Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2023/02329

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2023/02329

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, Ш Б овогт Б.Н/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******, оршин суух, У Ш овогт Ц.Б /РД:/-т холбогдох,

 

Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн Н би ОХУ-ын иргэн А А Л-той 2002 оноос гэр бүл болон амьдарч, бидний дундаас 2003 оны 07 сарын 18-ны өдөр охин У, 2013 оны 11 сарын 18-ны өдөр охин Урангоо нар төрсөн. 

Харин А-н өмнөх гэрлэлтийг ОХУ-ын Эрхүү хотын шүүх 2013 оны цуцалснаар бид гэр бүлээ Монгол улсад 2016 оны 02 сарын 03-ны өдөр бүртгүүлсэн. Харамсалтай нь миний нөхөр А А Л нь 2017 оны 07 сарын 19- ний өдөр Монгол улсад гэртээ нас барсан. 

Гэтэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хамаарахгүй, өөрөөр хэлбэл, хууль ёсны болон гэрээслэлээр өв залгамжлах эрхгүй гуравдагч этгээд, талийгаачийн төрсөн ах, ОХУ-ын иргэн А И Л (Гадаад паспорт № ) нь өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ц.Б хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр хүлээн авч, У 2018 оны 02 сарын 06-ны өдөр 29 ба 30 дугаартай бүртгэл үйлдсэн байна. 

Энэхүү нотариатын үйлдэл нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх, 552 дугаар зүйлийн 552.1 дэх заалт, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтуудыг зөрчсөн байна. 

Иймд нотариатч Ц.Б-ийн ОХУ-ын иргэн А И Л-ийн өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасныг 2018 оны 02 сарын 06-ны өдөр гарын үсгийн 29, 30 дугаарт бүртгэж, гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Тус дүүргийн шүүхэд иргэн Б.Н-ийн нэхэмжлэлтэй нотариатч Ц.Б-т холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагатай иргэний маргаан хянагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн ба үзлэгээр тодорсон нотлох баримттай холбогдуулан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна. Үүнд;

1. Талийгаач ОХУ-ын иргэн А И Л-ийн өвийг хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн. ОХУ-ын иргэн А И Л-ийн өргөдлийг 2018 оны 02 сарын 06-ны өдөр гарын үсгийн 29 дүгээрт бүртгэж, гэрчилсэн нотариатч Ц.Б-ийн үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барснаас хойш төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520.1.2-д энэ хуулийн 520.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Талийгаач ОХУ-ын иргэн А И Л-ийн өвийг хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн ОХУ-ын иргэн А Э Р-г төлөөлөх эрхгүй этгээд ОХУ-ын иргэн А И Л-ийн өргөдлийг 2018 оны 02 сарын 06-ны өдөр гарын үсгийн 30 дугаарт бүртгэж, гэрчилсэн нотариатч Ц.Б-ийн үйлдэл нь Нотариатын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.8-д гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх гэсэн заалтыг зөрчсөн байна.

5. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3-д нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх гэсэн заалтыг зөрчсөн байна.

6. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн 26 дүгээр зүйлийн 26.2-д нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ гэсэн заалтыг зөрчсөн байна.

7. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн 26 дүгээр зүйлийн 26.5-д нотариатын бүртгэлийг уусдаггүй нэг энгийн бэхээр хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

8. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж. шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэсэн заалтыг зөрчсөн байна.

9. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 -д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал гэсэн заалтыг зөрчсөн байна.

10. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх баримт бичиг үйлдэхдээ орчуулагч хэлмэрчийг оролцуулна гэсэн заалтыг зөрчсөн байна.

11. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын Үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

12. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д энэ хуулийн 34.1-д заасан тэмдэглэлд дараах зүйлийг тусгана; 34.2.1 үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, 34.2.2 нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч хэлмэрч зэрэг бусад оролцогчийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, нас, мэргэжил, оршин суугаа газрын хаяг, тэдгээрийн тайлбар түүнчлэн гэрч, орчуулагч хэлмэрчийг оролцуулсан үндэслэл; 34.2.3 холбогдох баримт бичгийг танилцуулсан арга хэлбэр, үйл ажиллагааны үр дүн, дэс дараалал, 34.2.4. нотариатчийн албан тушаал, овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, 34.2.5 баримт бичгийг үйлдсэн он, сар, өдөр, цаг, минут гэсэн заалтыг зөрчсөн байна.

13. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн 35 дүгээр зүйлийн 35.1 тэмдэглэл нь гаргацтай утга агуулгын хувьд ойлгомжтой, үг үсгийн засваргүй энэ зүйлийн 35.6-д зааснаас бусад тохиолдолд орчуулгагүй байна. 3.5.2. нотариатч тэмдэглэл үйлдсэний дараа үйлчлүүлэгч болон бусад оролцогчид уншиж сонсгоно. 3.5.3. Тэмдэглэлд үйлчлүүлэгч болон нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч хэлмэрч зэрэг бусад оролцогч гарын үсэг зурж. нотариатч тамга дарж хавсаргана гэсэн заалтыг зөрчсөн байна.

14. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ Хууль зүйн дотоод хэргийн сургуулийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн № 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.9-д үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, монгол хэл мэддэггүй, эсхүл хараагүй бол орчуулагч хэлмэрчээр нь дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, ур дагавар хариуцлага зэргийг түүнд тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ гэсэн заалтыг зөрчсөн байна.

15. Нотариатч Ц.Б нь нотариатын үйлдэл хийхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07-ны өдрийн № 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1.5-д гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичгийг үндэслэн хувийн байдлыг тогтооно гэсэн заалтыг зөрчсөн байна. гэв.

 

Нэхэмжлэгч Б.Н-ийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага ОХУ-ын иргэн А И Л өв хүлээн авах хүсэлт гаргасныг бүртгэж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн. 29, 30 дугаарт бүртгэсэн. Иргэний хуулийн 502.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан. Э Р нь хууль ёсны өв залгамжлагч юм. 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-т заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж заасан. Өв авахаас татгалзсан хүсэлтээ бүртгүүлэх боломжтой. 520.1.2-т зааснаар ах нь очиж хүсэлт гаргах эрхгүй. Өгсөн нэхэмжлэл гэдгийг бид хуурамч гэж үзэж байгаа. Маш олон процессыг зөрчсөн. Мөн Нотариатын тухай хуулийн 25.1.4-т өвлөх эрхийн гэрчилгээ олгох гэсэн нотариатын үйлдэл байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 

1. Оросын холбооны улсын иргэн А А Л нь 2017 оны 07 сарын 19-ний өдөр нас барсан. Түүний төрсөн ах А И Л нь өөрийн болон итгэмжлэлээр нас барагчийн эх А Э Р-ийн өв хүлээн авах хүсэлтийг тус тус Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу нотариатад гаргасан. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй бол 31.2-т зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 528 дугаар зүйл нь өв хүлээн авах журмыг зохицуулсан заалт бөгөөд уг заалтад тусгайлан 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан иргэн зөвхөн хүсэлтээ гаргана гэж заагаагүй, 528 дугаар зүйлийн 528.2-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчөөс бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргах эрхтэй байгаа тул нас барагчийн эх, ах гэсэн субъектүүд нь хуульд заасны дагуу нотариатад хүсэлтээ гаргах эрх нээлттэй байхад нотариатын зүгээс хуулийн дагуу хүсэлтийг нь хүлээн авч бүртгэх нь үүрэг болно. 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 29, 30 дугаарт бүртгэсэн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох гэж тодорхойлсон. Нэхэмжлэлээс үзэхэд шаардлага нь тодорхойгүй байна. Нотариатчийн хувьд Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1-д зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож, журын 14.1, 14.5, 14.7, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.1, 44.4-т зааснаар А И Л-ийг нотариатын ажлын байранд өөрийн биеэр ирүүлж, гарын үсгийг нь зуруулан, нас барагчийн төрсөн эх А Э Р-ийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 29 тоот дугаарт, нас барагчийн ах А И Л-ийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 30 тоот дугаарт тус тус бүртгэсэн. Гарын үсгийн гэрчлэлийн үндсэн ойлголт нь тухайн хуульд нийцсэн баримт бичигт, эрх бүхий этгээд өөрөө гарын үсэг зурсан эсэхийг баталдаг. Түүнээс бус баримт бичгийн үнэн зөвийг гэрчлэх хууль зүйн ойлголт байхгүй юм. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулж, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг олгох шаардлагатай байна. 

3. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн, эрхээ яаж хамгаалуулах нь ойлгомжгүй, шаардлагадаа үр дагаврыг талаар дурдаагүй байна. Эндээс хамтран хариуцагчийн ойлголт үүсэх бөгөөд нэг нэхэмжлэлээр хэргийг бүрэн шийдвэрлэх боломжгүй, тодорхой бус нөхцөлийг үүсгэжээ. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1-т үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоосон зохицуулалт байгаа. А И Л-ийн хувийн байдлыг тогтоогоод үйлдэл хийсэн. Мөн зааврын 14.7-т гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх эрхтэй, түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатын баримт бичигт заавал хавсаргана. Орчуулга нь орчуулгын байгууллагаар орчуулагдаж баталгаажсан учраас гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн. Энэ талаарх баримтыг архивлаад шүүхэд гаргаж өгсөн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Б.Н-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А.У-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А У А-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 1199000019 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 23 дугаар Нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 81 Лавлагааны хариун нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монголын Нотариатчдын танхимын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 293 дугаар Албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан А И Л-ийн Баянзүрх дүүргийн нотариатчид гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А И Л-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нотариатчид гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 38 А А 2405708 дугаар итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар хийсэн 2022 оны 11 сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан 2018 оны 6 сарын 22-ны өдрийн Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон орчуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Нас барсны гэрчилгээний хуулбар болон орчуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Ц.Б-т холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өв хүлээн авах хүсэлт гаргасныг 29, 30 дугаарт бүртгэж гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Б нь орчуулгын байгууллагаар орчуулагдаж баталгаажсан учраас гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч болон Оросын Холбооны Улсын иргэн А А нар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон болох нь 0000065489 дугаар Гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

А А нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь № 0000197570 Нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн үйлдэл хийсэн гэж маргаж байна.

 

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна:, 25.1.10-т баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;, 25.2-т Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ. гэж заасан.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 3-ын 3.2-т Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын дараахь үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтөлнө. Үүнд:, 3.2.6-д гэрээслэл гэрчлэх, өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гэрчлэх. гэжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 3-ын 3.2, 3.2.6-д зааснаар нотариатын үүрэг гүйцэтгэгч нь өв хүлээн авах хүсэлтийг гэрчлэх эрхтэй байх ба хариуцагч нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт зааснаар ОХУ-ын иргэн А Э Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх ОХУ-ын иргэн А И Л-ийн ОХУ-ын иргэн А А-ийн өмч хөрөнгийг өвлөх эрх бүртгүүлэх өргөдөл болон ОХУ-ын иргэн А И Л-ийн өөрийн гаргасан А А-ийн хөрөнгийн өв залгамжлагчаар бүртгүүлэх тухай өргөдлийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус хоёр иргэний Өв хүлээн авах тухай хүсэлтийг бүртгэсэн болох нь Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 81 Лавлагааны хариуны хуулбар, ОХУ-ын иргэн А И Л-ийн ОХУ-ын иргэн А Э Р-ийн өмнөөс гаргасан Өргөдлийн орчуулга, А И Л-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Өргөдлийн орчуулга, 38 А А 2405708 Итгэмжлэлийн орчуулга, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

ОХУ-ын иргэн А Э Р 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, ОХУ-ын иргэн А И Л 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нас барсан болох нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Нас барсны бүртгэлийн гэрчилгээний орчуулга, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Нас барсны гэрчилгээний орчуулгаар тогтоогдож байна.

 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана:, 31.1.1-т үйлчлүүлэгчийн баримт бичиг нь ... Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;, 31.1.6-д хуульд заасан бусад, 32 дугаар зүйлийн 32.1-т Үйлчлүүлэгч нь ... монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ ... орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна ... гэж заасан.

 

ОХУ-ын иргэн А Э Р-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын иргэн А И Л-д олгосон гэх итгэмжлэлд Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцийн 4-р зүйлд зааснаар апостиль гэрчилгээ олгогдоогүй байх тул уг итгэмжлэл нь Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байна.

 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1 дэх заалтад зааснаар ОХУ-ын иргэн А Э Р-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон гэх итгэмжлэл нь Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байх тул хариуцагч нь нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй байна.

 

ОХУ-ын иргэн А Э Р-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын иргэн А И Л-д олгосон гэх итгэмжлэл Орос хэл дээр олгогдсон, ОХУ-ын иргэн А И Л нь Монгол хэл мэдэхгүй этгээд байх тул Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нотариатын үйлдэл хийхдээ орчуулагч оролцуулах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ОХУ-ын иргэн А Э Р, ОХУ-ын иргэн А И Л нарын Өв хүлээн авах тухай хүсэлтийг бүртгэх нотариатын үйлдэл хийхдээ орчуулагч оролцуулаагүй болох нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно. гэж заасан.

 

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь заалтад зааснаар хариуцагч нь Өв хүлээн авах тухай хүсэлтийг бүртгэх нотариатын үйлдэл хийсэн байх ба ОХУ-ын иргэн А Э Р-ийн Өв хүлээн авах тухай хүсэлтийг 29 дугаарт, ОХУ-ын иргэн А И Л-ийн Өв хүлээн авах тухай хүсэлтийг 30 дугаарт бүртгэсэн болох нь Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 81 Лавлагааны хариуны хуулбар, ОХУ-ын иргэн А И Л-ийн ОХУ-ын иргэн А Э Р-ийн өмнөөс гаргасан Өргөдлийн орчуулга, А И Л-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Өргөдлийн орчуулга, 38 А А 2405708 Итгэмжлэлийн орчуулга, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өв хүлээн авах тухай хүсэлт бүртгэх нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, 31.1.6, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзах тохиолдол үүссэн байхад Өв хүлээн авах тухай хүсэлт бүртгэх нотариатын үйлдэл хийсэн байх тул хариуцагч нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ОХУ-ын иргэн А Э Р, А И Л нарын Өв хүлээн авах тухай хүсэлтийг 29, 30 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Ц.Б-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг 29, 30 дугаарт бүртгэж гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ:

 

1.           Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Ц.Б-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг 29, 30 дугаарт бүртгэж гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ