Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01961

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023        11          10                                          210/МА2023/01961

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29ий өдрийн 181/ШШ2023/02110 дугаар шийдвэртэй

Б.Б-гийн нэхэмжлэлтэй, “Монголын төмөр зам” ТӨХК-д холбогдох,

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийи Б/101 дугаартай тушаалаар хуулийн мэргэжилтэн албан тушаалд томилогдож, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зөрчилгүй, тухайн гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй холбоотой ёс зүйн зөрчилгүй ажилласан. Гэтэл захиргаа удирдлагын газрын дарга намайг дуудаж “чи өмгөөлөгчийн гэрчилгээтэй юм байна, чамайг ажиллуулахгүй” гэж хэлсэн, би “өмгөөлөгчийн гэрчилгээг түдгэлзүүлж болно” гэж хэлэхэд “чамайг ажиллуулахгүй, орон тоо хасагдаж байгаа, хүмүүс өөрсдөө өргөдлөө өгөөд яваад байгаа, чи ч гэсэн энэ жишгийг дага” гэж хэлсэн.

Мөн “захиргааны санаачилгаар бол чамд юу ч олдохгүй, бид өмгөөлөгчдийн холбоонд бичиг явуулж чиний эрхийг хүчингүй болгуулна” гэж хэлсэн тул арга буюу халагдах өргөдөл бичиж ажлаас халагдсан. Иймд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

                                                                         

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.Б нь “Монголын төмөр зам” ТӨХК-д 2021 оны 06 дугаар сарын 21-ний Б/101 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн газарт түр томилогдсон бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хууль, эрх зүйн газарт хуулийн мэргэжилтнээр томилогдож, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцон ажилтан нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Захиргаа, удирдлагын газарт хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан байна. Уг хүсэлтийг үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дугаар тушаалаар Б.Б-г өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.

2.2 Нэхэмжлэгчээс “...Захиргаа, удирдлагын газрын дарга дуудаж өмгөөлөгчийн гэрчилгээтэй юм байна, чамайг ажиллуулахгүй, орон тоо хасагдаж байгаа, өргөдлөө өг, бид өмгөөлөгчдийн холбоонд бичиг явуулж эрхийг хүчингүй болгуулна гэж хэлсэн тул аргагүй болоод халагдах өргөдлөө өгсөн...” гэж тайлбарлан маргаж байгаа нь түүний хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлтэд дурдагдаагүй тул үндэслэлгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ тогтоолгон авсан атлаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.

Иймд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгзэр сарын 28-ны өдрийн Б/624 дугаартай тушаал нь нэхэмжлэгч Б.Б-гийн гаргасан хүсэлтийг үндэслэн хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г хуулийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14,095,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 228,425 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар ажилтан сайн дурын үндсэн дээр, аливаа дарамтгүйгээр хүсэлтийг гаргахыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар Захиргаа, удирдлагын газрын даргын зүгээс нэхэмжлэгчийн ямар нэгэн байдлаар дарамталсан нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн шийдвэрт нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т дарамт, хүчирхийлэл ... хориглох,” гэж заасныг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг Б.Б өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон ажил олгогчоос 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ тогтоолгон авсан атлаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-д холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/624 тоот тушаалд ажилтан Б.Б-гээс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгосон гэж заажээ.

 

3.1. Нэхэмжлэгч Б.Б нь уг тушаалын үндэслэл болох хүсэлтийг ажил олгогчийн шаардлагаар бичсэн гэх агуулгаар маргасан байна. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилснаар цуцалж болох бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалын үндэслэл болсон ажил олгогчид гаргасан гэх нэхэмжлэгчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаар анхан шатны шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Маргааны үйл баримтад хамаарах нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.

 

4. Түүнчлэн, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Отгонбаатар оролцохоор ирсэн боловч анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2023/11705 дугаар захирамжаар хариуцагч байгууллагаас олгосон итгэмжлэлийг гүйцэтгэх захирал нь олгоогүй гэж дүгнэж түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй.

 

Б.Отгонбаатарт хариуцагч байгууллагын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 03/1000 тоот албан бичгээр итгэмжлэл олгосон гэх боловч уг итгэмжлэлд тус байгууллагын Захигаа, удирдлагын газрын ахлах менежер Б.Цогтгэрэл гарын үсэг зуржээ. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/90 тоот тушаалаар өөрийг нь эзгүйд төлөөлөх эрхийг Б.Цогтгэрэлд олгосон боловч уг А/90 тоот тушаалд хариуцагч байгууллага “хуулбар үнэн” тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримт нь эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээдийн эрх зүйн байдлыг тодруулах, төлөөлөх баримт бичиг алдаатай бол засах боломжийг олгох учиртай. Ийнхүү төлөөлөх баримтыг залруулах боломж олгоогүйгээс хэргийн оролцогч болох хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж дүгнэхээр байна.  

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/02110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,425 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ

 

                                      ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ