Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0353

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0353

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж ХХК /РД:/

Хариуцагч: Сга

Гуравдагч этгээд: С.Ц /РД:/-д холбогдох газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Ж ХХК-иас тус шүүхэд хандан Сгын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар захирамжийн иргэн С.Цид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23, 23а, 23б, 23в, 23г, 23д тоот хаягт тус тус байрладаг газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Ж ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4200 м.кв газрыг 2008 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хөрөнгөөр хашиж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарладаг.

2.2. Гэвч Сгын 2014 оны А/******* дугаартай захирамжаар[2] тус 4200 м.кв газрыг буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23б тоот хаягт байрлах газрыг эзэмших эрхийг иргэн Г.Бд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23а тоотыг иргэн Г.Бд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23в тоотыг иргэн Д.Аэд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23 тоотыг иргэн М.Рд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23д тоотыг иргэн Б.Уд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23г тоотыг иргэн Г.Ө нарт эзэмшүүлсэн байжээ.[3]

2.3. Түүний дараа Сгын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаартай захирамжаар[4] иргэн Г.Б, Г.Б, Д.А, М.Р, Б.У, Г.Ө нарт олгосон дээрх газар эзэмших эрхийг гуравдагч этгээд С.Цид шилжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг олгосон байна.

2.4. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд С.Цид газар эзэмших эрхийг шилжүүлсэн Сгын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаартай захирамжтай маргаж байна.

2.5. Ингэхдээ ... манай компани Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу энэ маргаан бүхий газар 4200 метр квадрат газрыг 2008 оноос өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө хөрөнгөөр хашаа бариад дотор нь миний төлөөлж байгаа байгууллага өөрсдийнхөө эд хөрөнгө техник хэрэгслийг байлгаж ашиглаж байгаа. Энэ газраа ашиглаж эхэлснээсээ хойш холбогдох газар эзэмших эрхийг хуулийн дагуу авахаар С******* болон хорооны Засаг даргаар дамжуулж хандахад аэродром орчим буюу нислэгийн аюулгүй бүсэд хамаарч байгаа тул энд ерөөсөө газар эзэмших эрх олгох боломжгүй гэдэг хариу өгөөд тэрнээс хойш бол явсан байдаг. Гэтэл хариуцагчаас энэ аэродром орчмын аюулгүй бүсэд газар эзэмших эрх олгогдож болохгүй гэдэг хариулт өгч байсан боловч энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх газрын эрх 2014 оны 06 дугаар сарын 23-ны А/******* гэдэг тоот захирамжаар нэр бүхий 6 хүний нэр дээр гарсныг мэдсэн. Улмаар 2020 онд С.Ц гэдэг хүн газар эзэмших эрхтэй болсныг бид Иргэний шүүх дээр нэхэмжлэл гаргахад нь олж мэдсэн. Бид энэ газрыг анхнаасаа хашаалж, эзэмшиж байсан тул иргэн С.Цийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн Сгын захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.6. Хариуцагчийн зүгээс ... Ж ХХК нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших хүсэлтээ тухайн шатын Засаг даргад төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу огт гаргаж байгаагүй. Ийм учраас тухайн Ж ХХК-д газар эзэмших эрх олгогдоогүй. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор зөвхөн гэрээний үндсэн дээр гэрчилгээтэй эзэмшүүлдэг. Мөн Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр гэрээг хэрэгжүүлээгүй аливаа этгээдэд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Тиймээс Ж ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байгаа. Энд субьектив эрх үүсээгүй байгаа учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу хариуцагчийн зүгээс үзэж байна ... гэх зэрэг агуулгаар тайлбарлана.

2.7. Гуравдагч этгээдийн зүгээс ... нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. Г*******,*******рын мэдээллийн сангийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мэдээллийг 2005-2007 оны агаарын зурагтай давхцуулсан. Энэ дээр сүүдэрлээд тэр хашаа нь яг кадастрын зургийнхаа дагуу сүүдэрлэчихсэн хашааг барьчихсан байгаа юм. 2005-2007 онд хашаа баригдсан байсан гэдгийг харуулж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 2008 онд хашаа анх удаа барьсан гэсэн үг биш. Тэрнээс өмнө хашаа байсан байна. Энэ 6 иргэн нийлж байгаад хашаагаа барьчихсан, тэгсэн эдний 2008 онд очиж буугаад хашаа бариад хөрөнгө оруулалт хийгээд, ашиглаж байгаа юм гэдэг энэ тайлбар нь үгүйсгэгдэж байна. 2005 онд 6 иргэн барьчихсан байсан байна, 2014 ондоо газрын эзэмших эрхээ авсан байна. Мөн энэ компанийг үүсгэн байгуулагч н.Г гээд хүнийг гэрчээр асуусан. Энэ хүн би 2000 оноос хойш энэ компанийг үүсгэн байгуулаад ажилласан, 2005 онд Б гэдэг хүнийг гуйгаад компанийнхаа уул уурхайн тоног төхөөрөмжийг аваачиж тавьсан юм гэж мэдүүлсэн. Энэ баригдсан байсан 6 иргэний хашаанд тавьсан асуудал шүү. Тэрнээс биш манай компани энэ хашааг бариад тэгээд дотроо тоног төхөөрөмж аваачиж тавьсан ийм асуудал биш шүү гэдгийг нотлоод өгчихсөн. Мөн шүүхэд С*******наас 2022 оны 10 дугаар сарын 26-нд 10/******* тоот албан бичгээр Ж ХХК 2008-2022 онд газар эзэмших талаар хүсэлт гаргасан зүйл байхгүй гэдэг хариу өгсөн байж байгаа ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн хувьд бол Сгын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн иргэн С.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 10,10, 23-23 а, б, в, г, д тоот хаягт тус тус байрладаг газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага одоогоор бол хянан хэлэлцэгдэж байгаа. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагаа бол дэмжээд оролцож байна. Нэхэмжлэлийнхээ агуулгыг тайлбарлах юм бол Ж ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу энэ маргаан бүхий газар 4200 метр квадрат газрыг 2008 оноос өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө хөрөнгөөр хашаа бариад дотор нь миний төлөөлж байгаа байгууллага өөрсдийнхөө эд хөрөнгө техник хэрэгслийг байлгаж ашиглаж байгаа юм. Нэхэмжлэлийн яг гол үндсэн маргаан хаанаас эхэлсэн гэхээр манай газар энэ газраа бол ашиглаж эхэлснээсээ хойш холбогдох газар эзэмших эрхийг хуулийн дагуу авахаар С******* болон хорооны Засаг даргаар дамжуулж хандахад аэродром орчим буюу нислэгийн аюулгүй бүсэд хамаарч байгаа тул энд ерөөсөө газар эзэмших эрх олгох боломжгүй гэдэг хариу өгөөд тэрнээс хойш бол явсан байдаг. Гэтэл энэ аэродром орчмын аюулгүй бүсэд газар эзэмших эрх олгогдож болохгүй гэдэг хариулт өгч байсныхаа эсрэг 2020 онд С.Ц гэдэг хүн газар эзэмших эрхтэй болсныг бид нар Иргэний шүүх дээр нэхэмжлэл гаргахад нь олж мэдсэн. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх газрын эрх 2014 оны 6-дугаар сарын 23-ны А/******* гэдэг тоот захирамжаар нэр бүхий 6 хүний нэр дээр гарсныг мэдсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдөөд байгаа вэ гэхлээр газар эзэмших эрх авах хүсэлтийг хүсэлт гаргасан дарааллынх нь дагуу шийддэг Газрын тухай хуулийн зарчим байгаа. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын эзэмшүүлж болохоор заагдсан байх ёстой байдаг. Мөн 31.3-т нь хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх ёстой гэсэн ийм хуулийн заалтыг бол зөрччихжээ, анх олгохдоо. Өөрөөр хэлбэл яг энэ 2014 онд энэ нэр бүхий 6 иргэн дээр олгоход энэ чинь аэродром орчмын бүс буюу тэр хамгаалалтын бүсийг Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн дүүргийн Засаг даргатай хамтраад аюулгүйн бүсээ тогтоодог. Тэр бүсэд нь орчихсон байхад газар эзэмшүүлэх захирамж гарч иржээ. Хоёрдугаарт бусдын ашиглаж байгаа буюу нэхэмжлэгч байгууллагын 2008 оноос хойш ашиглаж байгаа энэ газар дээр нь давхцуулаад энэ 6 иргэнд олгочихжээ. Ийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг хуулийн дагуу шийдүүлж, нэхэмжлэгч өөрийнхөө зөрчигдсөн эрх ашиг сонирхол буюу субьектив эрх газар эзэмших эрхээ хуулийн дагуу олж авах буюу хүсэлт гаргасан дарааллынхаа дагуу олж авах боломжгүй болоод, эрх ашиг сонирхол нь хөндөгдчихөөд байгаа юм. Миний зүгээс энэ нөхцөл байдлыг юу гэж харж дүгнэсэн гэхээр энэ иргэн С.Ц гэдэг хүн бол 2020 оны Засаг даргын захирамжид өөрөөр хэлбэл тэр 2014 онд газрын эрх авсан, эзэмших эрх авсан нэр бүхий 6 хүнээс эзэмших эрхийг нь шилжүүлж авах замаар газар эзэмшигч бол эзэмшил газраа бусдад шилжүүлэх эрхтэй шүү дээ, тэрнийхээ дагуу шилжүүлж байна. Тэгэхээр энэ өмнөх энэ 6 хүн дээрх газар эзэмших эрх хүчингүй болоод энэ С.Ц гэдэг хүн дээр үүсчхэж байгаа юм. Гэхдээ анх үүссэн тэр Газрын тухай хуульд заасан дараалал бусдын ашиглаж байгаа газар дээр давхардуулаад авчихсан зөрчил нь энэ 2020 оны захирамжаар тэрийг үндэслэж хүчингүй болгоогүй байхгүй юу. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс Сгын энэ 2014 оны 6 дугаар сарын 23-ны А/******* гэдэг захирамж чинь өөрөө хууль зөрчөөд гарчихсан илт хууль бус болохыг тогтоолгоё оо, тэгж байж анх энэ хүмүүс дээр олгосон энэ актынх нь эрх зүйн үйлчлэл зогсох юм аа. Тэгж байж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол бодитойгоор сэргэнэ гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхээс яг тэр шаардлагыг хүлээн авахаас татгалзаад түүнийг нь давахын шүүх шийдчихсэн байна лээ. Тэгэхээр бодит нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол ингэж хэрэгжинэ. Дараагийн асуудал, сая нотлох баримт гаргуулах дээр ч бас гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэлээн сайн тайлбарлаад байх шиг байна. Яг энэ нэр бүхий 6 хүн 2014 онд газар эзэмших эрх авахдаа 32 дугаар хорооныхоо Засаг даргаар уламжлуулж гаргасан байна. Тэгэхээр яг энэ хэн нь эхэлж хүсэлт гаргасан юм бэ? Ер нь одоо газар хүсэлт гаргасан дарааллынхаа дагуу хэн нь эхэлж авах ёстой байсан юм бэ гэдэг асуудал ярих гэхээр яг энэ 32 дугаар хорооны Засаг даргаар 2008 оноос хойш уламжлуулаад хандчихсан зүйл байгаа юу, үгүй юу гэдгийг мэдэх нь өөрөө бас энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт байгаа юм. Яг энэ хавтаст хэрэгт авагдчихсан, хавтаст хэргийн 65, 70, 67 гээд хуудаснуудад энэ хүмүүсийн газар эзэмших эрхтэй холбоотой баримтууд нь байна л даа. Тэгэхээр энэ нь н.Б гэдэг хүн нь жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг дарга н.М гэдэг хүнээр тодорхойлолт хийлгээд тэр хүнээрээ дамжуулж дүүрэг рүүгээ хандаад байгаа байхгүй юу. Мэдээж яах вэ хууль дээр дүүргийн г*******ны алба мэдээж энэ газар эзэмших хүсэлтийг хүлээж авдаг. Гэтэл яг хэргийн баримтад авагдчихсан бодит хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол нэр бүхий 6 иргэн хариуцагчийн хэлээд байгаа хуулийн заалтыг анхнаасаа зөрчөөд л газар эзэмших эрх авчихсан асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бодит нөхцөл байдлыг тодруулъя аа гэдэг шаардлага нэгдүгээрт ийм байна. Хоёрдугаарт 2014 онд энэ 6 иргэн газар эзэмших эрхтэй болчихсон, 2020 онд С.Ц гэдэг хүн энэ 6 иргэний газрыг нэгтгээд өөр дээрээ авчихсан байна лээ. Ингээд 2008-2022 он хүртэл энэ хүмүүс нэг ч удаа газар дээрээ очоогүй, шаардлага тавиагүй. Тэгэхээр анхнаасаа миний хэлээд байгаагаар аэродром орчмын буюу тэнд газар эзэмших эрх олгож болохгүй байхад гаргаад шийдчихсэн асуудал нь өөрөө хууль зөрчсөн асуудал байна. Газрын тухай хуулийн 31.2-ыг зөрчөөд анхнаасаа асуудал явчихсан юм биш үү гэдэг ийм бодит нөхцөл байдал байгаа юм. Тийм учраас Газрын тухай хууль, Газрын тухай хуулийн 31.2, 31.3, мөн манай байгууллага бол өнөөдрийг хүртэл ашиглаад явж байгаа энэ газрын эрх бол энэ хүмүүс дээр гарахдаа анхнаасаа хууль зөрчөөд гарсан байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэсэн ийм тайлбартай байна. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших хүсэлтээ тухайн шатын Засаг даргад төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу хүсэлт гаргаж байгаагүй. Ийм учраас тухайн Ж ХХК-д газар эзэмших эрх олгогдоогүй. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор зөвхөн гэрээний үндсэн дээр гэрчилгээтэй эзэмшүүлдэг. Мөн Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр гэрээг хэрэгжүүлээгүй аливаа этгээдэд газар эзэмшихийг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн болохоос биш энэ Ж ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байгаа. Энэ субьектив эрх үүсээгүй байгаа учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу хариуцагчийн зүгээс үзэж байна. Бичгийн хариу тайлбараа өгсөн, хариу тайлбараа дэмжиж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

3.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд мөн энэ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгэнт тайлбар хэлсэн, үүн дээр нэмээд ганц хоёр зүйл хэлье гэж бодож байна. Сая ярихдаа нэхэмжлэгч маань ингэж ярьж байна л даа. Энэ 32 дугаар хорооны Засаг даргад уламжлуулаад энэ 6 иргэн авчихсан байсан. Энэ 6 иргэний газар эзэмших эрх яаж үүссэн асуудал дээр маргаагүй. Энэ дээр маргах боломжгүй гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх хоёулаа шийдчихсэн. Энэ 6 иргэний асуудал дээр бол маргахгүй ээ. Энэ маргах боломж байхгүй. Нэгэнт 2020 онд С.Ц гэдэг хүн дээр шилжээд хүчингүй болчихсон үйлчлэл нь дуусчихсан акттай маргах боломжгүй гэсэн, ийм зүйл 2 шатны шүүхээр гарчихсан байгаа учраас энийг ярих нь илүүц гэж үзэж байна. Хоёрдугаарт тухайн компани нь хэдийгээр Захиргааны хэргийн шүүх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүх өөрөө нотлох баримтыг бүрдүүлдэг боловч нэхэмжлэгч, мөн хэргийн оролцогчид өөрсдөө өөрт байгаа нотлох баримтуудаа гаргаж өгөх үүрэгтэй. Үүний дагуу тэр хороон Засаг даргад өгсөн гээд байгаа баримтуудаа гаргаад өгөөч ээ гэж шаардсан. Нэг болохоор удирдлагууд нь хөдөө гадаа явчихсан гэдэг. Яасан ч удаан хөдөө гадаа явдаг удирдлагууд байдаг юм. Бараг жил гараад явчихлаа. Тэрийгээ гаргаж өгдөггүй, эхлээд Газрын албанд гаргаж өгсөн гээд яваад байсан. Сүүлд нь Газрын албанаас ийм бичиг байхгүй, наад чинь Лэнд менежер мэдээллийн санд байхгүй гээд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бичиг яваад ирсэн чинь үгүй ээ, хорооны Засаг даргаар уламжилж байсан юм, эдний 6 иргэн газар авахдаа ингэж байсан юм, яг энийг дуурайгаад бид нар хорооны Засаг даргаар уламжилж оруулж өгсөн, одоо хорооны Засаг даргаас нь нотлох баримт гаргуулъя гээд байдаг. Үүнийгээ далимдуулаад удаа дараа шүүхийн шийдвэрт гомдол гаргаад буцаад байдаг болсон. Энэ чинь одоо 3 бараг 4 удаа буцчихаад эргэж ирж байгаа асуудал шүү дээ. Өөрсдөө үүнийгээ гаргаж өгөх боломжтой. Хэрэв үнэхээр хандаж байсан юм бол гаргаж өгөх боломжтой. Тэгээд гаргаж өгөөгүй байж заавал Захиргааны шүүхээр юм гаргуулна гээд байдаг. Өөрсдөд нь нэг хувь нь байж л байгаа шүү дээ. Тэгээд жил гаран тэр удирдлагууд чинь явлаа, тэр удирдлагууд чинь ирсэн бол гаргаад өгөх боломжтой байсан. Тэгэхээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд ийм баримт байхгүй юм байна гэж ойлгогдож байна. Дээрээс нь нэгэнт л 6 иргэний газар эзэмших эрхтэй маргахгүй юм чинь нэхэмжлэгчийн тайлбарууд няцаагдаж байна гэж үзэж байна. Түрүүн ярьсан Г*******,*******рын мэдээллийн сангийн 2022 оны 10-дугаар сарын 21-ний өдрийн мэдээллийг 2005-2007 оны агаарын зурагтай давхцуулсан. Энэ дээр байж байгаа юм. Энэ дээр сүүдэрлээд тэр хашаа нь яг кадастрын зургийнхаа дагуу сүүдэрлэчихсэн хашааг барьчихсан 2005-2007 онд хашаа баригдсан байсан гэдгийг бол мэдэж байна. Энэ 6 иргэн нийлж байгаад хашаагаа барьчихсан, тэгсэн эдний 2008 онд очиж буугаад хашаа бариад хөрөнгө оруулалт хийгээд, ашиглаж байгаа юм гэдэг энэ тайлбар нь үгүйсгэгдэж байгаа юм. 2005 онд 6 иргэн барьчихсан байсан байна, 2014 ондоо газрын эзэмших эрхээ авсан байна. Гуравдугаарт энэ компанийг үүсгэн байгуулагч н.Г гээд хүнийг гэрчээр асуусан юм. Энэ хүн би 2000 оноос хойш энэ компанийг үүсгэн байгуулаад ажилласан, 2005 онд энэ Б нэр бүхий 6 иргэний төлөөлөл Б гэдэг хүнийг гуйгаад компанийнхаа уул уурхайн тоног төхөөрөмжийг аваачиж тавьсан юм. Энэ баригдсан байсан 6 иргэний хашаанд тавьсан асуудал шүү. Тэрнээс биш манай компани энэ хашааг бариад тэгээд дотроо тоног төхөөрөмж аваачиж тавьсан ийм асуудал биш шүү гэдгийг нотлоод өгчихсөн. Дөрөвдүгээрт нь түрүүн шүүхээс ч хэлсэн С*******наас 2022 оны 10 дугаар сарын 26-нд 10/******* тоот албан бичгээр байхгүй гэдэг хариу өгсөн байж байгаад дээрээс нь түрүүн би ярьсан нөгөө хүсэлттэй холбогдуулаад Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд байж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл гээд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь доор дурдсан төрөлтэй байна. Нэгдүгээрт гэр бүлийн хамтын хэрэгцээний, хоёрдугаарт төрийн байгууллагын, гуравдугаарт аж ахуй нэгж байгууллагын. Аж ахуй нэгж байгууллагынх болохоор яах вэ гэхээр ерөөсөө л түрүүн хүсэлтэй холбогдуулж ярьсан төсөл шалгаруулах юм уу эсвэл дуудлага худалдаа гэсэн 2 зарчмаар л олгогдоно. Тэр чинь нөгөө 0.07-оос хэтэрчхэж байгаа байхгүй юу 6 айлын газар гэхээр. 0.07-гоо 6 айлаар үржүүлэхэд бараг 0.5 га газрыг авах юм бол та нэг бол дуудлага худалдаанд оролцоод ялагч болоод ав, эсхүл төсөл шалгаруулалтад оролцоод бас ялагч болоод ав. Энэнээс өөрөөр газар эзэмших боломж байхгүй шүү гээд хуульчлаад өгчихсөн байж байна. Гэтэл одоо ингээд манайх төсөл гаргаад өгсөн. Энэ хуулийн энэ заалтуудыг зөрчөөд хүсэлт гаргаад хагас га газар авъя гээд явж байгаа нь нэгдүгээрт хууль бус, хоёрдугаарт огт хүсэлт гаргаж өгөөгүй гэдэг нотлох баримтууд нь бүгд цуглачихсан, хэрэгт авагдчихсан байж байгаа. Ийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Тэгэхээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэжээ

2. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна., тус зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж тус тус заажээ.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа иргэн, хуулийн этгээд нь газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших учиртай бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдийг газар эзэмших эрхийг хууль ёсоор олж авсан этгээд гэж үзнэ.

4. Мөн дээрх газар эзэмших эрхийг олж авахын тулд иргэн, хуулийн этгээд нь холбогдох Засаг даргад газар эзэмших эрх олж авах талаар хүсэлт гаргах, тухайн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх хуулийн шаардлага тавигдаж байна.

5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбараас үзэхэд, дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнийг тодруулбал:

6. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй газрын хувьд анх Сгын 2014 оны А/******* дугаартай захирамжаар[5] тус 4200 м.кв газрыг буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23б тоот хаягт байрлах газрыг эзэмших эрхийг иргэн Г.Бд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23а тоотыг иргэн Г.Бд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23в тоотыг иргэн Д.Аэд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23 тоотыг иргэн М.Рд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23д тоотыг иргэн Б.Уд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23г тоотыг иргэн Г.Ө нарт эзэмшүүлжээ.[6]

7. Түүний дараа Сгын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаартай захирамжаар[7] иргэн Г.Б, Г.Б, Д.А, М.Р, Б.У, Г.Ө нарт олгосон дээрх газар эзэмших эрхийг гуравдагч этгээд С.Цид шилжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг олгосон байна.

8. Өөрөөр хэлбэл, дээрх нэр бүхий иргэд нь Газрын тухай хуулиар тогтоосны дагуу хүсэлт гаргаж, маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23, 23а, 23б, 23в, 23г, 23д тоот хаягт тус тус байрладаг газруудын газар эзэмших эрхийг өөртөө олж авсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс ... манай компани Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4200 м.кв газрыг 2008 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд өөрсдийн хөрөнгөөр хашаалсан, өмнө нь газар эзэмших талаар хүсэлт өгч байсан ... гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарладаг боловч энэ үйл баримт нь дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна. Тодруулбал:

10. Шүүхээс тодруулсны дагуу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас тус шүүхэд ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/******* тоот албан бичигт[8] ... Ж ХХК-аас шинээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт тус албаны 2008-2022 оны өргөдөл, гомдлын бүртгэл болон газрын кадастрын Лэнд менежер программд бүртгэгдээгүй байна ... гэжээ.

11. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана. гэж заасан байх бөгөөд дээрх албан бичигт дурдсанаас үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших талаар хуульд заасан эрх бүхий этгээдэд, хуулиар тогтоосон хэлбэрээр хүсэлт гаргаж хандаж байгаагүй болох нь тогтоогдож байна.

12. Мөн шүүхээс иргэн Д.Гийг уг захиргааны хэрэгт гэрчээр асууж мэдүүлэг авсан[9] бөгөөд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс Нэхэмжлэгчээс 2008 онд хашааг бариад энэ хашаанд өөрийнхөө техникийг байрлуулсан. Энэ байсан хашаа нь манайх учраас эзэмших эрхтэй юм гэж ярьдаг. н.Ц ярихдаа Ж ХХК нь манайхыг хашаа барьсны дараа гуйж тавьсан гэдэг. Энэ талаар мэдэх зүйл байна уу? гэсэн асуултад гэрч Д.Г 2005 онд манайх тоног төхөөрөмжөө байрлуулах газар олдохгүй н.Бтай ярьж байгаад тэдний хашаанд гуйж тавьсан гэсэн мэдүүлэг өгчээ.

13. Дээрх мэдүүлгээс үзэхэд, нэхэмжлэгч Ж ХХК-аас өөрийн техник хэрэгслээ маргаан бүхий газарт байрлуулж тавихад буюу 2005 онд тухайн газар нь хашаатай байсан болох нь нотлогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс ... манай компани 2008 оноос газрыг ашиглаж, хашаа барьсан ... гэх агуулгатай тайлбар үгүйсгэгдэж байна.

14. Тиймээс шүүх нэхэмжлэгчийг газар эзэмших талаар хүсэлт гаргаж байсан, түүнчлэн, тухайн газарт 2008 онд хашаа барьж эзэмшиж эхэлсэн гэж дүгнэх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч эдгээр үйл баримтыг нотлох баримтуудыг өөрөөсөө гаргаж өгөх эрх, хууль зүйн боломж нээлттэй байсан болохыг дурдах нь зүйтэй.

15. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр ... Г.Б, Г.Б, Д.А, М.Р, Б.У, Г.Ө нарын 6 иргэн 2014 онд газар эзэмших эрх олж авахдаа дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргалгүй, 32 дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан хандсан нь хууль зөрчсөн ... гэх агуулгаар тайлбар гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь:

16. Энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Сгын 2014 оны А/******* дугаартай захирамж буюу дээрх нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосон захирамжтай маргахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзсан[10], нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тус шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2023/******* дугаартай тогтоолоор[11] хэвээр үлдээж шийдвэрлэсэн энэ нөхцөлд дээрх нэр бүхий 6 иргэнд газар эзэмших эрх олгосон Сгын захирамж нь энэхүү захиргааны хэргийн маргааны зүйл биш болох тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй үйл баримт гэж үзнэ.

17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж ХХК-ийн гаргасан Сгын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн иргэн С.Цид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23, 23а, 23б, 23в, 23г, 23д тоот хаягт тус тус байрладаг газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

18. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргаас ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 513 тоот албан бичгийг дахин тодруулж нотлох баримт гаргуулах агуулгаар хүсэлт гаргасныг шүүх хуульд заасан эрх хэмжээ бүхий байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/******* тоот албан бичгээр нотлох баримт нэгэнт авсан, энэ баримтыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх тул дахин нотлох баримт гаргуулах шаардлагагүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн гаргасан Сгын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/480 дугаар захирамжийн иргэн С.Цид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Т******* 23, 23а, 23б, 23в, 23г, 23д тоот хаягт тус тус байрладаг газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 5 дахь тал

[2] Хх 53 дахь тал

[3] Хх 53 дахь талын ар нүүр, 54-80 дахь тал

[4] Хх 47-50 дахь тал

[5] Хх 53 дахь тал

[6] Хх 53 дахь талын ар нүүр, 54-80 дахь тал

[7] Хх 47-50 дахь тал

[8] Хх 133 дахь тал

[9] Хх 200 дахь тал

[10] Хх 202-206 дахь тал

[11] Хх 215-217 дахь тал