Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01752

 

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01752

 

Н.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02164 дугаар шийдвэртэй,

 

            Н.Бийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

 

            207,737,569 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Н.Б миний төрсөн аавын төрсөн ах, Хэнтий аймгийн Цэнхэрмэндал сумын 5 дугаар багийн харьяат Ж. Лыг 1938 оны 05 дугаар сарын 06-нд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дүгээр зүйлээр хөрөнгийг нь хурааж, хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн бөгөөд БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байх ба 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бичигдсэн 17190 дугаартай цагаатгасан тухай үнэмлэх олгосон болно.

1.2. Ж.Л нь баривчлагдах үедээ 30 адуу, 40 үхэр, 30 хонь, 2 гэртэй байсан, олз ашгийн татварт 400 төгрөг хураалгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар тогтоогддог бөгөөд хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлэхдээ давхар хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн.

1.3. Н.Бт хууль ёсны өв залгамжлагч болохынх нь хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3, 14, Арван есдүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр Ж.Лоос улс төрийн хилс хэрэгт хураасан хөрөнгө болох 30 адуу, 40 үхэр, 30 хонь, 2 гэрийн үнийг өнөөгийн зах зээлийн дундаж ханшаар тооцож  207,737,569 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Иргэн Н.Бийн авга ах Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ж. Л нь 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, улмаар цагаадгагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05/6108 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай магадлал, 17190 дугаартай цагаатгалын үнэмлэх, Цийн Лыг нэхэмжлэгч Н.Бийн авга ах буюу түүний эцэг Цийн Нийн төрсөн ах мөн болохыг тогтоосон Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийдвэр, Цийн Н нь Цийн Лтой садан төрлийн холбоотой болохыг тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1641 дугаартай шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх баримтуудаар иргэн Н.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт заасан хэлмэгдэгч гэсэн хэсэгт хамаарч, шүүхийн шийдвэрээр 1,000,000 төгрөгийн нөхөн олговрыг авсан.

2.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгө хураасан тухайд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газрын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05/6108 дугаартай архивын лавлагаа албан бичигт Ж. Л нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 5 дугаар багийн харьяат, ард, лам, нас 69 /1938 оны байдлаар/. Ам бүл 3, дүү Нд, Лж нар, Хөрөнгө: адуу 30, үхэр 40, хонь 30, гэр 2, гишүүн бус, хийдэд 12 наснаас эхлэн шавилан сууж гэвхүй, умзад тушаалтай явсан. Түвд ном мэднэ. Олз ашгийн татварт 400 төгрөг хураалгасан. Ял шийтгэлгүй гэжээ.

Энэ нь дээрх хөрөнгийг хураалгасан тухай бус, тухайн үеийн Ж.Лын гэр бүл, хөрөнгийн талаар дурдсан байна. Олз ашгийн татварт 400 төгрөг хураалгасан тухай дурдсан нь ял шийтгэл биш юм.

2.3. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08/593 дугаартай албан бичигт “шүүгчийн захирамжийн дагуу шалгаж үзэхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн шийтгэгдсэн Ж. Лт холбогдох хэрэгт эд хөрөнгө хураасан баримт байхгүй байнагэсэн байгаа нь Ж.Лоос ямар нэг эд хөрөнгө хураагаагүй болохыг баталж байна.

2.4. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ямар хуулийн дагуу шаардах эрхээ тодорхойлж байгаагаа нэхэмжлэлдээ дурдаагүй байх ба хураагдсан гэх 30 адуу, 40 үхэр, 30 хонь, 2 гэрийн дундаж үнэ ханшийг хэрхэн тодорхойлж, тооцсон талаар баримт байхгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бийн хариуцагч Монгол Улсын Засгийн газраас нийт 207,737,569 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цатаагтгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хэд хэдэн заалтыг үндэслэх хэсэгтээ дурьджээ. Нэхэмжлэлд хэлмэгдэгчийг цагаатгуулах, нөхөн олговор олгуулах тухай огт дурьдаагүй болохоор энэ хуулийг хэрэглэх үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлага бол хууль бусаар хураагдсан хөрөнгийг нэхэмжилж байгаа тул энд зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийг хэрэглэх учиртай.

4.2. Шүүх БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалыг шинжлэн судалсан байх боловч хөрөнгө хураах ялаар шийтгүүлснийг нь дурдахаа, дахин нотлохгүй гэж бичихээ орхигдуулсан байна.

4.3. Нэхэмжлэгч нь улс төрийн хилс хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардаж маргаж байхад шүүх илт буруу дүгнэлт хийсэн.

4.4. Нэхэмжлэгч нь учирсан гэх гэм хорыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардаж байна гэж хуулийн үндэслэлийг дутуу бичсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3, 14, Арван есдүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргасан. Үүнийг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичсэн хэрнээ үндэслэх хэсэгтээ орхигдуулсан байна.

Иймээс шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан  гэм хорын хохиролд 207,737,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг харьцуулан дүгнэж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Онцгой бүрэн эрх комиссын 1938 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Жамын Лыг Шүүх цаазны бичгийн 43,47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн, БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 5 дугаар сарын 22-ын өдрийн 126 дугаар магадлалаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ж. Лыг улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлснийг цагаатгаж, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагаатгалын үнэмлэх олгосон.  

3.2. Цагаатгагдсан Ж. Л нь Цийн Л болох, мөн тэрээр нэхэмжлэгч Н.Бийн төрсөн эцэг Цийн Нийн төрсөн ах болох нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 240 дугаар шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 54 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдсон.

3.3. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 628 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаар магдаллаар Цийн Лын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөн олговорт 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бд олгохоор шийдвэрлэжээ.

 

4. БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар Ж.Лувсангомбод мөн эд хөрөнгө хураах ял оногдуулсан нь тогтоогдож байх боловч хураасан эд хөрөнгийн хэмжээг дээр дурдсан шийдвэрүүдийн алинд ч заагаагүй байна.

Түүнээс гадна Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05/6108, 2022 оны  тоот албан бичгээр гаргасан лавлагаанд Ж.Л 1938 оны байдлаар ам бүл 4, хөрөнгийн хувьд адуу 30, үхэр 40, хонь 30, гэр 2 гэж тэмдэглэсэн байх ба хөрөнгийн энэ хэмжээгээр түүнд эд хөрөнгө хураах ял шийтгэл оногдуулсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.  

 

5. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зорилт, нөхөн олговор олгох үндэслэл, хэлбэрийн талаар зохицуулсан мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлаж, энэ хууль нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3. дахь хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, тэдэнд учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

6. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрын нэхэмжлэлийг гаргах эрхтэй. Харин Н.Б нь Ж.Лын төрсөн дүүгийн хүүхэд болохын хувьд  мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан этгээдийн алинд нь ч хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Түүнээс гадна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө” гэж, 9.2 дахь хэсэгт “Нөхөх олговрыг нэг удаа олгоно” гэж тус тус заасан байна. Иймд хэлмэгдэгч Ж.Лт учирсан эд хөрөнгийн хохирлыг мөн хуулийн нөхөн олговрын хэмжээгээр шаардах эрхтэй бөгөөд энэ шаардлагад өнөөгийн үнэ цэнээр хураагдсан байж болзошгүй эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

8. Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамааруулан дүгнэхгүй тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэсэн нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид учирсан эд хөрөнгийн хохиролд 207,737,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлд дурдсан үндэслэлгүй болохыг тодорхойлсон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг залруулах боломжтой.  

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт удирдлага болгосон заалтад  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ердийн болон онцгой ажиллагааны журмын зохицуулалтыг давхар хэрэглэсэн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02164 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт удирдлага болгосон “134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт” гэснийг хасаж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Монгол Улсын Засгийн газарт холбогдох 207,737,569 төгрөгийг гаргуулах тухай Н.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгчдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА