Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01806

 

 

 

 

 

 

 

    2023        09           25                                         210/МА2023/01806

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/02333 дугаар шийдвэртэй

Б.Б-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 10,307,114 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч В.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар намайг ажлын албаны эрх зүй, хууль тогтоомжийн мэргэжилтний албан тушаалаас халсан.

1.2. Миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шийдвэр хүчин төгөлдөр болсон.

1.3. Иймд хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин болох 1 хоногт ногдох 43,126 төгрөгийг ажлын 239 хоногоор тооцоход 10,307,114 төгрөгийг гаргуулж, мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанд ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдсан үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тушаалаар ажлаас халагдсан. Улмаар нэхэмжлэгч шүүхэд хандсан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, мөн хяналтын шатны шүүх гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шийдвэр хүчин төгөлдөр болсон. Харин Б.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан хэдий ч манай байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх хугацаанд давж заалдах гомдол гаргасан тул ажилгүй байсан хугацааны цалин 10,307,114 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

   

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанаас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 9,789,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанд олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 517,512 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,814 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 171,583 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан олгох, үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Б.Б нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанд холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, төлүүлэх зохих бичилт хийх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс, олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч дээрх шийдвэрийг биелүүлсэн бөгөөд энэ талаар маргахгүй байна. Харин хариуцагч дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хуулийн хугацаанд гомдол гаргаж эцэслэн шийдвэрлүүлсэн тул гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тухайн иргэний ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг нягтлан шалгаж үзэлгүйгээр, нэг талыг барьж, нэг талын хүсэл сонирхлоор шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 10,307,114 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, төлснийг баталгаажуулахыг  хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар талууд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын асуудлаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, тус хорооноос талууд тохиролцоогүйг тэмдэглэж маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх тэмдэглэлийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр танилцаж, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

3.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-ыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны Эрх зүй, хууль, тогтоомжийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,331,166 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж зохих бичилт хийхийг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албанд даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/02008 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2022/00043 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 10-19/

 

3.б. Хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,331,166 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж зохих бичилт хийх хэсгийг биелүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй, харин нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоогоогүй болох нь хариуцагчийн хариу тайлбар, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 10-19, 27/

 

3.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй болно.

 

3.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тушаалаар “ажилд томилоод, чөлөөлсөн” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс түүнийг ажилд томилсон гэх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй.

 

4. Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01421 дугаартай шийдвэрийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Б-ын нэг өдрийн дундаж цалинг 43,126 төгрөгөөр тооцож, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанаас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,789,602 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, үлдэх 517,512 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

5. Хариуцагчийн төлөөлөгч “...шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж эцэслэн шийдвэрлүүлсэн тул гомдлыг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тухайн иргэний ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

5.а. Хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан нь нэхэмжлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг нөхөн олгохгүй байх үндэслэл болохгүй. Учир нь ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал нь хууль бус байсны улмаас эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй болно. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6. Хариуцагчийн төлөөлөгч “...шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

6.а. Хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Б-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/12701 дугаар захирамжаар уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/02333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

               

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

                                    ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ