Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01828

 

 

 

 

 

 

 

 

   2023         10          02                                       210/МА2023/01828

 

 

 

                                         Б.Н-гийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/02329 дугаар шийдвэртэй,

Б.Н-гийн нэхэмжлэлтэй, Ц.Б-т холбогдох

Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ОХУ-ын иргэн А 2002 оноос гэр бүл болон амьдарч бидний дундаас 2003 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин У, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин Б нар төрсөн. Андрейн өмнөх гэрлэлтийг ОХУ-ын Эрхүү хотын шүүх 2013 оны цуцалснаар бид 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсад гэрлэлтээ бүртгүүлсэн. Миний нөхөр А нь 2017 оны 07  дугаар сарын 19-ний өдөр Монгол улсад гэртээ нас барсан.

1.2. Хууль ёсны болон гэрээслэлээр өв залгамжлах эрхгүй гуравдагч этгээд болох талийгаачийн төрсөн ах, ОХУ-ын иргэн А нь өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ц.Б хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 29 болон 30 дугаартай бүртгэл үйлдсэн. Энэхүү нотариатын үйлдэл нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 552 дугаар зүйлийн 552.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтуудыг зөрчсөн.

1.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа талийгаач ОХУ-ын иргэн Аийн өвийг хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн. ОХУ-ын иргэн Аийн өргөдлийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гарын үсгийн 29 дүгээрт бүртгэж, гэрчилсэн нотариатч Ц.Б-ийн үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2 дахь заалт болон ОХУ-ын иргэн Аийн өргөдлийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гарын үсгийн 30 дугаарт бүртгэж, гэрчилсэн нотариатчийн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй эсхүл төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж, Нотариатын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5 дахь хэсэгт заасан нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах гэж, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.8 дахь хэсэгт заасан гэрчлүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн жинхэнэ эх мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа болон хуулбарыг авах, тодорхойлолт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл магадлан шинжлүүлэх гэж, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3 дахь хэсэгт заасан нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх гэж, Нотариатын хуулийн 26 дүгээр зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв ты нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ гэж, Нотариатын хуулийн 26 дүгээр зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан нотариатын бүртгэлийг уусдаггүй нэг энгийн бэхээр хөтөлнө гэж, Нотариатын хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж, Нотариатын үйлдэл хийхдээ нотариатын хуулийн ни AT ip/ бүртгэл 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал гэж, Нотариатын хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх баримт бичиг үйлдэхдээ орчуулагч хэлмэрчийг оролцуулна гэж, Нотариатын хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгч түүнчлэн бусад оролцогч оролцож байгаа бол нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлнө гэж, Нотариатын хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 34.1-д заасан тэмдэглэлд дараах зүйлийг тусгана гэж, 34.2.1 үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, 34.2.2 нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч хэлмэрч зэрэг бусад оролцогчийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, нас, мэргэжил, оршин суугаа газрын хаяг, тэдгээрийн тайлбар түүнчлэн гэрч, орчуулагч хэлмэрчийг оролцуулсан үндэслэл, 34.2.3 холбогдох баримт бичгийг танилцуулсан арга хэлбэр, үйл ажиллагааны үр дүн, дэс дараалал, 34.2.4. нотариатчийн албан тушаал, овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, 34.2.5 баримт бичгийг үйлдсэн он, сар, өдөр, цаг, минут гэж, Нотариатын хуулийн 35 дүгээр зүйлийн 35.1 тэмдэглэл нь гаргацтай утга агуулгын хувьд ойлгомжтой, уг үсгийн засваргүй энэ зүйлийн 35.6-д зааснаас бусад тохиолдолд орчуулгагүй байна, 3.5.2. нотариатч тэмдэглэл үйлдсэний дараа үйлчлүүлэгч болон бусад оролцогчид уншиж сонсгоно. 3.5.3. Тэмдэглэлд үйлчлүүлэгч болон нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, орчуулагч хэлмэрч зэрэг бусад оролцогч гарын үсэг зурж, нотариатч тамга дарж хавсаргана гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Мөн нотариатын үйлдэл хийхдээ Хууль зүйн дотоод хэргийн сургуулийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн № 171 дүгээр тушаалаар батлагдсан нотариатын үйлдэл хийх зааврын 2.9-д үйлчлүүлэгч нь хэлгүй, дулий, монгол хэл мэддэггүй, эсхүл хараагүй бол орчуулагч хэлмэрчээр нь дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, ур дагавар хариуцлага зэргийг түүнд тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ гэж, мөн зааврын 4.1.5-д гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичгийг үндэслэн хувийн байдлыг тогтооно гэснийг зөрсөн. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ОХУ-ын иргэн А нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Түүний төрсөн ах А нь өөрийн болон итгэмжлэлээр нас барагчийн эх Э-гийн өв хүлээн авах хүсэлтийг тус тус Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу нотариатад гаргасан. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй бол 31.2 дахь хэсэгт зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйл нь өв хүлээн авах журмыг зохицуулсан заалт бөгөөд уг заалтад тусгайлан 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан иргэн зөвхөн хүсэлтээ гаргана гэж заагаагүй, 528 дугаар зүйлийн 528.2-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчөөс бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргах эрхтэй байгаа тул нас барагчийн эх, ах гэсэн субъектүүд нь хуульд заасны дагуу нотариатад хүсэлтээ гаргах эрх нээлттэй байхад нотариатын зүгээс хуулийн дагуу хүсэлтийг нь хүлээн авч бүртгэх нь үүрэг болно.

2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29, 30 дугаарт бүртгэсэн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох гэж тодорхойлсон. Нэхэмжлэлээс үзэхэд шаардлага нь тодорхойгүй байна. Нотариатчийн хувьд Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1-д зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож, журын 14.1, 14.5, 14.7, Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.1, 44.4-т зааснаар А-ийг нотариатын ажлын байранд өөрийн биеэр ирүүлж, гарын үсэг зуруулан, нас барагчийн төрсөн эх Э-гийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 29 дугаарт дугаарт, нас барагчийн ах А-ийн өв хүлээн авах хүсэлтийн гарын үсэг үнэн зөв бүртгэлийг 30 дугаарт тус тус бүртгэсэн. Гарын үсгийн гэрчлэлийн үндсэн ойлголт нь тухайн хуульд нийцсэн баримт бичигт, эрх бүхий этгээд өөрөө гарын үсэг зурсан эсэхийг баталдаг. Түүнээс бусад баримт бичгийн үнэн зөвийг гэрчлэх хууль зүйн ойлголт байхгүй. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулж, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг олгох шаардлагатай байна.

2.3. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн, эрхээ яаж хамгаалуулах нь ойлгомжгүй, шаардлагадаа үр дагаврыг талаар дурдаагүй байна. Эндээс хамтран хариуцагчийн ойлголт үүсэх бөгөөд нэг нэхэмжлэлээр хэргийг бүрэн шийдвэрлэх боломжгүй, тодорхой бус нөхцөлийг үүсгэжээ. Нотариатын үйлдэл хийх зааврын 1.1-т үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоосон зохицуулалттай. Аийн хувийн байдлыг тогтоогоод үйлдэл хийсэн. Мөн зааврын 14.7-т гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх эрхтэй, түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатын баримт бичигт заавал хавсаргана. Орчуулга нь орчуулгын байгууллагаар орчуулагдаж баталгаажсан учраас гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн. Энэ талаарх баримтыг архивлаад шүүхэд гаргаж өгсөн. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг 29, 30 дугаарт бүртгэж гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Шүүхийн шийдвэрт хариуцагчийг нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэж хариуцагчийг тодорхойлсон. Ц.Б нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч биш бөгөөд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна, 4.2 дахь хэсэгт нотариатчийн чиг үүргийг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ гэж тус тус заасны дагуу нотариатч юм. Шүүхийн шийдвэрт Ц.Б гэж дурьдаагүй ба зөвхөн хариуцагч Ц.Б-ийн гэж бичсэнээс үзэхэд намайг нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэж шүүх тодорхойлж үүрэг гүйцэтгэгчийн үйлдлийг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн заалтыг зөрчсөн.

4.2. Миний бие Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйийн 25.1.10 дахь хэсэгт заасан баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх үйлдлийг хийсэн ба энэхүү үйлдлийг гэрчлэхдээ Нотариатын үйлдэл хийх зааврын 14 дүгээр зүйлийн 14.1-д нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална. Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилнэ гэж, мөн хуулийн 14.5 дахь хэсэгт заасан нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна гэж, мөн хуулийн 14.7 дахь хэсэгт заасан гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатын баримт бичигт заавал хавсаргана гэж заасан заалтууд болон мөн зааврын 4 дүгээр зүйлийн үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох тухай заалтын 4.1.5-д гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг үндэслэн гэрчилнэ гэсэн заалтуудыг баримтлан ОХУ-ын иргэн Э-гийн болон А-ийн Монгол улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэсний дагуу өв хүлээн авах хүсэлтийг нь гарын үсгийн баталгаагаар баталгаажуулан гэрчилж зохих бүртгэлийг хуулийн дагуу Нотариатчдын танхимын өвийн бүртгэлд бүртгүүлсэн болно. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан орчуулагч оруулаагүй гэсэн үндэслэлийг зааж нотариатын үйлдлийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй ба энэхүү үйлдэл нь заавал монгол хэл дээр бичигдэж баталгааждаг үйлдэл биш гадаад хэл дээр үйлдэгдэх боломжтой. Нотариатын үйлдэл хийх зааврын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасан зөвхөн албан ёсны орчуулга шаарддаг үйлдэл гэдгийг шүүх харгалзан үзсэнгүй. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйл нь Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүднээс монгол хэл дээр хийгдэж байгаа нотариатын үйлдэлд хамрагдах бөгөөд гадаад хэл дээр бичигдсэн баримт бичгийг гарын үсгийн баталгааг хийхэд тусгайлсан журам үйлчилж байгааг анхаарч шийдвэрлэсэнгүй. Нөгөө талаас шүүх талийгаачийн эх Э-гийн ОХУ-ын нотариатчаар батлуулсан итгэмжлэлийг Апостоль гэрчилгээ аваагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь нотариатч миний үйлдлийг хүчингүй болгоход гуравдагч этгээдийн хуульд заасан эрхийг хөндөж байгаа тохиолдолд шүүх хэргийг тал бүрээс нь үнэн зөв шийдвэрлэхийн тулд хуульд заасан арга хэрэгслийг ашиглан нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байж удаа дараа гаргасан хариуцагчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хууль ёсны байх гэсэн заалтыг зөрчиж байна. Уг итгэмжлэлийг ОХУ-тай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний дагуу хүсэлт явуулж шалгуулах боломж байхад түүнийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталсан шүүн таслах ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хангахгүй байна гэж дүгнэхэд хүргэж байна.

4.3. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага болон шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нь 2 тусдаа агуулгатай. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн Монгол улсын хүчин төгөлдөр хууль, тогтоомжийн дагуу нотариатч нь хуульд заасан үйлдлийг гэрчлэх үүрэгтэй албан тушаалтан. Нотариатчийн үйлдлээр ямар нэг субъектэд эрх, үүрэг үүсч байдаг. Эндээс шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотариатч хариуцагчаар оролцож байгаа тохиолдолд тухайн үйлдэлтэй холбоотойгоор гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгддөг. Энэхүү иргэний хэргийн тухайд Э-гийн болон Аийн эрх ашиг хөндөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг зохигчдын хүсэлтээр тухайн ажиллагаанд оролцуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу хариуцагчийн зүгээс тухайн 2 иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргасан боловч нас барсан гэх үндэслэлээр гуравдагч этгээдээр оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Тухайн 2 иргэний нас барсан гэх баримт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэж буй өв залгамжлалтай холбоотой иргэний хэрэгт авагдсан байсанг нэхэмжлэгч энэхүү хэрэгт нотлох баримтаар гаргасан. Хариуцагчаас шүүхэд тухайн 2 иргэн нас барсан хэдий ч эрх залгамжлагч оролцох боломжтой эсэхийг тодруулах, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа иргэний хэргээс тухайн баримт байгаа эсэхийг тодруулахыг хүссэн хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нотариатчийн үйлдэл хүчингүй болох эсэхээс тухайн үйлдлийг батлуулсан субъектийн эрх ашиг мөн хөндөгдөж байхад шүүх гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг бүрэн тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

           И нь монгол хэл мэддэг байсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Дүүгийнхээ ажил дээр ирж ажилладаг байсан бөгөөд компанийн ажилчид нь бүгд ОХУ-ын иргэн байсан. Өөрөөр хэлбэл, харилцааны ойр зуурын үг мэддэг байсан бөгөөд нотариатын үйлдэл хийлгэх хэмжээний монгол хэл мэддэггүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхээс үзлэг хийсэн. Үзлэгээс хойш 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 15 үндэслэлийг тодруулахаар шаардсан. Уг үндэслэл нь давж заалдах гомдлыг үгүйсгэдэг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа ОХУ-ын иргэн А-гийн нэхэмжлэлтэй, Б.Н, Ё.Ц нарт холбогдох иргэний хэргээс нас барсан Э, А нарын эрх залгамжлагч оролцож байгаа эсэх баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2023/12681 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. /хх-ийн 177-178/

 

3.а. Учир нь маргааны зүйл нь ОХУ-ын иргэн А, ОХУ-ын иргэн Энарын өв хүлээн авах хүсэлтийг бүртгэсэн үйлдэл байна. ОХУ-ын иргэн А, ОХУ-ын иргэн Э нас барсан байх тул маргааны зүйлийн талаар шүүхийн шийдвэр гарахад гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

3.б. Түүнчлэн, ОХУ-ын иргэн А нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ОХУ-ын иргэн А-гийн нэхэмжлэлтэй, Б.Н, Ё.Ц нарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан байсан нь дараагийн эрх залгамжлагчид шилжсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна.

 

3.в. Мөн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/01831 дүгээр захирамжаар ОХУ-ын иргэн А-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн тул гуравдагч этгээдийг солих боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эрх залгамжлагч оролцох боломжтой эсэхийг тодруулаагүй, мөн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангав.

 

Харин бусад үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

4. Энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2023/02329 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ