Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/02174

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/02174

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух Б овогт Д.Г /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******, "АТҮТ" ТӨҮГ/РД:, захирал Б.Г/-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г миний бие 2014 онд тус газрын ******* дахь салбарын даргаар ажиллаж эхэлсэн. Ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Миний бие нам бус атал үүнийг минь харгалзан үзэлгүйгээр 2016 оны сүүлээр газрын дарга солигдоод дуудаж уулзангаа өөрөө өргөдлөө өгөөд ажлаа өг гэж шаардаад дийлэхгүй болохоор шалгалтыг удаа дараалан оруулаад ажил хийлгэхгүй байсаар байгаад 2017.02.09-ний өдрийн Б/162 тоот тушаалаар намайг салбарын даргын үүрэгт ажлаас чөлөөлөөд Цогтцэций сумын салбарт тээвэр, бүртгэлийн мэргэжилтнээр томилсон. 

Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус дүүргийн шүүхэд өгснөөр ажилдаа эргэн томилогдож байлаа. Гэтэл дээрх асуудал ахин давтагдаж ажил үүрэг хийлгэхгүй зүгээр байхад шалгах, ажилтан нарыг минь надаас болж давхар шалгаснаар энэхүү асуудал сөхөгдөж гарснаар 2019/09/04-ний өдөр Б/395 тоот тушаалаар сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр ногдуулсан. 

Уг сахилгын шийтгэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй тул тус дүүргийн шүүхэд гомдол гаргаад энэхүү асуудал өнөөдөр Улсын дээд шүүхэд хариуцагчийн гаргасан гомдлоор хянагдаж байгаа болно. Энэхүү тушаал шийдвэрийн үндэслэл нь Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал шийдвэр дээр 94 чирэгч, 94 чиргүүлийг оношилгоонд оруулахад хяналт тавиагүй, Техник хяналтын үйлчилгээний инженерээ хянадаггүй гэжээ. Миний бие нь тус Авто тээврийн төвийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулж ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хэрэгжүүлж өөрийн эдлэх эрх хэмжээний хүрээнд бүхий л үйл ажиллагаагаа хянан зохион байгуулж ирсэн. Харин эдний АТҮТийн ашиг сонирхол бүхий намын нэр барьсан халаа сэлгээгээр орж ирсэн удирдлага, албан тушаалтнуудтай холбогдож байгаагүй ба барих ёстой дүрэм журмын хэмжээнд чин шударгаар ажиллаж ажилтнуудаа эв нэгдэлтэй, цаг ашиглалтыг аль болох үр дүнтэй өнгөрөөхөд анхаарч ирсэн. Харин би бол хөгшин ч гэсэн аль ч программ дээр ажиллаж чаддаг, нэг удаа ч инженерт үзүүлэлгүй тээврийн хэрэгсэл оруулахыг зөвшөөрч үзээгүй, инженер техникийн ажилчдын аюулгүйн ажиллагааг үргэлж мөрдүүлэн дүрэм журам стандартыг нарийн барьж ажиллахаа зарчмаа болгож зөвлөж, зааж ирсэн Монгол улсын Зөвлөх инженер хүн.

Харин "АТҮТ" бүхэлдээ авто тээврийн оношилгоог шударга хийдэггүй үүнийг нь эсэргүүцэхээр ажлаа хийсэнгүй гээд нэг авто машиныг технологийн картаар үзэхдээ суудлын авто машиныг 10-15 минут, чиргүүлтэй том тээврийн хэрэгсэл бол 15-20 минут үзнэ гэж зааж өгсөн байдаг болохоос яг журамласан дүрэм, журам байхгүй. Уг технологийн картыг АТҮТөөс өөрсдөө 2005 оны хавьд боловсруулж гаргасан бөгөөд үүнээс хойш нэг ч шинэчлэгдээгүй болно. Мөн үүнийг миний бие явуулаар явсан Тээврийн хяналтын үйлчилгээ нэг тээврийн хэрэгслийг дунджаар хэдэн минут үзсэнийг тодорхойлохын тулд миний оронд ажил хүлээж авсан Б.Х-ийн 2020 оны 05 сарын 10-аас 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл явуулын оношлоогоо хийж 3791 тээврийн хэрэгсэл хамруулсан гэсэн өөрийнх нь бичсэн тайланд үндэслэсэн болно. /Б.Х-ийн тайланг хавсаргав/

Үүнээс хойш уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй байхад буюу 2020 оны 12 сарын 29-ний өдөр 55 нас хүрч өндөр насныхаа тэтгэвэрт гарахад ердөө 6 сар дутуу байтал 2020 оны 06 сарын 08-ны өглөө 10 цагийн үед Тамгын Газрын дарга Б утсаар ярин надаар сонин ихтэй хэмээн нэлээн тохуурхангуй бардам дээрэлхүү өнгө аясаар Таны тушаал 2020 оны 06 сарын 04-ний өдөр гарсан хэмээн мэдэгдсэн. Яагаад халах тухай асуухад мэдээ дамжуулаагүй, Захирлын шийдвэр гэж хэлсэн. Энэхүү шийдвэр нь гэнэтийн байсан болохоор маш том цочролд орсон ба үнэмшээгүй. 

Намайг мэдээ өгөх, өөрсдийнхөө тендер зарлаад хийсэн дулааны ажилд буруутгах, бүх зүйлээс хориглох, өвдсөн хамаагүй, амралтыг зориудаар таслан дутуу эдлүүлэх зэргээр байнгын дарамт шахалт үүсгэн Дотоод Аудитын А, тамгын дарга Б, Дэд захирал Э, хуулийн ахлах мэргэжилтэн Э нарын үйлдэл хэлэх ярихаар мэдрэгдэж байсан ба эдгээр удирдах ажилтнууд нь ээлж дараагаараа ярих, буруутгах, тайлбар нэхэх, Өмнөговиос томилолтод хүн санал болгоход зориуд өөр хүнийг удаа дараа томилон ажил хийдүүлэн түүгээрээ ажил тасалдуулсан мэт харагдуулах, урамшуулалт цалинг арга хэмжээ тооцоогүй байхдаа ч хасагдуулах зэргээр сэтгэл санааны хүнд дарамтад байлгасаар ирсэн. 

АТҮТ -ийн захирал Б.Г-ийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн Б/274 тоот тушаалаар Миний бие Д.Г-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ба надад ажлаас халж буйг 2020 оны 06 сарын 08-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад АТҮТ-ийн Тамгын дарга Б утсаар ярьсан нь яагаад гэдэг асуултыг мөн дагуулж байна. Би 2020 оны 06 сарын 08-ны өдөр акт авсан хэдий ч ажил их байсан учир 06 сарын 08-ны өдөр бүтэн ажилласан. 

Захирал Б.Г 2020 оны 06 сарын 04-ний өдөр Б/274 тоот тушаалаа гаргасан ба 6 сарын 8-ний өглөө Б мэдэгдэх хүртэл халах тухай нэг ч зүйл хэлээгүй ба өвчтэй байх хугацаанд Э, Э нар нь очиж ажил хүлээн авна хэмээн ажилчдын хурал хийсэн гэсэн. Тус хуралдаанд нийт ажилтны өмнө Г нь хүн амины хэргийг мэдээлээгүй тул гэж миний халах тушаалыг танилцуулсан мөртлөө газар дээрээс нь мэдээлэл өгөх ёстой тээвэр зохицуулагч Э.С-ыг 3 сар 20 хувийн арга хэмжээ тооцсон тушаалаа ня-бо Ч-д өгөөд явсан байсан гэсэн. Энэхүү үйлдлээс харахад зөвхөн Г-г буруутгах үйл явц байсан ба үнэхээр энэхүү ослыг ахин гаргахгүй байх, сахилга хариуцлагыг өндөржүүлэх асуудал биш байсан гэдгийг харж болно. Тушаалд шуурхай ажиллагааны журмын дагуу мэдээллээр хангаагүй, ТХҮ инженерийг хянаагүй , зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр халсан нь зохиомол болон зориудаар тавигдсан тоглолт гэдгийг дараах зүйлсээр тодруулан харуулбал.

Нэг: АТҮТ Захирлын 2016 оны 11 сарын 18-ны өдрийн А/305 тоот тушаалаар шуурхай ажиллагааг зохион байгуулах журам баталсан ба үүний хоёрдугаар хавсралтын дагуу мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвч батлагдсан ба гуравдугаар хавсралтын дагуу 2018 оны 03 сарын 12-ны өдөр "АТҮТ"-ийн дарга А/5 тоот тушаал гарган шуурхай ажиллагааны бүлгийг байгуулан мэдээлэл дамжуулах бүдүүвчийг батлан мөрдөж ажилласаар ирсэн. Гэтэл арга хэмжээ авах үндэслэлд тээвэр зохицуулагч даргад хэлэх гээд залгасан утас нь холбогдоогүй гэсэн тайлбарт үндэслэсэн ба үнэхээр мэдээлье гэж хүссэн л бол мэдээлэл шуурхай дамжуулах ЖУРМЫН дагуу тээвэр зохицуулагч Э.С нь АТҮТ-ийн шуурхай-т өгөх, гэсэн 24 цагийн мэдээлэл авах утсанд мэдэгдэх, Өмнөговь аймгийн АТТ ийн Шуурхай бүлгийн дарга АТХУБ О.Б-т мэдээлэх, өдөр бүр АТҮТ-ийн шуурхай штабаас авдаг мэдээнд бичиг хэрэгт тусган хэлэх, мсж бичих зэрэг олон арга байсан ба 2020 оны 05 сарын 31-ний өдөр залгаж болсон юм бол 2020 оны 06 сарын 01-ний өдөр яагаад ахиад мэдээлэл өгч болоогүй мэдээллийг дамжуулах боломж бүрэн дүүрэн байхад ашиглаагүй вэ. Түүнээс гадна залгасан гэсэн оролдлого хийсэн төдийгөөр хэргийн эх үүсвэрийг мэдээлэгч цалингийн 20 хувиар арга хэмжээ тооцуулсан байхад мэдээлэл аваагүй би яагаад ажлаас халагддаг юм бэ, энэ бүгд нь намайг зориуд буруутгахын тулд тээвэр зохицуулагчтай зохион байгуулсан хэрэг биш бацгаа гэх ч хардах үндэслэл байна. Тээвэр зохицуулагч Э.С нь Дотоод хяналт шалгалтын А гэгч нөхөр байнга дарамтлан загнаад тайлбар бичүүлж авлаа гэж 2020 оны 06 сарын 02-ны өдөр ярьсан ба тус тайлбарыг бичиг хэрэг Д.Д бичиж гарын үсэг зуран дотоод аудитын А энэ нь болж байна ингэж бич ийм зүйл нэм хэмээн хэлж ахин дахин бичүүлснийг дээрх тээвэр зохицуулагч , бичиг хэрэг нарыг гэрчээр шүүхэд дуудаж асуувал нотлогдох ёстой гэж найдаж байна. Тээвэр зохицуулагч Э.С-ын өөрөө бичээгүй өргөдлөөр А гэгч нь үг заан бичүүлж тайлбар авсан нь зориудын зохион байгуулсан хэрэг гэж үзэж байна. Шуурхай бүлгийн мэдээлэл дамжуулах бүдүүвч АТТ даргын тушаал хавсралтыг хавсаргасан ба дотоод аудитын А-д өгсөн С-ын Д-р бичүүлсэн анхны тайлбарыг хавсаргав. 

Миний хувьд АТТ даргаас өмнө төрд ажиллаж байхдаа утсаа 24 цаг тасалдаггүй ба тухайн үед ямар нэг шалтгаанаар аваагүй дуудлагыг заавал эргэж холбогддог тогтсон зарчим, ёс зүйтэй болно. 2018 - 2020 оны 05 сар хүртэл хугацаанд буюу Осол зөрчил миний л мэдэхийн нүүрс тээвэр жигд явж байхад сард 3-4 осол, 50 орчим зөрчил тогтмол гардаг. Тэгвэл энэ хугацаанд хүний амь нас ч эрсдэж л байсан Үүнд хариуцлага тооцсон ЗТХЯны удирдлага, АТҮТ удирдлага хэн байгаа вэ Хэзээ ямар арга хэмжээ тооцсон бэ Намайг халах шалтаг болгосон 2 хүний үхэл эдэнд хэрэгтэй байв уу, Тээвэр зохицуулагч т заавал мэдэгдэх ёстой. АТҮТийн ТӨҮГ-ын захирлын 2016/11/18-ны өдрийн А/305 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар шуурхай ажиллагааны бүлгийн яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвчинд аймгийн авто тээврийн төвүүд шуурхай ажиллагааны бүлэг байгуулах зааварчилга ирсний дагуу Өмнөговь аймгийн авто тээврийн дарга миний бие 2018/03/12-ны өдөр А/05 тоот тушаалаар тухайн өдрийн 24 цагаар ажиллаж байгаа тээвэр зохицуулагч хэн ч байсан 24 цагийн үйл ажиллагаатай, эсхүл шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч авто тээврийн улсын хяналтын байцаагч О.Б-ийн, АТҮТөвийн хөдөлгөөн хяналтын хэлтсийн-т зэрэг мэдээлэх үүрэгтэй байдаг. Эдгээрт мэдээлсний дагуу 24 цагийн үйл ажиллагаатай, эсхүл шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч авто тээврийн улсын хяналтын байцаагч О.Б-ийн-аас надад мэдэгдэх ёстой атал шууд надад мэдэгдэх ёстой юм шиг хандаж байгааг ойлгохгүй байна. Хэрвээ би утсаа аваагүй юм бол тэр тоо мэдэгдээд тэд нар нь над руу хэлэхэд яасан юм бэ. Урд өмнө нь мэдээллийн солилцоо хийн тодруулаад одоо мэдэгд хэмээн тушаадаг тушаал ажлаа гэсэн тогтолцоо хаачсан бэ. Заавал яагаад хэн ч мэдээгүй би л хэлээгүй бол хэн ч сонсоогүй мэт жүжиг тавих шаардлага гарсан юм бэ. Энэ тухай миний тоот утсаар ярьсан мэдээллийг салбараас нь аван А гэгчид хүргүүлсэн. Юнителийн лавлагааг хавсаргав. Тус осол болсон өдрүүд нь амралтын өдөр байсан ба 2020 оны 06 сарын 02-ны өглөө 10 цагийн үед АТҮТ-өөс Г мэргэжилтэн-с залгаж та ослын талаар мэдсэн үү гэж асуусан. Тэр хүртэл Миний бие энэ тухай мэдээгүй байсан тул үнэнээ хэлсний төлөө ажлаасаа халагдсандаа гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч намайг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан АТҮТөвийн ******* дахь салбарын даргын ажилд эгүүлэн томилж ажлаас халсан 2020/06/04-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шүүхийн анхан шатны шийдвэр гарах өдөр хүртэлхээр ажиллаагүй байсан бүх хугацааны цалингаа гаргуулах, дээрх хугацааны НД,ЭМД-ийн шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэгч нь 2018 оны 3 сарын 17 А/05 х-39 байгаа шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай бүдүүвч гаргасан. Хамгийн сүүлд хэргийн материалд хариуцагчаас гаргасан нотлох баримтыг шаардлага хангуулахаар гаргасан баримт байна. Дотор нь шуурхай ажиллагааны өрхийн яаралтай цугларал , зарлан мэдээ, дохио дамжуулах бүдүүвч байна. Иймд 80903508-аас  Б мэдээллэх ёстой. Б цаашаа хүмүүст мэдээллэх ёстой байтал С шууд алгасаад нэхэмжлэгчид мэдээлэл хүргэдэг  үндэслэлээр өнөөдөр энэ сахилгын шийтгэл ногдуулсан байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын 9 дэх зохицуулалт байна. Үүнд удирдлагат гэсэн үг үсэг ч байхгүй байна. Аймгийн онцгой байдал нь 6 сарын 1-ний өдөр хуралдчихсан байгаа юм. Дараа нь 9.5 заалт орно. Амралтын өдөр биш байсан бол өөрөө оролцоод явах боломжтой байсан. Бүх зүйлийг хуралдчихсан байхад үгүй ээ энэ ажиллагаа явагдаагүй байна гэж тавьсан нь үндэслэлгүй байна. Ийм учраас энэ гаргасан тушаал шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзээд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. Ажилласан ажиллаагүйг тогтоолгоё. Тухайн авто тээвэр үндэсний төвийн ******* дах салбарын даргын ажилд эргүүлэн томилох, 2. Ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг 2020 оны 6 сарын 4-ний өдөр Д/274 тоот тушаалаар халагдсан байдаг, 2023 оны 7 сарын 4-ний өдөр, Б/274 тоот тушаал гарсан өдрөөс хойш нийт ажлын 37 сар байна. Үүний 2022 оны 5, 4, 3 сарын цалингийн дунджаас тооцоход 1 сарын цалин  1.848.000 төгрөг нийт 68.376.000 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн төлүүлэх баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

 

Хариуцагч "АТҮТ" ТӨҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г нь тус төвд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан АТҮТ-ийн ******* дахь салбарын даргын ажилд эргүүлэн томилж ажлаас халсан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны НД, ЭМД-ийн шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэхийг даалгах шийдвэр гаргуулахаар шүүхэд ханджээ. 

Нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримт зэрэг нь бодит байдлыг гуйвуулсан хууль зүйн үндэслэлгүй зөвхөн хувь хүний сэтгэлгээний шинжтэй, нийтийн ашиг сонирхлын эсрэг нэхэмжлэл байх тул түүнийг хүлээн авах боломжгүй байна. 

Нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг хүлээн авахаас татгалзах баримтыг шүүхэд дараах байдлаар танилцуулж байна. 

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар: 

-       Нэхэмжлэгч нь Ажлын байрны тодорхойлолтод заасан дараах үүргийг биелүүлээгүй болно. Үүнд: 

Ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан Б/174 тоот тушаалд гарах болсон үндэслэл ба нэхэмжлэгч Д.Г-ийн гаргасан зөрчил нь Ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хасгийн 1.1-д Авто тээврийн салбарын талаарх хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлэн хэрэгжүүлээгүй болно. 

-Хөдөлмөрийн гэрээний 4.4-т заасан байгууллагын үйл ажиллагааны талаар удирдлагыг хуурамч мэдээллээр удаа дараа хангасан 

Хоёр: Ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан Б/174 тоот тушаалын тухайд:

- Уг тушаал нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон 131.1.3 зүйлийг хэрэглэсэн бөгөөд хууль хэрэглээний хувьд зөв хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан болохыг дээр нэг бүрчлэн дурдсан болно. Эдгээр зөрчил нь бодит бөгөөд нэгэнт гэрээний талуудын харилцан тохиролцоог нэхэмжлэгч нь зөрчсөн тул түүнд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн хууль хэрэглээний хувьд Улсын дээд шүүхийн хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Г нь өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд энэ зөрчилтэй шүүхээр маргаж байгаа эсэхээс үл хамааран ажил үүргээ чанартай гүйцэтгэхийн оронд өөрийн сэтгэл хөдлөлд автан албан үүрэгтэй хайнга хандан дахин зөрчил гаргажээ. Мөн тайлбарын 29-д Хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй дээр дурдсан зөрчилд тохирсон шийтгэл ногдуулсан байна. 

Иймд нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан АТҮТ-ийн ******* дахь салбарын даргын ажилд эргүүлэн томилж ажлаас халсан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны НД, ЭМД-ийн шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2020 оны 5-р сарын 30, 2020 оны 6-р сарын 01-ний өдөр осол гарсан байдаг. 2 хүний амь нас хохирсон байдаг. Энэ нөхцөл байдлыг сүүлд манайх авто тээврийн ажлын байрны тодорхойлолтод заасан 1, 3, 9 заалтад үүрэгжүүлээд өгчихсөн байна. С нь ослыг мэдээд шуурхай бүлгийн дарга, ахлагчид мэдэгдэх гэсэн боловч утас болохгүй. Тэгээд төвийнхөө даргад мэдэгдэх гээд 2 удаа залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Г ажлын байрны тодорхойлолтоор энэ утсан холбоог ажлын болон ажлын бус цагаар нээлттэй байлгах гэж үүрэг өгсөн төвийнхөө өдөр тутмын үйл ажиллагаа удирдан зохион байгуулж ажил үүргээ гүйцэтгээгүй. Өдөр тутмынхаа ажилд хяналт тавьж ажиллахгүй байна гэж үзэж байгаа. Амралтын өдөр байсан гээд байна. Энэ нь ажлын болон амралтын өдөр утсаа нээлттэй байлгана шүү гэж заагаад өгсөн байдаг. Тухайн үед бүх нийтийн онцгой нөхцөл байдал улсын хэмжээнд зарласан байсан. Илүү сонор сэрэмжтэй ажиллах ёстой байсан хүн ийм алдаа зөрчил гаргасан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т зааснаар сахилгын шийтгэлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан байгаа. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Д.Г-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 сарын 04-ний өдрийн Б/274 дугаар "АТҮТ" ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тээвэр зохицуулагч Э.Сын тайлбар, Эмнэлгийн магадалгааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 335 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Г-ийн Хяналт шалгалт дотоод аудитын албанд гаргасан тайлбар, Хэрэглээний дэлгэрэнгүй хуулга гаргуулах хэрэглэгчийн маягт, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Д.Г-ийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн засаг даргын 2019 оны 02 сарын 25-ны өдрийн А/177 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Аймгийн авто тээврийн төвийн 2019 онд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын явуулын үзлэг хийх хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цогтцэций салбар 2019 онд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын явуулын үзлэг хийх хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 14-ний өдрийн Э.Сын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 сарын 18-ны өдрийн Э.Сын тайлбар, 2016 оны 05 сарын 13-ны өдрийн А/129 дугаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 10 сарын 06-ны өдрийн А/213 дугаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 06 сарын 24-ний өдрийн А/115 дугаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Аймгийн Автотээврийн төвийн нийтлэгийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Шуудангийн байгууллагын тэмдэглэл, шуудан хүргэгчийн дэвтэрт, 2020 оны 06 сарын 09-ний өдрийн Ажил хүлээлцэх тухай баримт, 2020 оны 06 сарын 18-ны өдрийн Ажил хүлээлцэх тухай баримт, 2019 оны 12 сарын 19-ний өдрийн Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 55 дугаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТҮТ ТӨҮГ-ын дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 сарын 16-ны өдрийн А/25 дугаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Автотээврийн үндэсний төвийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 сарын 04-ний өдрийн Б/274 дугаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 сарын 04-ний өдрийн Б/395 дугаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТҮТ ТӨҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар гаргуулсан 2016 оны 11 сарын 18-ны өдрийн А/305 дугаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шуурхай ажиллагааг зохион байгуулах журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улс, хот хооронд, орон нутгийн гэрээтэй ачаа болон зорчигч тээвэрлэлтийн явцад зам тээврийн осол, техникийн болон цаг агаарын саатал гарсан үед мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвчийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шуурхай ажиллагааны бүлгийн яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвчийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, Улс хоорондын ачаа тээврийн 2020 ослын мэдээ, Хурлын тэмдэглэл, 2020 оны 06 сарын 04-ний өдрийн Б/275 дугаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 сарын 10-ны өдрийн А/13 дугаар АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АТҮТ ТӨҮГ-ын аймгийн Автотээврийн төвийн дарга нарын 2020 оны ээлжийн амралтын хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн даалгавраар гэрчийн мэдүүлэг авсан Э.Сын 2022 оны 10 сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн баримтаар гаргасан Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын 2018 оны 03 сарын 12-ны өдрийн А-5 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шуурхай ажиллагааны бүлгийн Яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвчийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 001/ХТ2020/00794 дугаар тогтоол, хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан Д.Г-ийн өргөдөл, шүүхийн журмаар хийсэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон хавсралтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Г хариуцагч АТҮТ ТӨҮГ-т холбогдуулан Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 68,376,000/жаран найман сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч АТҮТ ТӨҮГ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар сахилгын шийтгэлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын албан тушаалд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь албан тушаал/ажлын байр/-ын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хяналт тавьж ажиллагаагүй, Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллаж байхад 2/хоёр/ хүний амь нас эрсэдсэн онгой нөхцөл байдал үүссэн байхад шуурхай ажиллагааны журмын дагуу удирдлагыг мэдээллээр хангаж ажиллаагүй, сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хариуцагчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/274 дугаар Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ... гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 6 дугаар сард цуцалсан байх тул тус маргаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 5-ын 5.1.2, 5.1.3, 5.1.26, 11-ийн 11.6.1, 11.6.11, 11.6.23, 11.6.33 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь Албан тушаал/ажлын байр/-ын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хяналт тавьж ажиллагаагүй гэх тайлбар гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн тухайлсан ямар үйлдэл, эс үйлдэл дээр дурдсан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл болсон үндэслэлээ тайлбарлаж, тухайн үндэслэлээ баримтаар нотлоогүй ба, мөн тухайн үйлдэл, эс үйлдлийг нотолсон нотлох баримтыг баримтаар гаргаж өгөөгүй болно.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч нь Албан тушаал/ажлын байр/-ын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хяналт тавьж ажиллагаагүй гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байх ба нэхэмжлэгч нь тухайн тухайн зөрчлийг гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллаж байхад 2/хоёр/ хүний амь нас эрсэдсэн онгой нөхцөл байдал үүссэн байхад шуурхай ажиллагааны журмын дагуу удирдлагыг мэдээллээр хангаж ажиллаагүй зөрчил гаргасан гэж маргаж байна.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн байсан болох нь тогтоогдож байна.

 

*******, Гурвантэс суманд 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 50 минутад замтээврийн осол гарч "БЛ" ХХК-ийн жолооч нас барсан, "ТЭ" ХХК-ийн жолооч 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр машиндаа нас барсан байдалтай олдсон болох нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 00 минутад болсон Хурлын тэмдэглэл, АТҮТ ТӨҮГ-ын Улс хоорондын ачаа тээврийн 2020 оны ослын мэдээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам батлах тухай тушаалаар Онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам, Улс, хот хооронд, орон нутгийн гэрээтэй ачаа болон зорчигч тээвэрлэлтийн явцад зам тээврийн осол, техникийн болон цаг агаарын саатал гарсан үед мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвч, Шуурхай ажиллагааны бүлгийн Яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвчийг тус тус баталж, Орон нутгийн Автотээврийн төвүүд энэхүү журамд нийцүүлэн шуурхай ажиллагааны бүлэг байгуулж ажиллахыг даалгасан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам батлах тухай тушаал болон нэгдүгээр хавсралтын хуулбар, хоёдугаар хавсралтын хуулбар, гуравдугаар хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Шуурхай ажиллагааг зохион байгуулах журмын 2-ын 2.2-т Улс, хот хооронд, орон нутгийн гэрээтэй ачаа тээвэрлэлтийн явцад Байгалийн гамшиг, зам тээврийн осол, цаг, агаар, замын нөхцөл, техникийн байдлаас шалтгаалсан саатал үүссэн нөхцөлд тухайн орон нутгийн Автотээврийн төв-ийн Шуурхай ажиллагааны бүлэг хариуцан ажиллаж, АТҮТ ТӨҮГазрын Шуурхай ажиллагааны бүлэгт цаг алдалгүй дамжуулж байна., 2.4.-т Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч Шуурхай ажиллагаа-г зохион байгуулж Мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвчид заасан байгууллагуудад мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай зарим туслалцааг хүргэх ажлыг зохион байгуулна., 3-ын 3.1.-т Шуурхай ажиллагааны бүлгийн бүрэлдэхүүн нь бүлгийн ахлагчид захирагдах бөгөөд бүлгийн ахлагч нь хариуцсан дэд захиралд захирагдах бөгөөд Үйлдвэрийн газрын захирлыг холбогдох мэдээллээр хангаж ажиллана. гэжээ.

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвчид Тээврийн хэрэгслийн жолооч/тээвэр зохицуулагчаас-Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэнд, Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэнд, Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтнээс Шуурхай ажиллагааны бүлгийн нарийн бичгийн дарга болон Аж ахуйн нэгж байгууллагад, Сонгинохайрхан ЗТТ, Баянзүрх ЗТТ нь Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэнд, Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтнээс Хөдөлгөөн хяналтын хэлтсийн дарга болон Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргад, Хөдөлгөөн хяналтын хэлтсийн дарга болон Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаас Тээвэр хариуцсан дэд захиралд, Тээвэр хариуцсан дэд захирлаас Автотээврийн үндэсний төвийн захиралд, АТҮТийн захирлаас Зам тээвэр хөгжлийн яаманд мэдээлэл дамжуулах тухай заажээ.

 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан Шуурхай ажиллагааны бүлгийн Яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжууулах бүдүүвчид зааснаар Хөдөлгөөний хяналтын хэлтсийн Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэнгээс Шуурхай ажиллагааны бүлгийн нарийн бичгийн даргад, Шуурхай ажиллагааны бүлгийн нарийн бичгийн даргаас Шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч, Шуурхай ажиллагааны бүлгийн гишүүдэд мэдэгдэх тухай заажээ.

 

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-5 дугаар Шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай тушаалаар Онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах шуурхай ажиллагааны бүлгийг байгуулж, Шуурхай ажиллагааны бүлгийн ахлагчаар О.Б/АТХУБ/-ийг, Шуурхай ажиллагааны бүлгийн нарийн бичгийн даргаар О.Б/Тээвэр зохицуулагч/-ыг, Шуурхай ажиллагааны бүлгийн гишүүдээр Тээвэр зохицуулагч нарыг томилж, Шуурхай ажиллагааны бүлгийн Яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвчийг хавсралтаар баталсан болох нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-5 дугаар Шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-5 дугаар Шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Шуурхай ажиллагааны бүлгийн Яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвчээр Тухайн өдрийн 24 цагаар төв дээр ажиллаж буй тээвэр зохицуулагчаас Шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч О.Б-т, Шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч О.Б-оос Шуурхай ажиллагааны бүлгийн гишүүн буюу тээвэр зохицуулагч, Авто тээврийн төвийн дарга Д.Г, Хилийн АТХУБ болон тэвээрч зохицуулагч, нягтлан бодогч, нярав, техник хяналтын үзлэгийн инженер, тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагад мэдээлэл дамжуулах тухай заасан болох нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр А-5 дугаар тушаалын хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагч Э.С нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Э.С нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: ... Эхлээд дугаарт ослынхоо мэдээллийг өгсөн. Дараа нь Өмнөговь аймгийнхаа АТҮТийн даргын хоёр дугаар луу нь залгахад холбогдохгүй байсан ... Осол гарсны дараагийн өдөр буюу нэг дэх өдөр Д.Г над руу дугаараас ярилаа. Наана чинь юу болсон бэ гэж надаас асуусан. Тэгэхэд нь би осол болсон бүх мэдээллээр хангаж ажилласан. гэжээ.

 

Гэрч Э.С-ын Өмнөговь аймгийнхаа АТҮТийн даргын хоёр дугаар луу нь залгахад холбогдохгүй байсан гэх гэрчийн мэдүүлэг нотолгооны бусад хэрэгслээр нотлогдоогүй ба дугаарын 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ярианы жагсаалтаар үгүйсгэгдэж байна.

 

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагч Э.С нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-5 дугаар Шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Шуурхай ажиллагааны бүлгийн Яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвчид зааснаар Шуурхай ажиллагааны бүлгийн ахлагчид мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй, уг бүдүүвчийн дагуу ажиллагаагүй болох нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээвэр зохицуулагч Э.С нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А-5 дугаар Шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Шуурхай ажиллагааны бүлгийн Яаралтай цуглар зарлан мэдээллийн дохио дамжуулах бүдүүвчид заасан үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллаж байхад 2/хоёр/ хүний амь нас эрсэдсэн онгой нөхцөл байдал үүссэн байхад шуурхай ажиллагааны журмын дагуу удирдлагыг мэдээллээр хангаж ажиллаагүй зөрчил гаргасан гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь онгой нөхцөл байдал үүссэн байхад шуурхай ажиллагааны журмын дагуу удирдлагыг мэдээллээр хангаж ажиллаагүй зөрчил гаргаагүй байх тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ... олгоно., 128 дугаар зүйлийн 128.1-т Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн АТҮТ ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 37/гучин долоо/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас нийт нийт 68,289,642/жаран найман сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 86,358/наян зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид олговорт ноогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 , 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-г хариуцагч АТҮТ ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч АТҮТ ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 68,289,642/жаран найман сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, олговорт ноогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч АТҮТ ТӨҮГ-т даалгаж, үлдсэн 86,358/наян зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч АТҮТ ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 499,398 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 , 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-г хариуцагч АТҮТ ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч АТҮТ ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 68,289,642/жаран найман сая хоёр зуун наян есөн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, олговорт ноогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч АТҮТ ТӨҮГ-т даалгаж, үлдсэн 86,358/наян зургаан мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч АТҮТ ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 499,398 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ