Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2023/02110

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2023/02110

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух,******* овогт Б.Б /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,,, "МТЗ" ТӨХК/РД:, гүйцэтгэх захирал П.Г/-д холбогдох

 

Тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 28-ны өдрийн Б/624 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: Би "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийи Б/101 дугаартай тушаалаар хуулийн мэргэжилтэн албан тушаалд томилогдож, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан.

Энэ хугацаанд Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зөрчилгүй, тухайн гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй холбоотой ёс зүйн зөрчилгүй ажилласан.

Гэтэл "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал солигдсон ба компани дотор Б.Б бол Б.Ба-ын суганы үс зайлуулна гэсэн цуу тарсан. Ингээд захиргаа удирдлагын газрын дарга намайг дуудаж чи өмгөөлөгчийн гэрчилгээтэй юм байна чамайг ажиллуулахгүй гэж хэлсэн, би өмгөөлөгчийн гэрчилгээг түдгэлзүүлж болно гэж хэлсэн чинь чамайг ажиллуулахгүй, орон тоо хасагдаж байгаа, хүмүүс өөрсдөө өргөдлөө өгөөд яваад байгаа чи ч гэсэн энэ жишгийг дага гэж хэлсэн. Захиргааны санаачилгаар бол чамд юу ч олдохгүй, бид өмгөөлөгчдийн холбоонд бичиг явуулж чиний эрхийг хүчингүй болгуулна гэж хэлсэн тул арга буюу халагдах өргөдөл бичиж өгөөд ажлаас халагдсан.

Иймд "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 28- ны өдрийн Б/624 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү.

Нэгдүгээрт би өөрийн чин хүсэл зоригоор хүсэлт бичиж өгөөгүй. Монголын өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн албан бичгийг надад үзүүлээд дараагийн үе шат эрхийг чинь хасуулах тоот, ажлаас халсан тушаал байх болно гэж хэлсэн. Өөрийнхөө хүсэлтээр гэж бичиж өгөөд яв гэсэн. Тэгээд өмгөөллийн эрхээ түдгэлзүүлэхгүй амьдралаа авч явах, эрх зүйн байдал дордохгүй гэж үзээд өөрөө хүсэлтээ гаргасан. Тиймээс энэ нөхцөл байдалд шүүх хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч "МТЗ" ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "МТЗ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28- ны өдрийн Б/624 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь "МТЗ" ТӨХК-д 2021 оны 06 дугаар сарын 21-ний Б/101 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн газарт түр томилогдсон ба 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хууль, эрх зүйн газарт хуулийн мэргэжилтнээр томилогдож, хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.

Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцон нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Захиргаа, удирдлагын газарт хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан байна.

Уг хүсэлтийг үндэслэн "МТЗ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-г өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр ажпаас чөлөөлж, шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс ...Захиргаа, удирдлагын газрын дарга дуудаж өмгөөлөгчийн гэрчилгээтэй юм байна чамайг ажиллуулахгүй, орон тоо хасагдаж байгаа, өргөдлөө өг, бид өмгөөлөгчдийн холбоонд бичиг явуулж эрхийг хүчингүй болгуулна гэж хэлсэн тул аргагүй болоод халагдах өргөдлөө өгсөн... гэж тайлбарлан маргаж байгаа нь түүний хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлтэд дурдагдаагүй тул үндэслэлгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг Б.Б нь өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ тогтоолгон авсан атлаа "МТЗ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.

Иймд "МТЗ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгзэр сарын 28-ны өдрийн Б/624 дугаартай тушаал нь нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, "МТЗ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дугаар тушаал, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22/145 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Шуудангийн дугтуй, хариуцагчийн баримтаар гаргасан "МТЗ" ТӨХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн "МТЗ" ТӨХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №03/1382 Албан бичгийн хуулбар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № 01/1056 Албан бичгийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч "МТЗ" ТӨХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "МТЗ" ТӨХК нь нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон тэтгэмжээ тогтоолгон авсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид хуулийн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22/145 дугаар Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлд заасныг үндэслэн Б.Б-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дүгээр тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно:, 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан., 79 дүгээр зүйлийн 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь би өөрийн чин хүсэл зоригоор хүсэлт бичиж өгөөгүй, Монголын өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн албан бичгийг надад үзүүлээд дараагийн үе шат эрхийг чинь хасуулах тоот, ажлаас халсан тушаал байх болно гэж хэлсэн гэж маргаж байна.

 

Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно:, 15.1.12-т хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх; гэж заасан.

 

Хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд Б.Б нь өмгөөлөгчийн эрхээ түдгэлзүүлсэн эсэх талаарх лавлагааг ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № 03/1382 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчид Б.Б нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ түдгэлзүүлээгүй тухай № 01/1056 Албан бичиг ирүүлсэн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № 01/1056 дугаар Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Б.Б нь өмгөөлөгчийн эрхээ түдгэлзүүлсэн эсэх талаарх лавлагааг гаргуулсан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр № 01/1056 Албан бичиг ирүүлсний дараа хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дүгээр Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан байх тул нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоор хүсэлт бичиж өгөөгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ:, 5.1.3-т дарамт, хүчирхийлэл ... хориглох; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглоно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг ажилтан сайн дурын үндсэн дээр, аливаа дарамтгүйгээр гаргахыг ойлгоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг сайн дурын үндсэн дээр гаргаагүй болох нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № 03/1382 Албан бичгийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № 01/1056 дугаар Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дүгээр тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т Шүүх гомдлыг хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:, 160.1.1-т хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох ... учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн олгох; гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дугаар Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн хуулийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлж тогтоох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин 1,600,000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөг болох нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22/145 дугаар Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 1,600,000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөс цалин хөлсийг тооцоход татгалзах зүйлгүй гэх тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажлын 185/нэг зуун наян тав/ хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрт хариуцагчаас нийт 14,095,150/1,600,000+1,600,000+1,600,000=4,800,000, 4,800,000:3=1,600,000, 1,600,000:21=16,190, 16,190x185=14,095,150/ /арван дөрвөн сая ерэн таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна. гэж заасан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 21-ын 1-ийн 1-т даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;, 21-ын 1-ийн 7-д шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;, 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:, 2-ын 1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага ... иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ... дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн ... гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21-ын 1, 21-ын 1-ийн 1, 21-ын 1-ийн 7-д зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан нийгмийн даатгалын албан журмын даатгуулагчид хамаарч байх ба харин хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдэд хамаарч байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г хуулийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч "МТЗ" ТӨХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14,095,150/арван дөрвөн сая ерэн таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч "МТЗ" ТӨХК-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "МТЗ" ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 228,425 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г хуулийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч "МТЗ" ТӨХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14,095,150/арван дөрвөн сая ерэн таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч "МТЗ" ТӨХК-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "МТЗ" ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 228,425 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ