Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00050

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00050

 

 

2024 01 03 210/МА2024/00050

 

М.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02924 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э ТТ- ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2022 оны үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалин 2,671,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ч-, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат, Ж.Энэрэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадамжаргал, Х.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. М.Ч- нь Э ТТ- ХК-ийн Хууль зүйн зохицуулалтын хэлтэст 2020 оны 09 сарын 16-ны өдөр ажилд орж, 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс компанийн хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э ТТ- ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Г-ыг томилсон. Э ТТ- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1428 тоот тушаалаар М.Ч-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулсан.

1.2. Э ТТ- ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилогдож ирснээс хойш захиргаа удирдлагын газрын даргаар Н.А-томилогдсон ба 2021 оны 12 сарын 05-ны өдөр Н.А-дарга ...шуурхай хуралдаанаас шийдвэр гарлаа, талбай дээр болж байгаа жагсаалтай холбоотой хүсэлт гаргасан ажилтнуудыг 15:30 цагаас өмнө тарааж болно, хэлтсийн дарга Л.Б- болон менежментийн групптэй ярилцаад мэйл явуулаарай гэсэн. М.Ч- нь энэ мэйлийг өөрөө дур мэдэж, өөрийн хүсэл зоригоор явуулаагүй, албан тушаалаа урвуулан ашиглаагүй, зөвхөн удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлсэн. Тухайн үед М.Ч- энэ талаар захиргаа удирдлагын газрын дарга Н.А-д тайлбар бичиж өгсөн. Энэ талаар 1, 2 удаа цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн, гэхдээ ямар нэг байдлаар хэрэгт шалгагдаагүй.

1.3. М.Ч-ийн мэйл явуулсан үйлдлийн улмаас компанийн нэр хүндэд халдсан, хохирол учруулсан, муу үр дагавар үүсгэсэн зүйл байхгүй. М.Ч- нь ...удирдлагын даалгаврын утга, агуулгыг буруу ойлгосон, энэ агуулгаа тухайн үед залруулсан мэйлийг нийт ажилтнуудад хүргүүлсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн ноцтой зөрчил биш. М.Ч-ийг ажлаас халах болсонтой холбоотой хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан дуудаж уулзах, зөрчил мөн эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг хариуцагч огт хийгээгүй.

Иймд М.Ч-ийг урьд эрхэлж байсан Э ТТ- ХК-ийн хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 39,395,154 төгрөг, 2022 оны үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын шагналт цалинд 2,671,680 төгрөг, нийт 58,343,306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Э ТТ- ХК-ийн удирдлагуудын зүгээс Сүхбаатарын талбай дээр болж буй олныг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал үүссэн нь төв оффисс /талбайн баруун/ болон ажилтнуудад эрсдэл үүсч болзошгүй байдлаас урьдчилан сэргийлж, тухайн өдрийн ажлын цагийг богиносгон ажиллуулах /эрт тараах/ чиглэлийг өгсөн боловч Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульч М.Ч- нь удирдлагаас өгсөн чиглэлийг илт мушгин гуйвуулж, компанийн зүгээс ажилтнуудад цалинтай чөлөө өгч, зохион байгуулалттайгаар жагсаал цуглаанд биечлэн оролцуулж байгаа мэтээр ажилтнуудад цахим шуудан хүргүүлсэн байдаг. Улмаар, энэхүү цахим шуудан нь гадагш задарч, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э ТТ- ХК-ийн хуулийн ажилтан жагсаалд нэгдэхийг уриалж ажилтнуудаа турхирчээ гэх мэдээ нийтлэгдсэн. Түүнчлэн Э ТТ- ХК-ийн хуучин удирдлагууд жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсний улмаас төрийн өндөр албан тушаалтан, хуулийн байгууллагууд уг асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл мэдээлж байсан.

2.2. М.Ч-ийн 2022 оны 12 сарын 05-ны өдөр ажилтнуудад хүргүүлсэн цахим шуудантай холбоотой асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас шалгасан. Удирдлагуудын зүгээс дээрх мэдээлэлтэй холбоотойгоор мэдэгдэл хийж залруулах арга хэмжээг авсан бөгөөд М.Ч- ч удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг буруу ойлгож, ташаа мэдээлэл явуулсан болохоо хүлээсэн байдаг.

2.3. Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн зүгээс тус компанид онцгой дэглэм тогтоосон болон нийтийг хамарсан жагсаал цуглаан /тус компанийг чиглэсэн/ эрчимжсэн зэрэг цаг үеийн нөхцөл байдалд улс төрийн шинжтэй, олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан /зөвшөөрөлгүй/ үймээн самуунд компанийн ажилтнуудыг зохион байгуулалттайгаар оролцож байгаа мэт нөхцөл байдлыг бий болгосон нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул М.Ч-ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.4. Мөн нэхэмжлэгч нь ажиллаж байсан бол үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалингийн урамшуулал авах ёстой байсан гэж маргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар гомдол гаргах хугацааг 90 хоног гэж заасан. М.Ч- 2023 оны 01 сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан ч 7 сарын дараа шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч М.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ч-ийг хариуцагч Э ТТ- ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Э ТТ- ХК-аас 34,201,989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ч-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч М.Ч-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Э ТТ- ХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Ч- тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Э ТТ- ХК-аас 328,960 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс гадна үр дүнгийн урамшууллыг нөхөн олгуулах талаар хүссэн боловч анхан шатны шүүх ...журамд заасан төлөвлөгөөний биелэлтийг дүгнээгүй, ...хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажлын үзүүлэлтийг дүгнэсэн үнэлгээний хуудас өгөөгүй... учир олгогдох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь М.Ч- 2022 оны 01 сарын 01-ээс мөн оны 12 сарын 07-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлж байсан ба дээрх хууль бус тушаалын улмаас түүнийг ажлаас чөлөөлсөнд буруугүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 61.2.1-т тус тус зааснаар үр дүнгийн урамшуулал болох 16,276,472 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, харицах ёстой хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

5.1. Компанид тогтоогдсон онцгой дэглэм болон хэрэглэх ёстой хууль тогтоомжийн талаар:

Монгол Улсын Засгийн газар "Э ТТ-" ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, "Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрх"-ийг Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан хүрээнд хэрэгжүүлэхийг Ж.Г-ад даалгасан. Засгийн газрын 385 дугаар тогтоолын 3.1-д "бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх", "шаардлагатай бол" гэсэн хоёр үйлдэл (эс үйлдэхүй)-г таслалаар зааглан өөр өөр төрлийн эхлэл, төгсгөлтэй бие даасан байдлаар тодорхойлсон.

Энэхүү маргааны хувьд тухайн харилцааг буюу онцгой дэглэм тогтоосон харилцаанд нарийвчлан зохицуулсан хууль буюу хэрэглэх ёстой хууль нь Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль, түүнийг үндэслэн гарсан Засгийн газрын 385 дугаар тогтоол бөгөөд энэхүү хууль тогтоомж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа түүнийг ЗГ-аас томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч дагаж мөрдөх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх ажлаас чөлөөлөхдөө "тухайлсан дүрэм", тусгай журам-ыг тогтоосон байх, түүнийг зөрчсөн байхыг шаардаж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3, 8.10-т зааснаар шалгаж тогтоох, тайлбар авах, холбогдох нэгжийн саналыг авах ажиллагаа хийгээгүй гэж нийтлэг баримтлагддаг хууль тогтоомжийн буюу хэрэглэх ёстой хуулийг бус, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг үндэслэн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж буруутгажээ. Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулиар онцгой дэглэм тогтоогдсон хугацаанд нийтлэг баримтлагддаг хууль буюу Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болох хуулийн зорилго, агуулга /үзэл баримтлал/-ыг маргааны үйл баримтад буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

5.2. Маргааны үйл баримт болоод шүүхийн дүгнэлтийн талаар:

Захиргаа, удирдлагын газрын дарга Н.А-нь Хүний нөөц сургалтын хэлтсийн хуульч М.Ч-т шуурхай хуралдаан дууссаны дараа яригдсан асуудлыг танилцуулан ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс эрт тараах мэйлийн төслийг Л.Б-той хамт бэлтгэж бай гэдэг үүргийг өгч, шуурхай хурал дууссаны дараа яригдсан уг асуудлыг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид танилцуулж, зөвшилцөж амжаагүй байхад М.Ч- нь m m- /газар, хэлтсийн дарга, ахлах г.м 70 гаруй хүнтэй/ группт ноцтой агуулга бүхий мэйл илгээсэн байдаг. Энэ талаарх баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

Ийм учраас Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс эрт тараах шийдвэр гаргаагүй. Мөн аливаа удирдлага /БЭТ болон Н.А-/-ын зүгээс жагсаал цуглаанд биечлэн оролцуулах талаар ямар ч чиглэл өгөгдөөгүй. Харин ч эсрэгээрээ ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс эрт тараах мэйл-ийн төслийг бэлтгэх-ээр удирдлагаас өгсөн үүргийг М.Ч- урвуулан ашиглаж, жагсаал цуглаанд биечлэн оролцох хүсэлтэй ажилтнуудад цалинтай чөлөө олгож байна гэх худал мэдээллийг мэйл-ээр илгээсэн. Энэхүү мэйл нь компани болоод. БЭТ-н шийдвэр мэтээр m m- rpyппт илгээж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж, М.Ч-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тухайн мэйл нь m m- rpyпп /70 гаруй хүнтэй/-т илгээгдсэнээрээ тухайн ажилтнуудад ойлгомжгүй байдал болон эрсдэлд орох нөхцлийг бүрдүүлсэн. Мэйлийг 10 орчим минутын дараа залруулсан ч эхний мэйлийн үр дагавар арилаагүй, харин ч цахим орчинд тархаж, компанийн нэр хүнд болоод Засгийн газраас дэглэм тогтоосон компани нь Засгийн газрынхаа эсрэг жагсаалд ажилчдаа уриалсан болж харагдсан ноцтой үр дагавар үүсгэж байгаа болохыг шүүх анхаараагүй бөгөөд нийгэмд аль цаг хугацаанд хэрхэн засаж залруулсан эсэхээс үл хамаарч тухайн мэйлийн агуулга компани нэр хүндтэй холбоотой сөрөг үр дагавар үүсгэж байгаа, энэ нь чөлөөлсөн тушаал гарахаас өмнөх хугацаанд хамаарч байгааг шүүх анхаараагүй.

Иймд М.Ч-ийн үйлдлийг шууд зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч онцгой дэглэмийн хугацаанд зорилтыг биелүүлсэн ажилтнуудад урамшуулал олгосон ба хэнд өгөх эсэх нь бүрэн эрхт төлөөлөгчийн эрх хэмжээний асуудал юм. Нэхэмжлэгч 2022 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл ажилласан гэж тайлбарласан. Үр дүнгийн урамшууллыг дээрх хугацаанаас хойш буюу 2022 оны 12 сарын 20-ны өдөр олгосон. Тухайн газар нэгжийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан байхгүй, мөн урамшуулал олгох хугацаанаас өмнө ажлаас чөлөөлөгдсөн учир Э ТТ- ХК-ийн цалин, урамшуулал олгох журмыг үндэслээд олгоогүй. Анхан шатны шүүх тайлан байхгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх асуудалд талууд маргаж байгаа. Анхан шатны шүүхэд огт яригдаагүй асуудлыг давж заалдах гомдолдоо тусгасан. Засгийн газарт эрх олгох тухай хууль, 385 тогтоолд удирдах ажилтныг томилох талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, удирдах ажилтнаас бусад энгийн мэргэжилтэн, ажилтнуудын талаарх харилцааг зохицуулаагүй. Үүнтэй холбоотой бүрэн эрхт төлөөлөгч томилогдож ирснээс хойш хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаалын төслүүдийг би боловсруулж байсан. Тус тушаалын төслийг боловсруулах үед холбогдох албан тушаалтнуудтай ярилцахад, Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу удирдах албан тушаалтнуудыг томилно, бусад ажилтнуудыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу томилохоор төсөл боловсруулсан. Ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Мэйл явуулах эсхүл мэйлийн төсөл бэлдэх үүрэг өгсөн эсэхийг ажил олгогч тогтоосон байх ёстой гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Надад үүрэг өгсөн гэрч Н.А-нь төсөл бэлдэх үүрэг өгсөн гэж мэдүүлсэн. Надад мэйл явуул гэсэн үүрэг өгөх үед хэлтсийн дарга н.Б-той уулзахад, Н.А-даргаас дээрх үүргийг өгсөн бол мэйлээ н.Одгэрэлтэй ярилцаж байгаад явуул гэсэн. Залруулга мэдэгдлийг гаргах үед мэйл явуулах үүрэг өгснөө хүлээн зөвшөөрч байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төсөл бэлдэх үүрэг өгсөн гэж худал хэлдэг. Гэтэл тус үйл баримтыг тогтоохгүйгээр ноцтой зөрчил гаргасан гэж тушаал гаргасан нь үндэслэлгүй. М.Ч-ийн бүрэн эрхээ урвуулж ашигласан үйлдлээс шалтгаалж, эрүүгийн хэрэгт шалгагдсан гэж гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Энэ тухай хариуцагч гомдол гаргаагүй, эрүүгийн хэрэгт би сэжигтэн, яллагдагчаар татагдсан зүйлгүй. Ажил олгогч мэйлийг гадагш тараасан гэх үйл баримтыг тогтоохыг хүсээгүй. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож ирснээс хойш ажилтнуудад хэцүү байдал бий болсон. Миний бие хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаалын төслийг боловсруулдаг байсан. Хэрэв тухайн өдөр тус мэйлийг явуулаагүй бол мөн ажлаас халах магадлалтай нөхцөл байдал бий болсон. Бүрэн эрхт төлөөлөгч надад биечлэн үүрэг өгөх боломжгүй. Холбогдох хэлтсийн дарга нараар дамжуулж үүрэг өгдөг. Тухайн үед Н.А-даргаас өгсөн үүргийг бүрэн эрхт төлөөлөгч үүрэг болгосон гэж үзэж үүргийг гүйцэтгэсэн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М.Ч- нь хариуцагч Э ТТ- ХКд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2022 оны үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 2,671,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Э ТТ- ХК нь 2022 оны 12 сарын 05-ны өдөр байгууллагын удирдлагын шуурхай хуралдааныг хийж, нүүрсний хулгайг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал, цуглаан Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буйтай холбогдуулан компанийн ажлын байр, ажилтнуудад үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтнуудыг эрт тараах шийдвэрийг гаргажээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.А-аас Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульч М.Ч-т хандан ...хэлтсийн дарга Л.Б-той ярилцаад цахим шуудангаар ажилтнуудад мэдэгдэх үүргийг амаар өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Харин М.Ч- нь байгууллагын дотоод сүлжээгээр Чингисийн талбайд болж буй иргэдийн жагсаал, цуглаантай холбоотойгоор нэгжийн үйл ажиллагааг алдагдуулалгүйгээр дотоод зохион байгуулалтыг ханган жагсаалд биечлэн оролцох хүсэлтэй ажилтнуудыг 15:00 цагт ажлаас тарах буюу 1 цаг 30 минутын цалинтай чөлөөг олгож болохыг мэдэгдье гэсэн цахим шууданг ажилтнуудад илгээсэн нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн эсэх талаар зохигч маргажээ.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

4.1. Э ТТ- ХК-ийн Гүйцэтгэх захирал буюу Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1428 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох /1991 оны/ тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 зүйл, 3.1, 3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.3, 8.4.19, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.19, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалын 6.2-т заасныг тус тус үндэслэн тус компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Сүхбаатарын талбайд болсон жагсаал, цуглаанаас гарч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчдын тухайн өдрийн ажлын цагийг богиносгон ажиллуулахыг газар, хэлтсийн дарга нарт чиглэл болгосныг илт гуйвуулан, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, илт худал мэдээллийг нэр бүхий ажилтнуудын цахим шуудангаар илгээн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульч М.Ч-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 сарын 07-ны өдрөөр дуусгавар болгосугай гэж заажээ. /1хх 4/

 

4.2. Талуудын хооронд 2022 оны 03 сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн заажээ. Уг зохицуулалтын 4.5.3-т ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн, өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан, 4.5.19-д шууд болон шууд бус хэлбэрээр улс төрийн ухуулга сурталчилгаа явуулах, шашны зан үйл үйлдэх, сурталчлах, татан оролцуулсан бол ноцтой зөрчилд тооцохоор тодорхойлсон байна. Тус заалтууд нь хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.3, 8.4.19-т ижил агуулгаар тусгагдсан байна. /1хх 43-51/

 

4.3. Нэхэмжлэгч нь Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.А-ы өгсөн албан үүргийг хэрэгжүүлж 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 14.31 цагт өөрийн албаны цахим шуудангийн хаягаар ...Чингисийн талбайд болж буй иргэдийн жагсаал, цуглаантай холбоотойгоор нэгжийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр дотоод зохион байгуулалтыг ханган жагсаалд биечлэн оролцох хүсэлтэй ажилтнуудыг 15.00 цагаас ажлаас тараах буюу 1 цаг 30 минутын цалинтай чөлөөг олгож болохыг мэдэгдье. Нэгжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг холбогдох хэлтэс, нэгжийн удирдлагуудад анхааруулж байна... гэсэн агуулгатай захидлыг албаны m m- буюу удирдлагын багийн дотоод цахим хаягт илгээсэн.

 

4.4. Уг цахим шуудан агуулгын алдаатай болсныг Хууль эрх зүйн газрын дарга н.Түвшинжаргал мэдсэнээр Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.А-ы өгсөн албан үүргийн агуулгыг ажилтан М.Ч- буруу ойлгосныг залруулж, М.Ч- нь өөрийн албаны цахим шуудангийн хаягнаас 10 гаруй минутын дараа m m- цахим хаягруу ...уучлаарай. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг алдаатайгаар буруу ойлгож, ташаа мэдээлэл хүргүүлсэн байна. Өмнөх алдаатай мэдээллийг цааш тараахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Чингисийн талбайд болж буй иргэдийн жагсаал, цуглаантай холбоотойгоор нэгжийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр дотоод зохион байгуулалтыг ханган ажилтнуудыг 15.00 цагт ажлаас тараах буюу 1 цаг 30 минутын цалинтай чөлөөг олгож болохыг мэдэгдье... гэсэн захидлыг 14.44 цагт дахин илгээжээ.

 

5. Дээрх үйл баримтууд нь цагдаагийн байгууллагаас 2022 оны 12 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс хоёр удаа гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, анхан шатны шүүхийн цахим шуудангийн хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, М.Ч-ийн 2022 оны 12 сарын 05-ны өдөр Э ТТ- ХК-д бичиж өгсөн тайлбар, гэрч Л.Б-, Н.А-, М.О- нарын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна. /1хх 83-87, 96-106, 146, 2хх 21-27/

6. Нэхэмжлэгч М.Ч-ийн гаргасан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил биш, ноцтой зөрчилд хамаарахгүй гэж шүүх дүгнэхдээ, М.Ч- нь удирдлагаас өгсөн үүргийн агуулгыг илт гуйвуулан бүрэн эрхээ урвуулан ашиглаж, илт худал мэдээлэл тараасан субьектив санаа зорилготой байсан гэж үзэхгүй, ажилтан нь удирдлагын үүргийг буруу ойлгосноо даруй залруулсан нь ноцтой зөрчилд хамаарахгүй, ажилтан эрүүгийн хэрэгт шалгагдаагүй, уг захидлын улмаас хариуцагчийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учраагүй, сөрөг үр дагавар бий болгосон нь баримтаар тогтоогдоогүй гэжээ.

 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч М.Ч-ийг хариуцагч Э ТТ- ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн хуульчийн ажилд эгүүлэн тогтоосон нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

7. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э ТТ- ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон.

 

Онцгой дэглэмийн хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг сайжруулан ажиллах болон компанид хөдөлмөрийн болон технологийн тусгай журам тогтоож, сахилга, хариуцлагыг сайжруулан ажиллахаар тогтоосон байхад нэхэмжлэгч М.Ч-ийн гаргасан дээрх зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчилд хамаарна гэх хариуцагчийн татгалзал, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

7.1. М.Ч- нь удирдлагаас өгсөн албан үүргийн агуулгыг буруу ойлгосны улмаас, нүүрсний хулгайг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалтай холбогдуулан компанийн ажлын байр, ажилтнуудын аюулгүй байдлыг хангахаар ...ажилтнуудыг 15.00 цагт ажлаас тараах цалинтай чөлөөг олгосон шийдвэрийн агуулгыг ...жагсаалд биечлэн оролцох хүсэлтэй ажилтнуудыг 15.00 цагаас ажлаас тараах ... цалинтай чөлөөг олгосон... гэсэн агуулгаар ажилтнуудад мэдэгдсэн нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.3-т ажилтан эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой зөрчлийг гаргасан буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээний 4.5-д заасан үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

7.2. Нэхэмжлэгч нь удирдлагын шийдвэрийг буруу ойлгож хэрэгжүүлсэн тухайгаа цагдаагийн байгууллагад болон ажил олгогчид гаргасан тайлбартаа илэрхийлсэн нь удирдлагын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлсэн гэх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нь үгүйсгэж байна. Мөн нэхэмжлэгч нь удирдлагын шийдвэрийг буруу хэрэгжүүлсэн нь М.Ч-ийн зүгээс удирдлагын багийн m m- нэртэй цахим хаягт хоёр удаа илгээсэн захидал, гэрч Н.А-, Л.Б- нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож, нэхэмжлэгчийн тайлбар няцаагджээ.

 

8. Иймд нэхэмжлэгч М.Ч-ийг хөдөлмөрийн гэрээний 4.5.3-т заасан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хариуцагч Э ТТ- ХК-ийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1428 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Харин хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Монгол Улсын Засгийн газарт эрх олгох /1991 оны/ тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу, уг хууль хэрэглэгдэхгүй. Ажил олгогчоос ажилтны гаргасан зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан түүнээс тайлбар авах замаар сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулиар оногдуулсан байна. Мөн нэхэмжлэгч нь дээрх захидлыг илгээхдээ Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.19, Хөдөлмөрийн гэрээний 4.5.19-т заасанд хамаарах санаа, зорилгыг агуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг шаардлагын үр дагаврыг арилгуулахаар ажилгүй байсан хугацааны олговор шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн уул шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 13 дахь сарын цалинд 2,337,720 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй. Хариуцагчийн 2022 оны 07 сарын 01-ны өдрийн А/394 дугаартай тушаалын 3.15-д зааснаар компанийн жилийн санхүүгийн байдлыг харгалзан ажилтнуудад 13 дахь сарын шагналт цалинг олгохоор заасан, мөн хариуцагчийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн А/753 тоот тушаалаар ажил үүргээ амжилттай гүйцэтгэсэн ажилтнуудад 13 дахь сарын цалинг олгосноос үзвэл нэхэмжлэгчийн 2,337,720 төгрөг гаргуулах шаардлага нь ажил олгогчийн зүгээс ажилтны ажлын үр дүнг харгалзан олгох шагналт цалинд хамаарна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар 13 дахь сарын шагналт цалин олгогдох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

11. Хариуцагч ажилтнууддаа 2022 оны үр дүнгийн урамшууллыг олгосон байна. Нэхэмжлэгчээс уг урамшууллыг авах үндэслэлтэй гэж 16,276,472 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Хариуцагчийн 2018 оны 12 сарын 19-ны өдрийн А/000- тоо тушаалд зааснаар урамшууллыг ажлын төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт, идэвх санаачилга болон хөдөлмөрийн бүтээмж, сахилга, хариуцлага зэрэг шалгуурыг үндэслэн зохих оноогоор дүгнэн олгохоор заажээ. Нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны урамшууллыг олгох үндэслэлгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх буруутгахгүй. Нэхэмжлэгчийн тухайн жилд ажилласан хугацааны урамшууллыг олгох үндэслэл бүрдээгүй буюу энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02924 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч М.Ч-ийн хариуцагч Э ТТ- ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2022 оны үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалинд 2,671,680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Э ТТ- ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ