Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1194

 

Г.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00898 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлтэй, “Э Т”ХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай "Г.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай", 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.С-, өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Г.С- миний бие " Э Т " ХК-д Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэтэл миний албан ёсны зөвшөөрлийг бичгээр авалгүйгээр 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Б/61 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ёстой. Мөн намайг ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Гэвч миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдол байхгүй. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны  1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай Т.Сүх-Очиртой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилж, мөн " Э Т " ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хууль бус болохыг тогтоож миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, Э.Мөнхдөл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн Г.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон бөгөөд гүйцэтгэх захирлын 2019 оны 1 сарын 24-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар Г.С-ыг сургалт судалгааны албанд ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан ба Г.С- нь тус албаны ахлахаар ажиллан, цалин хөлс авч байгаа болно. Хүний нөөц сургалт судалгааны хэлтэс нь сургалт, судалгааны алба, хүний нөөцийн алба гэсэн 2 албатай бөгөөд Г.С-ын үндсэн цалингийн сүлжээний шатлал /С4Ш/өөрчлөгдөөгүй болно. Г.С- нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 5.2.2, 5.2.3 дахь заалтуудыг зөрчсөн дараах зөрчлүүдийг гаргасан. Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбат, ахлах мэргэжилтэн Г.С- нарт компанийн Өмнөговь аймаг дахь Салбарын бүтэц, орон тоог батлуулах, Салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох ажлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг танилцуулах үүрэг даалгавар өгсөн байдаг. Гэтэл Г.С- нь Салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох тушаалын хавсралт дахь өөрчлөлтийн талаарх мэдээллийг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт мэдээлэлж ажиллаагүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн, удирдах ажилтнаас хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, гүйцэтгэлийг эргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх захирлын ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалуудын хавсралт алдаатай гарсан байдаг. Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/459 дүгээр тушаалаар "Э Т" ХК-ийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн Г.С- ажилласан. 2019 оны 1 дүгээр сарын 15-ны дотор ажлын хэсгээс ажлын байрны тодорхойлолт боловсруулж, батлуулаагүй. Мөн дээрх асуудалтай холбогдуулан гүйцэтгэх захирлаас салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох ажлыг алдаатай хийж гүйцэтгэсэн хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбат, Хүний нөөцийн албаны дарга Э.Мөнхдөл нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан, тухайн ажилтнууд тус зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ыг "Э Т" ХК-ийн Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, " Э Т " ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч " Э Т " ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдөл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: " Э Т " ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны Сахилгын шийтгэл ногдуулах Б/46 дугаар тушаалын үндэслэх хэсэгт "...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1..." гэж ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрх олгосон хуулийн заалтыг уг тушаалыг гаргах үндэслэл болгож “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан бол харин гүйцэтгэх захирлын 2019 оны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Б/61 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт "...Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 37.1.1..." гэж хөдөлмөрийн гэрээг “талууд харилцан тохирсон” гэсэн үндэслэлээр дуусгавар болгох хуулийн заалтыг уг тушаалыг гаргах хууль зүйн үндэслэл болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-ээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах гэсэн гурван хэлбэрийг хуульчилж өгсөн. Харин гүйцэтгэх захирлын Б/61 дүгээр тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохирсоноор дуусгавар болгох харилцааг зохицуулжээ. Г.С- нь гүйцэтгэх захирлын 2018 оны Б/703 тоот Ажилтнуудыг ажилд томилох тухай тушаалын төслийг боловсруулж, батлуулахдаа гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийт 27 ажилтны ажлын байр, албан тушаал болон цалингийн зэрэглэлийг өөрчилсөн, өөрчлөлтийг Гүйцэтгэх захиралд танилцуулалгүйгээр уг тушаалыг батлуулсан хууль бус үйлдэл гаргасан. Г.С-ын дээрх хууль бус үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 4.1.1, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 5.2.2-д заасан хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл гаргасан тул гүйцэтгэх захирал хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд түүнд хөдөлмөрийн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Г.С-ыг зөрчил гаргасан гэдгийг хэрэгт авагдсан нотлох г баримтуудаар нотлогддог.  Нэхэмжлэгч " Э Т " ХК-ийн гуйцэтгэх захирлын 2019 оны Б/61 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох талаар өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байтал уг шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар анхан шатны шуух шийдвэртээ тодорхой дурдаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт уг тушаалыг хүчин төгөлдөр бус, хууль бус болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй учир уг тушаал хучин төгөлдөр хэвээр гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй.

 Нэхэмжлэгч Г.С- нь хариуцагч “Э Т " ХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай "Г.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай", 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1. Нэхэмжлэгч Г.С- нь " Э Т " ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар тус компанийн хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаар тушаалаар тус компанийн Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлөгдөж, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн сургалт, судалгааны албанд ахлах мэргэжилтнээр томилогджээ.

 

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэснийг зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.С-ыг өөр ажилд томилсон үндэслэлээ, Өмнөговь аймаг дахь салбарын бүтэц, орон тоог батлуулах, салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох ажлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг танилцуулах үүрэг даалгаврыг Г.С-т даалгасан, гэтэл Г.С- нь салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох тушаалын хавсралт дахь өөрчлөлтийн талаарх мэдээллийг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт мэдээлж ажиллаагүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн, удирдах ажилтнаас хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, гүйцэтгэлийг эргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, батлуулаагүй зөрчил гаргасан, Г.С-той утсаар холбогдоход сахилгын шийдвэрийг болиулаад өгчих, тэгвэл сургалт, судалгааны хэлтсийн сургалт, судалгааны албанд ахлах мэргэжилтнээр ажиллахад татгалзахгүй гэсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд сахилгын зөрчлийн талаар заагаагүй, харилцан тохиролцсон, ажилтан өөр ажилд томилохыг хүлээн зөвшөөрсөн гэх байдал нотлогдоогүй байна.

Хариуцагч  ажилтантай харилцан тохиролцсоны  дагуу ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн гэх тайлбарыг нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул  шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан ажилтныг өөр ажилд шилжүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй, мөн  хуулийн 31 дүгээр зүйлд заасан “ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй" гэж заасныг ажил олгогч зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаар тушаалаар Г.С-ыг тус компанийн хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлж, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн сургалт, судалгааны албанд ахлах мэргэжилтнээр томилсон нь дээрх байдлаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгон дүгнэж, ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосноор эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул эдгээр тушаалуудыг заавал хүчингүй болгох  шаардлагагүй юм.

2. Хариуцагч " Э Т " ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.С-т хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тушаалын үндэслэлийг “...Г.С- нь салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох тушаалын хавсралт дахь өөрчлөлтийн талаарх мэдээллийг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт мэдээллэж ажиллаагүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн, удирдах ажилтнаас хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, гүйцэтгэлийг эргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх захирлын ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалуудын хавсралтыг алдаатай гаргасан...” гэж тайлбарлаж байгаа боловч тушаалд эдгээр зөрчлийг гаргасан талаар нэг ч үг үсэг байхгүй байна.

 

Мөн компанийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлын хэсэгт Г.С- ажилласан боловч 2019 оны 1 дүгээр сарын 15-ны дотор ажлын хэсгээс ажлын байрны тодорхойлолт боловсруулж, батлуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээнтэй 2 ажилтныг үндсэн ажилтан болгосон, хүүхэд асрах чөлөөтэй 2 ажилтны ажлын байрыг хадгалаагүй гэж нэхэмжлэгчийн буруутгаж байгаа боловч сахилгын шийтгэл ногдуулсан тушаал энэ үндэслэлээр гараагүй.

 

Г.С-т сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарахаас өмнө түүний гаргасан гэх дээр дурдсан зөрчлүүдийг хэрхэн тогтоосон, ажилтны сахилгын зөрчлийн хуудас гэх баримтыг ажилтанд танилцуулсан, тайлбар гаргах боломжоор хангасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхаас гадна Ө.Баттогтохыг дэвшүүлэн ажиллуулсан гэх асуудалд тэрээр хамааралгүй болох нь дэд захирал Г.Дэлгэрбаярын тодорхойлолт, гэрч Ө.Баттогтох, Н.Энхбаяр нарын мэдүүлгээр нотлогдсон, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл болоогүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарснаас хойш гаргасан хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлүүдээр сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхийг тодорхойлохгүй юм.

           

Иймд " Э Т " ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр  үндэслэлтэй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсныг дээрх байдлаар залруулан дүгнэж байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн  төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ