Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00185

 

 

 

 

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00185

 

 

Д.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02656 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Г

Хариуцагч: й ТӨҮГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хугацааны цалин 55,534,376 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б ТӨҮГ-ын захирлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 дугаар тушаалаар үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан. Д.Г уг тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр гараагүй байхад Б ТӨҮГ-ын захирал Б.гийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/274 дугаар тушаалаар Д.Гг ажлаас халсан. Уг тушаалын үндэслэлийг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 06 дугаар сарын 01-ний өдөр автын осол гарч, 2 хүн нас барсан талаарх ослын мэдээллийг удирдлагад дамжуулаагүй гэж тайлбарласан. Тухайн үед ослыг мэдээллэх үүрэгтэй тээвэр зохицуулагчийн цалинг 3 сараар 20 хувиар хассан байтал Д.Гг ажлаас халсан.

1.2 Тухайн үед нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Юнителийн тооцооны салбарт очин дуудлагаа шалгуулахад юнителийн дугаар руу 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4 цаг 13 минут 57 секундээс 21 цаг 57 мин 37 секундын хооронд ирсэн дуудлага дотор Э.Сын 80903708 дугаараас дуудлага ирээгүй байдаг.

1.3 Гэрч Э.С залгасан гэх боловч ярьсан зүйл, бичсэн өргөдөл дээрээ 2 удаа залгасан гэдэг. Гэтэл 5 удаа залгасан байдаг. Энэ нь залгасан, залгаагүй тодорхой бус. й ТӨҮГ-ын захирал Б.г шуурхай албаны бүлгийн ахлагч мэдээллээр хангах ёстой болохоос Д.Г биш. Д.Г мэдээлэл аваагүй байхад сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Ослын талаар мэдээлэл очсон болохоор шуурхай арга хэмжээ авагдсан, бүх ажиллагаа хийгдсэн. Д.Ггийн 00000000 дугаарын утсаар ярьсан мэдээллийг хүргүүлсэн. Э.тай ярьсан мэдээг хавсаргасан байгаа.

Иймд Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эргүүлэн томилж, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 644 хоногийн олговрыг 1 өдрийн 85,954 төгрөгөөр /1 сарын 1,848,000 төгрөгөөс тооцоход 1 өдрийн 85,954 төгрөг/ тооцож, нийт 55,354,376 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч тухайн аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан бүх үйл ажиллагааг хариуцсан ажилтан. Гэтэл осол гарснаас хойш 72 цаг өнгөрсний дараа удирдлагыг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй. й ТӨҮГ-ын захирлын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/274 тоот ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон 131 дүгээр зүйлийн 131.1.3 дугаар зүйлийг удирдлага болгосон бөгөөд хууль хэрэглээний хувьд зөв хэрэглэсэн. Эдгээр зөрчил нь бодит бөгөөд нэгэнт гэрээний талуудын харилцан тохиролцсон тохиролцоог нэхэмжлэгч нь зөрчсөн тул түүнд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2 Д.Г нь Ажлын байрны тодорхойлолт-ын 3 дахь хэсгийн 1.1-т заасан автотээврийн салбарын талаарх хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих үүргээ биелүүлэн хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээний 4.4-т заасан байгууллагын үйл ажиллагааны талаар удирдлагыг хуурамч мэдээллээр удаа дараа хангасан.

Тухайн үед Ковидын онцгой дэглэм үйлчилж, бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж байсан. Д.Г тухайн салбар нэгж дээр болж байгаа бүх мэдээллээр удирдлагыг хангах үүрэгтэй. Гэрчийн мэдүүлгээр гэрч дуудлага өгсөн, утсаа аваагүй гэсэн. Гэрчийн мэдүүлгээр утас руу нь залгасан нь нотлогдсон. Тээврийн байгууллагын ямар ч албан тушаалтан 24 цаг утсаа унтраах эрхгүй. Цалин хөлсний тухайд ямар цаг хугацаанд ковидын хязгаарлалттай байсан, мөн ямар хугацаанд төрийн байгууллага ажиллаагүй болохыг тодорхойлоогүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 55,354,376 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай Д.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч Д.Г нь ажлын байрны тодорхойлолтын 9-т заасан зорилтын хүрээнд буюу осол аваар үүссэн үед ажиллах анги бүлгийг хууль тогтоомжийн дагуу байгуулах, үүрэг чиглэлийг тодорхойлсон боловч утсан холбоог ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд тогтмол нээлттэй байлгаж, холбогдох арга хэмжээг нэн яаралтай зохицуулан зохион байгуулах үүргээ хэрэгжүүлсэн.

Дээрх үүргээ Өмнөговь аймгийн Авто тээврийн төв нь й ТӨҮГ-ын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 тоот Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам батлах тухай тушаалаар онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/5 дугаар Шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай тушаалаар бүдүүвчийг баталсан бөгөөд энэхүү тушаалаар л өмнө нь ажиллаж ирсэн. Осол болсон өдрүүд амралтын өдрүүд байсан.

4.2 Өмнөговь аймгийн Автотээврийн төв нь й ТӨҮГ-ын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/305 тоот Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам батлах тухай тушаалаар Онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах Шуурхай ажиллагааг зохион байгуулах журын 2-р хавсралтад аймгийн авто тээврийн төвийн дарга Бийн захиралд шууд мэдээллэх удирдлагаар хангах зохицуулалт байхгүй. Харин хөдөлгөөний зохицуулалтын мэргэжилтэн л мэдээлэл шуурхай дамжуулах үүрэгтэй байхаар заасан байхад үүнийг шүүхээс анхаарч үзсэнгүй. Харин энэхүү журмыг баталсан тушаалын 3-т заасныг нэхэмжлэгч биелүүлж Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/5 дугаар Шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай тушаалаар бүдүүвчийг баталсан.

4.3 Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/5 дугаар Шуурхай ажиллагааны бүлэг байгуулах тухай тушаалд шуурхай ажиллагааны бүлгийн ахлагчаар О.Бийг томилсон. Уг бүдүүвчийн дагуу тээвэр зохицуулагч Э.С нь нэхэмжлэгчид биш шуурхай ажиллагааны бүлгийн ахлагчид мэдэгдэх ёстой бөгөөд цааш нь буюу надад шуурхай ажиллагааны бүлгийн ахлагч мэдэгдэх ёстой атал тэвээр зохицуулагч Э.Сыг мэдэгдэх ёстой байсан гэж сахилгын шийтгэл ногдуулж нэхэмжлэгчийг ажлаас халсан. Эндээс жинхэнэ мэдэгдэх ёстой шуурхай ажиллагааны бүлгийн ахлагчаар О.Бт ямар ч сахилгын хариуцлага ногдуулаагүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан ажлын байрны тодорхойлолтын 9-д заасан зохицуулалт зааснаар биелэгдсэн гэж үзэж байна.

4.4 Гэрч Э.С нь бичиг хэргийн ажилтан н.маад анх хэлээд бичүүлэхдээ нэг дугаар луу мэдэгдсэн гэж байгаа боловч дараа нь шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгөхдөө нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар дурдаагүй байдаг ба гэрчээр мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгч миний 2 дугаар луу залгасан гэсэн зөрүүтэй мэдээлэл өгсөн. Мөн гэрчийн мэдүүлгийг давхар өөр нотлох ямар нэгэн баримтын шаардлага хангасан баримт байхгүй. Учир нь энэ материалд нэхэмжлэгчийн нэг дугаар буюу 00000000 гэсэн дугаар л харагддаг. Үүнийг нэхэмжлэгч тодруулахаар үүрэн холбооны юнителээс лавлагаа авсан боловч тухайн залгасан гээд байгаа өдөр нэг ч дуудлага ирээгүй байгаа нь харагдаад байхад гэрч Э.Сын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Тээвэр зохицуулагч Э.Сд сахилгын шийтгэл ногдуулсан й ТӨҮГ-ын захирлын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/275 тоот тушаал зэргээр тогтоогдож байна гэж үзэж шүүхээс зөвхөн нэг талыг барьж хариуцагчийн тайлбараар асуудалд хандаж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэр гарган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Өмнөх сахилгын шийтгэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул маргах зүйлгүй гэж үзсэн. Хоёр хүний амь нас хохирч, аймгийн авто тээврийн төвийн дарга нь ажлын байрны тодорхойлолтын дагуу тухайн нутаг дэвсгэрт болж буй үйл явцын шуурхай ажиллагааны журам, бүдүүвчид зааснаар мэдээллэх үүрэгтэй. А/5 гэх тушаалаар тухайн нөхцөл байдлыг аймгийн Бийн даргад мэдээллэх ёстой. Аймгийн Бийн дарга нь тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан.

5.2 Мөн аймгийн Бийн даргын ажлын байрны тодорхойлолтод байгалийн гамшиг, осол, замын нөхцөлд техникийн саатал, цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэн үед онцгой байдал, цагдаагийн алба, эрүүл мэндийн байгууллага, тээврийн удирдах хяналтын төвтэй холбогдож шуурхай арга хэмжээ авч, хамтран ажиллах ёстой. Мөн ажлын утсыг 24 цагийн турш асаалттай байлгах чиг үүргийг гүйцэтгээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хугацааны цалин 55,534,376 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан.

2.1 Монгол Улсын Шүүхийн тухай /2021 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч тухайн хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна.

3. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох гэж заасан байхад хэрэгт авагдсан баримтад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж авагдаагүй байна.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН