Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/02150

 

 

 

 

 

 

 

 

2023 06 30

181/ШШ2023/02150

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Б овогт О.Н /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,, оршин суух, Н овогт Г.М /РД:/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Н нь Г.М-тай 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн Г.М-д туслах зорилгоор байгуулсан байдаг юм. Уг гэрээгээр иргэн О.Н нь өөрийн өмчлөлийн БЗД-ийн 25-р хороо, 66 байр,, 59.64 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг иргэн Г.М-д 90 сая төгрөгөөр худалдахаар дүр үзүүлэн хэлцэл хийж, уг хэлцлээ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нотариат дээр орж гарын үсэг зурсан байдаг. Бодит байдал дээр гэрээ байгуулсан өдөр болон түүнээс хойш иргэн Г.М нь О.Нт уг байрны төлбөр 90 сая төгрөгийг бэлнээр болон дансаар ямар нэгэн байдлаар огт төлж байгаагүй, О.Н нь Г.М-аас байрны 90 сая төгрөг авч байгаагүй болно. 

Уг байрандаа О.Н нь анх ашиглалтад орсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс хойш ч нэхэмжлэгч амьдарч байгаа, хариуцагч Г.М нь амьдарч байгаагүй, түүний эзэмшил, ашиглалтад огт шилжиж байгаагүй юм. 

О.Н нь иргэн Г.М-д туслах болсон гол шалтгаан нь Г.М нь сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад сурах гэж байгаа, сургалтын төрийн сангийн зээлээр сурахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та байрныхаа өмчлөх эрхийг миний нэр дээр түр хугацаанд шилжүүлж өгөөч гэж гуйсан тул түүнд туслах зорилгоор түүний өмчлөлд байраа түр хугацаанд шилжүүлж, сургалтын төрийн сангийн барьцаанд түр тавьсан юм. 

Тухайн үед О.Н нь миний уг байрны ордер дээр хамтран өмчлөгчөөр чамайг Г.М-ыг оруулаад барьцаанд тавья гэж хэлж байсан боловч хариуцагч нь болохгүй юм байна заавал Г.М миний нэр дээр байх ёстой гээд шилжүүлсэн байдаг. 

Тухайн үед иргэн О.Н уг байр нь 10 орчим сая төгрөгийн зээлийн барьцаанд байсан бөгөөд уг зээлийг төлөөд барьцаанд түр тавьж болно гэж ойлголцож байсан байдаг.

Хариуцагч Г.М нь одоо төрийн сангийн зээлээр Япон улсад суралцах хугацаа нь дуусч Монгол улсад ирсэн байгаа тул сургалтын төрийн сангийн зээлийн барьцаанд тавьсан нэхэмжлэгчийн байрны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх ёстой юм. О.Н-ын хувьд өөрийн өмчлөлийн байраа цаашид ийм байдлаар бусдын нэр дээр байлгах боломжгүй байгаа юм. Иргэн Г.М-тай холбогдох гэж удаа дараа оролдож байсан бөгөөд гадаадад байсан учир хүндрэлтэй байсан юм. Өнөөдрийн байдлаар Г.М нь Монгол Улсад ирсэн байгаа тул уг асуудлаа нэг мөр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. 

Иргэн О.Н нь бусдад туслах зорилгоор өөртөө илтэд хохиролтой, эрсдэлтэй буюу дүр үзүүлэн хэлцэл хийж, өөрийн өмчлөлийн байраа ямар ч үнэ төлбөргүйгээр бусдын нэр дээр шилжүүлж, өөрөө байргүй болж хохирч байгаа тул уг харилцааг хууль зүйн хувьд дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэж байна. 

Г.М нь шаардлагатай үед нь тусламж дэмжлэг үзүүлсэн хүнийхээ эсрэг харин ч хувийн ашиг хонжоо хайж, өөр хүсэл зорилго агуулж О.Н-ын байрны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх сонирхолгүй болж, янз бүрийн шалтаг шалтгаан хайх болсон байна. 

Бид уг асуудлаар өмнө нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32022/08357 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан хаягт хариуцагч нь оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул бид шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж, БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2022/04912 тоот шийдвэрийн дагуу СБД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хариуцагч Г.М-ын оршин суугаа газрын хаягийг олж тогтоох ажиллагаа явуулж, Г.М-ын оршин суугаа газрын хаягийг олж тогтоосон тул бид дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. 

Иймд талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч О.Н-ын өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Г.М-ын сурч байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Боловсролын зээлийн гэрээ 2016 онд байгуулагдсан. 3 жилийн хугацаатай сурсан. 3 жилийн хугацаа 2019 онд дууссан. Г.М-ын боловсролын зээлийн хугацаа 5 жил байсан. 80,000,000 төгрөг төлсөн гэж байгаа боловч 80,000,000 төгрөг өөрт нь байсан гэдгээ нотолж чадахгүй байна. Одоо болохоор аав, ээжээсээ авсан гэж байна. 80,000,000 төгрөгийн эх сурвалжаа баримтаар нотолсонгүй. 2018 онд хариуцагчаар Г.М-ыг тодорхойлоод шүүхэд өгч байсан. Тэр үед Г.М нь н.А гэх хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. н.А-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэлийг бид шүүхэд гаргаж өгсөн. 80,000,000 төгрөг бэлнээр төлсөн гэсэн тайлбар хэлдэггүй. Огт хамааралгүй гэрээний төлбөрийг ярьдаг. Үндэслэлгүй татгалзал хийж байна. 2 янзаар тайлбар гаргадаг. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч ээ. гэв.

 

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн О.Н-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын иргэн Г.М-д надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд; 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийн татгалзал болон нотлох баримтаа шүүх хуралдааны явцад гарган өгч мэтгэлцэх зарчмаар өөрийн татгалзлалаа нотлох болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. гэв.

 

Хариуцагч Г.М-ын өмгөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Г.М руу тухайн эд хөрөнгө шилжсэн. Эндээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан гэдэг нь харагдана. Зээл болон Барьцааны гэрээний 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан. Хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлээд худалдах, худалдан гэрээ байгуулсан. Тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Газар капитал ББСБ-ын барьцаанд байсан. Г.М нь хэлцэл байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл Япон улсад суралцаж байгаа. Нэхэмжлэгч нь дотно харилцааны хүрээнд орон сууцтай болтлоо танай байранд амьдарч байя гэж хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн Г.М хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч тал худалдах зорилгогүй зөвхөн туслах зорилгоор шилжүүлсэн гэж ярьдаг. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 он хүртэл шаардах эрхээ яагаад хэрэгжүүлээгүй юм. Тиймээс талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байгаа. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан О.Н-ын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 09-р сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000508055 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын 2020 оны 06 сарын 18-ны өдрийн тодорхойлолт, Эрх зүйн гүүр өмгөөллийн хуулийн фирмд гаргасан тайлбар, тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/08357 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ж.Ариунаагийн хариу тайлбар, 2018 оны 09 сарын 03-ны өдрийн итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 181/ШЗ2018/12423 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 181/ШЗ2019/00522 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2020/15647 дугаар шүүгчийн захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 6/1257 дугаар албан тоот, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 08 сарын 26-ны өдрийн А/14 дугаар тушаалын хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Д-109 дугаар Инженер, технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр Япон улс /Коосэн хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр, зэргийн бус сургалтын хөтөлбөр/-д суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Д-109 дугаар Инженер, технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр Япон улс /Коосэн хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр, зэргийн бус сургалтын хөтөлбөр/-д суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 09 сарын 06-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн баримтаар гаргасан Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 11-770222 дугаар албан тоот, 2018 оны 09 сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Г.М-ын гадаад паспортын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 40018919 дугаар тодорхойлолтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Н хариуцагч Г.М-д холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.М нь нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэж маргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хийжээ.

 

2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий 1-ийн 1.1, 2-ын 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь *******, 25-р хороо,,, талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь орон сууцны үнэд 90,000,000/ерэн сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээг дүр үзүүлсэн хэлцэл, хариуцагч нь сургалтын төрийн сангийн зээлээр сурахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та байрныхаа өмчлөх эрхийг миний нэр дээр түр хугацаанд шилжүүлж өгөөч гэж гуйсан гэж маргаж байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Г.М руу тухайн эд хөрөнгө шилжсэн, эндээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан гэдэг нь харагдана гэж маргаж байна.

 

Хариуцагч нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сургалтын төрийн сан болон Шинжлэх ухаан, технологийн их сургуультай Д-109 дугаар Инженер, технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр Япон улс /Коосэн хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр, зэргийн бус сургалтын хөтөлбөр/-д суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ/цаашид Д-109 гэрээ гэх/ болон Д-109 дугаар Инженер, технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр Япон улс /Коосэн хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр, зэргийн бус сургалтын хөтөлбөр/-д суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ/цаашид Д-109 гэрээ гэх/-ий байгуулсан болох нь Д-109 гэрээний болон Д-109 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Д-109 дугаар гэрээгээр *******, 25-р хороо,,, талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан болох нь Д-109 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Сургалтын төрийн сан болон Шинжлэх ухаан, технологийн их сургуультай Д-109 гэрээ болон Д-109 гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгчтэй Гэрээг хийсэн болох нь Гэрээний хуулбар, Д-109 гэрээний болон Д-109 гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, Гэрээний 2-ны 2.1-т зааснаар 14 тоот, талбайтай 2 өрөө орон сууцыг 90,000,000/ерэн сая/ төгрөг гэсэн байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 90,000,000/ерэн сая/ төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь 14 тоот, талбайтай 2 өрөө орон сууцны үнэд нэхэмжлэгчид 90,000,000/ерэн сая/ төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл, талбайтай 2 өрөө орон сууцанд ошин сууж байгаа болох нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид, талбайтай 2 өрөө орон сууцны үнэд 90,000,000/ерэн сая/ төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба Гэрээг хийснээс хойш Сургалтын төрийн сан болон Шинжлэх ухаан, технологийн их сургуультай Д-109 гэрээ болон Д-109 гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгчийн Гэрээ дүр үзүүлсэн хэлцэл, сургалтын төрийн сангийн зээлээр сурахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та байрныхаа өмчлөх эрхийг миний нэр дээр түр хугацаанд шилжүүлж өгөөч гэж гуйсан гэх тайлбар үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл; гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан дүр үзүүлсэн хэлцлийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийдэг.

 

Нэхэмжлэгч нь Гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн болох нь хариуцагч зээлээр сурахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та байрныхаа өмчлөх эрхийг миний нэр дээр түр хугацаанд шилжүүлж өгөөч гэж гуйсан гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтад зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал нь нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 608,000 төгрөгөөс илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 607,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Н-т олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 608,000 төгрөгөөс илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 607,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Н-т олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ