Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/854

 

 

 

 

 

      2021            09            23                                       2021/ДШМ/854    

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Мөнхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын өмгөөлөгч Д.Нарангэрэл,

шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Б-д холбогдох эрүүгийн 1905005620135 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн **** дугаар хороо, Зүүн нарангийн **** дугаар гудамжны **** тоот гэртээ С.Б-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдаж, С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 516 /таван зуун арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-эс 5.728.818 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хэргийг үйлдээгүй ба дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө манайд анх ирсэн 2 цагдаагийн нэг, дэслэгч Дашням нь намайг гэрийн гадаа авч гаран, ганцаарчлан ярилцсан. Дашням “найз чинь одоо гэмтэлд байна. Авгайтайгаа цуг таныг зодсон гээд мөнгө нэхэмжилнэ гэж байна. Одоо цагаан сар болох гэж байна. Баяр дөхөхөөр ийм хэрэг зөндөө гардаг юм. Та харилцан зодолдсон гээд хэлчих. Тэгвэл гайгүй гардаг юм. Наад хүзүүгий чинь боогоод, хацар луу чинь цохичихсон юм биш үү. Өт ч гэсэн гар хүрэхээр өрвөлздөг биз дээ. Та түлхээ биз. Хүзүүгий чинь боогоод байхаар” гэх мэтээр ярьж, намайг хууран  мэхэлж, үг зааж өгч, улмаар хэлүүлэн бичиж авсан болно. Улмаар хэлтэс хүрэх замдаа “дотор чинь муу байна уу, мэдүүлгэн дээрээ гарын үсэг зурчих, ганц шил юм авч, өгье” гэж ярьж байсан. Ингэж хуурч мэхлэх замаар надаас мэдүүлэг авч, улмаар миний эсрэг гол нотолгоо болгож, ашиглаж буйд гомдолтой байна.

2. Хавтаст хэрэгт бид хоёрыг харилцан зодолдсон гэдэг. Гэр дотор зодоон болсон гэх ул мөр байдаггүй. Хавтаст хэрэгт байгаа гэрийн доторх байдлын зургийг харахад ойлгомжтой. Мөн миний хамрын хажуугийн сорвийг зодооны улмаас авсан шарх болгон ашигласан боловч мөрдөн байцаалтын явцад гэрч Ганчулууны мэдүүлгээр энэ сорви нь хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө байсан, ахуйн сорви байсан нь тогтоогдож байсан.

3. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь гараар цохиход үүсэх боломжгүй гэмтэл. Гэтэл улсын яллагч намайг гараараа цохисон гэж ялласныг ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн хэрэг гэж байна уу. Хэрэв ямар нэг зэвсгийн зүйл ашигласан бол түүнийг нь ашиглах ёстой биз дээ. Мөн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр авсан мэдүүлгүүдийг би нүдний шилгүй учир уншиж чадалгүй гарын үсэг зурсан ба анхны өмгөөлөгч нь мөрдөгч, хошууч Б-ын өөрийнх нь санал болгосон өмгөөлөгч байсан юм. Энэ бүхний талаарх миний гомдол, эмчийн магадлагаа хавтаст хэрэгт байгаа.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа ба эдгээр гомдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна.

4. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үеэр би хохирогч, өөрийн сууж байсан газраа зааж өгсөн ба улмаар намайг гэрийн гадаа гарган хүчээр гар заалган зураг авсан ба би цаашид уншилгүйгээр гарын үсэг зурахгүй, мөн хохирогчийг түлхээгүй хэмээн тодотгож бичсэн болно. Ингэхэд мөрдөгч, хошууч Б- байцаалтын өрөөнд байсан гадны бүх хүмүүсийг гарган, намайг дарамтлан гарын үсэг зуруулах гэж оролдсон ба улмаар өөрийн талын өмгөөлөгчийг санал болгосон. Өмгөөлөгч Сарангэрэлийг аргагүйн эрхэнд тэр өдөр авч, байцаалтад дагуулж орсон нь алдаа байсныг сүүлд мэдэж өмгөөлөгчөө сольсон. Энэ бүгдээс үзэхэд энэ хэрэг нь цагдаа нар надад хэрэг тохох гэсэн оролдлого гэж үзэж байна. 2019 оны 1 дүгээр сараас хойш би бие сэтгэлийн маш хүнд дарамттай, амьдралаараа хохирч явна. Энэхүү хэргийг би үйлдээгүй ба давж заалдах шатны шүүхээс намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн анхны мэдүүлгийг үндэслэл болгосон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж,  8 дахь хэсэгт “дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж, 8.З-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;” гэж тус тус заасан. Мөн мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэлд миний үйлчлүүлэгч Ж.Б- нь “би талийгаачигн түлхээгүй учир гарын үсэг зурахгүй” гэсэн тэмдэглэл байгаа нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгч болон тухайн бичлэгт ярьсан зүйлийг үнэн хэлсэн гэх нь эргэлзээтэй бөгөөд тухайн үед байсан мөрдөгчийн ятгалаг, хуурч мэхлэж авчихаад сүүлд нь баталгаажуулах дүрс авсан байх бүрэн боломжтой. Хэрэв үнэхээр үнэн зүйл хэлсэн бол гарын үсэг зурах байсан бөгөөд түлхээгүй гэж хэлэх боломжгүй байсан гэдгийг шүүх харгалзан үзээгүй. Ж.Б- талийгаач С.Б-ыг толгойн тус газар нь цохиж байхыг харсан нэг ч гэрчийн мэдүүлэг энэ хэрэгт байхгүй.

Миний үйлчлүүлэгч амь хохирогчийг түлхэж унагасны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Тухайн хэрэг гардаг шөнө болсон үйл явдлыг харсан гэрч болох Т.Н-ын “2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад манай нохой хашаан дотор хуцаад байхаар нь цонхоор хартал бараан хувцастай эрэгтэй хүн манай хашааны урд хэсэгт гуйвж, дайваад яваад бас өнхөрч унаад байсан. Би салхивчаа нээж байгаад “юун хүн бэ, яах гээд байгаа юм” гэхэд эргэж босож ирснээ дахиад газар унасан. Тэгэхээр нь би 102 дуудсан” гэсэн, гэрч П.Мягмарсүрэнгийн “Манайх цагаан сарын буузаа хийж байсан. Би 00 цагийн үед гаднаас нүүрс авах гээд гарахад Б-ийн гэрийн баруун доод талын улаан тоосгон байшинтай айлын хашааны баруун урд байрлах жорлонгийн баруун талын овгор шороон дээрээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унаад дээш босоод дахин унаад яваад байгаа харагдсан.” гэсэн мэдүүлгүүд нь талийгаач өөрөө унаж байсан гэдгийг нотлоод байхад анхан шатны шүүх харгалзан үзээгүй.

3. Мөн шинжээчийн 423 тоот дүгнэлтээр “илэрсэн олон тооны гэмтлүүд нь унаснаас болоод уг гэмтлийг авах бүрэн боломжтой бөгөөд толгойнд учирсан гэмтэл нь хүний гараар үүсгэх боломжгүй, мохоо хатуу зүйлийн үйлчлэлээр хүчтэй цохигдох үед үүсгэгдэх боломжтой” гэсэн дүгнэлт гарсан байхад шүүх талийгаачийг толгойн тус газар нь цохиж амь насыг нь санаатай хохироосон гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон юм бол ямар зэвсэг хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэдгийг тогтоох ёстой. Гэтэл хэрэгт тийм нотлох баримт байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.1-д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж, 1.З-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж тус тус заасныг зөрчиж байна.

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Ж.Б-ийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ ямар сэдэлт зорилготойгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэдгийг үндэслэл хэсэгтээ тайлбарлаагүй. Хүнийг алах гэмт хэрэг нь шунахай юм уу, хувийн өс хонзон болон бусад сэдэлт санаа зорилгоор үйлдэгддэг. Гэтэл талийгаач болон Ж.Б- нарын хооронд ямар нэгэн өш хонзон, өр авлага, шунахай сэдэлттэй холбоотой асуудал үүсэж байгаагүй. Яг ямар санаа сэдэлт зорилгоор амь насыг нь ямар аргаар хохироосон гэдгийг шүүх эргэлзээгүй тогтоох ёстой. Ж.Б- нь талийгаач С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхдээ мэдүүлгийг газар дээр нь шалгасан цагдаагийн мэдүүлэг, Ж.Б-ийн өөрийнх нь анхны мэдүүдлэг зэргийг үнэлэж шийдвэрлэсэн нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад зүйлээр нотлогддог бөгөөд хэргийг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоож чадахгүй байх тул Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад баримтуудаар хүнийг алах гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь хангалттай сайн тогтоогддоггүй. Энэ гэмт хэрэг үйлдсэн гэх өдрөөс буюу миний үйлчлүүлэгчийг мэдүүлэг авах өдрөөс эхлэн өөрийн хүссэн өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байцаалт аваагүй, нэг нүд нь хараагүй улмаас уншиж чадахгүй байхад нь гарын үсэг зуруулж, хууль зөрчин байцаалт авч өөрийнх нь мэдүүлгээр хэргийг нотлож шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна.

Гэрч П.Ц-, Б.М-, Б.Оюунгэрэл, Т.Н-, У.Золзаяа, Д.Болорцэцэг нарын мэдүүлгээр хүнийг санаатай алсан болох нь тогтоогдоогүй. Мөн хэн, хэзээ, яаж алсан талаар тодорхой мэдүүлэг огт өгөөгүй эргэлзээ бүхий байхад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял халдаасан нь хүуль зүйн үндэслэлгүй байна.

Гэрч Н- /хх 76/ “хашааны гадуур гуйвж дайваад унаж босоод яваад байсан” гэж мэдүүлдэг ба талийгаачийн олон тооны гэмтэл хэний үйлдлээс, хаанаас ямар байдлаар авсан талаар шийдвэртээ тусгаагүй нь миний үйлчлүүлэгч энэ хэрэгт холбоотой болох нь эргэлзээтэй байна. Мөн Шинжээч эмч О.Болороогийн дүгнэлтэд “Гараар цохиход үүсэх боломжгүй гэмтэл гэж үзсэн. Үүнийг шүүх юу гэж үзсэн нь тодорхойгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Гэрч Г.Дашнямын мэдүүлэгт “Б- би Б-ыг түлхсэн чинь Б- доошоо газрын уруу өнхөрөөд уначихаар нь би араас нь очидог юм билүү гэсэн чинь ёооё гээд босож байх шиг чимээ гарахаар нь би гэрлүүгээ ороод унтчихсан” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан үйл баримттай огт таардаггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заагдснаар нотолбол зохих байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хаана гарсан, яаж үйлддэгдсэн гэх зэргийг нарийвчлан шалгаж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.Талийгаач гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэлт гарсан, харсан гэрчүүдийн мэдүүлэг унаж босоод явж байсан гэж мэдүүлдэг. Тэгэхэд тэр унаж босоход авдаггүй гэмтэл үү. Үүнийг яаж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд олон удаагийн шүүх хуралд би найзыгаа алах санаа зорилго байхгүй, муудалцаж байгаагүй, би хүн амины хэрэг хийгээгүй гэж тогтвортой мэдүүлдэг. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Иймд миний үйлчлүүлэгчийн хийсэн гэх хэргийг нарийвчлан шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг зөвшөөрөхгүй байна. Прокуророос Ж.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцээд Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар 8 жилийн хорих ял шийтгэсэн юм. Хяналтын шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Хэрэгт нэмэлт ажиллагааг хийлгэж, прокуророос Ж.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хэлэлцээд Ж.Б-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б- нь С.Б-ыг алсан болох нь нотлогдон тогтоогдсон. Тухайлбал:

- ...талийгаачийн баруун дух, баруун шанаа, хамрын баруун нүхний доор, эрүүний баруун доор шархтай гэсэн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

- ...тухайн үед өмсөж явсан аавын минь малгай Ж.Б-ийн гэрийн гадаа газарт цус болсон байсныг авч эд мөрийн баримтаар тогтоосон,

- Ж.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой өөрийн гэртээ миний аав С.Б-тай архи уусан. Тэр үедээ аав маань ээж рүү утсаар ярьж Б-ийн гэрт хамт архи уугаад сууж байгаагаа хэлсэн. Б- нь тэднийд очихдоо эрүүл саруул, нүүр нүд, дух хэсэгтээ ямар нэгэн гэмтэл шарх сорвигүй очсон ба Ж.Б- ч гэрт нь ирэхэд нүүрэндээ шарх, гэмтэлгүй байсан гэж мэдүүлсэн байгаа,

...цогцост хийсэн задлан шинжилгээгээр ...хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлөгийн тархмал, зүүн тал бөмбөлөгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн дух чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан гэсэн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт,

хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлэгийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ... гэмтлүүд нь баруун ба зүүн зулайн төвгөр хэсэгт дээрээс доош чиглэлтэй үйлчилсэн цохилтын улмаас үүсгэгджээ. Дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас тархины комд орж нас баржээ. Хоёр зулай, чамархай, дагз, дух эрүүнд тус тус цохилтын хүч үйлчилсэн байна. ...талийгаачид үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлүүд хатуу хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих үед үүснэ. Талийгаачийн сарвуунд үүссэн зулгаралт, цус хуралт харилцан зодолдох үед үүсч болно гэсэн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б- нь Б-ын дух, зулай руу нь хатуу зүйлээр цохиж гавал тархины гэмтэл учруулж алсан болох нь нотлогдон тогтоогдсон. Гэрч Т.Н-, П.Мягмарсүрэн нар болсон үйл явдлыг харсан гэрчүүд биш. Эдгээр хүмүүс Ж.Б-, С.Б- нарын дэргэд байгаагүй, гэр дотор болон гэрийн гадаа ямар үйл явдал болсоныг огт мэдэхгүй хүмүүс. Харин нэг хүн унаад, босоод яваад байсныг харсанаа мэдүүлсэн байдаг. “Тухайн үед талийгаач дунд зэргийн согтолттой байсан” гэсэн шинжээчийн дүгнэлт нь С.Б- нь унаж тусаад байхаар их хэмжээний согтолттой байгаагүйг нотолдог бөгөөд С.Б- нь гавал тархиндаа гэмтэл авсаны улмаас унаж босоод байсан болох нь “гавал тархины гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд үйлдэл хийж болно” гэсэн шинжээч эмчийн мэдүүлэгтэй тохирдог. Ж.Б- үйлдсэн хэргээ үнэн зөв ярьдаггүй, уучлалт ч гуйгаагүй, оршуулгын зардал мөнгө ч өгөөгүй. Маш их гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 499 дугаартай шийтгэх топгоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын өмгөөлөгч Д.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 3 удаа, хяналтын шатны шүүхээр 1 удаа хянагдсан. Шүүгдэгч Ж.Б-ийн зүгээс энэ хэргийг хийгээгүй гэдэг. Хэдий тийм ч гэсэн хавтас хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгчийн ярьж буй зүйлийг нотолсон нотлох баримт байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн хууль бус идэвхтэй үйлдлийн улмаас Б- гавал тархины хүнд гэмтэл авч нас барсан гэдгийг нотолсон. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Гэрч Н-, Мягмарсүрэн нар гэмт хэрэг үйлдэгдэхэд дэргэд нь байгаагүй. Согтуу хүн унаад яваад байсан үйл баримтыг л харсан. Гэхдээ эдгээр гэрч нарын мэдүүлгүүд шинжээч эмчийн дүгнэлттэй таардаг. Өөрөөр хэлбэл, Н-, Мягмарсүрэн нар “нэг согтуу хүн хашаан дотор унаад, босоод яваад байсан” гэж хэлдэг. Шинжээч эмч мэдүүлэхдээ “Б-т учирсан гавал тархины гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд үйлдэл хийж болно” гэсэн байдаг. Гэрч Н-, Мягмарсүрэн нар унаад яваад байсан болохыг гэрчлээд байгаа нь шинжээчийн дүгнэлттэй тохирч байна. 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “423 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. Гэмтлүүд нь баруун ба зүүн зулайн төв хэсгээс дээрээс, доош чиглэлтэй үйлдсэн цохилтын улмаас үүсгэгдсэн. Дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас нас барсан. Хоёр зулай, чамархай, дагз, дух, эрүүнд тус тус цохилтын хүч үйлчилсэн байна. Талийгаачид үүссэн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлүүд хатуу гадаргуутай зүйлээр цохих үед үүснэ. Талийгаачийн сарвуунд үүссэн зулгаралт, цус хуралт харилцан зодолдох үед үүсч болно” гэсэн байдаг. Энэ дүгнэлтийг үндэслэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-аас “миний аав эрүүл, саруул Ж.Б-ийд очсон. Нилээн орой аав ээж рүү залгаад “Б-ийд хамт архи уугаад байж байна” гэж хэлсэн байдаг. Миний аавыг Б- алсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Маш их гомдолтой байна. Шүүгдэгч Ж.Б- маш олон янзын мэдүүлэг өгдөг. Одоо хүртэл талийгаачийн ар гэрээс уучлалт гуйгаагүй, оршуулгын зардал ч төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Ял шийтгэлийн хувьд хөнгөдсөн” гэснийг уламжилж байна. ...” гэв.

 

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 3 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт талууд тэгш эрхтэйгээр нотлох баримтыг нэг бүрчлэн дурдаж мэтгэлцсэн. Шүүгдэгч Ж.Б-ийн гэрт талийгаач Б- л байсан. Талийгаач, шүүгдэгч хоёр хамт архи уусан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох бүхий л ажиллагааг хийсэн. Мөрдөгч нар хууль бус аргаар нотлох баримтыг цуглуулж, зөвхөн Ж.Б-ийг буруутгах гэсэн байр суурьнаас мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэдэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд “нэг цаг хугацаанд цохилтын улмаас үүссэн шинэ гэмтэл байна” гэдгийг шинжээч дүгнэсэн. Гэрч нар “нэг хүн унаад, босоод яваад байсан” гэдэг. Энэ нь шинжээч Болороогийн мэдүүлэгт дурдагдсан “уг гэмтлийг авсан хүн хэсэг хугацаанд үйлдэл хийх боломжтой” гэснийг нотлоод байдаг. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр унаж, босоод явж байсан нөхцөл байдал тогтоогддог. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “баруун гарын сарвуунд учирсан шинэ гэмтэл, духны баруун дээд хэсэгт шарх” гэх мэт илэрсэн шархаас харахад хоорондоо маргаан үүсгэсэн байж болох нь харагддаг. Шүүгдэгч Ж.Б-ийн мэдүүлэг маш тогтворгүй байдаг. Шүүгдэгч Ж.Б- хараа муутай гэх боловч “талийгаачийг харанхуйд өнхөрч унаад яваад байсан болохыг харсан” гэж мэдүүлээд байдаг. Иймд шүүгдэгч Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 102б тоот өөрийн гэртээ С.Б-ын хамтар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар “Хоноод явсангүй” гэх шалтгаанаар маргалдан шүүгдэгч Ж.Б- нь амь хохирогч С.Б-ын толгойн тус газар нь цохисон, улмаар унасан байх боловч тэрээр цохилтоос хоёр зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх болон доорх цус хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хэсгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доорх цусан хураа, хоёр чамархайн суурийн голомтлог няцрал, зулай, хоёр чамархайн хуйхны цус хуралт бүхий гэмтэл авч тархины комд орж нас барсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-ийн “...манай нөхөр 2019 оны 1 дүгээр сарын 28-ны орой 21 цагий н орчим найз Ж.Б-тэйгээ утсаар яриад тэдний гэр лүү явсан. ...Шөнө 23 цагийн орчим над руу яриад “би Б-ийд байна, оройтвол энд хононо” гэхээр нь би “болж өгвөл гэртээ ирж хоноорой” гэж хэлсэн. ...Тэгээд өглөө 10 цагийн орчим цагдаа нар манай нөхөр С.Б-ыг нас барсан талаар надад мэдэгдсэн. ...” /1хх 64-65/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний өглөө манай ээж Цэцэгмаа над руу утсаар яриад аав чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ...” /1хх 69-70/,

гэрч Б.О-ийн “...аав 23 цаг өнгөрч байхад Ж.Б-ийн утсаар ээжийн утас руу залгаад бид хоёр юм яриад сууж байна, жаахан юм уучихлаа, энд хоночихож ч магадгүй, очиж ч магадгүй гэхэд нь ээж юм уучихсан юм бол наанаа хонуул хоночих өөрөө л мэд гэж хэлээд ээж бид хоёр унтаад өгсөн. ...Аав маань Ж.Б-ийн гэр лүү явахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, биед нь гэмтэл шарх учраагүй байсан. ...” /1хх 71-72/,

гэрч Т.Н-ын “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний шөний 00 цаг өнгөрч байхад манай нохой хуцаад байхаар нь цонхоор хартал бараан хувцастай эрэгтэй хүн манай хашааны урд хэсэгт гуйвж дайваад яваад, бас өнхөрч унаад, босоод яваад байсан. Тэгэхээр нь би салхивчаа нээж байгаад юун хүн бэ, яах гээд байгаа юм гэхэд эргэж босч ирснээ дахиад газар унасан. Тэгэхээр нь би 102  дуудсан. Цагдаа ирэхэд нөгөө хүн хэвтсэн хэвээрээ л байсан, удалгүй 103 ирээд аваад явсан. ...” /1хх 75-76/,

гэрч П.М-ийн “...2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө манайх цагаан сарынхаа буузыг хийж байсан. Би 00 цагийн үед гаднаас нүүрс авах гээд гарахад Б-ийн гэрийн баруун доод талын улаан тоосгон байшинтай айлын хашааны баруун урд байрлах жорлонгийн баруун талын овгор шороон дээрээс бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн унаад, босоод дахин унаад яваад байгаа харагдсан. ...” /1хх 77-78/,

гэрч У.З-ийн “...2019 оны 1 дүгээр сарын 29-ний шөнө 00 цаг 38 минутад хашаан дотор согтуу хүн ороод ирсэн байна, хөлдчихвий гэх дуудлага ирсэн дуудлагын дагуу 00 цаг 55 минутад очиход айлын хашаан дотор буюу машин ордог хаалганы дотор талд 50 орчим настай эрэгтэй хүн толгойноос нь цус гарсан байдалтай доошоо хараад хэвтэж байсан. Тухайн хүний толгой хагарч цус гарсан байдалтай байсан. ... /1хх 79-80/,

гэрч Б.У-ын “...бид хоёр Ж.Б-эс талийгаач Б-ыг таних уу, урьд шөнө юу болсон юм бэ, танайд зодоон болсон юм уу гэж асуухад Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, Б- архи ууж байгаад гэр лүүгээ явна гээд байхаар нь би хоноод яв гэсэн боловч өөдөөс агсам тавиад, миний хамар луу цохихоор нь би гэрээс гаргаад түлхчихсэн гэж ярьж байсан. ...” /2хх 121-122/,

гэрч Г.Д-ын “...Ж.Б- “Б-ыг танина, бид хоёр урд шөнө хамт архи уусан, архи уугаад оройтчихоор нь хоноод яв гэхэд С.Б- танай ноорхой гэрт хонохгүй, танайд хонодог хүн би биш гэж агсам тавиад миний нүүр лүү модоор цохиод гэрээс гарахаар нь би араас нь гараад явуулахгүй гээд, С.Б- явна гээд маргалдсан. Маргалдаж байгаад би С.Б-ыг түлхчихсэн чинь доошоо газрын уруу өнхөрөөд уначихаар нь араас нь очдог юм билүү гэсэн чинь, Б- ёооё гээд өндийгөөд босож байх шиг чимээ гарахаар нь гэр лүүгээ ороод унтсан” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж бичлэг хийж ярьсан зүйлийг нь дахин яриулж баталгаажуулж авсан. .../2хх 123-124/,

гэрч Н.Б-ын “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр цагийн нь сайн санахгүй байна мөрдөгч О- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч гээд хамт дадлага хийж байсан Ж бид хоёрыг дагуулан хүн амины хэргийн холбогдогч гээд настай эрэгтэй хүний хамт хорооллын хойд талын гэр хороололд очсон. Уг очсон газар нь уулын хажуу дээр барьсан хашаандаа 1 гэртээ айл байсан ба уг хашааны доод талд хашаандаа 1 давхар улаан тоосгон байшинтай айл байсан. Бид нар тэр тэр хүний гэрт нь очсон. Тэгэхэд уг хүн урд шөнө хохирогчтой архи ууж байгаад гэрийн зүүн хойд хэсэгт маргалдаад гэрийн гадаа гарсан, гэрийн гадаа барьцалдаж аваад түлхсэн чинь хохирогч доошоо уулын уруу унаад, цаашаа босоод явахаар нь би зүгээр байна гэж бодоод гэр рүүгээ орсон гэж ярьж байсан. Тэр айлын хашаа уулын хажуу дээр байсан болохоор их налуу газар байсан. Уг хүн өөрөө муудалцсан газар болон түлхэж унагаасан газраа зааж байсан ба мөрдөгч зааж байгаа байдлыг нь зургийн аппаратаар авч байсан. ...Ямар ч байсан архи ууж байгаад маргалдаад гэрийн гадаа гараад, барьцалдаж байгаад түлхээд унагаасан гэж ярьж байсан. ...Би мэдүүлэг шалгасан тэмдэглэлтэй нь уншиж танилцаад гарын үсэг зурсан. Уг хүн яагаад гарын үсэг зураагүй талаар би мэдэхгүй байна. ...Мөрдөгч мэдүүлэг шалгуулагчид ямар нэг байдлаар нөлөөлсөн, хөтөлсөн, эрүүдэн шүүсэн, дарамт шахалт үзүүлсэн зүйл болоогүй. Уг хүн өөрөө болсон хэргийн талаар яриад зодолдож муудалцсан газар болон түлхэж унагасан газраа заагаад яваад байсан. ... /3хх 151-152/,

гэрч Б.Ж-ын “...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцсон. ...цагийг нь сайн санахгүй байна цайны цагийн дараа байсан байх, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч О- хүн амины хэрэг гарсан холбогдогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах гэж байна чи хөндлөнгийн гэрчээр оролцоод хамт яваад ирье гээд хэлтсийн байрнаас “Старикс” машинтай хэргийн холбогдогч гээд настай эрэгтэй, мөрдөгч О-, надтай хамт дадлага хийж байсан Б, жолооч, цагдаа Ш нарын хамт хороог нь мэдэхгүй байна, 3, 4 дүгээр хорооллын арын гэр хороололд очсон. ...Бид нар тэр айл руу очоод О- мөрдөгч уг хүнээс “юу болсон талаар ярина уу” гэхэд нөгөө хүн “би гэрийн хоймор хэсэгт байсан сандал дээр суугаад, хохирогч зүүн талын орон дээр суугаад архи ууж байгаад маргалдсан” гэж ярихад нь О- мөрдөгч “за яг хаана маргаан эхэлсэн газраа заагаадах” гэж хэлэхэд нөгөө хүн гэрийн зүүн хойд хэсгийг гараараа заагаад О- мөрдөгч зургийг нь авсан. Тэгээд нөгөө хүн тэндээсээ гадагш гараад гэрийн тамбарын үүдэн хэсэгт очоод “хохирогч намайг энд заамдаж авахаар нь би тавиулах гээд түлхсэн, тэгэхэд хохирогч ийшээ өнхөрөөд унасан” гээд тамбарын үүднээс доошоо налуу хэсэг рүү заасан. Тэгэхэд О- мөрдөгч “аль хүртэл өнхөрсөн юм бэ гараараа заагаадах” гэж хэлэхэд нөгөө хүн гараараа заагаад О- мөрдөгч зургийг нь авсан. Тэгээд тэндээсээ шүүх эмнэлэг орж уг хүнийг үзүүлчихээд хэлтэс дээр буцаж ирсэн. ...Тухайн үед О- мөрдөгч хаана юу болсон талаар нь асуухад уг хүн өөрөө энд маргалдсан, энд түлхсэн гэдгээ заагаад байсан. ... Мөрдөгч мэдүүлэг шалгуулагчид ямар нэг байдлаар нөлөөлсөн, хөтөлсөн, эрүүдэн шүүсэн, дарамт шахалт үзүүлсэн зүйл болоогүй. ...Архи ууж байгаад л маргалдсан гэж байсан” /3хх 154-155/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хоёр чамархай, зулай ясны суурийн дунд хонхор хүрсэн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн чамархай, дух, хажуугийн ховдлын дээд хэсэг, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн хажуугийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархай, дух, дагзны хуйхны цус хуралт, духны шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай дүгнэлт /1хх 109-110/,

“...Ж.Б-ийн биед хамар, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1866 дугаартай дүгнэлт /1хх 131/,

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. ...Талийгаачид учирсан хоёр зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх болон доорх цус хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хэсгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доорх цусан хураа, хоёр чамархайн суурийн голомтлог няцрал, зулай, хоёр чамархайн хуйхны цус хуралт гэмтлүүд нь баруун ба зүүн зулайн төвгөр хэсэгт дээрээс доош чиглэлтэй үйлчилсэн цохилтын улмаас үүсгэгджээ. Дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас тархины комд орж нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 389 дугаартай дүгнэлт /3хх 164-172/,

“...Ж.Б- нь гэрийн гадаа гарч амбаарын хаалганы орчим С.Б- нь намайг заамдаад байхаар нь гарыг нь тавиулах гээд түлхсэн. Тэгсэн гэрийн баруун талаас доош баруун тийш уруудсан хэсэг рүү өнхөрөөд унасан. ...” гээд өөрөө зааж харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэн авсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 92-96/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 63/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Ж.Б-ийн гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ж.Б-ийн амь хохирогч С.Б-тай маргалдах явцдаа түүний толгойн тус газар нь цохиж хоёр зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх болон доорх цус хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хэсгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доорх цусан хураа, хоёр чамархайн суурийн голомтлог няцрал, зулай, хоёр чамархайн хуйхны цус хуралт бүхий гэмтэл учруулсны улмаас тархины комд орж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б-ийг Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 8 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хувьд дараах үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хийв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганбат нар нь “...амь хохирогч нь  архи ууж биеэ хянах чадваргүйн улмаас унаж тархиндаа гэмтэл авч нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудын тухайд,

 

Хэдийгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч О.Болороо “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гараар цохиход үүсэх боломжгүй гэмтэл. Харин цохиулаад унахад үүссэн байх боломжтой. ...” гэж мэдүүлсэн байгаа хэдий ч “... Талийгаачид учирсан хоёр зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх болон доорх цус хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хэсгийн тархмал, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн тархмал, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доорх цусан хураа, хоёр чамархайн суурийн голомтлог няцрал, зулай, хоёр чамархайн хуйхны цус хуралт гэмтлүүд нь баруун ба зүүн зулайн төвгөр хэсэгт дээрээс доош чиглэлтэй үйлчилсэн цохилтын улмаас үүсгэгджээ. Дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас тархины комд орж нас барсан. Хоёр зулай, чамархай, дагз, дух, эрүүнд тус тус цохилтын хүч үйлчилсэн байна. ...” гэх 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлт түүний мэдүүлгийг үгүйсгэж байна.

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба уг дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулдаг.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаагийн “...Ж.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд;

 

Хүнийг алах гэмт хэргийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээс субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээр нь ялгаж зүйлчлэнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтӨөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг тодорхойлжээ.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Ж.Б-, амь хохирогч С.Б- нар нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн “хоноод явсангүй” гэх шалтгаанаар маргалдан шүүгдэгч Ж.Б- нь түүний толгойн тус газар нь цохиж улмаар гавал тархины гэмтэл авч амь нас нь хохирсон үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоож, шүүгдэгч дээрх үр дагаврыг хүсээгүй боловч түүний үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдэж үйлдсэн, уг үйлдлээрээ дээрх үр дагаварт буюу хохирогчийн амь насыг хохироож буй үйлдэл нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг  “...Ж.Б- нь 2019 оны 1 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө С.Б-ын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар маргалдаж, С.Б-ын толгойн тус газар нь цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан. ...” гэж тодорхойлсныг анхан шатны шүүх “...С.Б-ыг газарт унагаасны улмаас гавал тархины гэмтэл учруулан алсан. ...” гэж өөрөөр дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн “...С.Б-ын толгойн тус газар нь цохисон, улмаар унасан байх боловч тэрээр цохилтоос гавал тархины гэмтэл авч тархины комд орж нас барсан. ...” гэж хэргийн үйл баримтын талаар дүгнэлт өгсөн бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг магадлалд тэмдэглэв.

Шүүгдэгч Ж.Б- нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Г.Ганбат, Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН