Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01459

 

 

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01459

 

 

Ц.Б, Б.Х нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/01834 дугаар шийдвэртэй, Ц.Б, Б.Х нарын нэхэмжлэлтэй Н-т холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 сарын 24-ний өдрийн 184/ШЗ2018/01017 дугаар захирамжаар Ц.Б, Б.Х, Ц.О нараас 199 сая төгрөгийг гаргуулан Х-д олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрийг төлүүлэхээр барьцааны хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулиар тогтоосон үндэслэлийг зөрчсөн юм. Иймд төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44,4 дэх хэсэгтт заасан журмын дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт энэ талаар гомдол гаргасан боловч худалдан борлуулах ажиллагааг хуульд нийлцүүлж гаргасан гэх гомдлын хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд энэрэнгүй байх, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан байхад хэргийн оролцогч болох хэд хэдэн төлбөр төлөгчид эрх, үүргийг танилцуулах, мэдэгдэх ажиллагааг явуулаагүй, өмчлөгчдийн эрхийг зөрчсөн ажиллагааг зохион байгуулсан.

Хөрөнгийн үнэлгээг дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн төлбөр төлөгчдөд хэрхэн танилцуулсан нь тодорхойгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид гардуулах боломжгүй нөхцөл байдлыг тодруулаагүй, дараалал зөрчсөн ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шаардлагыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр хангах учиртай байтал 2023 оны 01 сарын 03-ны өдөр дугааргүй тогтоол үйлдсэн, хуулийн шаардлага хангаагүй тогтоолыг хэд хэдэн төлбөр төлөгчид гардуулах, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасан ажиллагааг зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Хуульд заасан үндэслэлийн дагуу дуудлага худалдааг төлбөр төлөгчид мэдэгдээгүйгээс зах зээлийн ханшаас доогуур үнэлж бусдад үл хөдлөх эд хөрөнгийг хямд үнээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн. Банкны хэт өндөр үнийн зөрүү төлөх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн эрхийг зөрчиж, банкны эрх ашгийг хангасан ажиллагааг явуулсан гэж үзэж байна.

Иймд Н-ын 2023 оны 01 сарын 20-ны өдөр зохион байгуулсан улсын бүртгэлийн Ү-2201002836 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, өмчлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалж, хуульд заасан үндэслэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 1017 дугаар захирамжаар Ц.Б, Б.Х, Ц.О нараас 199,902,229 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 613,830 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 5 сарын 21-ний өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Б, Ц.Х, Ц.О нар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц.Б, Ц.Х нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220100**** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** хороо, ** хороолол, ** байрны *** тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоож, үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Ц.Б дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхээс 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 1125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 1206 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 969 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул 2023 оны 01 сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар хөрөнгийг 85,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, талуудад мэдэгдсэн.

Иймд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Н-т холбогдох Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, **** тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220100**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Ц.Б, Б.Х нарыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрээр Ц.Б, Б.Х нар төлбөр төлөх үүрэг хүлээсэн ч өмчлөлд бүртгэлтэй орон сууцтай холбоотой хууль зөрчсөн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн хүч хөдөлмөрөөр Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан өмчлөх эрхийг шударгаар олж авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрт заасан төлбөрийн үнийн дүнгээс хэт давсан үнэлгээ бүхий хөрөнгийг албадан худалдан борлуулж, хуульд нийцээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмчлөгч Б.Х-г оролцуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг худалдан борлуулах тогтоол, эрх, үүргийг тайлбарлаагүй, өмчлөгчийн эрхийг зөрчсөн ажиллагааг зохион байгуулсан.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Хуульд заасан үндэслэлийн дагуу дуудлага худалдааг төлбөр төлөгчид мэдэгдээгүйгээс зах зээлийн ханшнаас доогуур үнэлж бусдад үл хөдпөх хөрөнгийг хямд үнээр худалдан авах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул гомдолд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн ** хороо, ** хороолол, ** байрны *** тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын барьцаанд хураан авсан. Хариуцагч байгууллагаас дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг цаг тухайд нь мэдэгдэж байсан. Мөн баталгаат шуудангаар хүргүүлэн гарын үсэг зуруулж, тэмдэглэлийг хөтөлсөн талаарх баримтуудыг цуглуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Ц.Б, Б.Х нар хариуцагч Н-т холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 3. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар Н-ын 2023 оны 01 сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

3.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/01017 дугаар захирамжаар Ц.Б, Ц.О, Б.Х нараас 199,902,229.29 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Ц.Б, Б.Х нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 300 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ц.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, У гудамж,**** байрны зоорийн давхрын ** тоот, 32 м.кв талбайтай байрыг тус тус худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2021 оны 05 сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн гүйцэтгэх хуудаст дурдагдсан орон сууцыг 2021 оны 08 сарын 11, 2021 оны 12 сарын 07-ны өдрүүдэд битүүмжилж, 2022 оны 01 сарын 19-ний өдөр хурааж, 2022 оны 01 сарын 26-ны өдөр шинжээчээр үнэлүүлэх ажиллагааг явуулсан байна.

Төлбөр төлөгч Ц.Б барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн Д ХХК-ийн 2022 оны 01 сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/01125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 01206 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 001/ХТ2021/000969 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ц.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул зах зээлийн ханшаас доогуур үнэлж, бусдад үл хөдлөх хөрөнгийг хямд үнээр худалдан авах нөхцлийг бүрдүүлсэн гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.

3.2. Н-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 1/31 тоот тогтоолоор Ц.Б, Б.Х нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ** хороо, ** хороолол, ** байрны *** тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ болох 115,583,333 төгрөгийн 70 хувь буюу 80,908,333 төгрөгөөр дуудах үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар товложээ. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2023 оны 01 сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан журмын дагуу төлбөр төлөгч Ц.Б, Б.Х нарт гардуулан өгч мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байх тул дуудлага худалдааг төлбөр төлөгчид мэдэгдээгүй, хөрөнгийг худалдан борлуулах тогтоолыг танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй. /хх-110-111/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Б, Б.Х нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг үндэслэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулах үеийн үнийг хэрхэн тогтоох талаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан тул тухайн зохицуулалт нь маргаанд хамааралгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах харьяаллыг зохицуулсан ба харин гомдол гаргах эрхийг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан байна. Иймд шүүхэд гомдол гаргах эрхийг зохицуулсан заалтыг баримтлах нь оновчтой юм.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/01834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.БЯМБАСҮРЭН