Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/02333

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/02333

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, Г овогт Б.Б /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,,,, байрлах, "ЭМДҮЗАА" /РД:, дарга Т.Б/-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 10,307,114 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн өмгөөлөгч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. Хариуцагч "ЭМДҮЗАА"-ны эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ЭМДҮЗАА"-ны даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Б намайг Ажлын албаны эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтний албан тушаалаас халсан. 

Үүний үндсэн дээр миний бие үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. 

Шүүх гомдлыг хүлээн авч, иргэний хэрэг нээж, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд, нэхэмжлэгч Б.Б миний нэхэмжлэлийг бүрэн хангасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 183/ШШ2022/01421 шийдвэрийг гаргасан. 

Гэтэл мөн хариуцагч тал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг эс хүлээн зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэргийн танхимын дээд шүүхэд гомдол гаргасан. 

Үүний үндсэн дээр Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн дугаар 001/ШХТ2023/00043 тогтоол гаргасан. Уг тогтоолд хариуцагчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, уг тогтоол нь эцсийн шийдвэр ба гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан. 

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 183/ШШ2022/01421 шийдвэр гаргасан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин болох 1 хоногт ногдох 43.126 төгрөгийг ажлын 239 хоногоор тооцсон 10.307.114 (Арван сая гурван зуун долоон мянга нэг зуун арван дөрөв) төгрөгийг нөхөн төлүүлэхээр, мөн дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр хариуцагч "ЭМДҮЗАА"-аас нэхэмжилж байна.

Иймд миний нэхэмжлэлийг Шүүх хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн чинь Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүл гээд буцаасан. Маргаан таслах комисс дээр "ЭМДҮЗАА" очсон чинь шаардлага тавьсан. Тэгээд Б.Б-ыг ажилдаа ор гэж дуудаад очсон чинь ажилд томилоод халсан тушаал гаргасан байсан. гэв.

 

Хариуцагч "ЭМДҮЗАА" шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б овогтой Б нь "ЭМДҮЗАА"-д ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдсан үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын О6-ны өдрийн Б/02 тушаалаар ажлаас халагдсан. Улмаар Б.Б нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар гомдлыг авч хэлэлцээд, гомдол гаргагчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрийг гаргасан. Хариуцагч болох "ЭМДҮЗАА" уг шийдвэрийг үл зөвшөөрч хуулийн дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдэд хандаж, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэг хийхээс татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хангах шийдвэр гаргасан.

Б.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 239 хоногийг нэг өдрийн 43126 төгрөгөөр тооцож нийт 10307114 төгрөг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байна. Манай байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 болон 120 дугаар зүйлийн 120.2-д заасны дагуу дээрх хугацаанд давж заалдсан бөгөөд тус хугацаанд гарсан төлбөрийг олгох боломжгүй байна. гэжээ.

Хариуцагч "ЭМДҮЗАА"-ны өмгөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурван шатны шүүхийн шийдвэрийг "ЭМДҮЗАА" биелүүлсэн. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байсан учир ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр 05 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Тэрнээс хойших хугацаа харагдаж байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин шаардах эрх байхгүй. Хуулийн дагуу хэргийн оролцогч, өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гомдол гаргасан. Тэгээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Тийм учраас 10,307,114 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 39 дугаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 210/МА2022/02008 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 001/ШХТ2023/00043 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч "ЭМДҮЗАА"-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалинд 10,307,114/арван сая гурван зуун долоон мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "ЭМДҮЗАА" нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/02008 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг Эрх зүй, хууль, тогтоомжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/02008 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр хуулийг хэрэглэх тул 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:, 61.1.2-т хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь заалтад зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/02008 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг Эрх зүй, хууль, тогтоомжийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг ажлаар хангаагүй болох нь хариуцагчийн хариу тайлбар, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/02008 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна, 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ... ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно., 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан олгох үндэслэлтэй.

 

40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс 43,126/дөчин гурван мянга нэг зуун хорин зургаа/ төгрөг болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/02008 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас нийт 9,789,602/227х43,126=9,789,602/ /есөн сая долоон зуун наян есөн мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 517,512/10,307,114-9,789,602=517,512/ /таван зуун арван долоон мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гомдол гаргасан, 10,307,114/арван сая гурван зуун долоон мянга нэг зуун арван дөрөв/ төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байх боловч хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох үүрэгтэй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 21-ын 1-ийн 1-т даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;, 21-ын 1-ийн 7-д шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;, 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:, 2-ын 1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага ... иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ... дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн ... гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21-ын 1, 21-ын 1-ийн 1, 21-ын 1-ийн 7-д зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан нийгмийн даатгалын албан журмын даатгуулагчид хамаарч байх ба харин хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдэд хамаарч байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж нөхөн бичилт хийхийг даалгаж, олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийн нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "ЭМДҮЗАА"-аас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 9,789,602/есөн сая долоон зуун наян есөн мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч "ЭМДҮЗАА"-д олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 517,512/таван зуун арван долоон мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,814 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч "ЭМДҮЗАА"-аас улсын тэмдэгтийн хураамжид 171,583 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "ЭМДҮЗАА"-аас  дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 9,789,602/есөн сая долоон зуун наян есөн мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч "ЭМДҮЗАА"-д олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 517,512/таван зуун арван долоон мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,814 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, хариуцагч "ЭМДҮЗАА"-аас улсын тэмдэгтийн хураамжид 171,583 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ