Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02231

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02231

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

2023 он 07 сары 20өдөр

181/ШШ2023/02231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин суух, Х овогт Ж.Э/РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,******* байрлах, "МК" ХХК/РД:*******, гүйцэтгэх захирал/-д холбогдох,

 

837 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Э нь 2009 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч "МК" ХХК-д ажилд орсон байдаг.

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "МК" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 837 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 07 дугаар сарын 18-ны өдөр намайг тус тушаалтай танилцуулсан.

Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4; 80.1.5 болон гаргахдаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 18-2127 тоот Хөдөлмөрийн гэрээний 5.1.2; 5.1.18 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд тушаах хэсгийн 1-т албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өөрийн бичгээр гаргасан тайлбар, мэдүүлэг, бусад холбогдох баримт зэргээр тогтоогдсон тул гэжээ.

Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашигласан, хэтрүүлэх, шан харамж олж авсан, хувьдаа үйлчилгээ авсан гэж заасан. 

"МК" ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "СЭ" ХХК-тай "BSCS MAINTENANCE PROFESSIONAL SUPPORT SERVICES AGREEMENT" гэрээ байгуулсан байдаг.

Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгодог. Миний хувьд тус гэрээг байгуулахад нөлөө үзүүлээгүй, "СЭ" ХХК-тай ашиг сонирхлын зөрчилгүй бөгөөд уг асуудалд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй, түүнчлэн "МК" ХХК- ийн эрх ашгийн эсрэг зүйл хийгээгүй, албан тушаалын хүрээнд өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-т ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус заасан.

Миний бие "МК" ХХК-ийн Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн Төлөвлөлтийн багийн инженер албан тушаалтай байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал Монгол Улсын Дээд Шүүхийн Зөвлөмжийн 3.1-т зааснаар Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой байдаг бөгөөд МК ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 836 тоот тушаал нь үүнтэй нийцэхгүй байна.

"МК" ХХК-ийн Дотоод аудитын алба нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ миний тайлбарыг үндэслээгүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэн, тэгш оролцоогоор хангаагүй бөгөөд Дотоод аудитын алба уг асуудалд хараат бус, үл итгэх байр сууринаас хандаагүй гэж үзэж байна.

Тушаалд дурдсан дээрхи зөрчлийг үйлдсэн нь Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч дүгнэлтээр ямар зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй төдийгүй хариуцагч "МК" ХХК нь тус дүгнэлтийг надад танилцуулаагүй.

Иймд МК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 837 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв. гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Э-ын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримтан шинжлэн судалсантай холбоотой тайлбар гаргая. Өнөөдрийн маргаанд дүгнэлт тайлбараа гаргая. МК ХХК нь олон ажилчин, том компани байж болно. Гэхдээ хуулиа зөрчиж болохгүй. Сахилгын шийтгэл ногдуулж болно. Гэхдээ дотоод аудитыг үндэслэж байгаа бол. Тэрийг үндэслэх боломжгүй. Шүүхийн жишгийг харах ёстой гэж байх шиг байна. Гэтэл аудитын дүгнэлтийг харгалзаж үзэх ёстой. Зөрчилтэй холбоотой асуудлыг гэрээтэй холбож байна. Ярилцлагын тэмдэглэлд заасан байгаа. Энд нэг асуудал байгаа. Гэрээг эрх мэдэл, албан тушаалын талаар заасан зүйл байхгүй. Хүсэхгүй байгаа зүйлээ оруулдаггүй. Хууль, дүгнэлт өөр байх ёстой. Ярилцлагыг дүгнэлт гэж ярьдаг. Хуульд зааснаар дүгнэлт бол дүгнэлт байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс нэг сарын 2,700,000 төгрөг байгаа. Өнөөдрийн байдлаар ажилгүй байсан 12 сар байгаа. Нийт төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч МК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Э нь Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, компаниас хүлээлгэсэн итгэл найдварыг хувийг ашиг сонирхолдоо урвуулан ашигласан болох нь тогтоогдсон. 

Тодруулбал; Ж.Э нь тус албан тушаалд ажиллаж байхдаа МК ХХК нь үйлчлүүлэгч нартаа төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээ үзүүлэхдээ туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж ажиллуулдаг болохыг албан тушаалын дагуу олгосон эрх мэдлийн хүрээнд мэдэж, эрхэлж байгаа ажлынхаа мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олох зорилгоор компанийн хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолдоо ашигласан. 

Өөрөөр хэлбэл МК ХХК-ийн төлбөр тооцооны биллинг системийн ашиглах туслах гүйцэтгэгч компаниар СЭ ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан. 

СЭ ХХК нь мэдээллийн технологийн салбарын туршлагагүй, үүсгэн байгуулагдсан цагаасаа тухайн салбарт огт үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр МК ХХК-д ажиллаж байсан Г.А, Э.Э, Ж.Э нар тухайн компанийг худалдан авч, мэдээлэл технологийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэтээр үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилсөн болох нь тогтоогдсон. 

Түүнчлэн Ж.Э нь өөрийн багын найз А.Б-г, Э.Э нь өөрийн хадам ээжийнхээ дүү Д. Т, Г.А нь өөрийн хамаатан болох З.Д нарын нэр дээр СЭ ХХК-ийн компанийн хувьцааны бүртгэлийг хийлгэж, тус компаниа ашиглаж МК ХХК-тай төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулуулж хувийн ашиг сонирхолдоо ашигласан болох нь тогтоогдож, түүнийгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. 

МК ХХК нь Япон Улсын хөрөнгө оруулалтай компани бөгөөд үйл ажиллагаандаа хууль, журмыг удирдлага болгон ажилладаг. Үүний дагуу компани ажилтнууддаа эрхэлж буй албан тушаалдаа үнэнч, чин шударга ажиллах итгэл, найдварыг бүрэн хүлээлгэдэг. 

Гэвч манай компанийн итгэл, найдварыг хувьдаа ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, хувьдаа ашиг олж, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул цаашид компанийн зүгээс Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн инженер Ж.Э, Корпорацын стратеги удирдлагын газрын Төслийн удирдлагын албаны Төслийн менежер Э.Э, Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн менежер Г.А нарт итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ажлын цаг дууссан байхад намайг дуудсан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн. Эхэлж ажиллаж байсан гэж яриад байгаа. Өөрөө ярилцлагадаа хийгээд мөнгө авдаг гэсэн. Хардах эрхийн хүрээнд ажил хийж байгаа. Тийм учраас Ж.Э ажлын итгэл алдсан. Ийм учраас удирдлагын зүгээс ажлаас чөлөөлсөн. гэв.

 

Хариуцагч МК ХХК-ийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зүйлийг дахин нотлохгүй заасан. Шүүхийн шийдвэрийг үнэлэх боломжгүй гэж байна. Захиргааны хэргийн шүүх 06 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээ байгуулах үед өргөдлөө гаргасан. Гуравдугаарт ажил олгогчийн талаар заасан. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Ажилтныг авч итгэл хүлээлгэж ажиллуулж байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан №ХГ-18-2127 Хөдөлмөрийн гэрээ болон түүний хавсралт, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2/800 дугаар албан бичиг, МК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 001/ШХТ2023/00565 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00155 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн 210/МА2023/00614 магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 36 дугаар Прокурорын тогтоолын хуулбар, ҮАЖ-3007:06 дугаар Бэлтгэн нийлүүлэх журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ҮАЖ-3007:07 дугаар Бэлтгэн нийлүүлэх журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МК ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тушаал болон хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/3495 дугаар албан бичгийн хуулбар, МК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МК ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 393 дугаар тушаал болон хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ярилцлагын тэмдэглэл, Ж.Э-ын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр МК -ийн захиргаанд гаргасан хүсэлт, Ж.Э-ын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр МКйн Хүний нөөцийн газрын захирал н.Соёлчимэгт гаргасан өргөдөл, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4/3495 дугаар албан бичгийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан МК ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МК ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МК ХХК-ийн Тусгай аудитын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-806-20-1099 дугаар БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-806-20-2152 дугаар БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-806-21-0887 дугаар БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-806-21-1360 дугаар БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 2011008381725 дугаар Прокурорын тогтоолын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Э хариуцагч МК ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Төлөвлөлтийн багийн инженерийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 32,400,000/гучин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МК ХХК нь итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн Төлөвлөлтийн багийн инженерээр ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ХГ-18-2127 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.18 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн Ж.Э нь эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4-т ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;, 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ... ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;, 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ ... зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно., 123.2-т Ажил олгогч ... сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:, 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалтад зааснаар зохигчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №ХГ-18-2127 Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.1.2, 5.1.18-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг заасан болох нь №ХГ-18-2127 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчийн байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ХГ-18-2127 Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.1.2-т Албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашигласан ... шан харамж олж авсан, хувьдаа үйлчилгээ авсан,, 5.1.18-д Гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон, гэжээ.

 

Хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр СЭ ХХК-тай 11-806-20-1099 дугаар БиЭсСиЭс Ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь 11-806-20-1099 дугаар БиЭсСиЭс Ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээний орчуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч болон Г.А нар СЭ ХХК-ийг Н.П-ээс худалдан авч нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий этгээд болох А.Б-г хувьцаа эзэмшигчээр оруулсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Тусгай аудитын тайлан, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ярилцлага, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00155 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2023/00614 дугаар Магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00155 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2023/00614 дугаар Магадлалаар нэхэмжлэгч болон Г.А нар СЭ ХХК-ийг Н.П-ээс худалдан авч нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий этгээд болох А.Б-г хувьцаа эзэмшигчээр оруулсан үйл баримт тогтоогдож байх ба энэ үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байна.

 

Нэхэмжлэгч нь СЭ ХХК-ийг Н.П-ээс худалдан авч өөрийн хамаарал бүхий этгээд болох А.Б-г хувьцаа эзэмшигчээр оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил буюу Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.1.2-т заасан хариуцагчид ажил эрхэлж байгаа эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд урвуулан ашигласан ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр буюу нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаар тушаалд Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.1.18-д заасан гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон үндэслэлийг тусгасан байх боловч нэхэмжлэгч нь гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон болох нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан болох нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын бүлэг 3-ын 3.1, 3.1.1-т зааснаар Корпорацийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирал удирдах тухай заасан байх боловч Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах гүйцэтгэх захирал хариуцагчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаар тушаалд гарын үсэг зурсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь СЭ ХХК-ийг Н.П-ээс худалдан авч өөрийн хамаарал бүхий этгээд болох А.Б-г хувьцаа эзэмшигчээр оруулсан зөрчил үргэлжилж, хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зөрчлийг илрүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сарын дотор буюу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсныг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ын хариуцагч МК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 32,400,000/гучин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э-ын хариуцагч МК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 32,400,000/гучин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ