Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01824

 

 

 

 2023 оны 10 сарын 02 өдөр Дугаар 210/МА2023/01824

 

Ж.Э...ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 181/ШШ2023/02231 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Э...ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М...ХХК-д холбогдох,

М... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 837 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б..., хариуцагчийн өмгөөлөгч Э.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М.нар ор..олцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ж... овогтой Э... нь 2009 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч "М..." ХХК-д ажилд орсон.

1.2. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "М..." ХХК-ийн гүйцэтгэх захирлын 837 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 07 дугаар сарын 18-ны өдөр намайг тус тушаалтай танилцуулсан.

Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4; 80.1.5, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2; 5.1.18 дахь заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд тушаах хэсгийн 1-т албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өөрийн бичгээр гаргасан тайлбар, мэдүүлэг, бусад холбогдох баримт зэргээр тогтоогдсон тул гэжээ.

1.3. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашигласан, хэтрүүлэх, шан харамж олж авсан, хувьдаа үйлчилгээ авсан гэж заасан.

"М..." ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "С..." ХХК-тай "BSCS MAINTENANCE PROFESSIONAL SUPPORT SERVICES AGREEMENT" гэрээ байгуулсан байдаг.

Миний хувьд тус гэрээг байгуулахад нөлөө үзүүлээгүй, "С..." ХХК-тай ашиг сонирхлын зөрчилгүй бөгөөд уг асуудалд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй, түүнчлэн "М..." ХХК-ийн эрх ашгийн эсрэг зүйл хийгээгүй, албан тушаалын хүрээнд өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаагүй болно.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж тус тус заасан.

"М..." ХХК-ийн Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн Төлөвлөлтийн багийн инженер албан тушаалтай байсан бөгөөд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог.

1.5. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал талаар гаргасан Монгол Улсын Дээд Шүүхийн Зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой байдаг бөгөөд М... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 836 тоот тушаал нь үүнтэй нийцэхгүй байна.

1.6. "М..." ХХК-ийн Дотоод аудитын алба нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ миний тайлбарыг үндэслээгүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэн, тэгш оролцоогоор хангаагүй бөгөөд Дотоод аудитын алба уг асуудалд хараат бус, үл итгэх байр сууринаас хандаагүй. "М..." ХХК нь тус дүгнэлтийг надад танилцуулаагүй.

Иймд М... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 837 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Ж.Э... нь Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн менежментийн албаны Мэдээллийн технологийн төлөвлөлтийн хэлтсийн инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, компаниас хүлээлгэсэн итгэл найдварыг хувийг ашиг сонирхолдоо урвуулан ашигласан болох нь тогтоогдсон.

Тодруулбал; Ж.Э... нь тус албан тушаалд ажиллаж байхдаа М... ХХК нь үйлчлүүлэгч нартаа төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээ үзүүлэхдээ туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж ажиллуулдаг болохыг албан тушаалын дагуу олгосон эрх мэдлийн хүрээнд мэдэж, эрхэлж байгаа ажлынхаа мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олох зорилгоор компанийн хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолдоо ашигласан.

Өөрөөр хэлбэл М... ХХК-ийн төлбөр тооцооны биллинг системийн ашиглах туслах гүйцэтгэгч компаниар С... ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан. С... ХХК нь мэдээллийн технологийн салбарын туршлагагүй, үүсгэн байгуулагдсан цагаасаа тухайн салбарт огт үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр М... ХХК-д ажиллаж байсан Г.А..., Э.Э..., Ж.Э... нар тухайн компанийг худалдан авч, мэдээлэл технологийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэтээр үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилсөн болох нь тогтоогдсон.

2.2. Түүнчлэн Ж.Э... нь өөрийн багын найз А.Б...г, Э.Э...т нь өөрийн хадам ээжийнхээ дүү Д. Т..., Г.А.. нь өөрийн хамаатан болох З.Д... нарын нэр дээр С... ХХК-ийн компанийн хувьцааны бүртгэлийг хийлгэж, тус компаниа ашиглаж М... ХХК-тай төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулуулж хувийн ашиг сонирхолдоо ашигласан болох нь тогтоогдож, түүнийгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.

 

2.3. Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул цаашид компанийн зүгээс итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэгч Ж.Э...ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э...ын хариуцагч М... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 32,400,000 /гучин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Э...ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг шүүх ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.

4.2. Мобиком корпорацийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.4-т "Ажилтны сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийн талаар тухайн ажилтны шууд удирдлагаас Зөрчил бүртгэлийн хуудсыг Хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид ирүүлнэ." гэж заасан байх боловч сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчийн шууд удирдлагаас зөрчил бүртгэлийн хуудсыг үйлдэж, ирүүлээгүй.

4.3. "М... ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт "Ажилтан нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, энэ журамд заасан хэм хэмжээ болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцон, сахилгын зөрчил гаргасан ажилтанд Ерөнхий захирлын тушаалаар дараах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан.

Гэтэл "М... ХХК нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй этгээдийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн.

Тодруулбал, ажилтанд сахилгын шийтгэлийг ТУЗ-ийн дарга бөгөөд Ерөнхий захирал тушаалаар ногдуулахаар зохицуулсан байх боловч сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй этгээд болох Гүйцэтгэх захирал Курушима Кожи нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй байна.

4.4. "М... ХХК болон "С..." ХХК-уудын хооронд 11-806-20- 1099; 11-806-20-2152; 11-806-21-0887; 11-806-21-1360 дугаартай "БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээ", гэрээний зөвшөөрөл хэсэгт нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байдаг бөгөөд гэрээнд "М..." ХХК-ийн Ерөнхий захирал бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Тацуяа Хамада нь гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 02231 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. М... ХХК-д ерөнхий захирал болон гүйцэтгэх захирал гэсэн албан тушаал байхгүй. Өөрөөр хэлбэл тус компанийн ерөнхий захирал нь компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг.

Харин Компанийн тухай хуульд нийцүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс гүйцэтгэх захирлыг томилсон тул тушаал гаргах эрхтэй этгээд гэж үзэж байна.

5.2. Ж.Э.... нь компанийн мэдээллийн технологийн газрын мэдээллийн технологийн менежментийн албаны инженерийн албан тушаал хашиж байсан бөгөөд компаниудын хооронд байгуулж буй гэрээ, хэлцэл зэргийг мэддэг бөгөөд энэхүү давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий хүмүүстэй нэгдэн компани худалдан авч, үйл ажиллагааг нь өөрчлөн М... ХХК-тай гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч нь тус компанийг өөрт нь хамааралгүй гэж тайлбарладаг хэдий ч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, аудитын дүгнэлт, ярилцлагын тэмдэглэл зэрэг баримтуудаар ажлын бус цагаар компанийн үйл ажиллагааг явуулж байсан нь тогтоогддог.

5.3. Хөдөлмөрийн гэрээний тухайд нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн гэрээ, компанид байгаа гэрээнүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Ж.Э...ыг компанийн ажилтнуудын ёс зүйн дүрэм, соёлын хэм хэмжээг зөрчсөн, албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашиглаж, хэтрүүлэн шан харамж олж авсан, хувьдаа үйлчилгээ авсан зэргийг үндэслэн ажлаас чөлөөлж, тушаал гаргасан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй.

Ж.Э...ыг хуульд заасан үндэслэл журмын дагуу чөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ж.Э... нь Мо... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 837 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тушаал хуульд нийцсэн гэж, маргажээ. /1-р хх 1-3, 24-25/

3. М.... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 837 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.1.5, 4.1.2.16, 4.1.2.17.5, 4.1.2.1.17.7, 2018 он 04 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.18 дахь заалтыг тус тус баримталж, ажилтан Ж.Э...ыг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчиж, албан тушаалын давуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бичгээр гаргасан тайлбар зэрэг бусад баримтаар тогтоогдсон үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1-р хх 119/

3.а. М... ХХК нь С... ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээ-г жил бүр байгуулан ажилласан байна. /1-р хх. 51-117/

3.б. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22110083.... дугаар Прокурорын тогтоолоор ...Ж.Э... нь... Н. ХХК, С... ХХК-уудтай гэрээ байгуулан ажил гүйцэтгэх явцад өөрт давуу байдал бий болгон гэрээний дүнг өсгөх болон бусад аргуудаар компанийн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /1-р хх 149-154/

4. Анхан шатны шүүх С... ХХК-ийн хувьцааны 33,3 хувийг Ж.Э...ын багын найз А.Б... нь эзэмшдэг, өөрөө ажлын бус цагаар тус компанийн зарим ажил үүргийг гүйцэтгэж байсан зэрэг үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Нэхэмжлэгч Ж.Э... нь мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлсэн төдийгүй уг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, ашиг олох зорилготой үйлдэл нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.2, 5.1.18 дахь хэсэгт заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлсэн үйлдэл гаргаснаар ноцтой зөрчил бий болсон. Харин хариуцагчтай байгуулах гэрээнд нэхэмжлэгч Ж.Э... заавал гарын үсэг зурсан байхыг шаардахгүй юм.

6. Хариуцагч М... ХХК нь С... ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс гэрээний эрх зүйн харилцаанд оролцож, жил бүр шинэчлэн байгуулсан гэрээний нэг тал Ж.Э...ын хамаарал бүхий хуулийн этгээд болохыг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан нь тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.6 дахь хэсэгт тус тус нийцжээ.

7. М.... ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнээс харахад Ха.г 2017 оны 04 дүгээр сарын 18-ны ..өдөр ерөнхий захирлаар бүртгүүлсэн.

Мөн К.....-г гүйцэтгэх захирлаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн тул хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Ажлаас халсан тушаалд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй талаар давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б....ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 181/ШШ2023/02231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД