Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/02164

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/02164

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Ц.Амармэнд, шүүгч А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Б овогт Н.Б /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,, "МУЗГ"-т холбогдох,

 

207,737,569 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. Иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Б миний төрсөн аавын төрсөн ах, Хэнтий аймгийн Цэнхэрмэндал сумын 5-р багийн харьяат Ж.Л-ыг 1938.05.06-нд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938.05.13-ны 18-р хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47-р зүйлээр хөрөнгийг нь хурааж, хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан 1993.05.22-ны 126-р магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байх ба 2019.08.30-ны өдөр бичигдсэн 17190 дугаартай цагаатгасан тухай үнэмлэх олгосон болно. 

Ж.Л нь баривчлагдах үедээ 30 адуу, 40 үхэр, 30 хонь, 2 гэртэй байсан, олз ашгийн татварт 400 төгрөг хураалгасан болох нь ТЕГ-ын тусгай архивын лавлагаагаар тогтоогддог бөгөөд хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлэхдээ давхар хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн болох нь Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан 1993.05.22-ны 126-р магадлалын сүүлийн буюу 21-р хуудасны дээрээсээ 9, 10-р мөрөнд байгаа бүгд хөрөнгө хураах ялаар шийтгүүлжээ гэсэн өгүүлбэрээр батлагдаж байгаа болно. 

Миний бие авга ахыгаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан болохыг мэдсэн цагаасаа эхлэн хохирол, нөхөх олговор нэхэмжлэх ажлыг уйгагүй хөөцөлдсөн бөгөөд энд тэндхийн архивын лавлагаанууд зөрүүтэй гарч ирж байсан тул дараах нөхцөл байдлуудыг шүүхээр тогтоолгосон болно. Үүнд:

1. Миний аав Ц.Н нь Ц.Л-той садан төрлийн холбоотой болохыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.29-ний 182\ШШ2018\01641 -р шийдвэрээр, 

2. Ц.Л нь Б овогт Н.Б-ийн авга ах буюу түүний эцэг Ц.Н-ийн төрсөн ах мөн болохыг Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.09-ний 54-р шийдвэрээр, 

3. 1993.05.22-ны өдрийн 126 дугаартай Цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн магадлалаар цагаатгагдсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ж.Л нь Ц.Л мөн болохыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.04-ний 240-р шийдвэрээр тус тус тогтоолгосны үндсэн дээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.10-ны 628-р шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13-р зүйлийн 13.1-д заасан нөхөх олговрыг авсан болно. 

Ж.Л нь баривчлагдах үедээ 30 адуу, 40 үхэр, 30 хонь, 2 гэртэй байсан, олз ашгийн татварт 400 төгрөг хураалгасан болох нь ТЕГ-ын тусгай архивын лавлагаагаар, хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлэхдээ давхар хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн болох нь Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан 1993.05.22-ны 126-р магадлалаар, миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.4-д заасан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд, хууль ёсны өв залгамжлагч мөн болох нь дээр дурдсан иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хүчин төгөлдөр 4 шийдвэрээр тус тус нэгэнт тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй бөгөөд өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.Л-ын хамаатан садан болох хүн надаас өөр байхгүй болохыг тэмдэглэж байна. 

Миний бие нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон байргүй, нөхөр маань 1989 онд нас барсан. Ганц охинтой байсан боловч өнгөрсөн жил өвчний учир нас барсан, одоо 8 настай зээ охинтойгоо хүргэнийдээ толгой хорогдож байгаа болно. Хэдэн үеэрээ ядуу амьдралын зовлонг эдэллээ, одоо энэ муу зээ охиндоо ганц өрөө байр ч болов үлдээх юмсан гэсэндээ арга буюу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би өөрөө ч бас хэлмэгдсэн гэж хэлэх үндэстэй. 1974 онд Цэнхэрмандал сумын 8 жилийн сургуулийг төгсөхөд эсэргүүний охин, садангийн хүн гээд намайг МХЗЭ-д элсүүлээгүй, 9-р ангид ч оруулаагүй.

Миний аав Н ч мөн хилс хэрэгт холбогдож, мөрдөгдөж байсан ба тухайн үедээ цаазаар авах ял шийтгүүлдгийн даваан дээр ЗХУ-д сурч байх үед нь багш нь байсан орос зөвлөх тааралдаж амийг нь аварсан гэж аав маань амьд сэрүүндээ ярьдаг байсан хэдий ч ямар ч архиваас холбогдох материалууд нь олдоогүй болно. Бодвол амийг нь аварсан орос холбогдох бүх материалуудыг бүгдийн устгасан байх магадлалтай. Ингээд манай гэр бүл эсэргүүний гэр бүл гэгдэж, аав ээж хоёрт маань олигтой ажил ч олдохгүй, мөн ч мөчир тарчиг амьдарч ирсэн дээ. 

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 3, мөн зүйлийн 14, 19-р зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.3-т тус тус заасан үндэслэлээр Ж.Л-оос улс төрийн хилс хэрэгт хураасан хөрөнгө болох 30 адуу, 40 үхэр, 30 хонь, 2 гэрийн үнийг өнөөгийн зах зээлийн дундаж ханшаар бодож 183,000,000 /нэг зуун наян гурван сая төгрөг/ гаргуулж өгнө үү. Тухайн үед гэр гэхэд л хэдэн ханатай, ямар бүрээстэй байсан нь, хэдэн тугалтай үнээ, унагатай гүү, хургатай хонь байсан нь тодорхойгүй байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөхийг ТЕГ-ын тусгай архиваас хүссэн боловч, хувь хүнд ийм төрийн нууцтай холбоотой мэдээлэл өгөх боломжгүй гээд өгөөгүй учраас гэрийг нь тус бүр 4 саяар, хонийг нь дунджаар 0,2 саяар, адууг нь дунджаар 1,8 саяар, ойролцоогоор 20 шар байсан гэж үзээд дунджаар тус бүрийг нь 3,5 саяар, 10 эр үхэр байсан гэж үзээд тус бүрийг нь 2,5 саяар, 10 саалийн үнээ байсан гэж үзээд тус бүрийг нь 2 саяар үнэлж дээрх 183 сая төгрөгийг гаргасан бөгөөд холбогдох нотлох баримтыг гаргуулан авсны дараа албан ёсоор хөрөнгийн үнэлгээ хийлгэж баталгаажуулах боломжтой гэж би ойлгож байна.

Нэхэмжлэлийн төгсгөл хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, мөн зүйлийн 14, 19 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан үндэслэлээр гэдгийг тодруулж бичсэн байгаа. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа болно. Хураагдсан гэх хөрөнгийн үнэлгээг Итгэлт Эстимэйт ХХК-иар албан ёсоор хийлгэж хэрэгт хавсаргасан болно. Энэ үнэлгээгээр Ж.Л-оос хураасан хөрөнгө нийт 221,751,960 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Зургаа, хариу тайлбарт олз ашгийн татварт 400 төгрөг хуураалгасан тухай дурдсан нь ял шийтгэл биш юм гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс одоогийн 14,014,391 төгрөгөөр үнэлэгдсэн тэр үе ийн 400 төгрөгийг нийт үнэлгээнээс хасаж 207,737,569 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл "И Э" ХХК-ийн хийсэн үнэлгээнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 207,737,569 төгрөг болгож байна. гэв.

 

Хариуцагч МУЗГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Б-ийн нэхэмжлэлтэй, "МУЗГ"-т холбогдох Ж.Л-оос улс төрийн хилс хэрэгт хураан авсан хөрөнгийн үнийг зах зээлийн ханшаар бодож, 183.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд; 

Иргэн Н.Б-ийн авга ах Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ж.Л нь 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн ба БНМАУ-ын Дээд шүүх цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлж, хэлмэгдсэнийг нь тогтоож, Ж.Л-ыг цагаатгагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05/6108 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай магадлал, 17190 дугаартай цагаатгалын үнэмлэх, Ц.Л-ыг нэхэмжлэгч Н.Б-ийн авга ах буюу түүний эцэг Ц.Н-ийн төрсөн ах мөн болохыг тогтоосон Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийдвэр, Ц.Н нь Ц.Л-той садан төрлийн холбоотой болохыг тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1641 дугаартай шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. 

Дээрх баримтуудаар иргэн Н.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан хэлмэгдэгч гэсэн хэсэгт хамаарч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 628 дугаар шийдвэрээр 500.000 төгрөгийн нөхөн олговрыг авсан болох нь тогтоогддог. 

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгө хураасан тухайд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газрын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05/6108 дугаартай архивын лавлагаа албан бичигт Ж.Л нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 5 дугаар багийн харьяат, ард, лам, нас 69 /1938 оны байдлаар/. Ам бүл 3, дүү Н, Л нар, Хөрөнгө: адуу 30, үхэр 40, хонь 30, гэр 2. Гишүүн бус. Хийдэд 12 наснаас эхлэн шавилан сууж гэвхүй, умзад тушаалтай явсан. Түвд ном мэднэ. Олз ашгийн татварт 400 төгрөг хураалгасан. Ял шийтгэлгүй гэжээ. Энэ нь дээрх хөрөнгийг хураалгасан тухай бус, тухайн үеийн Ж.Л-ын гэр бүл, хөрөнгийн талаар дурдсан байна. Олз ашгийн татварт 400 төгрөг хураалгасан тухай дурдсан нь ял шийтгэл биш юм. 

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08/593 дугаартай албан бичигт Шүүгчийн захирамжийн дагуу шалгаж үзэхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн шийтгэгдсэн Ж.Л-т холбогдох хэрэгт эд хөрөнгө хураасан баримт байхгүй байна гэсэн байгаа нь Ж.Л-оос ямар нэг эд хөрөнгө хураагаагүй болохыг баталж байна. 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь ямар хуулийн дагуу шаардах эрхээ тодорхойлж байгаагаа нэхэмжлэлдээ дурдаагүй байх ба хураагдсан гэх 30 адуу, 40 үхэр, 30 хонь, 2 гэрийн дундаж үнэ ханшийг хэрхэн тодорхойлж, тооцсон талаар баримт байхгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна. 

Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Цэргийн коллегийн магадлалд Жамбын биш Дамбын гэж байгаа. Ж.Л-ын хөрөнгө хураагдсан эсэх нь эргэлзээтэй. Яг энэ хөрөнгийг хураасан гэсэн зүйл хаана ч алга байна. Хэрэгт хамааралгүй Засгийн газрын эрх, үүргийг дурдаад байна. Энэ талаар тайлбар байхгүй байна. гэв.

 

Хариуцагч "МУЗГ"-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь өв залгамжлагч биш гэж ярих шиг боллоо. Хэлмэгдсэнийг үгүйсгээгүй. Гагцхүү бид нар нотлох баримтыг ярьж байгаа. Хураагдсан бол бид маргахгүй. 30 юм уу, 3 унага юм уу ямар ч нотлох баримт байхгүй. Тоо болон үнэлгээний хувьд эргэлзээтэй байна. Дандаа хязаалан гээд үнэлсэн байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01641 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 54 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 240 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 628 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлал, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05/6108 дугаар албан тоот, 17190 дугаартай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 08 дугаар 08-ны өдрийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэргэжилтний тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2022/10635 дугаар шүүгчийн захирамж, Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2021 оны 05-р сарын 10-ны өдөр "МУЗГ"-ын ерөнхий сайд Л.О-д гаргасан өргөдөл, "МУЗГ"-ын хэрэг эрхлэх газрын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/1452 дугаар албан бичиг, Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн № 294 албан бичиг, Н.Б-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 7 сарын 03-ны өдрийн овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 21 дугаар магадлалын хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Тагнуулын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн № 08/593 Албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 08/3126 Тусгай архивын лавлагаа, ОБЭК-ийн 1938 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18-р хурлын тогтоол болон Монгол бичиг дээрх хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн № 08/56 Албан бичиг, ОБЭК-ийн 1938 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18-р хурлын тогтоолын хөрвүүлэг, Ж.Л-ыг байцаасан мэдүүлгийн хөрвүүлэг, Монгол бичиг дээрх хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комиссын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн № 276 албан бичгийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б хариуцагч "МУЗГ"-т холбогдуулан 207,737,569/хоёр зуун долоон сая долоон зуун гучин долоон мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МУЗГ нь нэхэмжлэгч ямар хуулийн дагуу шаардах эрхээ тодорхойлж байгаагаа нэхэмжлэлдээ дурдаагүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь олз ашгийн татварт 400/дөрвөн зуу/ төгрөг хураалгасан, тэр үеийн 400/дөрвөн зуу/ төгрөгийг нийт үнэлгээнээс хасаж байна гэж тайлбарлаж байх боловч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд 400/дөрвөн зуу/ төгрөгийг одоогийн зах зээлийн хашнаар тооцож шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Ж.Л агснаас улс төрийн хилс хэрэгт хураасан хөрөнгө гэх 30/гуч/ адуу, 40/дөч/ үхэр, 30/гуч/ хонь, 2/хоёр/ гэрийн зах зээлийн үнэлгээ гэх 207,737,569/хоёр зуун долоон сая долоон зуун гучин долоон мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1Улсын дээд шүүх улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн этгээдэд холбогдох хэргийг хянан үзэж ... уг этгээдийг цагаатгах ... шийдвэрийн аль нэгийг гаргана. гэж заасан.

 

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Ж.Л агсан нь улс төрийн хилс хэрэгт хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж, 1993 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 1993 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалын хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн № 17190 Үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 08/3126 Архивын лавлагаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 1993 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгагдсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ж.Л нь Ц.Л мөн болохыг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 240 дугаар шийдвэрээр тогтоосон байх тул уг үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 54 дугаар шийдвэрээр Ц.Л нь Б овогт Н.Б-ийн авга ах буюу түүний эцэг Ц.Н-ийн төрсөн ах мөн болохыг тогтоосон байх тул уг үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн ... хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн ... нэг удаагийн нөхөх олговор олгоно. гэж заасан.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 1,000,000/нэг сая/ төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгосон болох нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 628 дугаар шийдвэрийн болон Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрйин 21 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гэх 207,737,569/хоёр зуун долоон сая долоон зуун гучин долоон мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд ... эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь улс төрийн хилс хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан гэх гэм хорыг арилгуулахаар шаардаж байна гэж маргаж байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь ... хэлмэгдэгчдийг цагаатгаж ... нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 3 дугаар зүйлийн 3.1-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:, 3.1.2-т улс төрийн хэлмэгдүүлэлт гэж хүнийг ... эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас ... эд хөрөнгийн хохирол учруулсан ... гүтгэлэгт үндэслэсэн албадлагын арга хэмжээг; гэж заасан.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.2 дахь заалтад зааснаар тус хууль улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг буюу эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч ... этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан ... хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө. гэж заасан.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлөх тухай заажээ.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "Монгол Улсын Үндсэн хууль ... бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан ... хуулийн заалтыг хэрэглэнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь учирсан гэх гэм хорыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаадаж байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид учирсан хохирол буюу гэм хорыг арилгах харилцааг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль илүү нарийвчлан зохицуулсан байх тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар уг харилцаанд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлтэй.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч учирсан гэх хохирлыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэм хорын хохиролд 207,737,569/хоёр зуун долоон сая долоон зуун гучин долоон мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн хариуцагч хариуцагч "МУЗГ-аас нийт 207,737,569/хоёр зуун долоон сая долоон зуун гучин долоон мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн хариуцагч "МУЗГ"-аас нийт 207,737,569/хоёр зуун долоон сая долоон зуун гучин долоон мянга таван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

 

ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ