйл явуулчих гэж хэлсэн. Улмаар захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Аы өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн мэйлийн төслийг М.Оийн компьютер дээр боловсруулж, түүний мэйл хаягаар  менежментийн баг руу явуулсан. Үүний дараа М.О тухайн мэйлийг над руу явуулж, би тэрийг нь ажилчдын хаалттай групп руу явуулсан. Гэтэл 10 минутын дараа хууль эрх зүйн газрын дарга н.Т намайг дуудаж уулзсан, яагаад ийм агуулгатай мэдээлэл тараасныг тодруулсан, би захиргаа удирдлагын газрын дарга Н.А үүрэг өгсөн гэдгийг хэлсэн. Үүний дараа Н.А дарга ирсэн. Тэгээд мэйлийн агуулга алдаатай болсон, дахиж залруул гэж хэлсний дагуу би өмнөх мэйлийг залруулж, дахин мэйл явуулсан байдаг.

Би энэ мэйлийг өөрөө дур мэдэж, өөрийн хүсэл зоригийн дагуу явуулаагүй, албан тушаалаа урвуулан ашиглаагүй, зөвхөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн юм. Тухайн үед би энэ талаар захиргаа удирдлагын газрын дарга Н.Ад тайлбар бичиж өгсөн. Мөн энэ талаар 1, 2 удаа цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн, гэхдээ ямар нэг байдлаар хэрэгт шалгагдаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-ийн агуулга ноцтой зөрчил гарснаар компанийн нэр хүндэд халдсан, үүний улмаас хохирол учирсан байхыг шаардана, гэхдээ энэ нь тогтоогдсон байх ёстой. Миний мэйл явуулсан үйлдлийн улмаас компанийн нэр хүндэд халдсан, компанид хохирол учруулсан, муу үр дагавар үүсгэсэн зүйл байхгүй. Би ямар нэгэн санаа зорилготой, өөрөө дур мэдээд мэйл явуулсан зүйл байхгүй, гагцхүү удирдлагын өгсөн даалгаврын утга, агуулгыг буруу ойлгосон, энэ агуулгаа тухайн үед залруулж, залруулсан мэйлийг нийт ажилчдад хүргүүлсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн ноцтой зөрчил биш юм. Тэгвэл мэйл гадагшаа цацагдсан байдлыг ноцтой гэж үзээд байгаа юм уу, хэрэв тийм бол би тэр мэйлийг гадагш задруулаагүй, хэн задруулсан нь тодорхойгүй, байгууллага шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл намайг ажлаас халах болсонтой холбоотой Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан дуудаж уулзах, зөрчил мөн эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг хариуцагч огт хийгээгүй.

Иймд намайг ажлаас хууль бусаар халсан гэж үзэж байна. Үүний улмаас би үндсэн цалингаас гадна, үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшууллыг авч чадахгүй хохирсон. Хэрвээ би ажиллаж байсан бол бусад ажилтны нэгэн адил ажлаа үнэлүүлж, дүгнүүлж үр дүнгийн урамшуулал авах, 13 дахь сарын цалин авах байсан. Надад хийсэн ажил өчнөөн байна, би энэ бүгдийг дүгнүүлж болох байсан. Тэгээд ч урамшуулал олгох журам дээр ажилласан жилээс хамаарч урамшуулал олгох зохицуулалт байна. Тухайн жил бүх ажилтнуудад урамшуулал олгосон үйл баримт тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар урамшуулал нь цалин хөлсний бүрдэл байгаа.

Иймд намайг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй тул намайг урьд эрхэлж байсан ЭТТ ХК-ийн хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 39,395,154 төгрөг, 2022 оны үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын шагналт цалинд 2,671,680 төгрөг, нийт 58,343,306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж надад олгож, миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 12 дугаар сарын 4, 5-ны өдрөөс нүүрсний хулгайг эсэргүүцэх тодотголтой оролцсон, холбогдсон хүмүүсийн нэрсийг ил тод зарлах шаардлага бүхий өргөн хүрээтэй, олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан Сүхбаатарын тайлбай дээр болсон. Хууль хүчний бүх байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай арга хэмжээ авч, иргэдтэй уулзаж, тавьж буй шаардлагыг хүлээн авч тухай бүр мэдэгдэл хийж байсан. ЭТТ ХК-ийн удирдлагуудын зүгээс Сүхбаатарын талбай дээр болж буй олныг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүсч төв офисс /талбайн баруун/ болон ажилчдад үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тухайн өдрийн ажлын цагийг богиносгон ажиллуулах /эрт тараах/-ыг чиглэлийг өгсөн боловч Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульч М.Ч нь удирдлагаас өгсөн чиглэлийг илт мушгин гуйвуулж, компанийн зүгээс ажилтнуудад цалинтай чөлөө өгч, зохион байгуулалттайгаар жагсаал цуглаанд биечлэн оролцуулж байгаа мэтээр ажилтнуудад цахим шуудан хүргүүлсэн байдаг. Улмаар, энэхүү цахим шуудан нь гадагш задарч, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЭТТ ХК-ийн хуулийн ажилтан жагсаалд нэгдэхийг уриалж ажилчдаа турхичээ гэх гарчиг бүхий мэдээ нийтлэгдсэн. Түүнчлэн ЭТТ ХК-ийн хуучин удирдлагууд түүний удирдлагад байсан хүмүүс жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсний улмаас Төрийн өндөр албан тушаалтан, хууль хүчний байгууллагууд уг асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл мэдээлж байсан. М.Чийн 2022.12.05-ны өдөр ажилтнуудад хүргүүлсэн цахим шуудантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Удирдлагуудын зүгээс дээрх мэдээлэлтэй холбоотойгоор мэдэгдэл хийж залруулах арга хэмжээг авсан бөгөөд нэхэмжлэгч М.Ч ч удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг буруу ойлгож, ташаа мэдээлэл явуулсан болохоо хүлээсэн байдаг.

Тухайн үед ЭТТ ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж байсан бөгөөд 2022.12.05-ны өдөр удирдлагуудын шуурхай хуралдаан болсон. Уг хурлаар жагсаал, цуглаан ЭТТ ХК-руу чиглэсэн байгаа учраас ажилтнууд халдлагад өртөх боломжтой байна, тийм учраас ажилчдаа эрт тараах талаар дарга нар ярилцсан.  Н.А даргын хувьд энэ талаар Бүрэн эрхт төлөөлөгчид танилцуулья гэдгээ хэлсэн байдаг. Ингээд хурлын дараа өрөөндөө орохдоо цайны өрөөнд М.Чтэй таарч, аюулгүй байдлын үүднээс ажилчдыг эрт тараах асуудал яригдлаа, Л.Б даргатай яриад, менежментийн баг руу мэйл хүргүүлэх төсөл бэлдэж бай гэж хэлсэн байдаг. Улмаар нэхэмжлэгч М.Ч нь Л.Бтой уулзаж, захиргаа удирдлагын газрын Н.Аы хэлсэн зүйлийг дамжуулахад Н.А үүрэг өгсөн бол чи өөрөө хий гэж хэлсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч М.Ч нь мэйл бичихдээ ажилчдаа эрт тараагаад, цалинтай чөлөө өгч, жагсаал, цуглаанд оролцуулья гэж мэйлийн агуулгыг өөрчилж, энэ мэйлээ менежментийн багийн 70 гаруй хүн рүү явуулсан.

Ингээд Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн зүгээс тус компани дээр онцгой дэглэм тогтоосон болон нийтийг хамарсан жагсаал цуглаан /тус компанийг чиглэсэн/ эрчимжсэн зэрэг цаг үеийн нөхцөл байдалд улс төрийн шинжтэй, олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан /зөвшөөрөлгүй/ үймээн самуунд компанийн ажилчдыг зохион байгуулалттайгаар оролцож байгаа мэт нөхцөл байдлыг бий болгосонтой холбоотойгоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан М.Чийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс ажиллаж байсан бол үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулал авах ёстой байсан гэж маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2-д гомдол гаргах хугацааг нарийвчлан зохицуулсан. Мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хугацааг 90 хоног гэж заасан тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэх ёстой байх. Учир нь нэхэмжлэгч М.Ч 2023.01.06-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 7 сарын дараа шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч М.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас 2022.12.07-ны өдрийн Б/1428 дугаар М.Чийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаал, хавсралт болох М.Чийн ажлыг хүлээлцүүлэх комиссын гишүүдийн бүрэлдэхүүн, 2022.01.11-ний өдрийн Б/64 дугаар М.Чтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, 2022.01.11-ний өдрийн Б/65 дугаар М.Чийг ажилд томилох тухай тушаал, 2022.01.13-ны өдрийн №G/2022/0019 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2022.03.16-ны өдрийн №G/2022/0090 дугаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байр /хуульч/-ны тодорхойлолтууд, нууцын баталгаа, 2022.03.16-ны өдрийн №G/2022/0090 дугаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2022.08.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023.02.07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2023.01.09-ний өдрийн ЭТТ ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, гэсэн баримтуудыг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн тооцоолол гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Монгол улсын Засгийн газрын 2022.10.26‑ны өдрийн 385 дугаар ЭТТ ХК‑ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, 2022.03.16-ны өдрийн А/124 дугаар хөдөлмөрийн дотоор журам шинэчлэн батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгч М.Чийн ch[email protected] хаягаас 2022.12.05-ны өдөр ажилтнуудад илгээсэн цахим шуудангууд, mass.mn, sonin.mn, ubn.mn, www.ett.mn сайтуудад нийтлэгдсэн нийтлэлүүд, 2022.03.16-ны өдрийн №G/2022/0090 дугаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны /хуульч/-ны тодорхойлолт, 2022.12.05-ны өдөр М.Чээс захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Н.Ад гаргасан тайлбар, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2023.04.21-ний өдрийн 9/2-3301 дугаар албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанаас 2023.05.09-ний өдрийн 9/2-3722 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2023.06.09-ний өдрийн 8/6045 дугаар албан бичиг,  2022.12.06-ны өдрийн гэрч /М.Ч/-ээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд,

[email protected] хаяг болон менежментийн багийн [email protected], хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн мэргэжилтэн М.Оийн [email protected] цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

хариуцагч ЭТТ ХК-иас 2022.11.02-ны өдрийн А/683 дугаар хариуцлагыг сайжруулж ажиллах тухай тушаал, 2021.06.30-ны өдрийн А/183 дугаар төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын хавсралт болох ажлын байрны нэр орон тооны жагсаалт, 2020.10.23-ны өдрийн ЭТТ-2018/140/2 тоот хамтын гэрээ,  2022.05.25-ны өдрийн 27 дугаар төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тушаал, ЭТТ ХК-ийн 2023.07.20-ны өдрийн 02/1139 дугаар албан бичиг, 2022.12.20-ны өдрийн А/753 дугаар ажилтнуудад шагналт цалин олгох тухай тушаал, 2022.12.20-ны өдрийн А/752 дугаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, 2018.12.19-ний өдрийн А/462 дугаар журам батлах тухай тушаал, хавсралт олох ЭТТ ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журам, ажилтны ажил дүгнэх заавар, 2019.04.05-ны өдрийн А/198 дугаар журамд өөрчлөлт оруулах тухай тушаал, 2022.07.01-ний өдрийн А/394 дугаар тушаал, хавсралт болох ажилтанд цалин хөлс тооцож олгох журам, журмын хавсралтууд, 2020.12.30-ны өдрийн А/354 дугаар журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, 2022.12.20-ны өдрийн А/752 дугаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, тушаалын хавсралт гэсэн баримтуудыг,

 Хариуцагч талын гаргасан хүсэлтээр mass.mn, sonin.mn, ubn.mn, www.ett.mn сайтуудад нийтлэгдсэн нийтлэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн баримтуудыг тус тус шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Ч нь хариуцагч ЭТТ ХК‑нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2022 оны үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 2,671,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...миний бие тухайн өдөр шуурхай хуралдаанаас гарсан, Н.А даргаас өгсөн, ...Сүхбаатарын талбай дээр болж байгаа жагсаалтай холбоотой хүсэлт гаргасан ажилтнуудыг 15 цаг 30 минутаас өмнө тарааж болно, хэлтсийн дарга Л.Б болон менежментийн групптэй ярилцаад мэйл явуулаарай гэсэн... үүргийг, хэлтсийн дарга Л.Бод танилцуулж, ажилтан М.Отэй ярилцаж байгаад мэйл бичиж удирдлагын хаалттай группт илгээсэн, харин 10 минут орчмын дараа хууль эрх зүйн газрын дарга Т намайг дуудсан, Н.А дарга мөн ирсэн, ингээд мэйлийн агуулга алдаатай болсон, дахин залруул гэсний дагуу би өмнөх мэйлийн агуулгыг тэр дор нь залруулж хаалттай группт дахин илгээсэн, энэ талаар Н.А даргад тайлбар бичиж өгсөн, энэ нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болохгүй, миний анхны илгээсэн мэйл гадагшаа задарсан асуудал байдаг, үүнийг хэн, хэрхэн задруулсныг байгууллага шалган тогтоох үүргээ биелүүлээгүй, тухайн үед надаас ч тайлбар аваагүй намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, үүний улмаас би цалингүй, үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын цалингаа авч чадахгүй хохирч байна, иймд ажилдаа эргэн орох, цалин хөлс, урамшууллаа авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардах эрхтэй...” гэж,

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ “...2022.12.04, 05-ны өдрөөс нүүрсний хулгайг эсэргүүцэх тодотголтой, өргөн хүрээтэй, олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан Сүхбаатарын тайлбайд болсонтой холбогдуулан байгууллагын удирдлагын зүгээс шуурхай хуралдаан хийсэн, хурлаас олныг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүсч төв офисс болон ажилчдад үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тухайн өдрийн ажлын цагийг богиносгон ажиллуулах /эрт тараах/ чиглэлийг өгсөн, харин Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульч М.Ч нь удирдлагаас өгсөн чиглэлийг илт мушгин гуйвуулж, компанийн зүгээс ажилтнуудад цалинтай чөлөө өгч, зохион байгуулалттайгаар жагсаал цуглаанд биечлэн оролцуулж байгаа мэтээр ажилтнуудад цахим шуудан илгээсэн, энэхүү цахим шуудан нь гадагш задарч, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ...ЭТТ ХК-ийн хуулийн ажилтан жагсаалд нэгдэхийг уриалж ажилчдаа турхирчээ... гэх гарчигтай нийтлэгдсэн, нэхэмжлэгч М.Ч нь мэйлийг буруу агуулгаар явуулснаа хүлээн зөвшөөрсөн, тийм учраас хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнийг ажлаас чөлөөлсөн, тушаал хууль зүйн үндэслэлтэй, мөн үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалинтай холбоотой асуудлаа урьдчилан шийдвэрлүүлээгүй, ажиллаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч М.Ч нь 2020.12.01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч ЭТТ ХК-ийн Хууль зүйн зохицуулалтын хэлтэст хуульчаар, 2022.01.17-ны өдрөөс эхлэн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэст хуульчаар тус тус ажиллаж байгаад гүйцэтгэх захирал буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.12.07-ны өдрийн Б/1428 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, хариуцагч ЭТТ ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч М.Чт 2022.12.07-ны өдөр танилцуулж, түүнтэй холбогдох тооцоог хийсэн талаар зохигчид маргасангүй.

 

Энэхүү ажлаас чөлөөлсөн Б/1428 тоот тушаалд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.3, 8.4.19, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.3, 4.5.19, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022.11.02-ны өдрийн А/683 тоот тушаалын 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг удирдлага болгон,

“Тус компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Сүхбаатарын талбайд болсон жагсаал, цуглаанаас гарч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчдын тухайн өдрийн ажлын цагийг богиносгон ажиллуулахыг газар, хэлтсийн дарга нарт чиглэл болгосныг илт гуйвуулан, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, илт худал мэдээллийг нэр бүхий ажилтнуудын цахим шуудангаар илгээн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульч Мөнхбатын Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2022.12.07-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай...” гэсэн үндэслэлийг заажээ.

 

4.БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991.01.04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлд “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино: 2/ ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох...” гэж,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж,

 

2022.03.16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн хэсгийн 4.5.3-т “ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан”, 4.5.19-д “шууд болон шууд бус хэлбэрээр улс төрийн ухуулга сурталчилгаа явуулах, шашны зан үйл үйлдэх, сурталчлах, татан оролцуулсан” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний энэхүү заалтууд нь Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.3, 8.4.19-т адил утгаар зохицуулагдсан байна.

 

4.1.Монгол улсын Засгийн газрын 2022.10.26-ны өдрийн 385 дугаар “ЭТТ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан ЭТТ ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож,

онцгой дэглэм тогтоосон хугацаанд Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон уг тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон байх ба,

тогтоолын 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл, технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлага  хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Гад даалгасан, уг онцгой дэглэмийн хугацааг Улсын их хурлын 2023.04.21-ний өдрийн 28 тоот тогтоолоор дахин 6 сарын хугацаагаар сунгасан.

 

Ийнхүү Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолыг үндэслэн 2022.11.02-ны өдрийн А/683 тоот “хариуцлагыг сайжруулж ажиллах тухай” тушаал гаргаж, тушаалын 1-д зааснаар компанийн үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний хайгуул, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангахад онцгой анхаарч, үйл ажиллагааны бүхий л үе шатанд сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг компанийн нэгжийн удирдлага болон нийт ажилтнуудад үүрэг болгож,

6.2-д зааснаар онцгой дэглэм тогтоосон хугацаанд төв оффис тусгай горимоор ажиллах, компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон ажлын цаг ашиглалтын журамд заасан ердийн нөхцөлд дагаж мөрддөг ажил, амралтын цагийн горимыг чанд мөрдөж ажиллах, ажлын цагийн горимд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр өөрчлөлт орж болох бөгөөд тухайн шийдвэрийг холбогдох удирдлага, ажилтнуудад мэдэгдсэний дагуу мөрдөж ажиллах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч ЭТТ ХК нь 2022.12.04, 05-ны өдрөөс нүүрсний хулгайг эсэргүүцэх тодотголтой, өргөн хүрээтэй, олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан Сүхбаатарын тайлбай дээр болсонтой холбогдуулан 2022.12.05-ны өдөр байгууллагын удирдлагуудын шуурхай хуралдааныг хийж, уг хурлаас олныг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын улмаас төв офисс болон ажилчдад үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тухайн өдөр ажилчдыг эрт тараах тухай шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.А нь нэхэмжлэгч М.Чийг хэлтсийн дарга Л.Бтой ярилцаад мэйл бичиж ажилтнуудад мэдэгдэх талаар амаар үүрэг өгсөн байна.

 

Улмаар нэхэмжлэгч М.Ч нь энэ талаар хэлтсийн дарга Л.Бод танилцуулсан, Л.Б нь ажилтан М.Отэй ярилцаад мэйлээ явуулахыг зөвшөөрчээ. Ингээд нэхэмжлэгч М.Ч нь 2022.12.05-ны өдрийн 14.31 цагт өөрийн мэйл хаягаар “...Чингисийн талбайд болж буй иргэдийн жагсаал, цуглаантай холбоотойгоор нэгжийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр дотоод зохион байгуулалтыг ханган жагсаалд биечлэн оролцох хүсэлтэй ажилтнуудыг 15.00 цагаас ажлаас тараах буюу 1 цаг 30 минутын цалинтай чөлөөг олгож болохыг мэдэгдье. Нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагуудад анхааруулж байна...” гэсэн агуулга бүхий мэйлийг Management meeting хаяг руу буюу удирдлагын багийн дотоод группт илгээжээ.

 

Үүнээс хойш 10 минут орчмын дараа дээрх мэйл агуулгын алдаатай болохыг Хууль эрх зүйн газрын дарга н.Т илрүүлсэн байх ба, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Аы амаар хэлсэн санааг нэхэмжлэгч М.Ч агуулгын хувьд буруу ойлгож, буруу агуулгаар илгээсэн мэйлээ дахин залруулж “...уучлаарай. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг алдаатайгаар буруу ойлгож, ташаа мэдээлэл хүргүүлсэн байна. Өмнөх алдаатай мэдээллийг цааш тараахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Чингисийн талбайд болж буй иргэдийн жагсаал, цуглаантай холбоотойгоор нэгжийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр дотоод зохион байгуулалтыг ханган ажилтнуудыг 15.00 цагт ажлаас тараах буюу 1 цаг 30 минутын цалинтай чөлөөг олгож болохыг мэдэгдье...” гэсэн агуулгатайгаар 14.44 цагт Management meeting хаяг руу буюу удирдлагын багийн дотоод группт илгээсэн байна.

 

Тиймээс нэхэмжлэгч М.Ч нь 2022.12.05-ны өдөр “...Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Ааас өгсөн үүрэг даалгаврын дагуу компаниас менежментийн баг буюу нийт удирдлагуудад мэдээлэл хүргүүлэхдээ удирдлагаас өгсөн мэдээлэл, чиг үүргийг буруу ойлгож албаны мэйл хаягаар буруу, ташаа мэдээлэл 2022.12.05-ны өдрийн 14.40 цагт хүргүүлсэн бөгөөд алдаатай мэдээллийг дахин залруулан 2022.12.05-ны өдрийн 14.45 цагт энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж хүргүүлсэн. Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг буруу ойлгож, ташаа мэдээлэл хүргүүлсэндээ харамсаж байгаа бөгөөд цаашид ямар нэг алдаа, дутагдал гаргахгүй ажиллахаа мэдэгдье...” гэсэн агуулгаар Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Ад тайлбар бичиж өгчээ.

 

Дээрх байдал нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л.Бын гаргасан “...Чингис надад Н.А дарга талбай дээр болж байгаа хөдөлгөөнтэй холбоотой ажилчдыг эрт тараах, цалинтай чөлөө олгох агуулгатай мэйл явуулах үүрэг өгсөн, тантай ярилцаарай гэсэн, би хариуд нь Н.А даргын үүрэг болгосны дагуу М.Отэй ярилцаж байгаад мэйлээ бичиж явуулаарай гэж хэлсэн... удалгүй Н.А даргатай коридорт таарсан, Н.А дарга надад буруу утгатай мэйл явуулсан байна, залруулаарай гэж хэлээд хуулийн газрын даргын өрөө рүү орсон, ...тухайн мэйл нь дотоод мэйл, удирдлагын баг руу явуулсан байсан учраас хянах шаардлагагүй байдаг, харин засах боломжтой...” гэх агуулга бүхий мэдүүлэг,

 

Н.Аы гаргасан “...2022.12.05-ны өдөр Даваа гараг байсан санагдаж байна. ...Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г болон зарим удирдлагын баг уурхай дээр явж байсан учраас хүлээж байгаад 13 цагт хуралдсан, ...Хурал дуусахын үед Адьяагийн зүгээс Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаал цуглаантай холбоотой ажилчдыг эрт тараая гэсэн санал гаргасан, энэ асуудлын талаар Бүрэн эрхт төлөөлөгчөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр зохион байгуулъя гэж хэлээд хурал тарсан байгаа. ...Би 6 дугаар давхарт өдрийн хоолоо халааж байх үедээ М.Чтэй тааралдаж, хурлаар бид ийм зүйл ярилаа, жагсаал цуглаантай холбоотой ажилтнуудыг эрт тараая, төслийг бэлдэж байгаарай, энэ талаар Л.Б даргад хэлээрэй, төслөө хянуулаарай гэж хэлсэн байгаа. ...Төд удалгүй Т дарга надтай утсаар ярьсан, мэйлийн агуулга буруу байна, онцгой дэглэм тогтоогоод удаагүй байхад нийт ажилтнуудыг жагсаал цуглаанд оролцохыг дэмжсэн агуулгатай байж болохгүй гэсэн, ...намайг өрөөнд нь очиход М.Ч байсан, араас нь Л.Б орж ирсэн, тэгээд мэйлийг устгах уу, залруулах гэдэг асуудлыг ярилцаад залруулга хийхээр болоод тарсан... миний амаар өгсөн үүрэгт жагсаал, цуглаанд биечлэн оролцох хүсэлтэй хүмүүс оролц, цалинтай чөлөө олгоно гэсэн агуулга байгаагүй, онцгой дэглэм тогтооосон байгаа үед энэ нь компанийн хувьд хориглосон зүйл байгаа..., ...М.Ч өөрөө ойлголтын зөрүү гаргаж, буруу агуулгатай мэйл явуулснаа хүлээн зөвшөөрч, энэ талаар надад тайлбар бичиж өгсөн...” гэх агуулга бүхий мэдүүлэг,

 

М.Оийн гаргасан “...М.Ч манай өрөөнд орж ирээд ажилтнуудыг эрт тараах талаар 1 цагийн чөлөө олго гэсэн агуулга бүхий мэйл бичих юм байна гэдгийг надад хэлсэн, би мэйлийг “...ажилтнуудад 1 цагийн чөлөө олгоод, дотоодоо ажил үүргээ зохицуулаад зарим нэг ажилтнуудад чөлөө олгох боломжтой...” гэсэн агуулгаар өөрийн компьютер дээр бичээд мэйлээ хараарай гэдгийг М.Чт хэлсэн, тэгээд М.Ч миний хажууд суугаад мэйлээ засаад болчихлоо, намайг явуулчих гэсэн, өрөөнөөс гарах гэж байхад нь би ямар хаяг руу явуулах юм бэ гэхэд менежментийн багийн хаяг гэж хэлсэн, тэгэхлээр нь би өөрөө ямар нэгэн үүрэг аваагүй учраас явуулмааргүй байна, чи өөрөө явуул гэдгийг хэлсэн, М.Ч миний мэйл рүү явуулчих гэсэн учраас түүний мэйл руу явуулсан...” гэх агуулга бүхий мэдүүлгүүдээр давхар нотлогдсон.

 

6.Харин нэхэмжлэгч М.Чийн бичсэн анхны мэйл нь “ЭТТ ХК-ийн хуулийн ажилтан жагсаалд нэгдэхийг уриалж ажилчдаа турхирчээ” гэсэн гарчигтайгаар https://www.mass.mn, https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL, Sonin.mn гэсэн сайт болон Фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн байх ба, энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас “...Тухайлбал жагсаал цуглааныг далимдуулж, нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, ЭТТ ХК-ийн өмнөх удирдлагууд олон нийтийн сүлжээг ашиглан, өөрсдийн ажилчдаа болон иргэдийг жагсаал, цуглаанд уриалах, оролцуулах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг хандлагууд гарч байна...” гэх агуулга бүхий мэдэгдлийг хийсэн байна.

 

Улмаар хариуцагч ЭТТ ХК нь өөрийн байгууллагын https://ett.mn гэсэн сайтад МЭДЭГДЭЛ гэсэн гарчигтай “...Хууль эрх зүйн газрын мэргэжилтэн өнөөдрийн жагсаал, цуглаантай холбоотойгоор компанийн ажилтнуудыг ажлын цагаасаа эрт тарах утгатай буруу ташаа мэдээлэл агуулсан мэйлийг ажилтнуудын албан мэйл хаягаар дур мэдэн илгээж ташаа ойлголт төрүүллээ. ...ажилтнууд одоогоор ажлын байрандаа хэвийн ажиллаж байгааг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн агуулга бүхий мэдэгдлийг гаргажээ.

 

Эдгээр үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч М.Ч нь 2022.12.06-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгсөн байх бөгөөд тус албанд М.Чтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны болон шийдвэрлэгдсэн ямар нэгэн хэрэг байхгүй байна.

 

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын агуулга нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар, ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгох бөгөөд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байхыг ойлгоно.

 

2022.12.05-ны өдөр хариуцагч ЭТТ ХК-ийн удирдлагын зүгээс гаргасан 2022.12.04, 05-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд нүүрсний гэх тодотголтой, олон нийтийн жагсаал цуглаантай холбоотой “...ажилчдыг эрт тараах, чөлөө олгохтой...” холбоотой шийдвэрийн дагуу нэхэмжлэгч М.Чт Захиргаа удирдлагын дарга Н.Аы амаар өгсөн “...чөлөө авахыг хүссэн ажилтнуудад цалинтай чөлөө олгох талаар...” мэйл бичих үүрэг даалгаврыг нэхэмжлэгч М.Ч буруу ойлгон “...жагсаалд биечлэн оролцох хүсэлтэй ажилтнууд...” гэсэн агуулгаар удирдлагын багт илгээсэн мэйлийг холбогдох ажилтан илрүүлж, мэйлийн агуулгыг зөвтгөн дахин явуулах шийдвэрт хүрснээр нэхэмжлэгч М.Ч нь 10 минут орчмын дараа “...ажилтнуудыг....” гэсэн байдлаар мэйлийн агуулгыг зөвтгөн удирдлагын багт дахин илгээсэн үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.3, 4.5.19, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.3, 8.4.19-т заасан ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, шууд болон шууд бус хэлбэрээр улс төрийн ухуулга сурталчилгаа явуулах, шашны зан үйл үйлдэх, сурталчлах, татан оролцуулсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил биш, дээр дурдсан ноцтой зөрчил гэх ойлголтод хамаарахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон хариуцагч ЭТТ ХК-нд Засгийн газраас онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Сүхбаатарын талбайд болсон жагсаал, цуглаанаас гарч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчдын тухайн өдрийн ажлын цагийг богиносгон ажиллуулахыг газар, хэлтсийн дарга нарт чиглэл болгосныг нэхэмжлэгч М.Ч илт гуйвуулан, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, илт худал мэдээлэл тараасан, үүнд ямар нэгэн субъектив санаа зорилго байсан гэж үзэхээргүй байна.

 

Харин нэхэмжлэгч М.Ч нь удирдлагаас амаар өгсөн үүрэг, даалгаврын агуулгыг буруу ойлгосноо хүлээн зөвшөөрч, богино хугацааны дараа дахин залруулсан явдал нь эрх мэдлээ урвуулан ашигласан, илт худал мэдээлэл тараасан ноцтой үйлдэлд хамаарахгүй, энэхүү үйлдэл болон М.Чтэй холбоотой ямар нэгэн эрүүгийн хэрэг шалгагдаагүй, үүний улмаас хариуцагч ЭТТ ХК-нд ямар нэгэн эд хөрөнгийн хохирол учирсан, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

8.Өөрөөр хэлбэл, хариуцагч ЭТТ ХК нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан, ажлаас халсан тушаалын үндэслэл болсон нэхэмжлэгч М.Чийг эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, илт худал мэдээлэл тараасан субъектив санаа зорилго байсан эсэхийг, мөн нэхэмжлэгч М.Чийн бичсэн анхны мэйл https://www.mass.mn, https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL, Sonin.mn гэсэн сайт болон фэйсбүүкээр яагаад тараагдсан болох, үүнд нэхэмжлэгч М.Ч холбоотой эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.10-т зааснаар шалгаж тогтоох учиртай бөгөөд энэ талаар ажилтанд мэдэгдэх, түүнээс тайлбар авах, холбогдох нэгжийн удирдлагын саналыг тусгаж баталгаажуулах зэргээр холбогдох ажиллагааг хийгээгүй, дурдсан мэйлийг тараасан үйлдэлд М.Ч буруутай болох нь баримтаар тогтоогдохгүй, Б/1248 тоот тушаалын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч М.Чийг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирсонгүй.

 

Иймд хариуцагч ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1248 тоот М.Чийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч М.Чийг Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Тиймээс нэхэмжлэгч М.Ч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос гадна, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан цалин хөлсний бүрдэл болох үр дүнгийн урамшуулал, шагналт цалинг хариуцагч ЭТТ ХК-иас шаардах эрхтэй, үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам хамаарахгүй юм. Учир нь цалин хөлс нь хоршоо утгатай, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрддэг, эдгээр нь бие биедээ харилцан хамааралтай, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагавар байдаг онцлогтой.

 

9.Нэхэмжлэгч М.Чийн гарган өгсөн 2023.07.03-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн нэг сарын дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол 3,058,401 /2022 оны 12 сард 1,241,501 төг + 11 сард 3,572,125 төг + 10 сард 4,361,577 төг = 9,175,203 : 3/ төгрөг болов.

 

Нэхэмжлэгч М.Чийг ажлаас нь чөлөөлсөн 2022.12.07-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2023.10.19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцвол:

10 сар /3,058,401 төг * 10 сар = 30,584,010 төг/,

ажлын 9 өдөр /3,058,401 төг : 21,5 өдөр = 142,251 төг * 9 өд = 1,280,259 төг/-ийн олговор нийт 31,864,269 /30,584,010 төг + 1,280,259 төг/ төгрөг болж байна.

 

10.Хариуцагч “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.07.01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан “ЭТТ” ХК-ийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.15-д “Компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалин, үр дүнгийн урамшуулал олгож болно”,

Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2020 оны ЭТТ-2018/140-2 тоот хамтын гэрээний 3 дугаар зүйлийн үр дүнгийн урамшуулал, шагнал гэсэн хэсгийн 3.3.1-д “жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 дүгээр улиралд олгоно” гэж тус тус заасан.

 

Дээрх журам, хамтын гэрээний дагуу хариуцагч ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/753 тоот “Ажилтнуудад шагналт цалин олгох тухай” тушаалаар тус компанийн ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалинг,  А/752 тоот “Ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаалаар нийт ажилтанд үндсэн цалингийн дунджаар тооцож жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг тус тус олгожээ.

 

11.Хариуцагч ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.12.19-ний өдрийн А/462 тоот тушаалаар баталсан “ЭТТ” ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журам”-ын 3 дугаар зүйлийн шалгуур үзүүлэлт гэсэн хэсгийн 3.1.1-ээс 3.1.6-д заасан ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвөлгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвх санаачилга, шинэ  санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга хариуцлага гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан, 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ажилтны ажил дүгнэх зааврын дагуу 56-100 хүртэл оноогоор дүгнэж, гүйцэтгэх захирлын тушаалаар 4.1.1, 4.1.2-т заасан улирлын шагналт цалин, жилийн үр дүнгийн урамшуулал олгохоор зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч М.Ч нь ажлаас үндэслэлгүй халагдаагүй байсан бол ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, ажилтны ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журмын 5.2-т заасны дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажлыг эрх бүхий этгээдээр зохих журмын дагуу үнэлүүлж, дүгнүүлэх, жилийн үр дүнгийн урамшуулал авах эрхтэй, хариуцагч ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/752 тоот тушаалаар ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгосон байх боловч нэхэмжлэгч М.Чийн ажлын үзүүлэлтүүдийг дүгнэсэн үнэлгээний хуудас, шагнал, урамшуулал олгох тухай нэгжийн удирдлагын санал, хурлын тэмдэглэл, тухайн нэгжийн нэгдсэн тайлан зэрэг баримтууд байхгүй байх тул түүнд үр дүнгийн урамшуулал тооцох боломжгүй юм.

 

12.Харин хариуцагч ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.12.20-ны өдрийн А/753 тоот тушаалаар ажилтанд цалин хөлс тооцох журмын 3 дугаар зүйлийн 3.15-д зааснаар ТУЗ-аас баталсан борлуулалтын төлөвлөгөөг амжилттай биелүүлж, ...компанийн борлуулалтын орлогыг бүрэн биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалин олгосон байх ба, үүнд ажилтны зүгээс тусгайлсан шалгуур тавигдаагүй байх тул нэхэмжлэгч М.Чт 13 дахь сарын шагналт цалин олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид 2022.08.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1 сарын үндсэн цалингийн хэмжээг 2,671,680 төгрөг болгон өөрчилсөн байх боловч энэ гэрээ нь хуулбар, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгч М.Чийн 13 дахь сарын шагналт цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан 1 сарын үндсэн цалин болох 2,337,720 төгрөгөөр тооцлоо.

 

13.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ЭТТ ХК-иас 10 сар, 9 өдрийн олговорт 31,864,269 төгрөг, 13 дахь сарын шагналт цалин 2,337,720 төгрөг, нийт 34,201,989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Чт олгож, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЭТТ ХК-нд үүрэг болгож, нэхэмжлэлээс үлдэх 333,960 төгрөг болон үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч М.Ч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх ба, хариуцагч ЭТТ ХК-иас 328,960 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Чийг хариуцагч ЭТТ ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ЭТТ ХК-иас 34,201,989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Чт олгосугай.

 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч М.Чийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭТТ ХК-д үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ЭТТ ХК-иас 328,960 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.ЭНХТУЯА