Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2019/00898

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр   Дугаар 182/ШШ2019/00898                 Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г.С ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э ХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай “Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай”, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.З, гэрч Ө.Б, Н.Э, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.С миний бие Э ХК-д Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс албан ёсоор тохиролцолгүйгээр, өөрөөр хэлбэл ажилтан миний албан ёсны зөвшөөрлийг бичгээр авалгүйгээр 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Б/61 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ёстой. Мөн намайг ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Гэвч миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдол байхгүй. Тиймээс Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай “Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн томилж, мөн Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж өгнө үү. Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.С нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн албаны Ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцон дуусгавар болгосон тухайд Г.Сын гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" тушаал бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй болно. Учир нь нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Э нь Г.Сыг, хүний нөөц сургалт судалгааны албаны Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн албан тушаалд байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, Сургалт судалгааны албаны ахлах мэргэжилтний ажилд томилох асуудлаар харилцан тохиролцсон бөгөөд Г.С өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа илэрхийлсэн байдаг. Иймд хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон бөгөөд Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 24-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Г.Сыг Сургалт судалгааны албанд Ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан ба Г.С нь тус албаны ахлахаар ажиллан, цалин хөлс авч байгаа болно. Хүний нөөц сургалт судалгааны хэлтэс нь Сургалт, судалгааны алба, Хүний нөөцийн алба гэсэн 2 албатай бөгөөд Г.Сын үндсэн цалингийн сүлжээний шатлал /G4III/ өөрчлөгдөөгүй болно.

Сахилгын шийтгэл ногдуулсан тухайд: Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн Г.Ст сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болох нь доорх тайлбараар тогтоогдоно.

Ажил олгогч гэж хэн бэ? Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан. Мөн тус хуулийн 5.1-д “...Ажил олгогч нь ...ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй...” гэж заасан. Ажил олгогч иргэнийг ажилд авах, Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг ажилд томилох ажилд шилжүүлэх, ажил албан тушаал дэвшүүлэх, цалингийн шатлалыг тогтоох асуудлыг гагцхүү ажил олгогч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ. Э ХК-ийн Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Хүний нөөцтэй холбоотой эцсийн шийдвэрийг зөвхөн ажил олгогч гаргах бөгөөд хариуцсан ажилтнууд ажил олгогч гүйцэтгэх захирлын өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу боловсруулах, танилцуулах, зохион байгуулах үүрэгтэй. Учир нь Г.С нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 5.2.2, 5.2.3 дахь заалтуудыг зөрчсөн дараах зөрчлүүдийг гаргасан. Үүнд: Гүйцэтгэх захирал Б.Г с Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Э, Ахлах мэргэжилтэн Г.С нарт компанийн Өмнөговь аймаг дахь Салбарын бүтэц, орон тоог батлуулах, Салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох ажлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг танилцуулах үүрэг даалгавар өгсөн байдаг. Гэтэл Г.С нь Салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох тушаалын хавсралт дахь өөрчлөлтийн талаарх мэдээллийг Гүйцэтгэх захирал Б.Гт мэдээлэлж ажиллаагүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн, удирдах ажилтнаас хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, гүйцэтгэлийг эргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх захирлын ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалуудын хавсралт алдаатай гарсан байдаг. Дур мэдэн зарим ажилтнуудын албан тушаал ажлын байрыг өөрчилсөн, ажил албан тушаал дэвшүүлсэн, цалингийн шатлалыг буруу тогтоосон энэ тухай гүйцэтгэх захирал ажил олгогчид танилцуулаагүй, мэдээллээгүй, Салбарын Хөлсөөр ажиллах гэрээтэй 2 ажилтныг дур мэдэн Салбарын үндсэн ажилтан болгон өөрчилсөн, хүүхэд асрах чөлөөтэй 2 ажилтны ажлын байрыг хадгалаагүй, тус ажлын байранд түр ажиллах байсан ажилтныг үндсэн ажилтнаар томилсон. Гүйцэтгэх захирлын 2018.12.18-ны өдрийн А/459 дүгээр тушаалаар Э хувьцаат компанийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Хүний нөөцийн албаны Ахлах мэргэжилтэн Г.С ажилласан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны дотор ажлын хэсгээс ажлын байрны тодорхойлолт боловсруулж, батлуулаагүй. Мөн дээрх асуудалтай холбогдуулан гүйцэтгэх захирлаас салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох ажлыг алдаатай хийж гүйцэтгэсэн хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Э, Хүний нөөцийн албаны дарга Э.М нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан, тухайн ажилтнууд тус зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэгч Г.Сын Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай "Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай" тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны Ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, мөн Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Э ХК-д холбогдуулан Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаартай “Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Э ХК нь Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн Г.Стой байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу талууд харилцан тохиролцож дуусгавар болгосон, гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Г.Сыг сургалт судалгааны албанд ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан,цалин хөлс нь буураагүй, сахилгын шийтгэл ногдуулсан тухайд бол өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, гүйцэтгэлийг эргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх захирлын ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалуудын хавсралт алдаатай гарсан тул сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Э ХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар Г.Сыг Э ХК-ийн хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулжээ. /хх-ийн 7/

 

Э ХК, Г.С нар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцон, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ. Талууд хөдөлмөрийн гэрээний талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Г.Сыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаар тушаалаар тус компанийн Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлж, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/62 дугаар тушаалаар Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Сургалт, судалгааны албанд ахлах мэргэжилтнээр томилон ажилуулсныг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

 

Хариуцагч Э ХК нь Г.Сыг өөр ажилд томилсон үндэслэлээ, Өмнөговь аймаг дахь салбарын бүтэц, орон тоог батлуулах, салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох ажлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг танилцуулах үүрэг даалгаврыг Г.Ст даалгасан, гэтэл Г.С нь салбарын ажилтнуудыг чөлөөлж, томилох тушаалын хавсралт дахь өөрчлөлтийн талаарх мэдээллийг гүйцэтгэх захирал Б.Гт мэдээлж ажиллаагүй, удирдах, удирдуулах ёсны зарчмыг хүндэтгэн, удирдах ажилтнаас хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, гүйцэтгэлийг эргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй,  ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, батлуулаагүй зөрчил гаргасан. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Г.Стой ярилцаж, санал тавьж харилцан тохиролцсоны дагуу гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Г.Сыг сургалт судалгааны албанд ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараас дүгнэхэд ажил олгогч Э ХК нь ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан, мөн Г.Стой харилцан тохиролцсон, Г.С нь өөр ажилд томилохыг хүлээн зөвшөөрсөн гэх боловч үүнийг нотолсон нотлох баримтгүй түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан ажилтныг өөр ажилд шилжүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй байхад Г.Сыг Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль, Компанийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.14, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт зэргийг үндэслэн өөр ажилд томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан ”Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон болно.  

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Харин тухайн тушаал хэдийгээр хууль зүйн үндэслэлгүй гарсан боловч үүнийг шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагагүй тул нэхэмжлэгч Г.Сыг Э ХК-ийн Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч Г.Ст хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулж 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаар тушаал гаргасан ба Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/61 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн Г.Сыг Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Эдгээр тушаалууд нь сахилгын нэг зөрчилд шийтгэлийн хэлбэрийг давхардуулсан ногдуулж болохгүй гэж заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Иймээс Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сыг Э ХК-ийн Хүний нөөц, сургалт, судалгааны хэлтсийн Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/46 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Э ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ДАВААСҮРЭН