Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02148

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр Дуга210/МА2023/02148

 

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02916 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.*******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:*******ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А.******* би 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр*******ХХК-тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 4 жилийн хугацаатай хийж, гүйцэтгэх захирлын ажилд орсон. 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр намайг халж гүйцэтгэх захирлаар өөр хүн томилсныг олж мэдсэн.

Үүнийг мэдмэгцээ*******ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Ганчимэгтэй уулзахад намайг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр халсан гэсэн ба өнөөдрийг хүртэл миний халагдсан тушаалыг надад гардуулж өгөөгүй.

1.2. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 10,000,000 төгрөг, улирлын нэмэгдэл 500,000 төгрөг, гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан төлөвлөлтийн биелэлтийн хувь буюу 90,000 м.куб-ын гүйцэтгэлийг 150,000,000 төгрөгөөр тооцсон ба түүнээс гүйцэтгэсэн 30,0000 м.куб бетон зуурмагийн урамшуулал болох 50,000,000 төгрөг, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан бусад компаниуд зуурмаг нийлүүлсэн 37,752 төгрөгийн 20% болох 7,550,400 төгрөг, нийт 68,054,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг*******ХХК-д даалгаж өгнө үү.

Хэрлэн конкрит ХХК нь иргэн Г.*******ыг ажил төрлөө хэвийн үйл ажиллагаа явуулж байхдаа хууль зүйн үндэслэлгүйгээр халсан. 7 сараас 10 cap хүртэлх цалин болон нийгмийн даатгалын нөхөн бичилтийг огт хийгээгүй байдаг гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.*******ХХК-ийн хувьцаа эзэмшигч Компанийн тухай хуульд заасан гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх бүрэн эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомж, гэрээг үндэслэн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Г.*******ыг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчлөн бүртгэл хийлгэсэн.

2.2.*******ХХК нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдгаас шалтгаалан санхүүгийн болон бусад хариуцсан холбогдох хүмүүсээс итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие баримт материалыг хүлээн авч амжаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гарган өгөх болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ыг хариуцагч*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч*******ХХК-иас дундаж цалин хөлс 7,999,992/долоон сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, хариуцагч Хэрлэн конкрит" ХХК-д цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 60,054,008/жаран сая тавин дөрвөн мянга найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 213,149 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02916 дугаартай шийдвэрийн зарим хэсэг болох Г.*******ыг*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн тогтоож, дундаж цалин холс 7,999,992 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасныг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэрлэн конкрит ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Ганчимэг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №ХЭШ-01/22 дугаартай шийдвэрээр Компанийн тухай хуульд заасан гүйцэтгэх захирлыг өөрчлөх, бүрэн эрхийг хэдийд ч дуусгавар болгох бүрэн эрхийн хүрээнд Г.*******ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн.

4.2. Хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлыг чөлөөлж өөрчлөх шийдвэр гаргах урьдач нөхцөл нь Г.******* ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлээгүй үндэслэл байсан бөгөөд энэ тухай хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан.

Нэхэмжлэгч өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөнийг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олж мэдсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд ажил үүргийг нь үнэлсэн хуралд оролцсон, мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хүлээн авч мэдсэн, мөн 2022 оны 8, 9, 10-р саруудад огт цалин олгоогүй зэргээс нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг 2022 оны 7-р сард мэдсэн буюу мэдэх ёстой байсан. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 4 сарын дараа 2022 оны 11-р сард нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлснийг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ажил олгогч бичгээр гаргаж, ажилтанд бичгээр хүргүүлэх, танилцуулах, нотлох үүрэг хүлээдэг. Ажил хүлээлцсэн өдрийг ажлаас гарсан гэж үзнэ. Ажлаас чөлөөлөх тушаалыг ажил хүлээлцэх өдрөөс өмнө гаргана. Энэ шаардлага хангагдаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль буюу гэрээнд заасан үндэслэл тогтоогдоогүй.

Хариуцагч тал Г.*******ыг чөлөөлсөн тушаалыг огт танилцаагүй, шүүх дээр ч гэсэн энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байж байгаад хожим хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг гаргаж өгсөн. Энэ нь албан ёсоор ажлаас чөлөөлөгдөөгүй гэдгийг нотолно. Цалин хөлс авч байгаагүй нь ажлаас чөлөөлсөнтэй хамааралгүй. Хариуцагч талын гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй ч гэсэн шүүх тооцоолол хийхдээ цалин хөлсийг 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл тооцсон тооцоолол нь зөрүүтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрлэн конкрит ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ХЭШ-01/22 дугаар шийдвэрээр*******ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж Компанийн тухай хууль,*******ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг тус тус үндэслэн Г.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хх 63/

 

Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 22/01 дугаартай Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул шүүх ямар хууль зүйн фактыг үндэслэн ажлаас чөлөөлсөн талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, мөн ажил олгогч нь ямар сахилгын зөрчил гаргасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн болох нь тодорхой бус байгаа тохиолдолд ажлаас чөлөөлөх шийдвэр үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Хадбааратыг*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүх Г.*******ын нэг сарын цалинг 22/01 дугаартай Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд зааснаар 2,000,000 төгрөгөөр тооцож, хариуцагч байгууллагаас цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7,999,992 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч тал нь анхан шатны шүүхийн шийдвэрийн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахтай холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй атлаа шүүх хуралдаанд ...цалин хөлсийг буруу тооцоолсон гэх агуулгатай тайлбар гаргасныг шүүх дүгнэхгүй байх нь талуудын тэрш эрхийн зарчимд нийцнэ.

 

6. Хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.1. Нэхэмжлэгч нь ...ажил үүргийг нь үнэлсэн хуралд оролцож, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хүлээж авсан байхад үүнээс хойш 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө... гэж заажээ.

 

Ажил олгогч байгууллага нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг гардуулсан тухай баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй гэж үзнэ.

 

6.2. Хариуцагч байгууллага нь ...Г.*******ыг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлээгүй... гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд илүү нарийвчлан зохицуулсан хууль буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй. гэж заасан зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэл байгаа тохиолдолд хөдөлмөрийн харилцааг зогсоох эрхийг олгосон зохицуулалт тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж дараах өөрчлөлтийг оруулна.

 

7.1. Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг баримласан алдаа гаргасныг залруулна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна. гэж заасан зохицуулалт нь хуулийн зохицуулалтын үйлчлэх хүрээ хязгаарыг зохицуулсан бөгөөд уг зохицуулалт нь даатгуулагч, ажил олгогч, төрөөс хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэрэглэх тухай иш татсан хэм хэмжээ юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй.

 

Нийгмийн даатгалын үйл ажиллагааны цахимжилттай холбоотойгоор нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхгүй болсон тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах үндэслэлтэй байна.

 

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч*******ХХК-д даалгасан найруулгын өөрчлөлт оруулна.

 

7.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс урамшуулал 60,054,008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдэлд гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс давж заалдах шатны шүүх хэвээр үлдээнэ.

 

Харин, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ...үлдсэн 60,054,008 /жаран сая тавин дөрвөн мянга найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж мөнгөн тэмдэгт буюу төгрөгийг хэрэгсэхгүй болгох агуулгаар тодорхойлсон алдаа гаргасныг ...нэхэмжлэлээс 60,054,008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж найруулж, өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/02916 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ыг*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч*******ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7,999,992 төгрөг гаргуулан Г.*******т олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч*******ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 60,054,008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,149 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР