Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2023/01834

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 42 байр, 300 тоот хаягт оршин суух, Алаг адууныхан овогт Цэнд-Аюушийн Бат-Эрдэнэ /рд:ИТ74071119/,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 42 байр, 300 тоот хаягт оршин суух, Дарам Тайжийнхан овогт Башлайн Хоролбаян /рд:ИТ77032302/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дашдэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШЗ2018/01017 дугаар захирамжаар иргэн Ц.Бат-Эрдэнэ, Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал нараас 199 сая төгрөгийг гаргуулан Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрийг төлүүлэхээр барьцааны хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулиар тогтоосон үндэслэлийг зөрчсөн юм. Иймд төлбөр төлөгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44,4-т заасан журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт энэ талаар гомдол гаргасан. Улмаар худалдан борлуулах ажиллагааг хуульд нийлцүүлж гаргасан гэх гомдлын хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч нар нь албадлагын арга хэмжээг хуульд нийцсэн гэх хариуг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд энэрэнгүй байх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон хүмүүст эрх, үүргийг нь тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй ойлгомжтой илэрхийлэх үүрэгтэй гэж хуульчилсан байхад хэргийн оролцогч болох хэд хэдэн төлбөр төлөгчид эрх, үүргийг танилцуулах, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй, өмчлөгчдийн эрхийг зөрчсөн ажиллагааг зохион байгуулсан. Хөрөнгийн үнэлгээг дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар талуудад мэдэгдэх, дүгнэлтийг танилцуулах, санал хүсэлтийг хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан боловч хэд хэдэн төлбөр төлөгчдөд хэрхэн танилцуулсан нь тодорхойгүй, мөн хуулийн 14.3-т мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж, гардуулах боломжгүй бол биечлэн эсвэл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид гардуулах боломжгүй нөхцөл байдлыг тодруулаагүй, дараалал зөрчсөн ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан шаардлагыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр хангах учиртай байтал 2023 оны 01 сарын 03-ны өдөр дугааргүй тогтоол үйлдсэн, хуулийн шаардлага хангаагүй, уг тогтоолыг хэд хэдэн төлбөр төлөгчид гардуулах, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т заасан ажиллагааг зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байдаг. Хуульд заасан үндэслэлийн дагуу дуудлага худалдааг төлбөр төлөгчид мэдэгдээгүйгээс зах зээлийн ханшаас доогуур үнэлж бусдад үл хөдлөх эд хөрөнгийг хямд үнээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн. Банкны хэт өндөр үнийн зөрүү төлөх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн эрхийг зөрчиж, банкны эрх ашгийг хангасан ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 сарын 20-ны өдөр зохион байгуулсан улсын бүртгэлийн Ү-2201002836 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, өмчлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалж, хуульд заасан үндэслэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 1017 дугаар захирамжаар Ц.Бат-Эрдэнэ, Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал нараас 199,902,229 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 613,830 төгрөг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 05 сарын 21-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Бат-Эрдэнэ, Ц.Хоролбаян, Ц.Отгонжаргал нар нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц.Бат-Эрдэнэ, Ц.Хоролбаян нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002836 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 300 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоож, хөрөнгийн үнэлгээг ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ц.Бат-Эрдэнэ нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхээс 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 1125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 1206 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 969 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул 2023 оны 01 сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар хөрөнгийг 85,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, талуудад мэдэгдсэн. Иймд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 03/411 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас, Ц.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Бат-Эрдэнээс Г.Баярхүүд олгосон итгэмжлэл, Б.Хоролбаянаас Г.Баярхүүд олгосон итгэмжлэл,

Хариуцагч талаас, Итгэмжлэл, Шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 184/ГХ2021/00220 дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 184/ШЗ2021/02464 дугаартай захирамжийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2018/01017 дугаартай захирамжийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 4-135/1197 дугаартай албан бичгийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх, ахлах дэслэгч Р.Азбаярын хүсэлт, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 сарын 18-ны өдрийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдлүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 4-135/11098 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 06 сарын 24-ний 1036 дугаартай албан бичиг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002836 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 сарын 28-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 06 сарын 29-ний өдрийн 1-135/11449 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 8/901 тоот албан бичгийн хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046796 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 сарын 11-ний өдрийн тэмдэглэл, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 21390431/05 дугаартай тогтоол, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2021 оны 12 сарын 07-ны өдрийн мэдэгдэл, Эд хөрөнгө хураах тухай 2021 оны 01 сарын 19-ний өдрийн тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 19-ний өдрийн тэмдэглэл, Хаан банкны 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 61/296 дугаартай итгэмжлэл, Б.Хоролбаяны гаргасан үнийн санал гэх баримт, Ц.Бат-Эрдэнийн гаргасан үнийн санал гэх баримт, Б.Очирбатын гаргасан хүсэлт гэх баримт, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн тэмдэглэл, Шинжээч томилох тухай 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 1/23 тоот тогтоол, Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх тухай акт, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Дамно ХХК-ийн итгэмжлэх, Дамно ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 4-135/1946, 4-135/1947, 1-135/1948 дугаартай албан бичгүүд, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 28, 2022 оны 01 сарын 31-ний өдрийн тэмдэглэл, Бүртгэлийн 21390431 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн зардлын зарцуулалтын тооцоо, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 1-135/57 дугаартай албан бичиг, 2022 оны 03 сарын 01-ний өдөр гаргасан шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаярын тайлбар, Шүүгчийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 184/ШЗ2022/02868 дугаартай захирамжийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 551 дугаартай албан бичгийн хуулбар, Хаан банкны 2022 оны 02 сарын 07-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт, Нэхэмжлэх №Д13/022 баримт, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 сарын 29-ний өдрийн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/01125 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлын хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01206 дугаартай магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гаргасан Ю.Сэвлэгмаагийн гомдол, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 001/ШХТ2022/00969 дугаартай тогтоолын хуулбар, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 4-131/673 дугаартай албан бичиг, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/31 тоот тогтоол, 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 4-131/675, 4-131/676 дугаартай албан бичгүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Хаан банкны 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 61/02/16 дугаартай итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 4-135/2030 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн тэмдэглэл, 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 4-135/2029 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн тэмдэглэл, Ц.Бат-Эрдэнээс Г.Баярхүүд олгосон итгэмжлэл, Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлын хуулбар, Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 4-135/2626 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 сарын 03-ны өдрийн 4-135/2627 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн тэмдэглэл, Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлын хуулбар, Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 03/411 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 4-135/3213, 4-135/3214 дугаартай албан бичгүүд, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол зэрэг бичмэл баримтуудыг тус тус цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Хоролбаян нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /цаашид НШШГГ гэх/-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

5.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01017 дугаар шийдвэрээр хариуцагч Ц.Бат-Эрдэнэ, Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал нар нь нэхэмжлэлийн шаардлага 199,902,229.29 төгрөгийг бүрэн төлж, сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ц.Отгонжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 хороо, 13300, Улаанхуарангийн гудамж, 105в байрны зоорийн давхрын 5 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү:2204046796 дугаартай, 32 м.кв талбайтай байр, Ц.Бат-Эрдэнэ, Б.Хоролбаян нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 300 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү:2201002836 дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид 613,830.50 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хэргийн оролцогч болох хэд хэдэн төлбөр төлөгчид эрх, үүргийг танилцуулах, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй, хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэх, дүгнэлтийг танилцуулах, санал хүсэлтийг хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан боловч хэд хэдэн төлбөр төлөгчдөд хэрхэн танилцуулсан нь тодорхойгүй, дуудлага худалдааг төлбөр төлөгчид мэдэгдээгүйгээс зах зээлийн ханшаас доогуур үнэлж бусдад үл хөдлөх эд хөрөнгийг хямд үнээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн... хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч НШШГГ нь ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

7.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 184/ШЗ2021/02464 дугаар захирамж, мөн өдрийн 184/ГХ2021/00220 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн НШШГГ нь 2021 оны 05 сарын 21-ний өдөр 21390434 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж эхэлжээ.

 

8.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/01125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01206 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 001/ШХТ2022/00969 дүгээр тогтоол зэргээр Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Төлбөр төлөгч Ц.Бат-Эрдэнэ, Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал нарт холбогдох дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэснээс эхлэн хураагдсан эд хөрөнгөд үнэлгээ тогтоож, хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн хүртэлх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр дүгнэсэн тул дахин нотлох шаардлагагүй юм.

 

9.Ц.Бат-Эрдэнэ, Б.Хоролбаян нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 300 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002836 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 10 цагт оруулах тухай 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/31 тоот тогтоол, 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 4-131/673 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2023 оны 01 сарын 10-ны өдөр биечлэн гардуулан өгч тэмдэглэл хөтөлжээ.

 

Нэхэмжлэгч ...дуудлага худалдааг төлбөр төлөгчид мэдэгдээгүйгээс зах зээлийн ханшаас доогуур үнэлж бусдад үл хөдлөх эд хөрөнгийг хямд үнээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн... нь хууль зөрчсөн гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, харин анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон мэдэгдлийг нэхэмжлэгч нарт биечлэн гардуулсан болох нь 2023 оны 01 сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн тогтоол, мэдэгдлийн доор зурагдсан төлбөр төлөгч нарын гарын үсэг, огноогоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар анхны албадан дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоохоор заасан. Тиймээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн, үл хөдлөх хөрөнгүүдийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдлэхээр заасан.

Төлбөр төлөгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хөрөнгөө худалдан борлуулаагүй тул НШШГГ нь 2023 оны 01 сарын 20-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 63 дугаар зүйлийн 63.1-т заасныг зөрчөөгүй төдийгүй, дээрх хуулийн заалттай нийцсэн гэж үзэв.

 

10.Иймд хариуцагч НШШГГ нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байр, 300 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002836 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Ц.Бат-Эрдэнэ, Б.Хоролбаян нарыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Д.УРАНЗУЛ