Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

иргэдийн төлөөлөгч  Б.Алтанцэцэг,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

хохирогч Б.Батгэрэл,

           шүүгдэгч Ч.Цогбаатар, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт Чулуунбаатарын Цогбаатарт холбогдох 201725010937 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Суваргачин овогт Чулуунбаатарын Цогбаатар, 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 39-9 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЖМ 74020177 тоот регистрийн дугаартай,

 

 Шүүгдэгч Ч.Цогбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн 2-41 тоотод иргэн Б.Батгэрэлтэй согтуугаар маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ч.Цогбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өрнөхийн гэрт орохоос өмнө архи уусан байсан. Би орж архиа гаргачихаад явах талаар бодож орсон. Хохирогчийг урд нь танидаггүй байсан. Хохирогчтой маргаж цохьсондоо гэмшиж байна, хохирол төлбөрт нийт 1.300.000 төгрөг нөхөн төлсөн, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

           Хохирогч Б.Батгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гомдол санал байхгүй. Тухайн үед халамцуу байсан, би юу болсныг мэдэхгүй. Би өөрөө толгойгоо юманд цохьсон байж магадгүй, би согтуу байсан. Цогбаатарт гомдол санал байхгүй, түүнд хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Батгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морь сумаас ээжийг эмнэлэгт үзүүлэх гэж хотод 15 цагийн үед ирсэн. Би танил Өрнөхийнд нэг орчихоод гаръя гэж бодоод тэднийг гэрт нь нэг шил архи бариад очсон. Би яг хэдэн цагт очсоноо санахгүй байна. Намайг очиход Өрнөх, түүний эхнэр Цэнд, Хүрлээ, Цогоо гэх залуучууд нар байсан. Тухайн хүмүүс Өрнөхийн гэрт архи ууж байсан. Тэгээд би ороод хамт архи уусан. Тэгээд архи ууж байгаад юу болсоныг санахгүй байна, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Тухайн үед юу болсоныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх22-23/,

Гэрч Ц.Зөөлөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Гэрлээг Цогоо зодсон байж магадгүй, үүрээр 5 цагийн үед Цогоогийн дуу гараад байсан. Цогоо нь “Чи босоод ир, би чамайг үүрч аваачаад хаячихна” гэж хэлж байхыг би сонссон...” гэсэн мэдүүлэг. /хх24-25/,

Гэрч Д.Бат-Өрнөх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Тэгээд бид нар байж байтал танил Гэрлээ ах нэг шил архитай ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж ууцгаасан. Би их уугаагүй бие өвдөөд байхаар нь унтаад өгсөн. Удалгүй чимээ шуугиан гараад байхаар нь сэртэл Цогбаатар Гэрлээ ахыг зодож байсан бөгөөд Хүрлээ дундуур нь ороод салгаж байсан. Гэрлээ ахын хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. “...Өглөө сэрээд байж байтал Гэрлээ ах сонин байдалтай эвгүй болчихсон байхаар нь түргэн, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг. /хх29-31/,

Гэрч Ц.Хүрэлбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Цогоо чи одоо яахаараа хүн унтуулдаггүй юм гээд босож ирээд Батгэрэлийн нүүр, толгой хэсэг рүү гараараа цохьсон чинь Батгэрэл уначихсан. Батгэрэл толгой орчим руу нь миний харсанаар 2 удаа өшиглөсөн. Тэр үед би босож ирээд Цогоог холдуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх32-33/,

Хохирогч Б.Батгэрэлийн мэдүүлэг /хх22-23/, гэрч Ц.Зөөлөний мэдүүлэг /хх24-25/, гэрч Б.Батдэлгэрийн мэдүүлэг /хх-26-27, 28/, гэрч Д.Бат-Өрнөхийн мэдүүлэг /хх29-31/, гэрч Ц.Хүрэлбаатарын мэдүүлэг /хх32-33/, гэрч Ц.Цэндийн мэдүүлэг /хх34-35/, гэрч Ц.Болорцэцэгийн мэдүүлэг /хх36-37/, шинжээчийн №4376 дугаар дүгнэлт /хх41/, өвчний түүх /хх50-76/, эмчилгээний баримтууд /хх77-81/, сэжигтэн Ч.Цогбаатарын мэдүүлэг /хх91-92/, яллагдагч Ч.Цогбаатарын мэдүүлэг /хх94-96/, ял шалгах хуудас /хх-100/, мөнгө хүлээн авсан баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын хохирлын дансанд мөнгө байршуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.Цогбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн 2-41 тоотод иргэн Б.Батгэрэлтэй согтуугаар маргалдаж улмаар түүнийг зодож биемахбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Цогбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ч.Цогбаатар нь хохирогч Б.Батгэрэлд 500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, мөн шүүхийн дансанд хохирогчид олгохоор байршуулсан 800.000 төгрөгийг хохирогч хүлээн авбал шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.Цогбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн гэм буруутай этгээдийн /Ч.Цогбаатар/ хохирол төлбөрт олгохоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 800.000 төгрөгийг хохирогч Б.Батгэрэлд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Цогбаатар нь үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдал нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ч.Цогбаатарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй, мөн шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт зүйлийн арчдасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Суваргачин овогт Чулуунбаатарын Цогбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 5511 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ч.Цогбаатарыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Цогбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ч.Цогбаатарын урьд цагдан хоригдсон 90 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт арчдасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд Ч.Цогбаатарын байршуулсан 800.000 төгрөгийг хохирогч Б.Батгэрэлд олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Цогбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

       

 

    

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР

               

   ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХТУЯА

                                                                           

                                Э.ЧИНГИС