Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02916

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/02916

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Т овогт Г.Х /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* байрлах, "ХК" ХХК/РД:, гүйцэтгэх захирал О.Г/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гэрч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-ний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Х би 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "ХК" ХХК-тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 4 жилийн хугацаатай хийж, гүйцэтгэх захирлын ажилд орсон. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр намайг халж гүйцэтгэх захирлаар өөр хүн томилсныг олж мэдсэн. Тэр даруйдаа миний бие "ХК" ХХК-ийн Хувьцаа эзэмшигч Т.Г-тэй уулзахад намайг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр халсан гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл миний халагдсан тушаалыг надад гардуулж өгөөгүй болно. Миний бие ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10,000,000 төгрөг, улирлын нэмэгдэл 500,000 төгрөг, гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан төлөвлөлтийн биелэлтийн хувь буюу 90,000 м.кб-ын гүйцэтгэлийг 150,000,000 төгрөгөөр тооцсон ба түүнээс гүйцэтгэсэн 30,0000 м.кб бетон зуурмагийн урамшуулал болох 50,000,000 төгрөг, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан бусад компаниуд зуурмаг нийлүүлсэн 37,752, төгрөгийн 20% болох 7,550,400 төгрөг нийт 68,054,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг "ХК" ХХК-д даалгаж өгнө үү.

Гэрээний хувьд хүчин төгөлдөр явж байх хугацаанд 2022 оны 6 сараас эхлэн одоо ямар нэгэн байдлаар "ХК" компанийн удирдлагын зүгээс Г.Х-ыг дуудаж уулзахгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай зөвхөн аман яриа Г.Х-т мэдэгдэхгүйгээр явж байдаг. Г.Х бүх захиалга болон бетон зуурмагийнхаа захиалгануудыг хийгээд явж байдаг. Хамгийн сүүлийн байдлаар 2022 оны 10 сарын 15-ны өдөр тухайн зуурмагийн өдөртэй бетон зуурмаг хийх түүхий эдийн цемент нийлүүлэх ажлыг хийгээд явж байсан. Гэтэл 2022 оны 10 сарын эхээр "ХК" ХХК-ийн гүйцэтгэгч захирал солигдсон гэх тухай мэдээлэл аваад н.Г гэдэг хүнтэй ярихад чамайг ажлаас чөлөөлсөн ажилдаа ирэхгүй байж болно гэдэг. 2022 оны 10 сарын 14-ний өдөр мэдсэн. Энэ тухайгаа нэхэмжлэгч хариуцагч хувьцаа эзэмшигч н.Г-тэй холбогдоход чиний хийж байгаа ажил чинь гүйцэтгэл муутай байгаа учраас бид нар солиод өөр хүн мэдүүлснээр томилсон гэж хэлсэн. "ХК" нь иргэн Г.Х-ыг ажил төрлөө хэвийн үйл ажиллагаа явуулж байхдаа хууль зүйн үндэслэлгүйгээр халсан. 7 сараас 10 сар хүртэлх цалин болон нийгмийн даатгалын нөхөн бичилтийг огт хийгээгүй байдаг. гэв.

 

Хариуцагч "ХК" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Г.Х нь "ХК" ХХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэлтэй танилцаад тайлбар хүргүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ бодит байдалтай нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. "ХК" ХХК-ийн хувьцаа эзэмшигч компанийн тухай хуульд заасан гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх бүрэн эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомж, гэрээг үндэслэн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Г.Х-ыг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөн бүртгэл хийлгэсэн. "ХК" ХХК нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдгаас шалтгаалан санхүүгийн болон бусад хариуцсан холбогдох хүмүүсээс итгэмжлэгдсэн төлөөлөгч миний баримт материалыг хүлээн авч амжаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гарган өгөх болно. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Г.Х-ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2022 оны 01 дүгээр арын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх "ХК" ХХК-ийн Санхүүгийн байдал, орлогын дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, Өмчийн өөрчлөлтийн тайлангийн болон Мөнгөн гүйлгээний тайлангийн хуулбарууд, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн "ХК" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Х-тай холбоотой санхүүгийн борлуулалтын тооцоо, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх "ХБ" ХХК дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/06 тоот Үйлдвэрлэлийн албаны хагас жилийн байдлаарх үйл ажиллагааны тайлангийн тухай хурлын тэмдэглэл, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн "ХК" ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг өөрчлөн томилох тухай тушаалын хуулбар, Бетон зуурмагийн үйлдвэрийн 2022 оны бетон зуурмагийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Бетон зуурмаг нийлүүлсэн тооцооны актыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Х хариуцагч "ХК" ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 10,000,000/арван сая/ төгрөгийг, улирлын нэмэгдэлд 500,000/таван зуун мянга/ төгрөгийг, төлөвлөлт биелэлтийн урамшуулал 50,000,000/тавин сая/ төгрөгийг, зуурмаг нийлүүлсэн урамшуулал 7,550,400/долоон сая таван зуун тавин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч "ХК" ХХК нь нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ бодит байдалтай нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар иүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гүйцэтгэх захирлын ажилд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулсан болох нь № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх ... гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. гэж заасан.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээр гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор нэхэмжлэгчтэй онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ буюу № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

№ ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь түүнийг халж, өөр хүн гүйцэтгэх захирлаар томилсныг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олж мэдсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Т.Г-ийг гүйцэтгэх захирлаар томилсон Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр гаргасан болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №ХЭШ-01/22 "ХК" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дээрх 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №ХЭШ-01/22 шийдвэрийг гаргахдаа "ХК" ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэл болгосон болох нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №ХЭШ-01/22 "ХК" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-т Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно:, 65.4.1-д хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн;, 65.4.2-т ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн;, 65.4.3-т хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан ... эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон;, 65.4.4-т ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан, эсхүл ноцтой зөрчсөн. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2, 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөөгүй, зөрчсөн байх тул хариуцагчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №ХЭШ-01/22 "ХК" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд ... сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор; гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №ХЭШ-01/22 "ХК" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн ... 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр намайг халж Гүйцэтгэх захирлаар өөр хүн томилсныг олж мэдсэн ... гэх тайлбар үндэслэлтэй болох нь гэрч Ж.Ж-ийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ... 2022 оны 11-р сар хүртэл ажиллагаагүй ... гэх гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх заалтад зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 30/гуч/ хоногийн дотор эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлж тогтоох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин 2,000,000/хоёр сая/ төгрөг болох нь № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх ажлын 84/наян дөрөв/ хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрт хариуцагчаас нийт 7,999,992/2,000,000+2,000,000+2,000,000=6,000,000, 6,000,000:3=2,000,000, 2,000,000:21=95,238, 95,238x84=7,999,992/ /долоон сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 2,000,008/10,000,000-7,999,992=2,000,008/ /хоёр сая найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь улирлын нэмэгдэлд 500,000/таван зуун мянга/ төгрөгийг, төлөвлөлт биелэлтийн урамшуулал 50,000,000/тавин сая/ төгрөгийг, зуурмаг нийлүүлсэн урамшуулал 7,550,400/долоон сая таван зуун тавин мянга дөрвөн зуу/ төгрөгийг, нийт 58,050,400/500,000+50,000,000+7,550,400=58,050,400/ /тавин найман сая тавин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

№ ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4-ийн 4.1-т ... улирал тутамд олгох үр дүнгийн биелэлтийн нэг сарын урамшуулал нь 500,000(таван зуун мянга) төгрөг байна., 4.2-т 90,000 м3 зуурмагийг захиалсан хугацаанд, чанарын доголдолгүй нийлүүлсэн тохиролдолд дараах урамшууллыг олгоно:, 4.2.1-т 150,000,000(нэг зуун тавин сая) төгрөг байна ..., 4.2.2-т ... зуурмаг нийлүүлсэн бол цэвэр ашгийн 20%-г олгоно. гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зйүлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь № ОНБХГ-22/01 Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4-ийн 4.1, 4.2, 4.2.1, 4.2.2 дахь заалтад заасан урамшуулал олгох нөхцөлийг хангасан болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зйүлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас урамшуулалд нийт 58,050,400/500,000+50,000,000+7,550,400=58,050,400/ /тавин найман сая тавин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна., 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах; гэж заасан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 21-ын 1-ийн 1-т даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;, 21-ын 1-ийн 7-д шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;, 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:, 2-ын 1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага ... иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ... дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн ... гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21-ын 1, 21-ын 1-ийн 1, 21-ын 1-ийн 7-д зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан нийгмийн даатгалын албан журмын даатгуулагчид хамаарч байх ба харин хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдэд хамаарч байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид дундаж цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х-ыг хариуцагч "ХК" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч "ХК" ХХК-иас дундаж цалин хөлс 7,999,992/долоон сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Х-т олгож, хариуцагч "ХК" ХХК-д цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 60,054,008/жаран сая тавин дөрвөн мянга найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "ХК" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 213,149 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Х-ыг хариуцагч "ХК" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч "ХК" ХХК-иас дундаж цалин хөлс 7,999,992/долоон сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Х-т олгож, хариуцагч "ХК" ХХК-д цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 60,054,008/жаран сая тавин дөрвөн мянга найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Х-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "ХК" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 213,149 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ