Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01788

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01788

 

2023.09.22 210/МА2023/01788

 

О.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 06 сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02150 дугаар шийдвэртэй,

О.Н-ын нэхэмжлэлтэй,

Г.М-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би Г.М-тай 2016 оны 09 сарын 09-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг түүнд туслах зорилгоор дүр үзүүлэн байгуулсан. Бодит байдалд Г.М- нь уг байрны төлбөр 90 сая төгрөгийг ямар нэгэн байдлаар надад төлөөгүй бөгөөд би байрандаа өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. Г.М- нь төрийн сангийн зээлээр гадаадад сурахад нь тусалж өөрийн өмчлөлийн байраа түүний өмчлөлд шилжүүлж, сургалтын төрийн сангийн барьцаанд орон сууцаа барьцаалсан юм.

1.2. Г.М- нь төрийн сангийн зээлээр Япон улсад суралцаж хугацаа нь дууссан ба Монголд ирсэн тул сургалтын төрийн сангийн зээлийн барьцаанд тавьсан нэхэмжлэгчийн байрны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх ёстой юм. Иймд талуудын хооронд 2016 оны 09 сарын 09-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар уг байр нь 2016 оны 09 сарын 09-ний өдөр Г.М-д шилжиж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан нь харагдана. Гэрээг хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. Г.М- нь хэлцэл байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл Япон улсад суралцаж байгаа. Нэхэмжлэгч тал худалдах зорилгогүй зөвхөн туслах зорилгоор шилжүүлсэн гэж ярьдаг боловч 2016 оны 09 сарын 09-ний өдрөөс 2023 он хүртэл шаардах эрхээ яагаад хэрэгжүүлээгүй юм. Тиймээс талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т зааснаар 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,000 төгрөгөөс илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 607,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Н-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх явцдаа процессын ноцтой алдааг гаргасан. Тодруулбал, шүүх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ эрх үүрэгт нь сөргөөр нөлөөлж болзошгүй Боловсролын зээлийн санг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тухайн маргаан бүхий орон сууц нь 2016 оны 08 сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу "Боловсрол шинжлэх ухааны яамны Боловсролын зээлийн сан"-ийн барьцаанд байгаа бөгөөд Боловсролын зээлийн сан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар гуравдагч этгээдээр оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Боловсролын зээлийн санг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хариуцагчаас гадна Боловсролын зээлийн сан мөн өөрийн өмчлөлийн хөрөнгөө алдаж байна гэж үзнэ.

4.2. Мөн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын зүгээс нотлох баримт гаргаж өгсөнтэй биднийг танилцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн нь хариуцагч бидний мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Бидэнд танилцуулаагүй тэдгээр баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн оролцогчоос тус иргэний хэрэгт гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч О.Н-, хариуцагч Г.М- нарын хооронд байгуулсан гэрээний маргаанд Сургалтын төрийн сан хамааралгүй бөгөөд барьцааны гэрээтэй холбоотой маргаан үүсээгүй. Хариуцагч Г.М-ын Сургалтын төрийн сантай байгуулсан гэрээний хугацаа дууссан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нотлох баримт гаргасан ба хариуцагч тал танилцсан бөгөөд нотлох баримттай танилцах хүсэлт гаргаагүй. Иймд нотлох баримтуудыг танилцуулаагүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Г.М-д Япон улсад суралцахад нь туслалцаа үзүүлж, маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч буцаан шилжүүлэхгүй байсан. Тухайн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөгдсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдлын хүрээгээр хязгаарлалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.Н- нь хариуцагч Г.М-д холбогдуулан талуудын хооронд 2016 оны 09 сарын 09-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг хөрөнгийг талууд хүсэл зоригоо илэрхийлэн худалдсан, нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш өнөөг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь үүнийг нотолно гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

4. Нэхэмжлэгч О.Н- өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж 66 байрны, 14 тоотод орших, 59.64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.М-д 90,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, талууд 2016 оны 09 сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр худалдагч нь орон сууцаа худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь 90,000,000 төгрөгийг худалдагчид төлөхөөр хариуцан үүрэг хүлээсэн байна.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх бөгөөд орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хариуцагч Г.М-ын өмчлөлд 2016 оны 09 сарын 09-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

 

Хэргийн баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилсэн улсын бүртгэлийн гэрчилгээ хариуцагчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн ч хариуцагч гэрээний дагуу 90,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч уг орон сууцыг эзэмшсээр байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдахтай холбоотой хэлцлийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлснээс хойшхи хугацаанд орон сууцны үнийг төлсөн болон орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгчээс шаардаагүй байна.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тул дүр үзүүлсэн хэлцэл биш... гэх агуулгаар тайлбарласан ба уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

6. Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцлийн зорилго нь хариуцагч нь Сургалтын төрийн сангийн зээлээр Япон улсад докторт суралцахаар болж, миний өмчлөлийн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж барьцаалсан гэх тайлбар гаргасныг хариуцагчийн зүгээс үгүйсгэсэн тодорхой тайлбар, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна. Г.М- нь Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 08 сарын 26-ны өдрийн А/14 дугаар тушаалын хавсралтад Магистр, доктор, зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдах багш, судлаачийн нэрсийн жагсаалтын 1-т Г.М- гэж нэр нь бичигдсэн, мөн 2016 оны 08 сарын 30-ны өдөр Сургалтын төрийн сан болон Шинжлэх ухаан, технологийн их сургуультай Д-109 дугаартай Инженер, технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр Япон улс /Коосэн хөтөлбөр, бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөр, зэргийн бус сургалтын хөтөлбөр/-д суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

 

7. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, дээрх үйл баримтыг харьцуулан дүгнээд талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн болохыг зөв дүгнэж, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд зохигчийн маргаж буй орон сууц нь хариуцагчийн өмчлөлд гэрээний үндсэн дээр хууль ёсоор шилжсэн, талууд хэлцлийг хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэх хариуцагчийн татгалзал хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Шүүх талуудын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх учиртай. Иймд анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, А-1- байрны, 14 тоотод орших, 59.64 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 1111111 дугаартай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг нэхэмжлэгч О.Н-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

9. Хариуцагч талаас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дэх хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж хуульчилсөн бөгөөд анхан шатны шүүх Боловсролын зээлийн санг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахтай холбоотой зөрчлийг гаргаагүй байна.

Учир нь зохигчийн маргаж буй асуудлын талаар эрх нь зөрчигдөж болзошгүй гэж үзсэн этгээд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцох эрхтэй бөгөөд Боловсролын зээлийн сан ийнхүү хүсэлтээ шүүхэд гаргаагүй байна. Түүнчлэн шүүгчийн захирамжаар тус сангаас маргааны зүйлтэй холбоотой баримтыг гаргуулахаар шаардаж, уг сан холбогдох баримтыг ирүүлсэн нь маргааны зүйлийн талаар мэдсэн гэж үзэх тул шүүх энэ талаар мэдэгдэх, тодруулах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй. Мөн хуульд зааснаар хэргийн оролцогчоос маргааны зүйлийн талаар эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй, хариуцагч тал энэ тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй явдалд шүүхийг буруутгахгүй болно.

Зохигчийн хооронд үүссэн маргаан нь худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудал байна. Харин уг гэрээг үндэслэн байгуулагдсан барьцааны гэрээний асуудлыг шүүх шийдвэрлээгүй тул энэ хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн нь Боловсролын зээлийн сангийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан 4 хуудас баримтыг шүүх хүлээн авах эсэхийг хэлэлцэх явцад хариуцагч тал тухайн баримтуудтай тухайлан танилцах, баримттай танилцах боломжит хугацаа олгох талаархи хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар нотлох баримттай танилцах, тайлбар өгөх нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд хариуцагч талаас энэ эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх талаар хүсэл зоригоо бодитой илэрхийлээгүйд шүүхийг буруутгахгүй. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах бөгөөд хэргийн оролцогчдод эрхийг нь албадан эдлүүлэхгүй. Иймд хариуцагчийн нотлох баримттай танилцах эрхийг шүүх хангаагүй, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

 

10. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын нэрийг бичээгүй орхигдуулснаас хэнээс, хэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсныг мөн давж заалдах шатны шүүх залруулна.

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02150 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Н-, хариуцагч Г.М- нарын хооронд 2016 оны 09 сарын 09-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, А-1- байрны, 14 тоотод орших, 59.64 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 1111111 дугаартай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг нэхэмжлэгч О.Н-ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ